Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01355

 

 

 

Н.Гнэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01287 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Гхариуцагч УБТЗд холбогдуулан гаргасан гэм хорын хохирол төлбөрт 7 548 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэм хорын хохиролд 1 749 452 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгосүрэн нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 11 цаг 30 минутад охин Л.Охамт ...УНВ улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Налайх, Улиастайн гарам дээр гэрлэн дохион дээр зогсож байтал урт галт тэрэг баруун тийш өнгөрч байгаа харагдсан. Галт тэрэг яваад өнгөрөх үед төмөр замын хаалтаа нээсэн юм шиг байсан. Гэтэл 413 дугаартай төмөр замын гармаар гарах үед зүтгүүр тэргэнд мөргүүлж осолд орсон. Машинууд жирийн чөлөөтэй явж байсан. Бид хамгийн сүүлд урагш эргээд гарам руу орсон бөгөөд гарам хаалтгүй байсан. Тухайн үед А өртөөний жижүүр Н.Ажижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд сэлгээний бүрэлдэхүүнийг А өртөө рүү оруулах үед өртөөний жижүүрийн пульт дээр ЗП гарам хаах товчлуурыг дараатай үлдээж, гармыг хэвийн байдалд оруулалгүй, гармыг нээлттэй орхисноос болж уг осол гарсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Иймд өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол 350 000 төгрөг, автомашинаа бүхэлд нь 6 660 000 төгрөгөөр үнэлүүлсэн. Мөн журмын хашаанаас машинаа авахад 350 000 төгрөг болсон. Бинзений төлбөр 50 000 төгрөг, автомашин оношилгооны зардал 293 000 төгрөг болсон. Эдгээрийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын хэргийг хаасан тухай тогтоол зэрэг баримтуудаар жолооч н.Онь Замын хөдөлгөөний дүрмийн 17.2, 17.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Түүний буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж Тээврийн прокурорын газрын тогтоолд дүгнэсэн байдаг. Тухайн үед төмөр замын гарамын хаалт, хамгаалалт нь техникийн нөхцөл байдлаас шалтгаалан ажиллаагүй байж болно. Гэвч хаалт хаагдаагүйгээс болж осол гараагүй. Жолооч дүрмээ мөрдөөд зогсолт хийсэн бол осол гарахгүй байсан. Замын хөдөлгөөний холбогдох дүрэм, журмыг зөрчсөн болохыг тогтоосон холбогдох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан сугалааны баримтууд байдаг. Эдгээр баримтууд нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн осолтой холбоотой зайлшгүй гарсан зардал гэдгийг нотлох баримт биш. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн эдгээр баримтууд нь осол, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоосон баримт биш байна. Хавтаст хэргийн 7 дугаар талд 7 дугаар сарын 24-ний өдрийн 50 000 төгрөгийн бензиний зардал, цэвэр ус, ундаа авсан зардал, н.Отгонжаргалын эмчилгээний зардал зэргийг хавсаргаж өгсөн байна. Зарим баримтуудын он сар өдөр нь харагдахгүй. Үнийн дүн нь тодорхой харагддаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй. Осолтой холбоотойгоор гарсан эсэхийг тогтоох боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг нотолдог. Эм худалдан авсан баримт нь тухайн осолтой холбоотойгоор хохирогчид зайлшгүй гарсан зардал болох нь нотлогдох ёстой гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Тээврийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 649 дугаар тогтоолд байгууллагад учирсан хохирол болох 1 769 452 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан. 1 116 615 төгрөг нь зүтгүүртэй мөргөлдсөний улмаас Б секцэд гарсан гэмтэл, гэмтлийг арилгахад гарсан засварын зардал, осол гарсны улмаас галт тэрэг сул зогсолт хийсний төлбөр, тухайн эд ангийг засуулахад гарсан зардал юм. Ослын улмаас гэрлийн шон хугарч, үүнийг засварлахад 652 000 төгрөгийн зардал гарсан гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ... Би уг тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн боловч өөрөө жолооддоггүй, гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Охин маань худалдан авсан цагаас хойш жолоодож эзэмшиж байсан. Тийм учраас жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй. Охин Л.Онэр дээр даатгал байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Гнэхэмжлэлтэй, хариуцагч УБТЗд холбогдох, гэм хорын хохирол төлбөр 7 548 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, гэм хорын хохирол төлбөрт 1 769 452 төгрөг гаргуулах тухай хариуцагч УБТЗын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 718 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 220 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд А өртөөний жижүүр Н.Ань жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа сэлгээний бүрэлдэхүүнийг А өртөө рүү оруулах үед өртөөний жижүүрийн пульт дээрх ЗП гарам хаах товрууг дараатай үлдээж гармыг хэвийн байдалд оруулаагүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн дах хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байх тул арга хэмжээ тооцуулах үндэслэлтэй гэж дурьдсан. Мөн Н.Ань шүүхэд хүрэлцэн ирж гэрчээр мэдүүлэг өгөхдөө гарам хаах товрууг дараатай үлдээж гармыг хэвийн байдалд оруулаагүй нөхцөл байдал үүссэн талаар мэдүүлдэг. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурор А өртөөний жижүүр Н.АЗөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйл буюу Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих гэх зөрчилд зөрчлийн хэрэг нээж хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Тээврийн прокурорын байгууллагын хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй нөхцөл байдлыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурьдсан нь хууль зүйн үндэслэл үгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Гэзэмшлийн Тоёото приус маркийн ...УНВ улсын дугаар бүхий автомашиныг жолоодож явсан жолооч Л.Од Зөрчлийн хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан, А өртөөний жижүүр Н.АЗөрчлийн хуульд заасны дагуу арга хэмжээ аваагүй, энэ байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалтай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Н.Гэзэмшлийн Тоёото приус маркийн ...УНВ улсын дугаар бүхий автомашиныг жолоодож явсан жолооч Л.Охувьд Зам тээвэр хөгжлийн яамны улсын байцаагчийн 013тоот дүгнэлт гарсан мөртлөө А өртөөний жижүүр Н.А төмөр замын тээврийн тухай ямар стандарт, дүрэм, журам зөрчсөн талаар огт дүгнэлт гараагүй, энэ байдлыг шүүх хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх нөхцөл байдльгг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 01287 тоот шийдвэрийг хүчингүй болгож Н.Гнэхэмжлэлтэй Улаанбаатар төмөр зам ХНН -д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороогийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хэдийгээр энэхүү осол гарахад хариуцагч болон түүний ажилтны шууд гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй ... гэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн болон бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Н.Гослын улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 7 548 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам эс зөвшөөрч 1 769 452 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 44 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанбаатар төмөр замын 413 дугаар километрийн гарамд Тоёота приус маркийн ...УНВ улсын дугаартай автомашин төмөр замаар явж байсан ачааны 352, 2М62ММ009 дугаартай зүтгүүртэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас Тоёота приус маркийн ...УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон явж байсан Л.О, автомашинд хамт зорчиж байсан нэхэмжлэгч Н.Г нарын биед хөнгөн гэмтэл, автомашинд нь эвдрэл гарсан болох нь хэргийн 11, 14, 16, 30-39 дүгээр талд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт, автомашины техникийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх осол гаргахад Тоёота приус маркийн ...УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.2-т заасан төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио, тэмдэг, тэмдэглэлийн заалтыг удирдлага болгох, 17.4-т үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно гэснийг зөрчсөн, мөн хариуцагч байгууллагын А өртөөний жижүүр Н.Ажижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа сэлгээний бүрэлдэхүүнийг А өртөө рүү оруулах үед өртөөний жижүүрийн пульт дээрх ЗП гарам хаах товрууг дараатай үлдээж, гармыг хэвийн байдалд оруулаагүй эс үйлдэхүй гаргасан болох нь Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор нотлогдсон. /хх18-19, 39/

