Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/1337

 

2025             11              27                                     2025/ДШМ/1337

 

Н.Э-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э-ын өмгөөлөгч Р.Булгамаа, М.Одбаяр,

шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж, шүүгч М.Далайхүү, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2171 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Э-ад холбогдох эрүүгийн 2505000001133 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Н-ы Э-, ......, ял шийтгэлгүй, /РД: Н-/.

Шүүгдэгч Н.Э- нь 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Н-" (Н-) худалдааны төвийн 1 дүгээр давхарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.М-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний ажлын байр болох 108 дугаартай лангууны ард байсан хар хөх өнгийн бариултай хутгаар хохирогч З.М-ын эрүү, хүзүү, цээж, нуруу, хэвлий, шуу, сарвуу, гуя хэсэгт олон тооны зүсэгдсэн шарх үүсгэж, цээж, хэвлий хөндий рүү нэвтэрч дотор эрхтэн гэмтээсэн шарх, биеийн гадаргуугийн олон тооны хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдалтын шокт оруулж амь насыг нь хохироосон буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.Э-ыг “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус зааснаар бүх насаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ад оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ын цагдан хоригдсон нийт 82 (наян хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дугаар зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э-аас сэтгэцийн хохирол хор уршгийн зардалд 162,360,000 (нэг зуун жаран хоёр сая гурван зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн төрсөн хүүхэд Э.Д-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар 1,477,000 (нэг сая дөрвөн зуун далан долоон мянга) төгрөгийг шүүгдэгч Н.Э-аас гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э-ын өмгөөллийн хөлс 10,000,000 (арван сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, хүүхдийн сургалтын зардал, гэр бүлийн сэтгэл заслын эмчилгээний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэдгээртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хүүхэд болох охин Э.Э- (12 настай), охин Э.Э- (7 настай) нарт асран хамгаалагч томилох асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад үүрэг болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалт, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “IPhone” загварын гар утас 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Э-ад олгож, хөвөн бамбар 5 ширхэг, цустай марл 1 ширхэг, хутга 1 ширхэг (хар хөх өнгийн иштэй , 20см урт, ажлын хэсэг нь 9см урттай), шар өнгийн төмөр 1 ширхэг, хар өнгийн сандал 1 ширхэг, “I-Phone” загварын гар утас 1 ширхэг, хүрэн өнгийн платье 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ, хар өнгийн бүс, хөхний даруулга, дотуур өмд тус бүр 1 ширхэг, хүрэн хар өнгийн гутал 1 хос, хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, ногоон өнгийн футболк 1 ширхэг, 2 ширхэг чиптэй түлхүүр, “Camel” гэх бичиглэлтэй чихэр тус бүр 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн пүүз 1 хос зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Э-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хайрт ханийнхаа амь насыг хохироож, үр хүүхэд, аав, ээж, эгч дүү нарыг нь зовлон шаналалд үлдээсэндээ маш их харамсаж, сэтгэл зүрх минь шаналж байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, өөрийнхөө гэм бурууг ойлгож, нийгмийг цочирдуулсан хэрэг үйлдсэндээ маш их харамсаж, сэтгэл зүрх минь шаналж байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өөрийнхөө гэм бурууг ойлгож, нийгмийг цочирдуулсан хэрэг үйлдсэндээ чи сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Та бүхэн миний хүүхдүүдийн ирээдүйг бодож, анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар хорих ялыг өөрчилж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Э-ын өмгөөлөгч Ц.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Э-ыг “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус зааснаар бүх насаар нь хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр тогтоосон. Өмгөөлөгч болон миний үйлчлүүлэгч Н.Э-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаагүй болно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хувьд бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Э-ыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт тохируулж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус зааснаар бүх насаар нь хорих ял шийтгэж, анхан шатны шүүх дүгнэсэн болно. Миний үйлчлүүлэгч Н.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй зэрэг дээр дурдсан бодит шалтгаан нөхцөл, Н.Э-ын ар гэрийн хувийн байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг шалтгаан байгааг хүлээн авч миний үйлчлүүлэгч Н.Э-ад бүх насаар хорих ял оногдуулахгүйгээр тухайн зүйл хэсэгт заасан 12 жилээс 20 жилийн ял оногдуулж болно гэснийг үндэслэн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэснээр миний үйлчлүүлэгч Н.Э-ад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э-ын өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч нийгмийн цочирдуулсан хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна, миний хүүхдүүдийн ирээдүйг бодож ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулгаар давж заалдах гомдлоо гаргасан байна. Харин түүний өмгөөлөгчийн зүгээс ялыг хөнгөрүүлэх үндэслэл байгаа гэх агуулгыг тайлбарлаж байна. Хамгийн гол нь шүүгдэгчийн зүгээс өөрийн хүүхдүүдийн ирээдүйд санаа зовнисон байдлаа илэрхийлсэн байна. Үүнээс харахад Монгол улсын Үндсэн хуульд заасан эцэг, эх байх журамт үүргээ биелүүлээгүй. Мөн Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн хүрээнд эцэг хүний хүлээх үүрэг хариуцлагаа үл биелүүлж тэдгээрийг эрсдэлд оруулсан байтал өнөөдөр хүүхдүүдийн ирээдүйг бодож бүх насаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай 3 хүүхдийн эцэг хүн хийж байгаа үйлдлийнхээ хор хөнөөл хийгээд үр дагаврыг бүрэн ухамсарлах чадамжтай. Гэтэл гомдлын агуулгаа дараах байдлаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлд хамаарахгүй. Мөн Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна хэмээн хандаж байгаа. Шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдсэн гэмт хэргээ нийгмийг цочирдуулсан хэрэг хэмээн тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хань ижлээ олон нийтийн газар, харгис хэрцгий аргаар, зэвсэг хэрэглэн бүрэлгэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хийгээд хохирол, хор уршиг байхгүй хэмээн тайлбарлаж байгааг үндэслэлтэй эсэх тухайд дүгнэлт хийх ёстой. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд тэгш эрхийн зарчимд үндэслэх ёстой. Амь хохирогчийн Монгол улсын үндсэн хууль болон Монгол улсын нэгдэн орсон гэрээнд заасны дагуу амьд явах эрхэд санаатай халдсан. Эдгээр нөхцөл байдал байхад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй хэмээн үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан бие махбод, сэтгэл санааны шаналал үүсгэсэн, онц харгис хэрцгий, нийтэд аюултай, олон нийтийн газар бусдын амь насанд халдсан зэрэг нөхцөл байдал байгаа буюу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзээд анхан шатны шүүхээс тохирох ял шийтгэлийг оногдуулсан. Хэргийн бодит байдлыг бүх талаас нь нягтлан судалж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бодитой буюу хууль зүйн үндэслэл бүхий анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э-ын өмгөөлөгч М.Одбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Уг гэмт хэргийн тухайд олон нийтийн газар үйлдэгдсэн гэдгээс гадна хэд хэдэн гэрчүүдийн мэдүүлэг байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үйлдлийг таслан зогсоох гэж оролдсон хүмүүс бий. Энэ хэрэгт оролцоогүй хэдий ч сэтгэл санааны цочролд орсон олон этгээд бий. Тийм ч учраас энэ гэмт хэргийн үйлдэгдсэн арга, олон нийтийг цочроосон зэрэг нөхцөл байдлыг нь харгалзаад анхан шатны шүүхээс тохирох шийтгэлийг оногдуулсан. Гэмт хэргийн улмаас гурван хүүхэд үлдэж байгаа хэдий ч хамгийн их сэтгэл санааны хэцүү байдалд орсон хүн нь хохирогчийн ээж байдаг. Төрсөн ээжид нь сэтгэл санааны хохирлыг тогтоосон. Шүүгдэгчийн хувьд гарсан бүх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлдэг. ...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож бүх насаар хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон хэмээн үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 12 жилээс 20 жил хүртэлх хугацаагаар эсхүл бүх насаар хорих ял оногдуулна хэмээн хуульд заасан. Тухайн тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдлын хэд хэдэн шинжийг зэрэг агуулж байгаа. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар гэм буруутайд тооцсон. Сонгон оногдуулж байгаа ялын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Прокурорын зүгээс мөн энэ талаарх саналаа дүгнэлтдээ хэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл удаан хугацааны туршид үйлдсэн, олон нийтийн нүдэн дээр 40 гаран удаагийн хатгасан шархны улмаас хохирогч амь насаа алдсан нөхцөл байдал бий. Мөн гэмт хэрэгтний хувийн байдал болон тухайн үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага байсан. Тухайлбал амь хохирогчийн зүгээс авраарай, туслаарай хэмээн тусламж гуйсан байдаг. Гэтэл туслахыг оролдсон хүмүүсийн зүг шүүгдэгч ойртох юм бол ална шүү хэмээн хутгаа далайх, чичлэх зэрэг үйлдэл гаргаж байсан нь гэрч нарын мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогддог. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх шүүгдэгчид бүх насаар нь хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Олон улсын эрүүгийн шүүхийн ромын 4.77 дугаар зүйлийн Б хэсэгт үйлдсэн гэмт хэрэг нь үйлдсэн гэмт хэргийн онцгой чанар болон түүнийг үйлдсэн этгээдийн хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан. Үүнээс харахад түүнд оногдуулсан ял нь үндэсний хууль тогтоомж болон олон улсын хуульд нийцсэн байна. Гэмт хэргийн улмаас оногдуулсан хохирол, хор уршиг мөн оногдуулсан ялтай нийцсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Н.Э- нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Н-" (Н-) худалдааны төвийн 1 дүгээр давхарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.М-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний ажлын байр болох 108 дугаартай лангууны ард байсан хар хөх өнгийн бариултай хутгаар хохирогч З.М-ын эрүү, хүзүү, цээж, нуруу, хэвлий, шуу, сарвуу, гуя хэсэгт олон тооны зүсэгдсэн шарх үүсгэж, цээж, хэвлий хөндий рүү нэвтэрч дотор эрхтэн гэмтээсэн шарх, биеийн гадаргуугийн олон тооны хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдалтын шокт оруулж амь насыг нь хохироосон буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э-ын “...Талийгаач нөхөр Э-тай 10 жилдээ танилцаж 2006 онд гэр бүл болж байсан, дундаасаа 3 хүүхэдтэй. Нөхөр Э- нь манай дүүгээс 9 ах баяр наадмаар л аав ээжтэй талийгаачийг уулзуулдаг бусад үед байнга гэртээ байлгаж хардаж сэрддэг, байнга дарамталдаг байсан учраас гэрээр нь орж гарахаа больсон. ...Э- нь талийгаачийг гэрээсээ хөөж туудаг болсон учраас талийгаач нь байнга байр түрээсэлж хүүхдүүдтэйгээ байдаг болсон. Бид нар цагаан cap болон тэмдэглэлт баяраар цуглаж уулзахаар хүүхдүүд нь ааваасаа айж жийрхсэн байдалтай байдаг. Талийгаачийн нөхөр Э-ын хардалт сүүлдээ ихсээд талийгаач нь тэсэхээ байгаад салах гэхээр Э- нь араас нь гуйж эвлэрдэг боловч буцаж хардаж зовоодог, гар хүрдэг эсэх талаар мэдэхгүй байна. ...өнөөдөр өглөө 10 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо Э- худалдааны төвд талийгаачийн ажил дээр түүнтэй уулзаад 11 цагийн үед би явсан... Зодож цохидог байсан байж магадгүй. Э- маш цочмог ууртай уурлахаараа гар таарсан бүхнээ шууд талийгаач руу шиддэг байсан гэж талийгаач надад хэлж байсан... Эрүүл саруул байсан миний дүүгийн амь насыг хохироосонд маш их гомдолтой байна...” /1хх 54, 162-163/,

шүүгдэгч Н.Э-ын яллагдагчаар өгсөн “...Би З.М-тай гэр бүл болоод 19 жил болж байна. Бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй бид хоёрын харилцаа 2024 оны зунаас таарамжгүй болсон...” /1хх 95-96/,

дахин өгсөн “...З.М- бид хоёр 2019 оны үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, "Н-” худалдааны төвийн 107, 108 дугаарын лангууг түрээслэн ажиллуулж байгаад худалдаж авсан. ...Сүүлийн үеэс Д- хичээлээ сайн хийхгүй байсан учраас би Д-ийг хичээлээ хий гэхэд З.М- өмөөрснөөс болж маргаан болдог байсан. Мөн З.М- сүүлийн үед "Э-” дээр ажилладаг байхад Сараа, Заяа гэдэг хүүхнүүдтэй нийлж төрсөн өдөр гэх зэргээр гарч ордог болсон сүүлд “Н-” дээр ирснээс хойш О-, Н-, У- гэх зэрэг хүмүүстэй нийлж, сүүлийн 1, 2 жилийн хугацаанд шоудаж цэнгэж эхэлсэн. Би үүнд нь санаа зовж З.М-тай утсаар холбогдож яаж байна, ийж байна гэх зэргээр асуухад эхэндээ энд байна, тэнд байна гэх зэргээр хариулдаг байсан бол сүүлийн 7, 8 сараас миний хаана байгаа чамд ямар хамаатай юм бэ, чи намайг хардаад байгаа юм уу гэх зэрэг байдлаар хандлага гаргах болсон. Би хэрүүл уруул хийдэггүй байсан. ...2025 оны 05 дугаар сард Баянгол дүүргийн эвлэрүүлэн жуулчлалаас залгахад би З.М-ыг гэр бүл цуцлуулахаар өргөдөл өгсөн байгаа талаар мэдсэн. Тэгээд З.М- надад яагаад гэр бүл цуцлуулах гэж байгаа талаараа хэлэхдээ "залгаад хаана явж байгаа юм бэ гэж хэтэрхий их хэрэгт дурлаад байдаг" гэх шалтгаантай байсан. Миний хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй бөгөөд 2013 оны үед гэж санаж байна З.М- нэг удаа гэртээ ирж хоноогүй би харин ажилтай байсан юм. Тэгэхэд би З.М-тай маргалдсан бөгөөд хүүхэд харах хүнгүй байхад гэж уцаарлаж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд З.М- хүүхэд аваад явчихсан байсан. Тэгтэл гэр бүл хүчирхийллийн төвд хандсан байсан. Би уг нь тухайн үед биед нь ямар нэгэн байдлаар халдаж байгаагүй. Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө би хэд хоног нойргүй хоносон. Дээр нь З.М- хүүхдүүд аваад явчихсан байсан бөгөөд эхэндээ хүүхдүүд надтай уулзуулж хэд хонуулдаг байснаа сүүлийн cap гарангын хугацаанд уулзуулаагүй. Тэрнээс болж 2 охиноо санаад бэтгэрээд байсан юм. 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өглөө гэрээсээ гараад "Н-” дээр очиж З.М-тай уулзаж хүүхдүүдийнхээ талаар ярьж, би хүүхдүүдээ санаад байна гэж өвдөг сөгдөн гуйж, гэр бүлээ бодоод хүрээд ир, сайхан амьдралаа битгий үрэн таран хийгээч гэж гуйсан боловч З.М- хүлээж авахгүй, надад битгий хүр, зайлаач, новшоо гэх зэрэг хариу үйлдэл үзүүлж байсан. Тэгээд З.М- орж гараад, холхиод би түүний араас дагаад л яваад байсан. Тэгтэл тухайн үед их сонин гэнэтийн зүйл болсон бөгөөд би тайлбарлаж хэлж мэдэхгүй байна. Уг нь бол З.М-ыг аргадаж тайвшруулж байхдаа “ханиа намайг янз бүрийн ааш зан гаргаж байсан бол уучлаарай, ирээч дээ, ядаж охинуудтайгаа уулзаж баймаар байна, ярьсандаа хүүхдүүдээ дундаа нааш нь цааш нь байлгая" гэхэд З.М- надад "би чамд хүүхдүүдээ хэзээ ч уулзуулахгүй, хүүхдүүдийнхээ царайг дахиад хэзээ ч харахгүй, хүүхдүүдээ аваад гадагшаа явах гэж байгаа, тэгэхдээ хаашаа явах гэж байгаа хэлэхгүй, чи хүүхдүүдээ одоо март" гэж хэлсэн үгэнд би цочирдож, гэнэт л дотор давчдаад, зүрх салгалаад, аймар сонин болж, хяналтгүй болсон. Тэгээд бүр шокт орсон, хаяа миний зүрх өвдөөд байдаг юм. Тэгээд би юу болсон талаар санахгүй нүд харанхуйлаад явчихсан. Нэг ухаан ортол би газарт хэвтсэн, хөдөлж чадахгүй байсан. З.М- харин цагаан өнгийн гарч ордог хэсгийн наана газарт цаашаа хараад хэвтэж байсныг санаж байна. Миний ухаан орж гараад л байсан. Нэг мэдсэн чинь Цэргийн нэгдсэн эмнэлэгт ирсэн байсан. З.М- нас барсан гэдгийг Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх үедээ мэдсэн... Би тухайн хутгыг хаанаас гарж ирснийг санахгүй байна... Миний зүрх дэлсээд өөрийн гэсэн хяналтгүй, байж сууж чадахгүй байдалтай болсон байсан. Яг хэлж тайлбарлаж мэдэхгүй байна... Би хэдэн удаа хутгалсан гэдгээ санахгүй байна. Би өөрийгөө хутгалсан байна гэдгээ Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр эмчилгээ хийлгэсний дараа боолт хийлгэж байхдаа мэдсэн...” /2хх 193-196/,

гэрч Ш.Г-ын “...Би 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед “Н-” руу орж ирээд худалдан авалт хийх гээд явж байсан. Тэгээд би шатны хэсэг дээр буюу 1 дүгээр давхар шууд харагдах хэсэгт явж байтал 1 дүгээр давхарт нэг эмэгтэй орилоод байсан. ... юу болоод байгааг хартал нэг үл таних залуу, 108 дугаартай лангуун дотор нэг эмэгтэйг нуруу хэсэг рүү нь хутгалаад байсан. Эхэндээ нуруу хэсэг тэгээд гэдэс, хүзүү хэсэг рүү хутгалж байсан. Тэгээд би тухайн үйл явдлыг гар утсан дээрээ бичиж авсан... Би тухайн үйл явдал болсон газар руу очсон. Тэгээд хүмүүсийг ойртуулахгүй хутгаараа өөрийгөө зүсэх гээд байсан... Би цагдаа нарт хэрэгтэй байх гэж бодоод бичлэг хийсэн. Би хийсэн бичлэгээ цагдаад өгөөд гар утаснаасаа устгасан...” /1хх 57-58/,

дахин өгсөн “...Би тухайн үед гар утаснаасаа устгасан боловч утасны функцэд хадгалагдсан байна лээ... Би "Н-” худалдааны төв рүү сардаа 2-3 удаа орж үйлчлүүлэхэд тэр эгч лангуун дээрээ наймаа эрхлээд сууж байдаг байсан. Миний хувьд хэрэг гарах үед "Н-" худалдааны төвийн 2 давхарт худалдан авалт хийгээд явж байсан. Тэгэхэд эмэгтэй хүн уйлж байгаа эсхүл орилж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд 2 давхрын шатны хаалтын эрмэгээс доош нэг давхар руу харахад миний дээр хэлсэн эмэгтэйг үл таних эрэгтэй үснээс нь татаж лангууны цаад хэсэгт байх булангаас хүмүүсийн ил харагдах хэсэг рүү гулгуулан татаж олны нүдэн дээр хэрцгийгээр түүнийг газарт хэвтүүлэн нуруу, гэдэс, цээж, хүзүү хэсэгт маш олон удаа хутгаараа дараалан хутгалж байсан. Намайг 2 давхраас 1 давхар руу шатаар буугаад очиход үл таних залуу гэмт хэрэг үйлдэж байгаа эрэгтэй рүү шар өнгийн төмрөөр цохиж түүнийг боль гээд эмэгтэйг хамгаалахыг оролдож байсан. Энэ үед эмэгтэй хөД-гүй болсон байсан. Амь хохирогч хутгалуулж байх үедээ амь тэмцэн аль чадахаараа эсэргүүцэн, тийчгэнэж, гар, хөлөө савчиж байсан. Харин эрэгтэй түүний дээрээс дарж байгаад л хутгалаад байсан. Би тэр хүнээс худалдан авалт хийж байсан. Надад маш хөөрхөн зан ааштай, эелдэг харьцаатай эгч байна гэж санагдаж байсан...” /1хх 167-168/,

