| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0292/Э |
| Дугаар | 314 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 314
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Солонго,
улсын яллагч Ц.Майбаяр,
өсвөр насны шүүгдэгч Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлням,
өсвөр насны шүүгдэгч Н.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Наранбат,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Гантуяа /№0230/,
өсвөр насны шүүгдэгч Г.С, Н.Тнарын өмгөөлөгч Г.Сүхээ /0157/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Наранбатын Т, Өндөрийн бүлэг овогт Гэрэлнямын С, Боржигин овогт Цэдэндоржийн Ц.Б нарт холбогдох 1711014210194 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, . тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Наранбатын Т, РД: .
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт . тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өндөрийн бүлэг овогт Гэрэлнямын С, РД: .
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, . тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Цэдэндоржийн Ц.Б, РД: .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Т, Г.С, Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Т, Г.С нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан, үйл ажиллагаа явуулдаг "Чимак" солонгос хоолны газарт үйлчлүүлж байсан хохирогч Б.Жавхлантын “Айфойне-6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь :
шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
өсвөр насны яллагдагч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед байхаа найз Ц.Б, С нартай "дараа" буюу хулгай хийхээр тохирсон. Тэгээд Ц.Бийн ногоон өнгийн “Аксент” загварын машинтай явж байгаад “Ард” кино театрын тэнд байх модон солонгос хоолны газрын гадаа Ц.Бийг зогсоогоод С бид хоёр цугтаа орсон. Тэнд ороход хоёр ах сууж байсан ба ширээн дээр нь “Айфойне-6 плас” загварын гар утас нь байгаа харагдсан. Тэгээд би очоод задгай мөнгө байвал өгөөч ахаа гээд анхаарлыг нь сарниулж байх хооронд С ширээн дээр байсан “Айфойне-6 плас” загварын гар утсыг нь авсан. Бид хоёр гарч гүйгээд Ц.Бийн машинд суугаад цаашаа явсан ба Ц.Бид маргааш заръя гэж хэлээд утсыг өгсөн. Тэгээд хороололд С бид хоёр буугаад буудалд орж хоносон. Би уг хэргийг мөнгө олох зорилгоор хийсэн. Намайг энэ хэрэгт уруу татсан, дарамталсан хүн байхгүй...." гэх мэдүүлэг /хх-ийн 66х-68х/,
өсвөр насны яллагдагч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед байхаа найз Т, Алгаа буюу Ц.Б нартай "дараа" буюу хулгай хийхээр тохирсон. Тэр өдөр Алгаа нэг “Аксент” загварын автомашинтай явж байсан бөгөөд “Ард” кино театрын хойд талд байх модоор баригдсан Солонгос хоолны газрын гадаа зогсоод Т бид хоёр дараа хийхээр орсон юм. Уг ресторанд согтуу хоёр ах суучихсан ширээн дээр нь “Айфойне-6 плас” загварын гар утас байсан. /өнгийг нь санахгүй байна/ Тэгээд тэр утсыг авахаар шийдээд Т хоолноос нь гуйж анхаарлыг нь сарниулсан ба би задгай мөнгө гуйж зогсож байгаад өөрийн өмсөж явсан малгайгаа гар утсан дээр нь тавьж халхалаад алгаараа дараад авсан. Тэгээд бид хоёр гарч гүйхэд Ц.Б гадаа машинтайгаа байсан ба машинд нь суугаад маргааш нийлж байгаад зараад мөнгө олоё гэж яриад Ц.Бид хадгалуулсан юм. ...Би уг хэргийг мөнгө олох зорилгоор хийсэн. Намайг энэ хэрэгт уруу татсан, дарамталсан хүн байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 68-69х/,
Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: " 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой найз болох Наранбатын Т, мундагаа хочтой С нартай уулзаад цугтай явж хулгай хийхээр болсон ба тэгээд би 84-39 УБЗ улсын дугаартай “Хьюндэй Аксент” маркийн автомашиныг хүнээс гуйгаад барьж явж байсан юм. Тэгээд баар, ресторануудаар орж дараа буюу хулгай хийхээр болоод явж байгаад оройхон 22 цагийн үед “Ард” кино театрын хойд талд байх модоор хийгдсэн солонгос хоолны газрын үүдэнд очоод ийшээ орж хулгай хийе гэхээр нь зогсоод Т, С нарыг оруулаад өөрөө гадаа нь хүлээгээд байж байсан. Гэтэл удалгүй Т, С нар гүйгээд гараад ирэхээр нь тэр хоёрыг санасандаа хүрсэн байна гэж бодоод машинаа асаагаад очиж тосч аваад машиндаа суулгаад цаашаа явсан юм. Тэр хоёр хулгайлсан гар утсаа “Айфойне-6 плас” шүү, маргааш уулзаж байгаад зарж үрье гэж хэлээд надад гар утсаа хадгалуулаад өөрсдөө буугаад явсан. Тэгээд маргааш нь уулзаж чадахгүй явж байгаад би мөнгөний хэрэг гараад байсан учир уг утсыг “Монтел” худалдааны төв дээр нэг танихгүй эрэгтэй хүнд 120,000 төгрөгөөр зарчихсан юм. ...Би тэр хоёрыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан асуудал огт байхүй. Тэр хоёртой найзууд л байгаа юм. Анх Т, С хоёр намайг гадуур явъя гэж дуудсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 70х/,