 

Л.Одээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 40-д зааснаар, хариуцагч байгууллагын А өртөөний жижүүр Н.Амөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийн арга хэмжээ авахыг тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол хэргийн 18-19 дүгээр талд авагджээ.

 

Иймд хариуцагч байгууллагын ажилтан Н.А буруутай эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Н.Гд учирсан гэм хорын хохирлыг ажил олгогч байгууллага болох хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлөх үүрэгтэй, харин хариуцагчийн хувьд ослын улмаас эд юмс нь эвдэрч, гэмтсэн байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчээс учирсан гэм хороо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Шүүх осол гаргахад Л.Оболгоомжгүй үйлдэл, төмөр замын ажилтан ажил үүрэгтээ хайнга хандсан эс үйлдэхүй нөлөөлсөн, хэн аль нь буруутай гэж үзсэн атлаа үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу. Хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алиных нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлснийг шүүх харгалзан үзэж тус бүрт учирсан хохирлын хэмжээг 50 хувиар бууруулж гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд, хэргийн 8-9 дугаар талд нэхэмжлэгчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд эм бэлдмэл худалдаж авсан баримтууд авагдсан, уг эм бэлдмэлүүдийг ослоос бий болсон гэмтэлд хэрэглэх талаар эмчийн жор хэрэгт байхгүй боловч эмийн зориулалтаас нь үзэхэд дээрх ослоос бий болсон гэмтлийг эмчилэхэд хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Харин ундаа, бензин худалдаж авсан баримтуудыг эрүүл мэндэд учирсан шууд хохиролтой холбоотой гэж үзэх боломжгүй.

 

Мөн хэргийн 16 дугаар тал дахь Вендо ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаас үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд 6 666 000 төгрөгийн хохирол учирсан байх ба хариуцагч уг үнэлгээний тайланг үгүйсгэж маргаагүй байна.

 

Иймд тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай тул хариуцагчаас хохирлын тал хэмжээ буюу эм, эмчилгээний зардал болон компьютер томографикт үзүүлсэн төлбөр нийт 7 548 000 төгрөгийн тал хувь 3 766 794 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Н.Гохин Л.О Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гаргасанд буруутай. Хэдийгээр нэхэмжлэгч тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй боловч нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглаж байсан этгээд зөрчил гаргасан учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар бусдад учирсан хохирлыг арилгана.

 

Ослын улмаас хариуцагч байгууллагад нийт 1 769 452 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн 61-66, 105 дугаар талд авагдсан 2М62ММ-009 илчит тэрэгний Б секцэнд гарсан гэмтлийн үнэлгээ, машинчийн акт, илчит тэрэгний сул зогсолтын төлбөрийн баримт, 413 дугаар км гармын гэрэлтүүлгийн шон болон гэрэлтүүлэгчийг машин мөргөж гэмтээснийг засварласан зардлын үнэлгээ зэргээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотолж үгүйсгээгүй тул 1 769 452 төгрөгийн 50 хувь буюу 884 726 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УБТЗаас гэм хорын хохиролд 3 766 794 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Гд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3 781 206 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Ггаас гэм хорын хохиролд 884 726 төгрөг гаргуулж, хариуцагч УБТЗд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 884 726 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 25 783 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 75 218 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 550 төгрөгийг, давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 220 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

 

А.МӨНХЗУЛ