| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0452/Э |
| Дугаар | 476 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Ш.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,
хохирогч Б.Төрмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ш.Б-д холбогдох эрүүгийн 1811009780410 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Ш.Б, 1967 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-458 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ш.Б нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-458 тоот хашаан дотор иргэн Б.Төрмөнхийн толгойн хэсэгт сүхний ишээр цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч Б.Төрмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Бид хоёр нийлж ганц шил архи уусан. Намайг цүнх авсан гэж ярьж байгаад цохисон 118.000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг нэхэмжилж байна. Гомдол байхгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Төрмөнх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Ш.Б ах сүх барьчихсан өөдөөс гарч ирээд манай хүүхдийн цүнх алга болсон байна. Чи авсан юм биш үү гэж хэлээд гартаа барьсан сүхээрээ миний толгойны зүүн хэсэгт нэг удаа цохисон. ..Би хүүхдийнх нь цүнхийг аваагүй, ямар учраас манай хүүхдийн цүнхийг авсан гэж хэлээд байгааг мэдэхгүй байсан учир тодруулж асуухаар очсон юм...” гэжээ /хх-7-8/.
Гэрч Д.Дамдиндаваа мэдүүлэхдээ: “...Би Б-тай тэднийг гэрт тэр өдөр 0.5 литрийн хоёр шил архи хувааж уугаад байж байтал манай эхнэр Золжаргал ирээд намайг аваад явахад Төрмөнх, Цэрэнпилийн хамт Б-х руу зөрөөд орсон. 10 минутын дараа би бие засах гээд гэрээс гарахад Төрмөнх толгойноос нь цус гарчихсан гуйваад явж байхаар нь юу болов гээд уулзсан чинь Төрмөнх Болдоо ах намайг сүхээр цохьчихлоо гэх хэлэхээр нь би гэрийнхэнд нь Төрөө дор согтуу хэвтэж байна гээд эгчид нь хэлээд цагдаа дуудсан...” гэжээ /хх-13/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №4036 дугаар дүгнэлтэд:
“1.2. Б.Төрмөнхийн биед духанд няцарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-17/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28-29/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Б нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-458 тоот хашаан дотор иргэн Б.Төрмөнхийн толгойн хэсэгт сүхний ишээр цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №4036 дугаар дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй 118.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ш.Б-с гаргуулан хохирогч Б.Төрмөнх олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ш.Б-т эрүүгийн хариуцлага тооцох буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага буюу хуульд заасан торгох ял оногдуулав.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Болдбаатарт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Б-с нийт 118.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Төрмөнх /РД: УА85110613/-д олгосугай.
5. Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН