| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2503002370780 |
| Дугаар | 2025/ДШМ/1336 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/1336
2025 11 27 2025/ДШМ/1336
Н.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Марал,
шүүгдэгч Н.С-, түүний өмгөөлөгч З.Нандин-Эрдэнэ, В.Цэвээндарь,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Соронзонгомбын өмгөөлөгч З.Нандин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.С-д холбогдох эрүүгийн 2503002370780 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Н-гийн С-, ........., /РД: Н-/.
Шүүгдэгч Н.С- нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 605 дугаар хашааны зүүн талын замд “Toyota Prius” маркийн ....УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна:, мөн дүрмийн 16.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч насанд хүрээгүй хохирогч Г.Г-г мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
шүүгдэгч Н.С- нь дээрх зам тээврийн осол гарсны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Н.Соронзонгомбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Н.С-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Н.С-д оногдуулсан 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.С-д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд “цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хорих” ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүдэгч Н.С- насанд хүрээгүй хохирогч Г.Г-гийн эмчилгээний зардалд 850.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ос 969.127 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Г.Г-гийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ос “насанд хүрээгүй хохирогч Г.Г-гийн сэтгэцэд учирсан хор уршиг"-т 8.573.400 төгрөг гаргуулж түүний хууль ёсны төлөөлөгч М.Ц-д олгох, насанд хүрээгүй хохирогч Г.Г-гийн цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Н.С-ос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.С-ос насанд хүрээгүй хохирогч Г.Г-гийн эмчилгээний зардалд зарцуулсан 4.463.455 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, шүүгдэгч Н.С- цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч Н.С-ын гэх “Жолоочийн үнэмлэх" шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-r Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.С-ын өмгөөлөгч З.Нандин-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.С-ын эхнэр нь ажил эрхэлдэггүй бөгөөд шүүгдэгч нь ганцаар өрх толгойлж, ам бүл 4 буюу эхнэр, 3 настай хүү, 2 настай охины хамт амьдагдаг болно. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.С- нь хоригдсоноор түүний ар гэрийн амьдралын түвшин буурч, ар гэрийнх нь нөхцөл байдал хүндрэхээр байна. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2203 дугаартай шийтгэх тогтоолыг Тогтоох хэсгийн 7 дахь хэсэгт "... шүүгдэгч Н.С-ос 969,127 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Г.Г-гийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-д олгосугай” гэж, 8 дахь хэсэгт "... шүүгдэгч Н.С-ос “насанд хүрээгүй хохирогч Г.Г-гийн сэтгэцэд учирсан хор уршиг”-т 8,573,400 төгрөг гаргуулж, түүний хууль ёсны төлөөлөгч М.Ц-д олгосугай” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 9,550,000 төгрөгийг нэмж шилжүүлэн, хохирогчийн эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролд нийт 10,400,000 төгрөгийг төлсөн болно. Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц- нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохиролд шүүгдэгчийн зүгээс өгсөн төлбөрийг хүлээн авч, цаашид гомдолгүй болохоо илэрхийлсэн. Иймд Эрүүгийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа ... учруулсан хохирлыг төлсөн" гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасныг болон шүүгдэгч Н.С-ын өрх толгойлсон хувийн, ар гэрийн байдал, түүний үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээсэн, үйлдсэн үйлдэлдээ гүнээ гэмшиж байгаа байдал болон хохирогчийн эмчилгээний зардал, хохирогчийг хохиролгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол, саналгүй болсон талаарх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2203 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Н.С-д хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.С-ын өмгөөлөгч В.Цэвээндарь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.С-ын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгчийн хувьд хохирогчид цаашид шаардлагатай эмчилгээний төлбөрийг тухай бүрд нь нөхөн төлөхөө бүрэн илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд бага насны хоёр хүүхэдтэй. Ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг ба өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн учир холбогдлыг бүрэн ойлгон ухамсарлаж байгаа. Тиймээс шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулснаар шүүгдэгчийн зүгээс ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчийн эмчилгээний зардлыг төлөх нөхцөл бүрдэнэ. Хохирогчийн зүгээс эмчилгээтэй холбоотой зүйл шаардлагатай байгаа учраас энэ шаардлагатай бүх эмчилгээ үйлчилгээг шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлснээр төлөх боломжтой болно. Мөн шүүгдэгч хорихоос өөр төрлийн ял эдэлснээр ар гэрээ тэжээн тэтгэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Түүний хувьд хохирогчийн эмчилгээний зардалд 969.127 төгрөгийг төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлын тухайд 8,573,400 төгрөг хэмээн тогтоогдсон ба мөн бүрэн төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлын дүнгээс 800,000 төгрөгийг төлсөн. Ингээд нийт 10,350,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу анхан шатны шийтгэх тогтоол гарсны дараа нөхөн төлж барагдуулсан гэв.
Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлоос тодорхой хэмжээнд нөхөн төлсөн хэдий ч мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйл, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл харагдаж байгаа хэдий ч шүүгдэгчийн өөрийнх нь үйлдсэн гэмт хэргийн нийгэмд аюултай шинж чанар, бага насны хүүхдийг тээврийн хэрэгслээр мөргөсний дараа хэргийн газраас зугтсан, гэмт хэрэг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болсон байхад 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирлыг бүрэн төлж буй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Н.С- нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 605 дугаар хашааны зүүн талын замд “Toyota Prius” маркийн ....УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна:, мөн дүрмийн 16.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч насанд хүрээгүй хохирогч Г.Г-г мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
шүүгдэгч Н.С- нь дээрх зам тээврийн осол гарсны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-ын “...миний охин Г- нь Сонгинохайрхан дүүргийн Ц- сургуулийн 3г бүлэгт сурдаг, 9 настай. Тухайн өдөр Цагаан сарын шинийн нэгэн байсан. Охин Г- төрсөн эгч Г-, дүү Г- нарын хамт айлд очиж золгох гээд гэрээс гарсан. Тэр үед нь би явган хүний гарцаар зам хөндлөн гараарай гэж хэлээд гаргасан. Хэсэг хугацааны дараа манай эгчийн төрсөн хүү О- гэрт орж ирээд Г- машинд дайруулчихсан, зам дээр хэвтэж байна гэж хэлээд орж ирсэн. Би гэрээсээ гарч зам дээр очиход охиныг минь машин дайраад ослын газраас зугтаачихсан байсан учир охиноо аваад ГССҮТөв эмнэлэгт ирж үзүүлээд яаралтай хагалгаанд орсон. Одоо миний охины бие маш муу, аарцаг нь бяцралтай, хөл хугарсан, цөс бяцарсан, бүдүүн нарийн гэдэс тасарсан, хүндээр бие засаж чадахгүй их хэцүү байна. Байнгын асаргаанд байгаа” /хх 22-23/,
гэрч С.Р-гийн “...2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг аавын гэрт очиж золголт хийсэн. Тэгээд би буцаад өдрийн 15 цагийн үед аавын гэрээс гараад манай хүргэн Н.С- “Toyota Prius” маркийн .... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх манай гэрт намайг хүргэж өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 34 байрнаас ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүг чиглэлтэй “Содон” хорооллын зүүн талаас орох гэр хорооллын голоор явдаг засмал замаар явж байхад миний сууж явсан тээврийн хэрэгслийн дугуй хагарсан юм шиг намалзаад явсан. Тэгээд би хүргэн хүүд машины чинь дугуй хагарсан юм шиг байна тээврийн хэрэгслийг зогсоогоод дугуйгаа хар гэсэн. Тэгээд манай хүргэн хүү тээврийн хэрэгслийг зогсоогоод машинаасаа буугаад дугуйгаа хараад зогсож байхад араас ирж байсан тээврийн хэрэгсэл хажууд ирж зогсоод “хүн мөргөчихлөө шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би, манай нөхөр, 2 охин бид хэд тээврийн хэрэгслээс бууж нөгөө мөргүүлсэн хүүхэд дээр очсон. Тэгээд байж байсан чинь нөгөө хүүхдийн ар гэрээс 3-4 залуучууд ирээд “жолооч нь хаана байна, газар дээр нь ална” гээд орилоод байсан. Тэгээд би бөөн хэрэг болох шинжтэй болохоор нь хүргэн хүү дээрээ очоод бүгдээрээ явцгаая гэсэн. Тэгээд манай хүргэн намайг гэрт хүргэж өгөөд манай хүргэн болон охин гэр рүү явсан” /хх 27/,
гэрч С.О-ийн "... 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүрэгт байдаг өвөөгийн гэрт очиж золголт хийсэн. Тэгээд буцаад өдрийн 15 цагийн үед өвөөгийн гэрээс гараад манай нөхөр Н.С- “Toyota Prius-11” маркийн .... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 32 байрны арын замаар ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүг чиглэлтэй “Содон” хорооллын зүүн талаас орох гэр хорооллын голоор явдаг засмал замаар явж байхад би тээврийн хэрэгслийн хойд талын сандал дээр унтаж байсан. Тэр үед манай ээж уулга алдан дугуй салчихлаа ш дээ гэж орилоод манай нөхрийг зогс гэсэн. Тэгээд манай нөхөр машинаа зогсоогоод, буугаад машины эргэн тойрон хараад зогсож байхад хойд талаас нэг тээврийн хэрэгсэл ирээд “та нар хүүхэд мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгээд манай ээж, хойд аав, дүү бид 4 тээврийн хэрэгслээс бууж нөгөө мөргүүлсэн хүүхэд дээр очсон. Тэр үед манай ээж нөгөө хүүхдийг өргөж аваад суучихъя гэж хэлж байсан. Тэгээд би 103 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд байж байсан чинь нөгөө хүүхдийн ар гэрээс 2 ах ирээд “жолооч нь хаана байна, ална” гээд орилоод байсан. Манай ээж айгаад хүний хүүхэд алуулчихна бүгдээрээ явцгаая гэсэн. Тэгээд ээжийг гэрт нь хүргэж өгөөд манай нөхөр бид хэд гэр рүүгээ явсан” /хх 30-31/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн "... Г.Г-гийн биед элэг, дэлүүний урагдал, няцрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, зүүн хөлийн дунд чөмгөний далд хугарал, баруун ташаанд зулгаралт, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай гэмтэл тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэсэн дүгнэлт /хх 62-65/,
Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаартай дүгнэлт /хх 75-80/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Бат-Эрдэнийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 873 дугаартай магадалгаа /хх 120-121/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8-9/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-17/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 57-59/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.С- нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.С-ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар, хэргийн газрын зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.С-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон бусдад учруулсан хор хохиролд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Мөн шүүх шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоосон нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нандин-Эрдэнээс “...шүүгдэгч Н.С-д хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг учиртай.
Шүүгдэгч Н.С-ын хувьд Замын хөдөлгөөний хэд хэдэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч насанд хүрээгүй хохирогч Г.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, осол гаргаснаа мэдсээр байж, туслалцаа үзүүлэхгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял тохирсон, хүнд биш байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2203 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С-ын өмгөөлөгч З.Нандин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Н.С-ын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2203 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С-ын өмгөөлөгч З.Нандин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ын цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