Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/1418

 

   

 

 

 

   2025            12             16                                     2025/ДШМ/1418                      

 

Г.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч Г.З-, түүний өмгөөлөгч Н.Болортуул, Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2358 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.З-, түүний өмгөөлөгч Н.Болортуул, Г.Должинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.З-д холбогдох эрүүгийн 2502005150327 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

З-,

 

Шүүгдэгч Г.З- нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоотод буюу өөрийн амьдарч буй орон байрандаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий нийт 0,7 грамм цэвэр жинтэй өвс гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Г.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З-г “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-г 1 (нэг) жил 3 (гурав) сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа ногоон өнгийн ургамал бүхий 2 ширхэг тамхины ишний цэвэр жин нь 0,7 грамм BLACKEYEPATCH гэсэн бичиглэлтэй хар өнгийн уутыг устгах, Монгол Улсын АТ8742999 гэсэн сери дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.З- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би одоо 31 настай, дээд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, **** ХК-д дизайны хэлтсийн дарга ажилтай, ам бүл 2, 90 настай эмээгийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ба өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.З-гийн өмгөөлөгч Н.Болортуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.З- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн ба энэ нь хэргийг түргэн, шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд түүний “Play time” шоуны үеэр танилцсан 2 гадаад иргэн өгсөн, аваад хоёр, гурван удаа сороод буцаагаад уутанд нь хийгээд гэртээ авчраад тавьсан байсан..” гэх мэдүүлэг нь хэргийн газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн оногдуулж болно гэж заасан байх бөгөөд Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас (мөрдөн шалгах, прокурор, шүүх) хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгох бөгөөд Г.З- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үед гэм буруугийн маргаангүй оролцсон. Бусдад хор уршиг учруулаагүй. Г.З-гийн үйлдэл нь худалдаалах зорилгогүйгээр өөрийн хэрэгцээнд хадгалсан шинжтэй, нийгэмд бодит хохирол, хор уршиг учруулаагүй. Ийм тохиолдолд хорих ял бус, хүмүүжлийн чанартай өөр төрлийн ял оногдуулах боломжтой. Г.З- нь ажил хөдөлмөр эрхэлдэг, нийгэмд тустай олон төрлийн инновац гаргасан.

******” Хувьцаат компанид **** газрын хэлтэст 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Туслах *****”-ын ажлын байранд орж, 2025 оны 02 дугаар сард дизайнер, 2025 оны 03 дугаар сард дизайны хэлтсийн дарга албан тушаалд дэвшин ажиллаж байгаа бөгөөд тус ажилтан нь бүтээлч сэтгэлгээтэй, харилцаа хандлага сайтай, баг хамт олондоо эерэг уур амьсгалыг бүрдүүлж чаддаг, үнэнч шударга, манай түлхүүр ажилтнуудын нэг юм гэх тодорхойлолтыг байгууллагаас гаргаж өгсөн.

Г.З- нь Хан-Уул дүүргийн *** тоотод Э-тэй хамт амьдардаг. Б.Э нь насны доройтол, асаргаа шаардлагатай, дунд чөмөгний хүзүүний баруун тал хугаралтай бөгөөд өнөөдрийг хүртэл зээ хүү Г.З-г гэмт хэрэгт холбогдон хорих ял эдэлж байгааг мэдэхгүй, хүлээсээр байгаа. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.З-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, өндөр настай эмээгээ асарч сувилж амьдарч буй хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж егнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.З-гийн өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.З- нь сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай өвс мэт зүйлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа гүн гүнзгий ухамсарлан ойлгож гэмшиж байгаа бөгөөд өөрийн үйлдлийг анхнаасаа шударгаар үнэн зөв мэдүүлж байсан, чин санаанаасаа гэмшиж байгаа. Г.З- нь ажил хөдөлмөр тогтвортой эрхэлдэг, хамт олон, найз нөхөд, удирдлагадаа өөрийн ур чадвар, зан төлөв, харилцаа хандлага, хичээл зүтгэлээрээ өндрөөр үнэлэгддэг, хариуцлага, сахилга бат сайтай, шударга үнэнч зан төлөвтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд ажлын байрандаа ямар ч үүрэг даалгаврыг чанартай биелүүлж нэр хүндтэй ажиллаж байгаа шилдэг ажилтны нэг болсон, цаашдаа ч улс орныхоо болоод мэргэжлийн салбартаа өндөр хувь нэмэр оруулж чадахуйц, итгэл дааж ажиллаж, амьдарч чадах хүн гэж үзэж байна. Мөн түүнээс хураагдсан сэтгэцэд нөлөөт бодисын шинж байдлыг харгалзан үзвэл мансууруулах төрлийнх биш, хүчтэй, химийн синтетик бодис биш бөгөөд тэрээр мансуурах дон эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тогтоогдоогүй болохыг шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосон байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял шийтгэл оногдуулахад харгалзаж үзэх боломжтой байна. Г.З- нь тодорхой оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтвор суурьшилтай, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж заавал нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулахгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал болон бусад байдлыг харгалзан үзэж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд буюу 1 жил 3 сарын хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн  тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Г.З-д холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Г.З- болон түүний өмгөөлөгч Н.Болортуул, Г.Должинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.З- нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн *** тоот өөрийн амьдарч буй орон байрандаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий нийт 0.7 грамм цэвэр жинтэй өвс гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Г.З-гийн яллагдагчаар өгсөн “...хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх 64/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “Г.З- 2025.7.9 ****” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №4887 дугаар дүгнэлт /хх 31-32/,

“...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “1” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон тамхины иш, “2” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон тамхины иш, ‘2” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон “ВLАСКЕҮЕРАТСН” гэсэн бичиглэлтэй хар өнгийн уут, “3” гэж дугаарласан гялгар ууттай Монгол улсын АТ8742999 гэсэн сери дугаартай 500-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4874 дүгээр дүгнэлт /хх 42-46/,  2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгчийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/,  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүний биеэс биологийн дээж авч. мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.З-гийн “өвс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.З- болон түүний өмгөөлөгч Н.Болортуул, Г.Должинсүрэн нар “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.З-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, Б.Э хамт амьдарч, эмэг эх нь түүний байнгын асрамжид байдаг /эмэг эх нь насны доройтол, асаргаа шаардлагатай, дунд чөмөгний хүзүүний хугарал гэсэн оноштой өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт ирүүлсэн/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс 1 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.З- нь 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх устгуулахаар зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа ногоон өнгийн ургамал бүхий 2 ширхэг тамхины ишний цэвэр жин нь 0.7 грамм, ВLАСКЕҮЕРАТСН гэсэн бичиглэлтэй хар өнгийн уутыг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарч байх тул эд мөрийн баримт устгах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Г.З- болон түүний өмгөөлөгч Н.Болортуул, Г.Должинсүрэн нарын хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Г.З-г нэн даруй суллахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2358 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-г 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

4 дэх заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа ногоон өнгийн ургамал бүхий 2 ширхэг тамхины ишний цэвэр жин нь 0.7 грамм BLACKEYEPATCH гэсэн бичиглэлтэй хар өнгийн уутыг устгах, Монгол Улсын АТ8742999 гэсэн сери дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З- нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Г.З-д сануулсугай. ...”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-гийн цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж тооцсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Г.З-г нэн даруй сулласугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Т.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН