Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/1200

 

2025             10            14                                                                      2025/ДШМ/1200

 

Р.М-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Алтантуяа, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч Р.М-ийн өмгөөлөгч А.Отгонжаргал,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1872 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.М-ийн өмгөөлөгч А.Отгонжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Р.М-ид холбогдох эрүүгийн 2508000000695 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш- овгийн Р-ын М-, .........,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /РД:Р-/.

Шүүгдэгч Р.М- нь согтуугаар 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч- 60 дугаар гудамжны 38 тоотод орших хохирогч Б.Ч-ын өмчлөлийн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор нэвтэрч 1,865,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Р.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч Р.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.М-ийг 01 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Р.М-ид оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.М-ийн өмгөөлөгч А.Отгонжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн мөн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, Гэмт хэргийн хохирол, хохирлын үнэлгээг тогтоосон “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээг эс зөвшөөрч байх ба шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээний объектын талаарх мэдээлэл үгүй, зөвхөн мөрдөгчийн тогтоолд дурдсан нэр төрлийн дагуу үнэлгээ тогтоосныг үнэн зөвд тооцсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд шууд нөлөөлжээ. Хохирогч Б.Ч-ын “Миний хөөрөг, самсунг а9 гэх таблет, эхнэрийн мөнгөн ээмэг, миний мөнгөн эрх, хутга алга болсон.” гэх мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүгдэгч Р.М-ийн хулгайлсан эд зүйлсийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийн эх сурвалжийг нягталж шалгалгүйгээр зөвхөн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг өгөгчийн мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүр мөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөлд хохирол учруулсан байдаг онцлогтой. Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, цонх хагалж орох зэргээс гадна эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад бүх тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзнэ. Харин эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэх тохиолдолд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй бөгөөд хохирогч Б.Ч-, Р.М- нараас энэ талаар тодруулаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох боловч тухайн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээнээс хамаарч бодит хохирол, хор уршиг учраагүй бол гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзнэ. Шүүгдэгч Р.М-ийн бусдын орон байранд нэвтэрч, нууц далд аргаар хохирогчийн эд хөрөнгийг авсан үйлдлийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, эд зүйлийг буцаан өгсөн, хохирогчийг хохиролгүй болгосон зэрэг хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ ялимгүй байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна. Улсын Дээд шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 214 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх замаар “Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгалаа олсон. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1872 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж зүйлчлэн хэргийг шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд мөн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хоёрдугаарт, хохирогч Б.Ч-аас 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 40 минутад “манай байшингийн цонхоор хулгайч орсон байна, юу авсныг мэдэхгүй байна” гэх гэмт хэргийн талаарх дуудлага ирсний дагуу хэргийн газрын үзлэг хийхэд 4 ширхэг хурууны хээ илрүүлж, харьцуулалтын шинжилгээгээр Р- овогтой М-ийн зүүн гарын чигчий хурууны хээний бүтэцтэй таарсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны гаднах хяналтын камерын бичлэгээр хохирогчийн гэрт хүн ороод юм авч гарсан үйл баримт тогтоогдсон. Хохирогч Б.Ч- бичлэгт бичигдсэн хүн “манай хүр дүү буюу эхнэрийн дүү Р.М- байна” шууд таньсан. Үүний дагуу дуудлага, мэдээлэл авсан цагдаагийн албан хаагч Р.М-ийн гэрт нэгжлэг хийхэд хохирогчийн гэрээс авсан эд зүйл гарч ирсэн бөгөөд хохирогчид бүрэн хүлээлгэж өгсөн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат, прокурорын шатанд оролцогчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй, холбогдох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогчийн эхнэр Р.М-аас мэдүүлэг авах гэхэд “өөрийн дүүгийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзана” гэсэн байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон. Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн шударга шийдвэр болсон гэж улсын яллагчийн зүгээс үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Р.М- нь согтуугаар 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Ч- 60 дугаар гудамжны 38 тоотод оршин суух хохирогч Б.Ч-ын өмчлөлийн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор нэвтэрч 1,865,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ч-ын "... 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутын үед өөрийн хадам аав С.Р-ын гэрийг Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Ч- 60 дугаар гудамжны 38 тоотоос Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 30 дугаар байрны 02 тоотод нүүлгэж байгаад өдөр 14 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн вакум цонх нь онгорхой байхаар нь дотогшоо орж харахад гэрийн эд зүйлийг тараасан эмх цэгцгүй болгосон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс чац манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн эрх 1 ширхэг, Самсунг А9 таблет 1 ширхэг, хутга 1 ширхэг, мөнгөн ээмэг хос, бөгж 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байна. Манай хашааны хаалга руу харсан 39 дүгээр хорооны хяналтын камер байдаг...” /хх 8-11/,

гэрч Х.Ц-ийн “...2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би авто эргүүлийн Бүргэд-116 чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Хаш-Эрдэнийн хамтаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тухайн өдрийн 14 цаг 40 минутад Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Ч- 60 дугаар гудамжны 38 тоотод “байшингийн цонхоор хулгайч орсон байна, юу алдсаныг мэдэхгүй байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад иргэн Б.Ч- /Ц-/-тай уулзаж ярилцахад манай гэрт хулгай орсон байна манай гэрийн вакум цонх онгорхой байна гэсэн. Тэгээд үүргийнхээ дагуу орон байрны хулгайн шинжтэй гэмт хэргийн дуудлага байсан тул Бүргэд-10-т мэдэгдэж Бүргэд-111 мөрдөгч ахлах дэслэгч Б.Тэмүүжиний удирдсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн юм. Бүрэлдэхүүний хамтаар дотогш ороход дуудлага мэдээлэл өгсөн Б.Ч- нь манай эхнэрийн мөнгөн хос ээмэг бөгж байхгүй болсон байна, миний хөөрөг болон мөнгөн эрх, самсунг А9 таблет, 3 ширхэг флаш диск алга болсон байна гэж ярьж байсан. Тэгээд манай хашааны үүдийг Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороог хянадаг хяналтын камер нь давхар хардаг гэж байсан учир тухайн хяналтын камерыг хохирогчийн хамтаар очиж шүүхэд хохирогч Б.Ч-ын хамтран амьдрагч М-ын төрсөн дүү гэх М- нь тухайн айл руу тухайн өдрийн 12 цагийн үед давж ороод тортой эд зүйл аваад 13 цагийн үед гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Тэгэхээр нь би цагдаа жолооч болон хохирогчийнхоо хамтаар Р.М-ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ц-байрны 51 тоотыг очиж шалгахад М- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан ба хохирогчийн гэрээс авч гарсан гэх алдагдсан зүйлүүд цуг байж байсныг авч хохирогчид хүлээлгэн өгч М-ийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн..." /хх 13-15/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр болон гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 3 ширхэг гарын мөр нь Адис-Папилон санд 2025-013-СХД гэж кодлон харьцуулан шинжлэн судлан үзэхэд 3 дугаараар дугаарласан гарын мөр нь Р- овогтой М-ийн зүүн гарын эрхий хурууны хээгээр үүсгэгдсэн мөр байна. Харин 4 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй...” /хх 68-75/ гэсэн дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, дуудлагын лавлагааны хуудас /хх 21/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-7/, эд зүйлийн үнэлгээ /хх 21-29/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 30, 36-42, 77-80/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 46- 50/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Р.М-ийн үйлдлийг зүйлчлэн ирүүлснээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Р.М-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.М-ийг 01 жилийн хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон бусдад учруулсан хор хохиролд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх шаардлагатай.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорихоор хуульчилсан.

Хэдийгээр давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Р.М-ийн гэм буруугийн талаар маргасан гомдлыг гаргасан боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлснээр шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялаас доогуур ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Р.М-ийн өмгөөлөгч А.Отгонжаргалаас “... “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээний объектын талаарх мэдээлэл үгүй, зөвхөн мөрдөгчийн тогтоолд дурдсан нэр төрлийн дагуу үнэлгээ тогтоосныг үнэн зөвд тооцсон,

эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэх тохиолдолд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй, бусдын орон байранд нэвтэрч, нууц далд аргаар хохирогчийн эд хөрөнгийг авсан үйлдлийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, эд зүйлийг буцаан өгсөн, хохирогчийг хохиролгүй болгосон зэрэг шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно”, 3 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх шийдвэрт Шүүх шинжилгээний тухай хуулийн 7.3-т заасан зүйлийг тусгана”, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж тус тус заасан байна.

Мөрдөгчийн зүгээс дээрх хуульд заасны дагуу эд зүйлд үнэлгээ хийхийг шинжилгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага болох “Тэнцвэр эстимэйт” ХХК-д даалгаж, жагсаалтад заасан эд зүйлст үнэлгээ гаргуулахаар хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчнээс үнэлгээний ажилтай холбоотой баримт бичгүүд, захиалагчийн гаргаж өгсөн мэдээлэл мөн өөрсдийн олж тогтоосон мэдээлэл цаашид ашиглагдах боломж, ижил төрлийн өнөөгийн зах зээлийн үнийн дундаж мэдээлэл зэргийг ашиглаж, эд зүйлийн үнэлгээ хийснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч Р.М- нь хохирогч Б.Ч-ын хашаа руу гар хоосон ороод, тортой эд зүйл бариад гарч ирж байгаа бичлэг /хх 47-49/ авагдсан байх ба хохирогч Б.Ч- нь өөрийн алдсан эд зүйлсийн талаар нэрлэн заадаг бөгөөд тухайн үед эргүүл хийж байсан цагдаа, гэрч Х.Ц-ийн “... Р.М-ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ц-байрны 51 тоотыг очиж шалгахад М- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан ба хохирогчийн гэрээс авч гарсан гэх алдагдсан зүйлүүд цуг байж байсныг авч хохирогчид хүлээлгэн өгсөн. ...” /хх 13-15/ гэсэн мэдүүлэг зэргээр хохирогчийн гэрээс алдагдсан эд зүйлс зөрүүтэй, бусад баримтаар нотлогдоогүй гэх өмгөөлөгчийн гомдол няцаагдаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

Шүүгдэгч Р.М-ийн тухайд хохирогч Б.Ч-ын эзэмшлийн орон байр буюу гэрийнх нь цонхоор нэвтэрч, эд зүйлсийг нь нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг бол хүндрүүлэх шинжид заасан хулгайлах үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй. Тухайлбал, хүн байнга амьдрах зориулалттай бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдын өмчлөх эрхэд бага хэмжээний хохирол учирсан, хохирол учраагүй байсан ч хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилнэ.

Хэрэгт шүүгдэгч Р.М-ийг хохирогч Б.Ч-, түүний эхнэр нарын зүгээс гэрийнх нь цонхоор нэвтэрч ороод, эд зүйлийг авах зөвшөөрлийг өгсөн гэх баримт авагдаагүй бөгөөд түүний эзгүй айлын цонхоор нэвтэрч, эд зүйлсийг нь цонхоор авч гарч ирээд явсан, эздэд нь мэдэгдэж зөвшөөрөл аваагүй зэрэг нөхцөл байдлыг зөвтгөн дүгнэх боломжгүй байна. 

Мөн шүүгдэгч Р.М-ийн хохирогчийн эд хөрөнгийг авсан үйлдлийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, эд зүйлийг буцаан өгсөн, хохирогчийг хохиролгүй болгосон зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж, түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэл биш юм.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1872 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.М-ийн өмгөөлөгч А.Отгонжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Р.М-ийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1872 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.М-ийн өмгөөлөгч А.Отгонжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ийн цагдан хоригдсон 77 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                               Т.АЛТАНТУЯА

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