хохирогч Б.Жавхлантын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чимак солонгос хоолны газарт үйлчлүүлж байгаад “Айфойне-6 плас” загварын саарал өнгийн гар утсаа алдсан. Тухайн өдөр нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах гэсэн боловч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир дараа ирж өргөдөл гаргасан гэж хэлсэн. Би маргааш нь буюу 2017.11.25-ны өдөр өөрийн алдсан утсандаа хийж байсан 88118392 дугаарлуу залгасан чинь утсыг маань нэг эрэгтэй хүн авсан. ...Тэгсэн чинь тэр хүн миний утсыг буцааж өгье гээд би 140,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Та надад 140,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Орой нь холбогдоод би Баянбүрдэд байх “М-Ойл” ШТСтанцын гадаа уулзаад гар утсаа буцаан авсан. Би 150,000 төгрөг өгч байж утсаа буцаан авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,
гэрч Б.Хүрэлхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би хувиараа гар утас засаж байсан. Тэгтэл саяны надад харуулсан Ц.Б гэдэг хүүхэд над дээр ирэхдээ орой 17 цагийн орчимд “Айфойне-6 плас” загварын хар дэлгэцтэй, ар тал нь саарал өнгийн гар утас гаргаж ирээд ахаа энэ утсыг худалдаж авах уу гэхээр нь уг утсыг сэлбэгэнд авчихъя гэж бодоод 135,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэр утас надад ирэхдээ симтэйгээ, дугаар нь зүгээр ажиллаж асаалттайгаа байсан. Тэгээд гайхаад байж байтал 99095852 гэсэн дугаараас хэд хэдэн дуудлага ирээд байсан юм. Тэгэхээр нь фэйсбүүк рүүгээ ороод залгасан дугаар буюу 99095852 дугаарыг нь хийгээд үзсэн чинь Энхтайван Энхбаяр гэсэн хүнийх байсан. Тэгтэл дараа нь 88118392 гэсэн дугаараас залгаад байхаар нь утсыг нь авчихсан чинь манай хүүхэд эмчилгээнд явах гэж байгаа юм. Наадах утсан дээр чинь эмчилгээтэй холбоотой хэрэгтэй зургууд байгаа юм чи ахдаа наад утсаа өгчихөөч мөнгө төгрөг нь хамаагүй өгье гээд байсан. Тэгэхээр нь би за тэгье тэгье гээд орой 21 цагийн үед Баянбүрдийн тойргийн тэр хавьд байх “М-Ойл” ШТСтанц дээр уулзаад гар утсыг нь буцаан өгч 140 бил үү 150 мянган төгрөг авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33х/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13х/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21х-22х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 44Х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Т, Г.С нар нь насны хувьд ойролцоо бөгөөд шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд зүйлийг, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан хэргийг бүлэглэж үйлдэн бусдад нийт 620.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж тус хэргийг шүүхэд ирүүсэн нь хэргийн зйүлчлэл тохирсон, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Жавхалант нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох 140.000 төгрөгийг шүүгдэгч нараас бүрэн буцаан авсан, одоо ямар нэг гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн баримт хавтас хэрэгт авагдсан /хх-ийн 120х/ байх тул шүүгдэгч Ц.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Т, Г.С нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Н.Тт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хууль ёсны төлөөлөгч эцэг Д.Наранбатын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг шүүх харгалзан үзэж түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Г.Сид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан шүүх үзэж энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ялаас, 19 хоног цагдан хоригдсон хоногийг нь хасч үлдэх 5 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 11 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Бид ял шийтгэл оногдуулахадаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохиролоо төлж барагдуулсан, хувийн байдлыг нь харгалзан шүүх үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэг нь хэргийн үйл баримтыг нотолсон ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.