Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 162

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овгийн Г.Дд холбогдох эрүүгийн 1830002260150 тоот хавтаст хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн харьяат, 1994 оны 02 дугаар сарын 02-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баруун-Урт сумын 4 дүгээр баг Өлзийтийн 215 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛЮ94020211/ Хатагин овгийн Г.Д.

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Д нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Өлзийтийн 215 тоотод 2018 оны 07 дугаар сарын 18-ны шөнө С.Төмөрийг зодож, эрүүл мэндэд “ тархи доргилт, духанд язарсан шарх, дээд доод уруулын дотор талд, хүзүүний урд хэсэгт, хүзүүний зүүн хэсэгт, баруун чихний эргэн тойронд, зүүн чихний ар хэсэгт, хамрын зүүн хэсэгт цус хуралт, баруун зүүн чамархай, баруун чихний эргэн тойронд, зүүн хацар шанаа дээд доод уруул нэлэнхүйдээ зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цусан хураа ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  - Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би эхнэртэйгээ маргалдаад зогсож байсан. Төмөр орж ирээд бид хоёр маргалдсан. С.Төмөр эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэсэн, бид хоёр эвлэрсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн торгох ялыг ч зөвшөөрч байгаа...гэв. 

- Яллагдагч Г.Дий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 07 сарын 17-ны орой манай гэрт Төрмөнх, Бадамцэцэг, Наранчимэг, Атарцэцэг, Төмрөө, Болдоо болон манай эхнэр Урангоо архи уусан юм. Сүүлийн архиа ууж байгаад тасарсан байсан. Нэг мэдсэн би С.Төмөртэй зууралдаж байсан. Би гэртээ С.Урангоотой маргалдаж байтал гаднаас С.Төмөр орж ирээд над руу дайраад байхаар нь би С.Төмөртэй муудаж зодолдсон байх. Харин яг зодолдсон талаараа санахгүй байна. С.Төмөртэй тэр өдрийн шөнө би анх танилцсан болохоор бид хоёр хоорондоо муудаж байсан удаа байхгүй. Би С.Төмөртэй эвлэрсэн. Надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-18 /

- Хохирогч С.Төмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2018 оны 07 дугаар сарын 17-ны орой “Баян молцог” караокед найзууд болох Төрмөнх, Нандин-Эрдэнэ, Болдоо гэх найзуудын хамт сууж байтал Төрмөнхийн эхнэр нь найзуудтайгаа ирсэн юм. Удалгүй “Баян молцог” караоке хаах болтол бүгдээрээ Дөлгөөний гэр рүү явах болсон. Тэгээд бид нар шөнийн 00 цагийн орчим гарч Дөлгөөний гэр рүү бүгдээрээ явсан. Г.Дий гэрт 2 шил архи хувааж уучихаад шөнө 04 цагийн үед бүгдээрээ тарсан юм. Яг архи ууж байхад бол бид нарын дунд маргалдаан болоогүй. Тэгээд бүгдээрээ тарж байтал надтай цуг байсан Болдоо нь Г.Дөө гэртээ эхнэрээ зодоод байх шиг байна гэхээр нь би гэр рүү ортол Г.Д нь эхнэр Урангоотой зууралдаад зогсож байсан. Дотор Урангоогийн найз гэх Бадамцэцэг гэх хүүхэн байсан. Би Г.Дийг чи эхнэрээ зодож болохгүй шүү Г.Дийг тэврээд автал надтай зууралдаж байгаад намайг газар унагаж дээрээс олон удаа цохисон. Дандаа миний нүүрэн хэсэг рүү цохиод байсан.Би яг хэдэн удаа цохисон талаар нь мэдэхгүй байна. Миний зүгээс Г.Дөөс нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн. ” гэх мэдүүлэг /хх-03 /, 

- Гэрч Э.Урангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Дөлгөөн бид хоёр 2015 оноос хамт амьдарч байна. Би 2018 оны 07 дугаар сарын 17-ны орой цуг ажилладаг Атарцэцэг, Бадамцэцэг, Наранчимэг нарын хамт караоке болон баар руу орсон. Орой 00 цагийн орчимд Биллион баарнаас гарч байгаагаа санаж байна. Тэгээд хэзээ гэртээ очсон талаар огт санахгүй байна. Өглөө нь буюу 07 дугаар сарын 18-ны өглөө гэртээ сэрсэн. Намайг Г.Д нь зодож цохиогүй байх. Хэрэв зодсон бол надад гэмтэл учирсан байх ёстой. Надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй болохоор намайг зодоогүй байх” гэх мэдүүлэг /хх-07  /

- Гэрч У.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 17-ны орой манай ажлын Урангоо, Атарцэцэг, Наранчимэг бид 4 караокед орсон юм. Дараа нь Биллион бааранд ортол цуг явж байсан Наранчимэгийг нөхөр нь “Баян молцог” караокед байна гэхээр нь очсон. Тэнд С.Төмөр, Дөлгөөн өөр танихгүй хүмүүс байсан. “Баян молцог” нь хааж байхаар нь Дөлгөөний гэр рүү явъя гээд С.Төмөр, Атарцэцэг, Урангоо, Наранчимэг болон түүний нөхөр мөн хүргэн гэх залуу бид нар явсан. Дөлгөөний гэрт очоод 2 шил архи ууцгаасан. Тэр архинаас цуг явж байсан эрчүүд нь архи уусан. Архи ууж дуусаад зарим хүмүүс нь явчихсан байхаар би Дөлгөөний гэрт нь унтаж байтал Урангоо, Дөлгөөн хоёр хоорондоо маргалдаж байсан. Энэ үед гаднаас С.Төмөр нь орж ирсэн. Гэтэл удалгүй миний хэвтэж байсан өрөө рүү С.Төмөр, Дөлгөөн хоёр зууралдаад ороод ирсэн. Би тухайн үед Г.Дийг боль л доо цус гараад байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд Г.Д нь С.Төмөр гэх залууг гэрээсээ дагуулаад гарсан. Би тэр хоёрыг юунаас болж маргалдаж хоорондоо зодолдсон талаар нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-06  /

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 399 дугаартай дүгнэлтэд: 1. С.Төмөрийн биед тархи доргилт, духанд язарсан шарх, дээд доод уруулын дотор талд, хүзүүний урд хэсэгт, хүзүүний зүүн хэсэгт, баруун чихний эргэн тойронд, зүүн чихний ар хэсэгт, хамрын зүүн хэсэгт цус хуралт, баруун зүүн чамархай, баруун чихний эргэн тойронд, зүүн хацар шанаа дээд доод уруул нэлэнхүйдээ зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 10/,

-  Г.Дий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-21/,

-  Г.Дий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/,

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн засаг даргын 2018.08.15-ны өдрийн 2/645 дугаартай тодорхойлолт /хх-20/,

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх Прокурорын санал № 84/ хх-28 / 

- Прокурорын томилолт /2018.08.22/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 04.00 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Өлзийтийн 215 тоотод өөрийн гэртээ иргэн С.Төмөрийг зодож эрүүл мэндэд нь “ тархи доргилт, духанд язарсан шарх, дээд доод уруулын дотор талд, хүзүүний урд хэсэгт, хүзүүний зүүн хэсэгт, баруун чихний эргэн тойронд, зүүн чихний ар хэсэгт, хамрын зүүн хэсэгт цус хуралт, баруун зүүн чамархай, баруун чихний эргэн тойронд, зүүн хацар шанаа дээд доод уруул нэлэнхүйдээ зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цусан хураа ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Дий хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Төмөр, гэрч Э.Урангоо, У.Бадамцэцэг нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 399 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

            Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулбал, Г.Д нь архи ууж согтуурсан үедээ хамтран амьдрагч Э.Урангоотой маргаан үүсгэн, энэ үйлдлийг нь хориглосон С.Төмөрийг ялимгүй зүйлээр шалтаглаж зодож гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих шалтгаанаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч Г.Дий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч С.Төмөр хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй байна.

           Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.     

Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж үзлээ. 

  Тухайлбал, дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Дий үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Төмөр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Г.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатагин овгийн Г.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Д дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    4. Ялтан Г.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч С.Төмөр хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шатанд ялтан Г.Дд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН