| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/10982/И |
| Дугаар | 192/ШШ2026/01075 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2026/01075
2026 01 22 192/ШШ2026/01075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, Голомт банкны төв байранд байрлах “Голомтбанк” ХК (РД:2075377)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, хаягт оршин суух Гал Монгол овогт Нарангэрэлийн Тулга (РД:ЧА87041673),
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, хаягт оршин суух Боржигон овогт Эрдэнэбилэгийн Үүрцайх (РД:ТБ87012861) нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 100,414,741.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Голомтбанк” ХК нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,414,741.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч нар нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Голомт банктай ЗГ2805132751 дугаар зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 300 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний хуваарийг зөрчиж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 94,974,339.68 төгрөг, үндсэн хүү 2,247,896.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,208.88 төгрөг, даатгалын өр 91,712.76 төгрөг, нийт 97,316,157.44 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.2.Мөн хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банктай ЗГ2805141030 дугаар цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5,720,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний хуваарийг зөрчиж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,784,838.96 төгрөг, үндсэн хүү 295,038.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,706.68 төгрөг, нийт 3,098,584.54 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.3.Хариуцагч нар нь дээр дурдсан ЗГ2805132751 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, *******,*******,,*******,*******, хаягт байршилтай 72.8 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
1.4.Иймд хариуцагч нараас 97,316,157.44 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч ас 3,098,584.54 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Нэхэмжлэлийн хувийг хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 23, хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус гардаж авсан, мөн нэхэмжлэлийн хувь гардуулахдаа тэдэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж, хавтаст хэрэгтэй танилцуулж баримтжуулсан байх ба хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг тэдний шүүхэд мэдүүлсэн дугаар утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, “Голомтбанк” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүү тооцооллын хүснэгт, ЗГ2805132751 болон ЗГ2805141030 дугаар зээлийн гэрээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ЗБ2805132751 дугаар ипотекийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000999457 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч нарт хүргүүлсэн мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Тулгын гаргасан хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь нас, гэнэтийн ослын даатгалын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч “Голомтбанк” ХК нь хариуцагч нарт холбогдуулан 100,414,741.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Голомт банктай ЗГ2805132751 дугаар зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг, хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банктай ЗГ2805141030 дугаар цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5,720,000 төгрөгийг тус тус зээлж авсан боловч дээрх зээлийн гэрээнүүдийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардаж байна. Мөн хариуцагч нар нь дээр дурдсан ЗГ2805132751 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, өөрсдийн өмчлөлийн *******,*******,*******,*******,*******, хаягт байршилтай 72.8 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан учир үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаарх баримт, мэдээллийг шүүхэд урьдчилан ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана…” гэж зааснаар түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж, түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.
3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг нь тэдэнд тайлбарлаж, хавтаст хэргийн материалтай танилцуулж баримтжуулсан байх ба хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаарх баримт, мэдээллийг шүүхэд урьдчилан ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж, тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Зохигч талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ2805132751 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 100,000,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 300 сарын хугацаатай зээлдүүлсэн. (хавтаст хэргийн 12-16 дахь тал)
4.2.Зохигч талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ЗБ2805132751 дугаар ипотекийн гэрээ байгуулагдаж, *******,*******,,*******,*******, хаягт байршилтай 72.8 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. (хавтаст хэргийн 19-22 дахь тал)
4.3.Нэхэмжлэгч компани болон хариуцагч нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ2805141030 дугаар цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5,720,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн. (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
5.Дээр дурдсан гэрээнүүдийн гол нөхцөлөөс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа нэхэмжлэгч компани болон хариуцагч нар, нэхэмжлэгч компани болон хариуцагч нарын хооронд тус тус үүссэн байх бөгөөд тус гэрээний дагуу зээлдүүлэгч талаас мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүрэг үүсжээ.
6.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд өөрийн татгалзал, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй.
7.1.Хариуцагч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар ЗГ2805132751 дугаар зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч буюу хариуцагч нар нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 94,974,339.68 төгрөг, үндсэн хүү 2,247,896.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,208.88 төгрөг, даатгалын өр 91,712.76 төгрөг, нийт 97,316,157.44 төгрөгийн үлдэгдэлтэй, ЗГ2805141030 дугаар цалингийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,784,838.96 төгрөг, үндсэн хүү 295,038.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,706.68 төгрөг, нийт 3,098,584.54 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэлтэй гэж үзнэ.
8.Нэгэнт хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээг цуцлахаар шаардах эрхтэй юм.
9.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүүд нийт 97,316,157.44 төгрөгийг хариуцагч нараас, 3,098,584.54 төгрөгийг хариуцагч ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож, хариуцагч нар нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 730,224 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч , нараас 97,316,157.44 төгрөгийг, ас 3,098,584.54 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-нд олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь энэхүү шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн*******,*******,******* 54 байр хаягт байршилтай 72.8 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 730,224 төгрөгийг гаргуулан “Голомтбанк” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД