Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01545

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Г, Н.Гнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00908 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Г, Н.Г нарын хариуцагч Ц.О, Ж ХХК, М.А нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч Ж-ЖХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О 2017 оны 10 дугаар сард иргэн

Ц.Гтай холбогдож би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэг /хуучинаар сайд нарын 2-р эмнэлэг/-ийн өргөтгөлийн барилгын ажлыг авсан. Ингээд Ц.О, Ц.Г нартай уулзалдаж дээрх ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сард багтаан хийж гүйцэтгэхээр, каркасын ажлын нийт хөлс нь 67.100.000 төгрөг байхаар тохиролцсон. Иймд гүйцэтгэгч Ц.Г нь Н.Гийн бригадтай хамтран уул ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэн захиалагчийн төлөөлөгч Ж-ЖХХК-д хүлээлгэн өгсөн болно. Ажил гүйцэтгэх энэ хугацаанд Ц.О 38.000.000 төгрөгийг дансаар, 5.000.000 төгрөгийг бэлнээр өгч нийт 43.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 24.100.000 төгрөгийг 2018 оны эхний улиралд өгөх ёстой боловч барилгыг улсын комисс хүлээн аваагүй гэх шалтгаанаар ажлын хөлсийг өгөхгүй өнөөдрийг хүргэж байна. Ц.Г болон Ц.О нар нь 2016 онд танилцаж барилгын салбарт хамтран ажиллаж ирсэн. Ц.О нь 2011-2014 он хүртэл Ж-ЖХХК-ийн захирлаар ажиллаж байгаад улс төр хөөхөөр боллоо гээд иргэдийн хуралд ажилладаг болсон, тус компани нь Ц.Огийн хамаарал бүхий компани ба захиалагч Ц.Огийн гүйцэтгүүлсэн ажлын үр дүнг Ж-ЖХХК хүлээн авсан. Ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл хөлс 24.100.000 төгрөгийн санхүүжилтийг шаардахад барилгын ажлыг улсын комисс хүлээн аваагүй, санхүүжилтийг Ж-ЖХХК-ийн захирал М.Ахариуцахаар болсон гэдэг. М.Азахирал нь 2018 онд багтаан санхүүжилтийг шийдвэрлэхээр өгөхөөр баталгаа гаргасан хэдий ч үр дүн гараагүй одоо бол компаниас биш Ц.Огоос ажлын хөлсөө ав гэдэг. Бид карказ хийсэн нь үнэн, хийсэн ажил дээр маргаагүй, үлдэгдэл хөлсөө л авах гэж байгаа юм. Ц.О мөнгийг Капитрон банк дээр очиж хийхдээ Ж-ЖХХК-иас орлого гэж хийдэг байсан. Ц.О ганц энэ барилга дээр эдэнтэй хамтран ажиллаж байгаа юм биш Баянзүрхийн барилга дээр байхаас л явдаг байсан, дараа нь 2 дугаар эмнэлгийн өргөтгөлийн барилга дээр ч хамт байсан. Бид хамтран ажиллаад байдаг болохоор итгээд гэрээг 1 хувь хийгээд Ц.О өөрөө авсан. Одоо бол Ц.О Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгч хийдэг. Иймд хариуцагч нараас ажил гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 24.100.000 төгрөгийг гаргуулан өгнө үү. Хариуцагч М.Ань энэ хэргийг Банзүрх дүүргийн шүүх дээр байхад захирамжид гомдол гаргахдаа өгсөн тайлбар болон Сүхбаатар дүүргийн шүүх дээр өгсөн тайлбарууддаа тодорхой бичсэн тул нэхэмжлэгч нар нь хариуцагч М.Адилбишээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Ц.О шүүхэд өгсөн, түүний төлөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.О миний бие Ц.Г, Н.Гнараар ажил гүйцэтгүүлээгүй, гэрээ байгуулаагүй, энэ хэрэгт би ямар ч хамаагүй, үүрэггүй тул нэхэмжлэгч ингэж шаардах эрхгүй. Ж-ЖХХК тендерт ялж барилгын ажил эхлэхэд Ц.О байсан ч сүүлд улс төрд ороод ямар ч хамааралгүй болсон. Нэхэмжлэгч нар Ц.Ог нэр төрөө бодоод мөнгө өгч магадгүй гэж бодоод байх шиг байна. Энэ асуудалд Ц.О бол ямар ч хамааралгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж-ЖХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Г, Н.Гнар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ц.О, Ц.Г нар нь уулзалдаж дээрх ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сард багтаан хийж гүйцэтгэхээр, каркасын ажлын нийт хөлс 67.100.000 төгрөг байхаар тохиролцсон, ажил гүйцэтгэх энэ хугацаанд Ц.О 38.000.000 төгрөгийг дансаар, 5.000.000 төгрөгийг бэлнээр нийт 43.000.000 төгрөгийг өгсөн, тус компани нь Ц.Огийн хамаарал бүхий компани ба захиалагч Ц.Огийн гүйцэтгүүлсэн ажлын үр дүнг Ж-ЖХХК хүлээн авсан гэж бичсэнээс харахад нэхэмжлэгч нар нь анхнаасаа Ж-ЖХХК-тай биш, хариуцагч Ц.Отой бүх ажлаа ярьж тохирсон, түүнээс ажлын хөлсөө авч байсан гэж ойлгогдож байна. Ажлын үр дүнг Ж-ЖХХК-д хүлээлгэн өгсөн гэж бичсэн боловч түүнийгээ нотлоогүй байна. Нэхэмжлэгч нараас манай компанид каркасын ажлыг хүлээлгэн өгсөн тухай ямар ч баримт байдаггүй. Ц.О бол Г, Г нарыг танихгүй гэдэг, Адилбиштэй танил юм шиг байна лээ, нэхэмжлэгч нар анх шүүхэд нэхэмжлэл өгөхдөө Адилбишийг хариуцагчаар татаж байгаад түүнээс татгалзсан тул одоо хариуцагч биш. Энэ ажлыг эхлэхэд Ц.О санал гаргасныг нотлох баримт байхгүй, Ц.Отой тохиролцсон хугацаа гэж юу яриад байгаа юм, Ж-ЖХХК-тай хийсэн ажлын тооцоо гэсэн баримт дээр байгаа гарын үсгийг Адилбиш би зураагүй гэдэг. Тэр баримт тус компанид байхгүй, нэхэмжлэгч нар хаанаас баримт гаргаж ирээд байгааг мэдэхгүй, эд нар 67.100.000 төгрөгөөр ажил тохирсон гэдгээ нотлох хэрэгтэй, 43 сая төгрөгийг Огоос авсан гэдэг баримт байхгүй, О Ж-Жхоёр ямар холбоотойг мэдэхгүй, Ж-Жбол 3 удаа л мөнгө шилжүүлсэн. Энэ мөнгө Ж-ЖХХК-иас гарсан. Ж-ЖХХК ямар тохиролцоо хийснийг мэдэхгүй. Г нар ажлаа хаяад явчихсан, Адилбиш хэлэхдээ карказ хийсэн гэж байсан. Ц.О болон Ж-ЖХХК хариуцагч биш. Нэхэмжлэгч нар хоёр дугаар эмнэлгийн барилга дээр ажилласан нь үнэн. Адилбиш Улаанхүү нарыг байлцуулан тооцоо нийлсэн болон 43.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгсөн зэрэгт маргахгүй. Хэргийн 71 дүгээр хуудсанд байгаа гараар бичсэн хэсэгт 17.600.000 төгрөгийг өгөхөөр тохиролцов гээд бичсэн байгаа нь дутуу ажлаа хийсэн тохиолдолд өгнө гэсэн тооцоо юм. Нэхэмжлэгч нарын хаяад явсан ажлыг Олонбаяртай гэрээ хийж гүйцэтгүүлсэн. Эд нар 2018 оны хавар ажлаа хийчихсэн бол ийм байдалд орохгүй байсан. Өмнө нь 16 дугаар хорооллын барилга дээр ажиллаж байхдаа ч хаяад явсан. 17.600.000 төгрөгийг өгнө гэж бичсэн учир нь дутуу ажлаа гүйцээхээр өгнө гэж хэлсэн. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Ашүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ж-ЖХХК-ийн захирлаар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Нэхэмжлэгч нар надтай биш хуулийн этгээд болох Ж-ЖХХК-тай Барилга угсралтын ажлыг хөлсөөр гүйцэтгэх стандарт гэрээ байгуулан ажилласан байдаг. Хэрэгт авагдсан цорын ганц хүчин төгөлдөр нотлох баримт болох дээр дурдсан гэрээнээс харахад нэхэмжлэгч нар нь иргэн М.Агэдэг хувь хүнтэй биш Ж-ЖХХК-ийн захирал М.Адилбиштэй гэрээ хийсэн нь харагдана. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-т хуулийн этгээдийг тодорхойлсон. Ж-ЖХХК-ийн ТУЗ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр надад олгосон эрх мэдлийн хүрээнд миний бие нь гүйцэтгэх захирлын хувиар нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсан болохоор хувь хүний хувьд хуулийн этгээдийн өмнөөс хариуцлага хүлээх ямар ч үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шүүхийн шийдвэрээр хэн нэгэн төлбөр төлөх дээрээ тулбал М.Агэдэг хувь хүн биш, харин нэхэмжлэгч нартай гэрээ хийж гэрээний үндсэн дээр тэдний өмнө үүрэг хүлээснээрээ хуулийн этгээд Ж-ЖХХК нь өөрийн хөрөнгөөр нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулах шаардлагатай болох байх. Харин М.Аминий бие хувиараа энэ ажилд оролцоогүй. Ж-ЖХХК-ны хувьцаа эзэмшдэггүй. Иймээс би нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй мөнгийг хувиараа төлөх үндэсгүй. Та бүхэн энэ нэхэмжлэлийг хэн нь хариуцах ёстойг яаралтай шийдвэрлэж өгнө үү. Ж-ЖХХК-ийн барилгын ажил хариуцсан инженер даамалууд энэ хэргийн талаар тайлбар болон нотлох баримтуудыг хүргүүлэх байх гэжээ

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Ж-ЖХХК-иас 17.600.000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Г, Н.Гнарт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ц.Од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч М.А холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, М.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278.450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж-ЖХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 237.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж-ЖХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т Шүүх хуралдааны засварлагаар зохигчийг гарч явахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гэж заасныг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч .......... нар нь хариуцагч ........... нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч .............. ХХК нь нэхэмжлэгч . нартай ............... эмнэлэгийн өргөтгөлийн барилгын карказын ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сард багтаан 67 100 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон, ажлын хөлс 43 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. /хх1, 4-5, 71/

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зохигчид гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч ажлын гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын хөлсийн талаар маргасан байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .............. эмнэлэгийн өргөтгөлийн барилгын карказны ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 24 100 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Ж-ЖХХК ... нэхэмжлэгч нар ажлаа гүйцэд хийлгүй орхиж явсан, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, орхиж явсан ажлыг өөр бусдаар гүйцэтгүүлсэн ... гэж үгүйсгэсэн боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Хэргийн 71 дүгээр талд авагдсан .................ХХК-тай тооцоо нийлсэн баримтаас үзэхэд зохигчид ажлын хөлсний үлдэгдлийг 17 600 000 төгрөг гэж тооцоолон харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг баримтад хариуцагч ............. ХХК-ийн захирал .............. гарын үсэг зураагүй гэж маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5864 дугаар, 2020 оны 924 дугаартай дүгнэлтээр тооцооллын баримтад хариуцагч байгууллагын захирал ............. гарын үсэг зурагдсан нь тогтоогдсон байна. /хх71, 130-134, 164-173/

Иймд ажлын хөлсний үлдэгдэл 17 600 000 төгрөгийг хариуцагч Ж-ЖХХК төлөх үндэслэлтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ..................... холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үндэслэгдсэн байх ба, энэ талаар зохигчид давж заалдах гомдол гаргаагүй болно. /хх-139-141/

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч ................. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, зохигчдыг шүүх танхимаас гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгч хэргийн оролцогчдыг шүүх хуралдааны танхимаас тусгаарлаж шийдвэрээ гаргасан байна. Байгууллагын дотоод зохион байгуулалтаас хамаарч шүүх хуралдааны танхимаас хэргийн оролцогчийг гаргаж шүүх шийдвэрээ гаргасан шүүхийн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасныг зөрчсөн үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ж-ЖХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00908 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ............. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.МӨНХЗУЛ