гэрч Н.М-ийн “...2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед өөрийн ажил болох Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н-” худалдааны төвийн 103 дугаарын лангуун дээр ажлаа хийж байсан. З- гэх манай ажлын эмэгтэй чанга орилоод байхаар нь би гайхаад З-гийн лангуу руу дөхөж ирээд хартал З-гийн нөхөр Э- түүний гэдэс рүү зогсоо, зайгүй маш олон удаа хутгалсан тэгэхээр нь би “энийг болиулах эрэгтэй хүн байхгүй юм уу” гээд орилсон. Тэгээд би талийгаач З- руу харсан чинь З- хутгалуулаад байгаа боловч нөхөр Э-гийнхээ өмнөөс тэмцэж байсан. Тэгээд талийгаач З-гийн хүзүү хэсэг рүү Э- гэгч нь хутгалчихсан, тэрнээс талийгаач З- дуугүй болсон. Энэ бүх явдал маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн 2-3 минутад болоод өнгөрсөн. Тухайн Э- гэх залууг хүмүүс болиулах гэсэн боловч өөрт нь ойртсон хүмүүс рүү хутга далайгаад хүргэхгүй байсан ба амнаас нь нэг ч үг гараагүй хүмүүс хутгатай байсан учир ойртож чадахгүй байсан. ...нэг ногоон футболктой залуу гүйж ирээд хамгаалалтын шар төмөр Э- гэгч рүү шидсэн. Гэтэл Э- тэр төмрөөр талийгаачийг цохисон. Тэгсэн нөгөө футболктой залуу дахин шар төмрөөр Э- гэгчийг дахин цохисон. Э- гэгч нь унасан. Тэгсэн хар футболктой үл таних залуу, ногоон футболктой үл таних залуу хамт Э- гэгчийг нааш нь татаж гаргаад хүлсэн. Тэгэхээр нь би лангуу руугаа буцсан... Би сайн мэдэхгүй ямар ч байсан голдоо 3 хүүхэдтэй гэж сонссон. Том нь 18 настай гэж сонссон бас талийгаач З- Э-гээс салах гээд өргөдлөө шүүхэд өгсөн гэж сонссон. Би З- Э- гэх хоёрын талаар нэрээс цааш нэг их олон зүйл мэдэхгүй, сайн танихгүй...” /1хх 61-62/,

дахин өгсөн “...Би Э-д 3 жилийн өмнө орсон ажиллаж эхэлсэн тэр үеэс л амь хохирогчийг мэднэ, тийм дотно харилцаатай биш. Нөхрийг нь мэдэхгүй ээ. Нөхөр нь гээд л хааяа ирчихсэн сууж байдаг. Нөхөр нь хартай, аймаар хардаад байдаг л гэж сонсож байсан. ...11 цагийн үед амь хохирогчийн лангууны орчмоос нь "Ааааа" гээд хүн орилоод эхэлсэн. Тэгээд сүүлдээ "аллаа" гэж орилсон тэгэхээр нь би буугаад очиход тухайн үйл явдал болж байсан... Нөхөр нь эхнэрээ хутгалж байх үед нэг залуу ирээд сандал барьж нөхөр лүү нь шидэхэд тэр сандлаар нөхөр нь амь хохирогчийн дээрээс цохисон. Яг хаашаа нь цохисон гэдгийг санахгүй байна. Камерын бичлэг харахлаар сандал эхэлж шидээд дараа нь тэр хамгаалалтын тууз өргөдөг... Тэгвэл ямар ч гэсэн миний харахаар л нөгөө тэр 2 ширхэг төмрийн нэгийг нь л эхлээд шидэх шиг болсон юм..." /1хх 177-178/,

гэрч Т.Т-ы “...2025 оны 06 дугаар сарын 27-нд 11 цагийн үед... 1 дүгээр давхарт хүмүүс хашхираад шуугиад, намайг туслаарай гэж гуйсан. Би хүмүүс бөөгнөрсөн хэсэгт гүйгээд очиход зүүн хойд буланд байрлах лангууны ард нэг эрэгтэй хүн эмэгтэй хүний хүзүү хэсэгт хутгаар хутгалж байгааг харсан. Би гартаа барьж явсан каск болон цүнхээ эхнэртээ бариулаад очтол хутга гартаа барьсан хүн эмэгтэйн толгой дээр өвдгөөрөө дарж байгаад цээж, хэвлий орчим хэд хэдэн удаа хутгалаад, намайг ойртох гэтэл над руу дайрсан. Би хажууд байсан босоо хаалтын нэг хөлийг гартаа бариад нөгөө хүний гарт байгаа хутгыг салгахаар оролдсон ч өөдөөс чичээд байхаар нь шидээд гарыг нь цохих зэргээр тэнд байсан эд зүйлсийг ашиглан нэмээд юм барьж байтал гартаа барьсан хутгаар өөрийн хэвлийн доод хэсэгтээ хутгалаад доош суусан. Тэгж байгаад доош хараад хэвтэхээр нь хартал гартаа хутга бариагүй байсан. Тэгээд тэнд байсан 44-45 настай хүн бид хоёр нөгөө залууг дарж байгаад хөлийг нь ороогоод гарыг нь уяж байгаад давхар скочоор уясан...” /1хх 65-67/,

дахин өгсөн “...өмнөх мэдүүлэгт ярихаа мартсан байна. Эхлээд нээрээ би өөрт хамгийн ойр байсан хар өнгийн урт сандал аваад түүний хутгатай гар руу цохих гэж оролдсон ба над руу эсэргүүцэхэд би сандлаа шидчихсэн юм. Тэр сандал болохоор текний ард суух зориулалттай босоо, өндөр сандал байсан, суудал хэсэг нь хуванцар, доод хэсэг нь никель материалтай байсан. Би тэр залуу руу сандлыг шидсэн чинь тэр залуу газар унасан сандлыг аваад эхнэрийнхээ цээжин тус газарт нь 1 удаа цохисон. Энэ үед бол амь хохирогч аль хэдийн амьсгал хураачихсан байсан байх ухаангүй хэвтэж байсан... Тэр эхлээд хүзүү рүүгээ өөрийгөө хутгалах гэж орилоод чадахгүй зөөлдөөд байсан. Тэгснээ гэдэс рүүгээ шууд 2 удаа хутгалсан. Тэр үйлдэл хийсний дараа буюу өөрийгөө хутгалаад шокт орсон бололтой жаахан сулраад ирэхээр нь барьж авч хүлсэн байгаа... Би тэр хоёрыг хоёулыг нь огт танихгүй. Ойролцоогоор 175 см орчим өндөртэй, 40 гаруй насны бараандуу царайтай, дундаж биеийн пропорцтой, том нүдтэй хүн байсан. Ямар ч байсан өмд футболк өмссөн байсан, өнгийг нь санахгүй байна... нэг төө орчим см урттай, цайвар иштэй жижгэвтэр л хутга харагдаж байсан...” /1хх 174/,

гэрч Ж.Н-ын “...Намайг ирээд удаагүй байхад манай дэлгүүрийн гоо сайхан дээр худалдаа хийдэг М- гадаанаас ганцаараа орж ирсэн. Удаагүй талийгаач нөхөртэйгөө маргалдаад байгаа бололтой гарч байсан. Удалгүй орж ирээд лангуун дээрээ байж байгаад гэнэт талийгаач “туслаарай, авраарай” гээд орилохоор нь би лангуунаас гүйгээд гартал талийгаачийг нөхөр нь газар унагаасан дээр нь гарсан байдалтай хойд зүгт харсан байхаар нь би шууд гүйж очиж нөхөр болох хүнийг нь хойноос нь татаж холдуулсан. Энэ үед талийгаач гарт нь хутга байгаа авраарай гэж хэлсэн бөгөөд талийгаачийн нүүр, хүзүү цус болсон харагдаж байсан. Харин нөхөр нь гартаа хутга бариад чичээд байхаар нь би айгаад буцаад гүйсэн. Намайг буцаад гүйж байхад манай гурван давхарт байдаг сахалтай өндөр залуу явж байхаар нь би туслаач гээд хэлсэн нөгөө залуу очиж салгах гэтэл нөгөө хүн нь өөдөөс дайрсан бололтой туслахаар ирсэн залуу гартаа нэг хаалтын хөл бариад байж байсан. Гэтэл өөр нэг эрэгтэй хүн очиж байгаа харагдсан бөгөөд тэр хүн нөхрийг нь сандлаар цохиод газар унагаасан. Энэ хооронд хүмүүс цагдаад дуудлага өгсөн. Эмч ирж үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн. Харин нөхөр нь газар уначихсан хэвээрээ байгаад байсан. Эмч нас барсан байгааг хэлэхэд нөхөр нь ... Үхчихсэн юм уу... гэж хэлж байсан...” /1хх 69-71/,

дахин өгсөн “...Намайг лангуунд орж ирээд удаагүй байх хугацаанд тэр хоёр хэд хэдэн удаа юунаас болсон мэдэхгүй байна хэрэлдэж маргалдах болсон. Тэгэхдээ тэрүүхэн тэндээ хэрүүл, уруул хийгээд байдаг. Яагаад хэрэлдээд байдаг талаараа З- хэлэхдээ “өөрийнхөө посыг авчраад хамаг орлого аваад байх юм” гэж хэлж байсан. Ер нь анзаараад байхад гэр бүлийн харилцаа нь тогтворгүй болчихсон байсан учир нь нөхөр нь лангуун дээр ирэхээр З- гараад явчихдаг хамт байхаас зайлсхийдэг байсан. Тэгээд нөхрөө явсных нь дараа ирээд ийм юм тийм юм зарчихсан мөнгийг нь аваад явчихсан байна гэж хэлдэг байсан... 11 цагийн үед З-гийн лангуу руу харахад нөхөр нь ирчихсэн байсан бөгөөд тэр хоёр маргалдаж байсан бөгөөд З- "зайл" гэж хэлж байгаа нь сонсогдсон. Би тэр үед М-, Г- хоёртой хамт зайрмаг идээд зогсож байтал гэнэтхэн "авраарай" гэж хэд хэдэн удаа хэн нэгэн тусламж хүсэж байгаа сонсогдсон. Сүүлдээ улам чанга орилоод эхлэхээр нь би лангуунаасаа гарч М- эгч бид хоёр З-гийн лангуун дээр очиход М-ыг нөхөр нь дээш нь харуулаад газарт дарчихсан дээрээс нь зодоод байгаа юм шиг, М-ын зүүн хацар нь цус болчихсон "авраарай авраарай" гээд хашхираад байсан. Тэгэхээр нь би нөхрийнх нь гараас нь татах гэхээр холдохгүй байсан, хутгатай байна гэхээр нь холдож юу хийхээ мэдэхгүй байж байтал гаднаас нэг сахалтай залуу орж ирэхээр нь түүнээс тусламж гуйж "тэр залууг салгаад өгөөч” гэж хэлэхэд тэр залуу хэрэг болж байгаа газар руу явсан. Сахалтай залуу өөр нэг залуутай нийлээд тэр нөхрийг нь ямар нэгэн зүйлээр цохиод унагаагаад тэндээс татаж гаргаж ирээд доош нь харуулж байгаад гарыг нь ард нь уясан. Тэр үед амь хохирогчийн юбка нь сөхөгдөөд хамаг юм нь гарчихсан байхаар нь лангуунаасаа нэг бүтээлэг авч өгөөд тэнд байсан солонгос залууд өгч бүсэлхийг нь бүтээлгүүлсэн... Урьд нь М- бид нар лангуугаараа нийлж хоол унд идэх үеэр юм зүсэх шаардлагатай болоход лангуунаас нэг жижиг хутга гаргаж ирээд зүсэж идэж байсан. Тийм болохоор лангуунд нь хутга байсан байх боломжтой... Би яг одоо тэр ямар хутга байсан талаар санахгүй байна. Зүгээр ингээд бодоход маш жижигхэн хутга л байсан. Би хараад танихгүй... Би түүнийг согтуу байсан гэж бодохгүй байна...” /1хх 203-204/,

гэрч Р.З-ийн “...2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би Э- төвийн 2 дугаар давхарт лангуу дээрээ байхад 1 дүгээр давхарт хүмүүс орилоод байгаа... хэсэг тоохгүй байж байтал туслаарай гэх чимээ гараад хүмүүс болиоч гээд хашхиралдаад байхаар нь доош 1 дүгээр давхрын зүүн хойд буланд байдаг гоо сайхны лангууны ард нэг эрэгтэй хүн эмэгтэй хүнийг газар унагаасан байдалтай харин өөр хоёр эрэгтэй хүн нөгөө эмэгтэй хүнийг зодсон гэх хүнтэй гарт нь байсан хутгыг тавиулах гэж байгаа бололтой гартаа хаалганы төмөр хөл бариад хойноос нь цохиж байгаа харагдсан. Би эмэгтэй газар байхыг хараад 103 дугаарт залган дуудлага өгсөн... Эмч одоо очиж байна цус гарч байгаа шархыг дараад боломжтой бол натри, ренгер шингэн аваад байж бай гэж хэлсэн. Би доош аптек ороод шингэн аваад орж ирсэн бөгөөд энэ үед нөхөр гэх хүнийг доош харуулж хэвтүүлээд гарыг нь ар талд нь улаан өнгийн даавуугаар уясан байдалтай харагдсан. Бас эмэгтэй хүн дээр очоод судас тэмтрэхэд цохилт мэдэгдээгүй. Удалгүй 103 ирээд амьсгал хураасан байна гэж хэлсэн...” /1хх 74-76/,

гэрч С.Г-гийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 06 дугаар хороонд байрлах З- худалдааны төвийн 1 давхарт байрлах лангуун дээрээ Н-, Т- хоёрын хамт зайрмаг идээд байж байхад “авраарай, авраарай” гэх эмэгтэй хүний хоолой сонсогдохоор нь юу болов гээд хартал хохирогч М-ын дээр нөхөр нь гарсан байдалтай байсан. Хохирогчийн хөл нь тийчгэнэн, ам нүүр хэсэг нь цустай байсан. “Хүүе ээ, чи болиоч ээ” гээд салгахаар зүүн гар талын лангууны Солонгос залуутай хамт татсан. Тэгээд дийлэхгүй байдалтай салгаагүй байхад М-ыг чиглэн хутгалсан. Би “хүн хутгалаад байна” гээд хэлээд тусламж гуйхад зүүн талаас нэг эрэгтэй ирээд тухайн хутга барьсан залууг салгахаар оролдсон. Мөн урд хэсгээс бас нэгэн залуу туслахаар ирсэн. Би цочролд орсон байсан тул үүнээс хойш сайн санахгүй байна. Нэг мэдэхэд хутга барьсан байсан залууг газарт хэвтүүлчихсэн байсан. Би 4 сарын өмнөөс З-д лангуу түрээслэн ажилладаг болсон. М-ыг зүс таних л хэмжээний мэднэ. Гэхдээ хүмүүсийн яриаг сонсоход 2 удаа нөхөр нь ирсэн байхад цагдаа ирсэн байсан...” /1хх 79-80/,

дахин өгсөн “...Би Н- худалдааны төвд ажиллаад 3-4 cap болж байна. Миний мэдэхээр З.М-ыг З- гэж дууддаг. Тэр охин надад нүдэнд дулаахан, хээнцэр, дэгжин, биеэ зөв авч явдаг охин шиг санагдсан. Н.Э- гэдэг хүний талаар би сайн мэдэхгүй байна. З- нь булангийн хоёр лангуунд бэлэн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан борлуулдаг байсан... Би тэр өдөр 11 цаг өнгөрөөд ажил дээрээ ирээд манай лангууны ойролцоо байдаг М-, Н- хоёртой хамт Н-ын лангуунд юм яриад, зайрмаг идээд зогсож байтал маш зөөлхөн хоолойгоор “авраарай” гэж хэд хэд дугарсан. Тэр үеэс л хүмүүс шуугилдаад эхэлсэн бөгөөд З.М-ын лангуу руу харахад шилэн лангууны ард З-гийн нөхөр нь түүний дээр гараад суучихсан зодож байгаа юм шиг харагдсан. Тэгээд юу болоод байна гээд З-д туслахаар буюу нөхрийг нь холдуулахаар очиж татаж чангааж байх үед нөхөр нь З-г барьчхаад зодоод байх шиг байсан. Би тухайн үед нөхөрт нь хутга байна гэж анзаараагүй. Тэгтэл надтай хамт нөхрийг нь татаж холдуулахыг оролдож байсан хүмүүс хутга гээд л орилоод, нөхрөөс нь холдоод зайгаа авчихсан. Тэгтэл нэг хартал би тэр залуутай ганцаараа тэмцэлдээд үлдсэн байсан. Энэ үед нөхөр нь миний урдаас нэг жижиг хутгаар далайгаад ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр муухай хараад чичээд, царай нь аймшигтайгаар, шүдээ зуучхаад (яг шийдсэн хүн шиг царай) над руу харсан. Би зог тусаж зогсоход нөхөр нь З-г хэд хэдэн удаа хутгаараа зоосон. Хутга зоосон хэсгийг одоо санахад хөхнөөс нь доош хэсэг байсан. Би дотроо бодохдоо ямар ч байсан шууд амин бус газар нь хутгалаад байна гэж бодсон. Тэгээд би нөхрийг нь "чи болиоч ээ" гэж хэлээд хутгатай гар руу нь цохиход миний цохилт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байсан учраас өөрийгөө тэр хүнийг болиулж чадахгүй гэдгийг ухаарч тэндээс холдсон. Би хүмүүс рүү хутгалаад байна шүү дээ гэж орилж тусламж дуудахад тэнд зогсож байсан хүмүүс дундаас нэг сахалтай залуу каскаа тавьж байгаад миний хажуугаар өнгөрч гэмт хэрэг үйлдэж байгаа эрэгтэй дээр очиж эхлээд лангууны ард байсан хар өнгийн түшлэгтэй сандлыг барьж аваад гэмт хэрэг үйлдэж байгаа эрэгтэй рүү шидсэн боловч хангалттай нөлөө үзүүлээгүй. Харин нөгөө шидсэн сандлыг нь гэмт хэрэг үйлдэж байгаа эрэгтэй авч амь хохирогчийн толгой руу цохисон. Харин сахалтай залуу дахин шаргал өнгийн хамгаалалтын баганыг авч тэр залуутай тэмцэлдэж байсан. Би энэ үед надад тэр дүр зураг маш аймшигтай байсан учраас би эргэж хараад тэнд байгаа хүмүүс тусалчих юм байна гэж ойлгоод дахиж харахыг хүсээгүй. Тэгээд удаагүй сахалтай залуу өөр нэг залуутай хамтран гэмт хэрэг үйлдэж байгаа хүний үйлдлийг зогсоосон боловч нэгэнт хожимдсон байсан учир нь З- маш их цус алдсан байсан түргэн тусламж ирээд түүнийг нас барсан байна гэдгийг хэлсэн. Нөхөр нь З-г энэ үйл явдал болох бүхий л хугацаанд хутгалж байгаа үйлдлээ зогсоохгүй үргэлжлүүлж байсан. Тэнд маш олон хүмүүс байсан ч нөхрийнх нь үйлдлийг шууд болиулж чадахгүй байсан. Би тэр хүнийг гэмт хэрэг үйлдэж байхдаа согтуу байсан гэж бодохгүй байна. Харин маш их уурласан байсан гэж хэлнэ... Намайг энэ дэлгүүрт ажиллаж байх хугацаанд З-г ажлын байран дээр нь байхад нь нөхөр нь дарамталдаг байсан талаар дэлгүүрийн ажилчид шивэр авир гэж ярилцдаг байсан...” /1хх 199-200/,

гэрч Д.Ю-ийн “...Би Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт Эргүүлийн офицероор ажилдаг. Өнөөдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 30 минутад Бугат-119 чиглэлд эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ш.Мягмардоржийн хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэхээр ээлж авсан. Уг өдрийн 11 цаг 37 минутад Бугат-10-аас Баянгол дүүргийн 6 хороо дугаар хороо Э- худалдааны төвд 1 эмэгтэйг 1 эрэгтэй хүн хутгалаад байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч очиж шалгахад тухайн Э- худалдааны төвийн 1 давхарт гоо сайхны лангуун дээр 35-38 орчим насны эмэгтэй цээжин тус газартаа хутгалуулсан байдалтай газар дээрээ хөД-гүй нас барсан хэвтэж байсан мөн хажууд нь хутгалсан гэх эрэгтэй 40-45 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд тэнд байсан худалдааны төвийн хамгаалагч нар энэ эрэгтэй хутгалсан гээд заагаад барьсан байхаар нь бичиг баримтыг асуугаад таблетаар шалгахад Н- овогтой Э- /РД: Ю-/ гэх хүн байсан харин нөгөө эмэгтэйгээ таних талаар асуухад амь хохирогч эмэгтэй З- овогтой М- /РД:З-/ гэж хэлсэн. Мөн ямар шалтгаанаар маргалдсан талаар асуухад уг эрэгтэй нь манай эхнэр өөр хүнтэй явалдсан тэгэхээр нь уур хүрээд гоо сайхны тавиур дээрээс хутга далайгаад айлгах гэж байгаад сандраад уураа бариагүй хутгалсан гэж тайлбарлаж байсан. Намайг дуудлагыг аваад очиход Нийслэлийн түргэн тусламжийн эмч ирж үзсэн бөгөөд газарт байгаа эмэгтэй нас барсан гэж хэлсэн. Болсон асуудлын талаар Бугат-10т дамжуулан хэргийн газрын хамгаалалт авч хутгалсан гэх эрэгтэй хөД-ийг нь хязгаарлан гав зүүлгэж бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн...” /1хх 83-84/,

гэрч Ш.М-ийн “...2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 30 минутад Бугат-119 чиглэлд Эрүүгийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Д.Ю-ийн хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэхээр ээлж авсан. Уг өдрийн 11 цаг 37 минутад Бугат-10-аас Баянгол дүүргийн 6 хороо дугаар хороо Э- худалдааны 1 эмэгтэйг 1 эрэгтэй хүн хутгалаад байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч очиж шалгахад уг худалдааны төвийн 1 давхарт газарт нэг эмэгтэй ухаангүй хутгалуулсан байдалтай хэвтэж байсан бөгөөд очиход нийслэлийн түргэн тусламжийн эмч бас ирж байсан. Миний хувьд хутгалсан эрэгтэйг хамт дуудлагаар очсон эргүүлийн офицерын хамтаар гавлан хөД-ийг нь хязгаарлаж байхад газарт ухаангүй хутгалуулсан байдалтай байсан эмэгтэйг Нийслэлийн түргэн тусламжийн эмч үзээд нас барсан талаар хэлсэн. Энэ үед хэргийн газрын хамгаалалт авч нас барсан гэх эмэгтэй болон хутгалсан гэх эрэгтэй нарын мэдээллийг хамт гарч байсан эргүүлийн офицер таблетаар шүүж авч Бугат-10т дамжуулан удалгүй хэргийн газрыг бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн ...” /1хх 87-88/,

гэрч Ч.Г-ын “...2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ 08 цагт ирээд худалдааны төв 10 цагт онгойсон. Намайг өнгөрсөн жил энэ газарт ажилд ороход амь хохирогч яг тэр лангуун дээрээ наймаа, худалдаа явуулдаг байсан. Тэр охин эелдэг, даруу, зөөлөн зан ааштай охин байсан. 11 цаг өнгөрөөгөөд 1 давхарт буухад амь хохирогч лангуун дээрээ ирчихсэн ганцаараа байж байсан. Тэгээд би байгууллагын үүдэнд гарч цэвэрлэгч нарт тусалж байсан. Намайг гараад нээх удаагүй байхад 5-10 минутын дараа дэлгүүрт хүмүүс орилж эхэлсэн. Тэгэхээр нь би гүйж ороод харахад 108 дугаар лангуу буюу амь хохирогчийн лангууны хөөрхий тэр охиныг нөхөр нь бололтой нэг залуу дээр нь гарч суугаад гартаа барьсан хутгаараа охины бие рүү маш олон удаа хаана л бол хаана хамаагүй хутгалж байсан. Би тэр үед цочролд орж яахаа мэдэхгүй байдалтайгаар очиж залууд хандаж болохгүй шүү залуу гэхэд тэр залуу миний үгийг сонссон эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд тэр хүн хутгатай байсан дээр нь хүн хутгалаад байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд эргээд дэлгүүр рүү ороход тэр хутгатай залууг үл таних хоёр залуу хүлэх юм байна уу гээд авчихсан байж байсан. Амь хохирогчийн гар хөл нь амь хохирогчийн гар хөл нь савчаад л амь тэмцэн, эсэргүүцэл үзүүлэх гэж чадахаараа л хичээж байсан харин нөгөө холбогдогч залуу нь дээр нь гараад суучихсан байсан учраас охин яаж ч чадахгүй, дийлэхгүй байсан. ... Миний санаж байгаагаар одоогоос сарын өмнө байх лангууныхнаа ард тэр хоёр хэрүүл хийж байсан. Тэгэхдээ хэн хэндээ гар хүрээгүй хэл амаараа хэрэлдээд л өнгөрсөн. Дараа нь бас хэрүүл хийгээд эмэгтэй нь уйлаад үлдэж байсан. Урьд нь миний нүдэн дээр хэн хэндээ гар хүрч байгаагүй. ...” /1хх 171-172/,

гэрч С.С-ын “...Би тухайн өдөр 11 цагийн үед ажил дээрээ ирж дэлгүүрээ онгойлгоод шалан дээр байх усыг арчаад байж байтал гэнэт л хүмүүс орилолдоод эхэлсэн. Эхэндээ би дэлгүүрт могой ороод ирчихсэн байна гэж бодоод тоогоогүй. Тэгтэл төд удалгүй нэг хүн ирээд ахаа тэнд хүн хутгалаад байна гэж хэлсэн. Би гайхаж тухайн газар нь очиход дэлгүүрийн буланд нэг хутгатай залууг сахалтай залуу хаалтын шаргал төмөр барьчихсан хутгыг нь унагаахаар цохиж байсан. Би энэ үед хажуугаар нь орж гарт тааралдсан хар өнгийн том зүйлийг барьж аваад тэр хутгатай залууг цохиж эхэлсэн. Учир нь шалан дээр нэг эмэгтэй хүн цус болчихсон хэвтэж байсан харин тэр залуу гартаа хутга барьчихсан тэр эмэгтэйг хутгалсан нь тодорхой байсан учраас эхний ээлжид хутгыг тэр залуугаас холдуулж тавиулах зорилгоор гар луу нь цохисон. Сүүлдээ тэр хүн өөрийгөө хутгалаад байна гэхээр нь ямар ч байсан ухаан алдуулах зорилгоор түүнийг олон удаа цохисон. Тэр залууг газар хэвтээд өгөхөөр сахалтай залуу бид хоёр хамжиж татан эмэгтэйгээс холдуулж гарыг ард гарган доош харуулан хэвтүүлж улаан өнгийн уяагаар гарыг нь холбож уясан. Тэгтэл тэр залуу холбоосыг тайлах гэж оролдон эсэргүүцэл үзүүлээд байсан учраас дээрээс нь дарж хөлийг нь багласан. Төд удалгүй цагдаа нар орж ирсэн. Харин эмч ирээд эмэгтэйг нас барсан талаар хэлсэн... Цагдаагаа дуудчих гээд л байх шиг байсан. Тэр хүн яг юу хэлж байсныг санахгүй байн. Тэр үйл явдал маш богино хугацаанд хурдтай болоод л өнгөрсөн...” /1хх 181-182/,

гэрч К-ны “... Хэрэг болсон 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр З.М-, Н.Э- нар хоорондоо хэрэлдэж байх шиг чимээ сонсогдож байгаад З.М- чанга дуугаар нэг үг хэлсэн, би юу гэж байгаа талаар нь ойлгоогүй, З.М- болон Н.Э-ын ажиллуулдаг байсан лангууны гоо сайхны ширээ, манай лангууны тавиур хоёр нийлсэн хэсгийн бараанууд нь нурж орж ирсэн, тэгээд би зодоод байгаа юм байна гэж бодоод З.М- болон Н.Э- нарын лангуун дээр очсон чинь эмэгтэй хүмүүс орилолдоод байж байсан, би зодоод байна гэж бодоод салгах гэж лангуу руу нь орох үед Н.Э- З.М-ыг лангууны булан хэсэгт шахаад дээр нь гарчихсан, З.М-ыг хөдлөх, зугтах ямар ч боломжгүй болгоод зодоод байгаа харагдсан би салгах гээд Н.Э-ыг ардаас нь татсан чинь намайг гараараа хойш нь түлхсэн, нэг эмэгтэй ирээд надтай хамт татсан тэгээд ч дийлдээгүй, өөр эрэгтэй хүн байна уу гээд хойшоо эргээд харсан чинь хамгаалагч утсаар ярьж байсан, буцаж эргээд Н.Э- руу харсан чинь З.М-ыг хутгалж байсан, би тэр үед л Н.Э-ыг хутгатай байна гэдгийг нь мэдсэн. Хутга байна гэдгийг нь мэдсэний дараа тэнд байсан эмэгтэйчүүд болон би ухарсан, тэгээд өөрийнхөө лангуу руу ороод Н.Э-ыг цохих боломжтой зүйл байна уу гэж хайсан боловч нүдэнд юм харагдахгүй байсан, лангуунаасаа гараад дахиад хайсан чинь юу ч олдохгүй байсан болохоор Н.Э- З.М- нар байгаа лангуу руу буцаад орсон чинь нэг өндөр эрэгтэй лангууны хаалт хийдэг төмрөөр Н.Э-ыг цохисон чинь ухаан алдсан тэгээд тухайн үед тэнд байсан хоёр эрэгтэй хүрч ирээд Н.Э-ыг хөдлөх боломжгүй болгоод хүлсэн, тэр үед би З.М- дээр очтол дотуур хувцастайгаа доошоо хараад хэвтэж байсан, би нуруун дээр нь гараа тавиад үзсэн чинь амьсгалахгүй байх шиг байсан, гэхдээ арай ч үхээгүй байх, гэж бодоод өөрийнхөө лангуун дотроос алчуур авчраад шарх дээр нь тавьж цусыг нь тогтоох гэж оролдсон боловч хаана хутгалсан нь тодорхойгүй байсан, тэгээд яах учраа олохгүй зогсож байсан чинь өөр лангууны эмэгтэй нэг богино өмд шидэж өгсөн тэрүүгээр нь З.М-ыг хучиж өгсөн тэгээд тусламж хүлээхээс өөр арга байгаагүй... Би өөрөө Монгол хэл мэдэхгүй учраас юунаас болж хэрэлдэж маргалдаж байгаа талаар нь мэдэхгүй байсан... Амь хохирогч З.М-ын арын шүүгээнд хутга байдаг эсэх талаар нь би мэдэхгүй байна...” /1хх 190-192/,

гэрч Б.М-ийн “... Сүүлийн нэг жилийн хугацаанд тэрүүхэн тэндээ хоорондоо хэл амаараа хэрэлдэж маргалдаад байгаа зүйл ажиглагдах болсон. Шалтгааныг нь сайн мэдэхгүй байна... Би тухайн өдөр 11 цагийн үед ажлын байран дээрээ ирэхэд З.М- болон түүний нөхөр Н.Э- нар лангуун дээрээ ирчихсэн байгаа харагдсан. Би тухайн үедээ лангууныхаа ард худалдаа наймаа хийгээд, бараагаа цэцлээд байж байсан учраас тэр хоёр яг юу хийж байгааг нарийн хараагүй. Би хажуу лангууны худалдагч Н-, Г- нарын хамт дэлгүүрийн баруун хэсгийн коридорын лангуун дээр юм яриад, зайрмаг идээд зогсож байтал 11:30 цагийн үед З.М- лангууны араас авраарай гэж нэлээн дуу нь цаашаа орсон, сул хоолойгоор орилсон. Тэгэхээр нь Н- бид хоёр түрүүлж З.М-ын лангуун дээр очиход маш цочирдом нөхцөл байдал харагдсан. Н.Э- З.М-ыг лангууны баруун Хойд талын буланд шахаад дээрээс нь дарж зууралдсан байдалтай харагдсан. Тухайн үедээ Н.Э-ад хутга байгааг би шууд мэдээгүй учраас Н.Э-ыг З.М-аас холдуулах гэж татаж чангаах үед З.М-ын нүүр, хувцас нь ер нь тэр ойр орчим цус болчихсон харин Н.Э- баруун гартаа хутга барьчихсан байсныг хараад цочролд орж хойшоо зайгаад авч түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн. Н.Э- З.М-ыг маш олон удаа хутгалах үедээ ямар нэгэн дуу авиа гаргахгүй, зүгээр л түүний биеийн бүх хэсэгт л хутгалаад байсан. Тэнд маш олон хүмүүс нөхцөл байдлыг харж орилж хашхиран, айж эмээж байсан. Н.Э-ыг хүмүүс болиоч гэж хэлсэн зарим нэг хүмүүс түүнд хүрэх гэж үйлдлийг нь болиулах гэж оролдсон боловч тэр хүн хутгатай байсан учраас ойртож чадахгүй байсан. Энэ үйл явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн учраас нарийн зарим зүйлийг санахгүй байна. Би энэ хооронд түргэн дуудах гээд гарсан, гадаа байсан юм... Бид нар урьд нь хамт тойрч суугаад талх, мах ойр зуурын зүйлсийг идэхэд З.М- лангуунаасаа нэг хутга гаргаж ирээд зүсэж хувааж иддэг байсан. Тэр яг ямар хутга байсныг санахгүй байна. Н.Э- руу ойртоход согтууруулах ундаа үнэртээгүй. Тухайн хүн нь ч гэсэн архи уугаад байдаггүй. Уусан харагдаж байгаагүй... Миний мэдэхээр З.М- намуухан зөөлөн ааштай, даруухан зантай охин байсан. Н.Э-ын талаар хэлж мэдэхгүй байна. Би тухайн хүнтэй харьцаж байгаагүй. З.М-ыг дарамтлаад, дээрэнгүй харьцаад байгаа юм шиг л ажиглагддаг...” /1хх 195-196/,

гэрч Ч.Б-н “...11 цагийн үед дэлгүүр дотор хүмүүс шуугилдаад эхэлсэн. Би гайхаж дотогш ороход М-ын лангууны ард хүмүүс бужигналдаад байсан. Очоод харахад М-ын дээр нь түүний нөхөр нь баруун гартаа хутга барьчихсан, амь хохирогчийг шалан дээр хэвтүүлчихсэн, өөрөө дээр нь гараад мордчихсон хутгалж байсан. Би тухайн үед үнэхээр нуд халтирам үйл явдлыг хараад цочролд орсон бөгөөд яг юу хийх ёстойгоо мэдэхгүй, зарим зүйлсэд пайнагт орсон. Тэгээд ямар ч байсан гарч цагдаа, эмнэлэг дуудах ёстой гэж бодоод гарсан юм. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа, эмнэлэг ирсэн байсан... Би "Н-” худалдааны төвд 5 жилийн турш манаачаар ажиллаж байна. М- бол 107, 108 дугаар лангууны худалдагч байгаа юм. Харин түүний нөхөр нь гээд нэг залуу анх ирж хамт наймаа хийж байгаа харагддаг байсан боловч хэдэн жилийн өмнөөс харагдахаа больчихсон. ...сүүлийн жилүүдэд нөхөртэйгөө хэрүүл уруул хийх нь тогтмол харагдах болсон. ...” /1хх 207-208/,

гэрч Ё.Д-гийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн өглөө хамт ажилладаг танил Э-ын хамт түүний дүүгийн ажилладаг Н- худалдааны төвийн лангуун дээр 09 цагийн үед нүүрээ будуулахаар цагт тохирч очсон юм. Тухайн өдөр Э- бид хоёр "UG Arena" төв дээр зохион байгуулагдаж байсан үзэсгэлэн худалдаанд оролцох гэж байсан юм. Ингээд тэр өдөр 09:00 цагийн үед намайг ирэхэд "Н-” онгойгоогүй байсан. Э- 09:30 цагийн үед ирээд бид хоёр Н- руу хойд хаалгаар орж түүний дүүгийн лангуун дээр очиж нүүрээ будсан. 11 цагийн үед Э-ын дүү М- ажил дээрээ ганцаараа ирсэн. Тэгээд Э- бид хоёр нүүрээ будаад дуусаж байсан дээр нь арга хэмжээний цаг тулсан байсан учраас М-ыг ажил дээр нь ганцаарыг нь үлдээгээд явсан юм. Э- бид хоёр арга хэмжээндээ оролцож байх үед гэнэт л Э- явах хэрэгтэй болчихлоо гээд түрүүлээд яваад өгсөн. Тэгээд сүүлд сонсоход М- нас барсан байсан... Э- бид хоёрыг явах үед М-аас өөр хүн лангуун дээр нь байгаагүй...” /1хх 215-216/,

гэрч Э.Д-ий “...манай гэр бүлд одоо ингээд бодоход аз жаргалтай өнгөрүүлсэн, гэр бүлийн халуун дулаан хайр мэдэрсэн цаг мөч гэж намайг төрснөөс хойш байгаагүй юм байна. Аав намайг бага байхаас л эхлээд зодож хүмүүжүүлж өсгөсөн. Ямар шалтгаанаар зоддог гэхээр гэр цэвэрлэсэнгүй, аяга хагалсан буруу юм хийж байна гэх мэт шалтгаанаар зоддог байсан. “Зоддог” гэдэг үгийг тухайн хүний үйлдлээр тайлбарлах юм бол намайг алгадаж, ширээн булан мөргүүлэх, элэг рүү шууд цохих, нүүр лүү хүчтэй алгадах, янз бүрийн хараалын үгээр доромжилж хараадаг байсан. Би ээжийгээ маш сайн мэднэ манай ээж бол зөөлөн, даруу тайван зантай, их сайн хүн байгаа юм. Миний ээж Э- гэдэг хүнд байнга л зодуулж, үг хэлээр хэмлүүлж, гэр орноосоо хөөгдөж насан эцэслэсэн. Э-ын зан араншныг тодорхойлж хэлэх юм бол догшин, хүлээцгүй, бухимдалтай, аливаа зүйлсийг өөрийнхөөрөө байлгах дуртай, тийм байхгүй бол хүчээр өөрийнхөөрөө байлгадаг хүн байгаа юм... Тэр бол зүгээр л хоосон хар байсан. Түүнийгээ төсөөлөн бодож итгэж үнэмшээд ээжид гар хүрдэг буюу түлхэх, гар, толгой руу цохих, эд зүйлс авч шидэх зэрэг үйлдэл гаргадаг байсан. Миний ээж харин тэр хүнээс өөр хүн мэддэггүй байсан... Манай хоёр дүү, ээж бид дөрөв 2025 оны 04 дүгээр сарын дунд үеэс эхлэн ээж ааваас салах гээд тусдаа амьдарч байсан. Бид дөрөв тухайн үед "Н-" худалдааны төвийн хойд талд байдаг нэгэн орон сууцанд нэг өрөө байрыг түрээслэн амьдарч байсан юм. Бид нарыг тэр байранд амьдарч байсныг Э- мэддэггүй байсан. Ээж харин энэ үед Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд гэр бүл салгахаар нэхэмжлэл гаргасан байсан... Хэрэг гарахаас сүүлийн 7 хоногийн өмнө ээж надад "удахгүй шүүх хурал болно, ээж нь ялах байх, аав чинь ээжийнх нь ажил дээр ирээд садаа болоод байх юм. Худалдан авалт хийхээр өөрийнхөө пос машиныг уншуулаад байна, орлого хаагаад байна” гэж хэлж байсан... Э-тай одоогоос 20 орчим хоногийн өмнө түүний аав буюу өөрийнхөө өвөөгийн гэрт байхдаа уулзсан... тухайн өдөр өглөө 09-10 цагийн үед гэртээ байхад ээж сэрээд утсаар хэнтэй гэдгийг нь мэдэхгүй байна гараад явсан. Би харин ээжийг явсны дараа унтацгаагаад 12 цагийн үед сэрсэн. Ээжийг байхгүй байхад дүү бид гурав хоол унд хийж идэх гээд байж байхад эгч Э- гэрт орж ирээд “сэтгэлээ бариарай” гээд болсон асуудлыг надад хэлсэн...” /1хх 215-216/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0325/4787 дугаартай “...Эд мөрийн баримтаар хураан авсан гэх сандал нь шинжилгээнд тэнцэж байна. Сандалын түшлэгээс цус, үс илэрч байна, гол төмрөөс бичил ул мөр (арьсны хучуур эс) илэрч байна, хөлийн суурь хэсгээс ул мөр илрээгүй. Илэрсэн цус, үс, хучуур эс нь хүнийх байна. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүнийх байна, ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч З.М-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Үс нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Хучуур эс нь нэг эрэгтэй хүнийх байна аутосомын болон Ү хромосомын ДНХ-ийн тогтцоороо Н.Э-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт болон итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1хх 228-232/,

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1200 минутад “...З-ын М-...Хүүхэн хараа өргөссөн, амьсгал зүрх бүрэн зогссон, мөгөөрсөн хоолой, гүрээний венийн дээд хэсэг, хэвлийн урд хэсэг, цээжний баруун дээд хэсэгт зүсэгдсэн, зоосон шархтай, ам хамраас цус гарсан байдалтай..." гэх хүлээлцэх хуудас /1хх 01/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 708 дугаар “...Н.Э- нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Э- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Э- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.Э- нь мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх баримт мэдээлэл шинж тэмдэг үгүй байна. Н.Э- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Э-ад эмнэлгийн чаналтай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /1хх 237-240/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0825/2440 дугаар “...З-ын Э-ын сэтгэцэд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурынх эсхүл байнгынх эсэхийг одоогоор урьдчилан тогтоох боломжгүй. Тухайн хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, ажил, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах зэргээс хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах нэн шаардлагатай байна...” /1хх 245-247/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0325/4736 дугаар “...Амь хохирогч З.М-аас авсан гэх 9 ширхэг хумс нь шинжилгээнд тэнцэж байна, уг 9 хумснаас цус илэрч байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг аутосомын микросателлитын 23, Ү хромосомын микросателлитын 25 локусаар тогтоов. Хумснуудад нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна, эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илрээгүй. Дээрх хумснуудаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч З.М-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт болон итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /2хх 03-09/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0325/4737 дугаар шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №3а, №36, №3в дугаартай хөвөн бамбарууд болон марль дээр хүний цус илэрсэн..., №2, №3а дугаартай хөвөн бамбарууд болон марлыг дээрх цус нь 0(|) бүлгийн харьяалалтай цус байна...” гэх дүгнэлт /2хх 14-16/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0325/4704 дугаар “...Э-ын цус БГДЦГ 2-р хэлтэс 2025.06.27 19:20рт гэж хаягласан, 05637050 хуруу шилний дугаартай цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт болон итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /2хх 21-24/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0125/1913 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн хутга шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй. Цаашид адилтгалын шинжилгээ хийх боломжгүй...” гэх дүгнэлт болон итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /2хх 30-35/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0325/4740 дугаар “...Эд мөрийн баримтаар хураан авсан гэх хутга нь шинжилгээнд тэнцэж байна, хутганы ажлын хэсэг, бариул хэсгээс цус илэрч байна. Илэрсэн цусны ДНХ- ийн тогтцыг Ү хромосомын 25, аутосомын хромосомын 24 локусаар тус тус тогтоов. Хутганы ажлын хэсгээс амь хохирогч З.М-, холбогдогч Н.Э- нарын цусны холимог ДНХ-ийн тогтоц илэрч байна, бариул хэсгээс холбогдогч Н.Э-ын цусны ДНХ- ийн тогтоц илэрч байна...” гэх дүгнэлт болон итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /2хх 40-44/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0325/4786 дугаар “...шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн металь шон дээр хүний цус, үс илэрсэн. Улаан өнгийн олсон дээр хүний цус илэрсэн. Шар өнгийн металь шон дээрх цус нь 0(|) бүлгийн харьяалалтай цус байна. Улаан өнгийн олсон дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /2хх 49-51/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0125/1926 дугаар “...шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаартай тунгалаг өнгийн наалдамхай туузад бэхжүүлэн авсан 3 ширхэг гарын мөр, 4 дугаартай гарын мөрүүд болон 3.М-ын гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. Харин 3 дугаартай гарын мөрийн папиляр шугамуудын хувийн онцлог шинж тэмдгүүд нь тооны хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж байгаа 1.2 дугаартай тунгалаг өнгийн наалдамхай туузад бэхжүүлэн авсан 3 ширхэг гарын мөр, 4 дугаартай гарын мөрүүд нь харьцуулах загварт ирүүлсэн хохирогч З.М-ын гарын хээний дардастай тохирохгүй байна...” гэх дүгнэлт /2хх 56-58/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0525/980 дугаар “...Н.Э-ын биед хэвлий баруун хажуу хана, хүйсийн дээд хэсэгт хэвлий хөндий рүү нэвтэрч шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт (250-300мл) гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /2хх 73-75/,

Цэргийн төв эмнэлгийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн өвчний түүх болон “...Н- овогтой Э-, 45 настай эрэгтэй. Яаралтай тусламжийн тасагт 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15.40 цагийн үед өөрийгөө хутгалж гэмтээсэн байдалтай хүргэгдэн ирсэн... Ирэх үедээ биеийн ерөнхий байдал хүнд, хэвлийн баруун хажуу болон хүйсийн дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шархтай ирсэн... 06 дугаар сарын 27-ны өдрийн 16.30-18.40 цагийн хооронд яаралтай журмаар, амь насны заалтаар хэвлийн хөндийг нээж шалгах, угааж цэвэрлэх, хяналтын гуурс тавих мэс засалд орсон... Одоогоор биеийн ерөнхий байдал хүнд, хагалгааны дараах байдалтай, эмийн эрчимт эмчилгээ хийгдэж байна... Онош: Хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархнуудыг шалгах, хэвлийн өмнөд хана, шулуун булчингийн гэмтлийг сэргээх, хэвлийн хөндийн цусан хурааг авах, цус тогтоох, хэвлийн хөндийг угааж, хяналтын гуурс байрлуулах мэс заслын дараах байдал... Хагалгааны дараах эрт үеийн хүндрэлээс гарах хугацаа /70-72 цаг/-нд мэс засал хийлгэсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, сувилагч нарын хяналтад байх шаардлагатай болно...” гэх эмчийн тодорхойлолт /2хх 76-94/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0825/2442 дугаар “...2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас Э-ын Д- (УХ07262833)-н сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурынх эсхүл байнгын эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамруулах шаардлагатай...” гэх дүгнэлт /2хх 105-107/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэцийн эмч Д.Номиуны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 2442 дугаар мөрдөгчийн тогтоолоор дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтийн хариу нь хүүхдийн сэтгэц одоогийн байдлаар цаг хугацаа, орон зайн баримжаа алдагдаагүй, оюун ухаан хэвийн, Үзлэгийн үед уналт таталт, хий үзэгдэл, дэмийрлийн шинж илрэхгүй. Асуудлаа дутуу үнэлэх байдал ажиглагдана. Болж өнгөрсөн үйл явдлаас шалтгаалан нөхөж барамгүй гарз хохирол учирсан. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох, болсон хэргийн талаар бодож хямрах, шаналах, харамсах, нойр хямрах, уурлаж бухимдах, бусдаас өөрийгөө тусгаарлах идэвх сонирхол буурах зэргээр уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинж илэрсэн. 2023 оны 7 дугаар сарын 7 дугаар сарын 31 өдөр өдрийн хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал А/268, А275-Д зааснаар хүний сэтгэцэд учирсан гэм хохирлын 4-р зэрэглэлд багтана гэж заасан... Энэ дүгнэлт нь Эрүүл мэндийн сайдын баталсан тусгай арга, аргачлалыг ашиглаж гаргадаг. Тэр арга аргачлалаараа энэ илэрч байгаа шинжүүд нь 4-р зэрэглэлд багтана гэж заасан байдаг. 5-р зэрэглэл байх боломжгүй. Сэтгэц өөрчлөлтөд орсон тохиолдолд 5-р зэрэглэлд ордог. Энэ хүүхэд маань 4-р зэрэглэлд багтаж байгаа... Энэ бол онош биш тухайн үеийн сэтгэлзүйн шинжүүд. Оношийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр үзүүлж байж авдаг. Тухайн үеийн хүүхдийн сэтгэлзүйн шинжээр тодорхойлж байгаа... Тухайн хүүхдийн сэтгэцийн онцлог, биеийн хүч, хамт олны дэмжлэг зэргээс даамжрах уу намжих уу гэдэг нь шийдэгдэнэ... Арга аргачлалынхаа дагуу дүгнэлтээ гаргасан. Энэ хүүдэд ямар нэгэн эмгэг үүсээгүй байна. Энэ хүүхэд маань 27-нд үйлдэгдсэн хэрэгт 7 дугаар сарын-нд үзүүлсэн. Энэ хүүхдэд сэтгэцийн өөрчлөлтөд орсон байна гэж онош тавих боломжгүй. Сэтгэлзүйн байдлаар нь үнэлэлт дүгнэлт өгсөн. Энэ хүүхэд намайг үзэхэд сэтгэцийн эмгэггүй, сэтгэцийн өөрчлөлтөд ороогүй байсан болохоор 5-р зэрэглэл тогтоогоогүй..." гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0625/2170 дугаар “...З.М-ын цогцост цээжний хөндий рүү нэвтэрч уушги, үнхэлцэг хальс, зүрхийг хатгаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд 300 мл, үнхэлцгийн хөндийд 40 мл цус хуралдалт, хэвлий хөндий рүү нэвтэрч өрц, сэмж, элгийг хатгаж зүсэгдсэн шарх, эрүү, хүзүү, хүзүүний жолоо булчин, улаан хоолой, баруун мөр, дал, сээр, нуруу, зүүн шуу, сарвуу, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун чамархай, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн цээж, хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т, 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна, бусад шарх, цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь цээж, хэвлий хөндий рүү нэвтэрч дотор эрхтэн гэмтээсэн шарх, биеийн гадаргуугийн олон тооны хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдалтын шокд орж нас баржээ. 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 50 минутын цогцсын анхны үзлэгээр нас бараад 5-7 цаг орчим болсон байна. Амь хохирогчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Нэгдүгээр бүлгийн цустай байна. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг өөрөө, өөртөө учруулах боломжгүй. Амь хохирогчийн цус, шээс, ходоодны шингэнд спиртийн болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй...” гэх дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлт /2хх 112-123/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0325/4739 дугаар “...хутганы ишний доод хэсгээс цусны ул мөр илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна.......цусны дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлт /2хх 186-188/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0125/1915 дугаар “...ногоон өнгийн цамцанд зүсэгдсэн хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинжээр үүссэн байна. Ханзралт татаж, чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн байна. Ханзралт, зүсэгдэлт хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 132-138/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0125/1933 дугаар “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар хөх өнгийн бариултай хутгаар амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн торон цамц, шар эрээн өнгийн даашинзны гэмтэл үүссэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 154-160/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0125/1914 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн торон цамц, шар эрээн өнгийн даашинз, цайвар өнгийн хөхний даруулга, цайвар бор өнгийн дотоож, хар өнгийн тэлээ, хүрэн өнгийн хос гутал, хар өнгийн оосор шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн торон цамцанд үүссэн нийт 9 ширхэг, шаргал эрээн өнгийн даашинзанд үүссэн нийт 33 ширхэг, цайвар өнгийн хөхний даруулгад үүссэн нийт 3 ширхэг гэмтлүүд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Уг зүсэгдэлтүүдийн зах ирмэг тэгш хэмтэй, ир, мөртэй, хар өнгийн торон цамц, шаргал эрээн өнгийн даашинз, цайвар өнгийн хөхний даруулгад үүссэн зүсэгдэлтүүдийн харилцан байрлал зэргээс үндэслэн зүсэгдэлт тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд гэмтэлгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 168-182/,

Н.Э- нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо .... тоотод 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр энхэр З.М-ыг “гэртээ байлгүй гарах гэлээ” гэж маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэх үйлдэлд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2014260002762 дугаартай хэрэгт Н.Э-ыг яллагдагчаар татан шалгаж, Дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурор Г.Магнайжав 2014 оны 07 дугаар сарын 08- ны өдрийн 1956 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “яллагдагч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч, яллагдагч нар сайн дураараа эвлэрсэн нь тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоолын хуулбар /2хх 220/,

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2025 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 256/1193 дугаар албан бичиг, түүний хавсралт /2хх 222-224/,

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаар “...З-ын М- нь...тус төвд 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хандаж охин Э-гийн хамт 2014.6.6-ны өдрийг хүртэл тус төвийн түр хамгаалах байрлан үйлчлүүлсэн нь үнэн болно” гэх албан бичиг /2хх 228/,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1416 дугаар албан бичиг, түүний хавсралт /2хх 230/,

БГДЦГ ЦХ-2, Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны “...1 эрэгтэй 1 эмэгтэйг хутгалаад байна...” гэх хуудас /1хх 02/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Баганын ертөнцийн зүгээр хойд талын хэсэгт лангууны зүүн талын дээд хэсэгт шар өнгийн дэвсгэр дээр хар өнгөөр 108 гэж дугаарласан лангууны үүд ордог хэсэгт хэргийн газрын хамгаалалтыг бүсчлэн авсан байх бөгөөд гаднаас дотогш 110 см зайд шар өнгийн чулуун шалан дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн салфетик мэт урт зүйлийг хураан авч клиникийн шинжээч 2 гэж дугаарласан шалан дээр тогтсон хатаагүй шингэн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээс хөвөн бамбардайд натри 09-ийн уусмалыг шингээж дээж аван тасалгааны температурт хатаан хураан авав. Клиникийн шинжээч 4 гэж дугаарласан өтгөн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээс мааралд шигээн авч зориулалтын уутанд хийн бэхжүүлэн тус тус хураан авав... лангууны хойд хэсэгт байрлан цонхны тавцан 3 гэж дугаарласан цэнхэр өнгийн иштэй нийт 20 см урт, ажлын хэсэг нь 9 см урттай цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан хурц үзүүртэй хутгыг клиникийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, зориулалтын саванд хийн хураан авав. Тус цонхны тавцангийн дор шалан дээр 6 гэж дугаарласан саарал Timex гэсэн бичиглэлтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон бугуйн цаг, бугуйн цагны бор өнгийн оосор зэргийг салгаж тавсан байдалтай байсныг клиникийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хураан авав. ... цогцсын хөлийн байрлал цагаан тольтой 2 ширхэг шургуулгатай шүүгээ байх бөгөөд шүүгээний тавцан хэсгээр гоо сайхны хэрэгсэлд ашиглагддаг эд зүйлүүдийг эмх замбараагүй тавьж байрлуулсан. Шүүгээний байруун гар талын хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг клиникийн шинжээч хөвөн бамбардайд натри 09-ийн уусмалыг шингээн дээж авч тасалгааны температурт хатаан хураан авав. Тус лангууны баруун талын хэсэгт байрлах шилэн шүүгээний гадна баруун тал, лангууны баруун урд байрлах шилэн шүүгээний гадна хойд талын хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг клиникийн шинжээч хөвөн бамбардайд натри 09-ийн уусмалыг шингээн дээж авч тасалгааны температурт хатаан хураан авав... лангууны хойд хэсэгт шалан дээр хар өнгийн жижиг гар цүнхийг онгойлгон дээш харуулсан дотор эд зүйлс болох түлхүүр, цэнэглэгч зэрэг эд зүйл ил харагдаж байх бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг олж илрүүлэх зорилгоор цүнхийг онгойлгон доторх эд зүйлүүдийг гарган үзэхэд 2 ширхэг 1000 төгрөгийн дэвсгэрт, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл, НӨАТ-ын баримт 2 ширхэг, түлхүүр, иргэний үнэмлэх, гар утасны цэнэглэгч, зөөврийн цагаан өнгийн гар утас цэнэглэгч, Айфоне маркийн гар утсыг клиникийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч хураан авав. Лангууны хойд хэсгээс урд талын хэсэгт ороход 15 м.кв бүхий талбайтай дотор лангууны урд хэсэгт хар ангийн сандлыг хэвтүүлж тавьсан байдалтай, сандлын ойр орчимд хар өнгийн даавуу, хогийн сав зэрэг зүйлүүдийг эмх замбараагүй байрлуулсан. Цагаан даавуу нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг клиникийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн аван тус зүйлийг хэрээн авав... ойр орчимд хяналтын камер байгаа эсэхийг шалгахад тус хэсгийн ертөнцийн зүгээр зүүн урд талын хананы хэсэгт хэрэг учрал болсон гэх газрыг тод харуулахуйц цагаан өнгийн 2 ширхэг хяналтын камертай байв. Цогцсыг зориулалтын хадгалах газарт хүргүүлэх зорилгоор Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 51264018 дугаарт дуудлагыг 13 цаг 01 минутад өгч 14 цаг 017 минутад ШШЕГ- ын ...цогцос зөөвөрлөдөг зориулалтын тээврийн хэрэгсэлд хөргүүрт хийн ШШЕГ луу хүргүүлсэн...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх 03-31/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...Уг худалдааны төвийн зүүн талд байх төв хаалгаар ороод баруун гар тийш 40 метр явахад 1 давхрын хойд жигүүрт, цагаан өнгийн модон суурьтай, шилэн тавцантай, тэгш өнцөгт хэлбэрийн лангуу байх бөгөөд орох хэсэгт нь шаргал өнгийн хоёр ширхэг төмрийг голоор нь улаан өнгийн даавуун зүйлээр холбож хязгаарласан хаалт байлаа. Уг хаалтыг холдуулан лангууны дотор ороход лангууны баруун хойд буланд зүүн тийш харуулж байрлуулсан цагаан өнгийн модон суурьтай, хоёр ширхэг шургуулгатай, тольтой шүүгээ байх бөгөөд уг шүүгээний тавцан дээр олон тооны эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, нүүрний будаг зэргийг эгнүүлэн өрж тавьсан байлаа. Зүүн талын нэгдүгээр шургуулгыг татаж үзэхэд олон тооны эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, нүдний харандаа, пудер, үсний хавчаар зэрэг зүйлсийг эмх замбараагүй байдалтай тавьсан. Баруун талын хоёрдугаар шургуулгыг татаж үзэхэд скотч, гялгар уут, эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, уруулын будаг, пүдер зэрэг зүйлсийг мөн ижил эмх замбараагүй байдалтай тавьсан байв. Тухайн хоёр шүүгээнд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутга багтах боломжтой ...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх 114-117/,

Цогцост үзлэг хийсэн “...Цогцсын урт 156 см урттай, толгойдоо бор өнгийн 50 см үстэй, 36 настай гэх эмэгтэй хүний цогцос байна. Биеийн ерөнхий хөгжил зөв, мах мариа өөхөн эдийн хөгжил сул зэрэг 48 кг жинтэй, хоёр нүдний зовхи хагас аниастай, эвэрлэг тунгалаг, нүдний алимын болон зовхины салстын өнгө тод хамрын яс мөгөөрс болон шанаа, хацар ясыг тэмтрэхэд гэмтэлгүй, хамраас улаан хүрэн өнгийн цусархаг шингэн гарч хатсан, чихний сүвнээс гарсан зүйлгүй, ам хагас нээлттэй, уруул цайвар амнаас улаан хүрэн өнгийн цусархаг шингэн гарсан үзэгдэх шүд бүрэн, цээж болон хэвлийн хэлбэр зөв, хэвлий хавирганы нумын түвшинд, умдаг үсгүй, гадна бэлэг эрхтний хөгжил зөв, шээсний сүвнээс гарсан зүйлгүй, өтгөний сүвнээс гарсан зүйлгүй, мөчид болон мөчдийн хуруунууд бүрэн, хөшилт сул үүссэн, хүүрийн толбо биеийн ард дарагдаагүй хэсгээр бүдэг улаан өнгөөр үүсэж эхэлсэн, Эрүүний баруун ард хэсэгт ташуу 1.4x0.1 см, 1.4х0.1см хүзүүний урд дунд хэсэгт 1.6x0.2 см, 1.5х0.5см ур доод 2.5х0.3см, зүүн урд доод ташаа 2x0.3 см, баруун дээд хэсэгт 1.7x0.1 см, зүүн ар доод хэсэгт 3.5x0.5 см баруун мөрний гадна хэсэгт 0.2х0.5 см, баруун эгмийн доод 1.3x0.3 см, цээжний баруун талд суганы урд хэсэгт 2.1x0.7 см, 2x0.5 см, өвчүүний дээд хэсэгт 1x0.3 см, дунд хэсэгт 0.8x0.2 см, зүүн урд хэсэгт 2.3x0.7 см, суганы урд талд 2.5x0.5 см, 1.5x1 см, баруун доод хэсэгт 2.2.х1 см, 1.5х1см аюулхай орчимд 2.2x1 см, 1.8x1 см, 1.2x0.5 см баруун хавирганы нум дагуу 0.6x02 см, суганы шугамаар 8-р хавирганы түвшинд 2x0.8 см, зүүн талд хавирганы нум дагуу 2x0.5 см, суганы дунд шугамаар 6-7р хавирганы түвшинд 1.7x0.5 см, суганы арын шугамаар 1.5x0.5 см, хэвлийн баруун урд хэсэгт 2x0.2 см, 2x0.6 см, зүүн хэсэгт 1x0.3 см, 2 далны хооронд 1.5x0.5 см, 2 тооны баруун далны гадна хэсэгт 1.7x0.5 см зүүн далны доод хэсэгт 1.5x0.5 см 3 тооны нугалмын хажуугийн шугамаар 11-12р хавирганы түвшинд 2x1.4см 3 тооны баруун гуяны гадна доод хэсэгт 2x0.5 см хэмжээтэй зах ирмэг тэгш гүн шархнуудтай. Уг шархнуудыг зонд хийж шалгахад зүүн мөр, цээжний 2 талын шархнууд цээжний хөндий рүү гүн нэвтэрсэн байна. Шулуун гэдэсний хэм 13 цаг 10 минутын 33.5 градус, нас бараад 5-7 цаг болсон....” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх 32-44/,

Хяналтын камерт үзлэг хийсэн “...Цэнхэр цамцтай эрэгтэй мөн хар хувцастай эмэгтэй байх бөгөөд... заалны хойд хэсэгт цэнхэр цамцтай эрэгтэй хар хувцастай эмэгтэйг унагаж байгаа дүрс бичигдсэн байх бөгөөд... цэнхэр цамцтай эрэгтэй хар хувцастай эмэгтэйг унаган хүч хэрэглэж баруун гараа савчих хөД- хийж байна эмэгтэй эсэргүүцэж байгаа дүрс бичлэг бичигдсэн байх бөгөөд... худалдан авалт хийж байсан иргэд цэнхэр цамцтай эрэгтэй болон хар хувцастай эмэгтэйг салгаж байгаа дүрс бичигдсэн байх бөгөөд... худалдан авалт хийж байсан иргэд цэнхэр цамцтай эрэгтэй болон хар хувцастай эмэгтэйг салгаж байсан иргэд ирэхэд зугтаж байгаа дүрс бичигдсэн байх бөгөөд... худалдан авалт хийж байсан иргэд цэнхэр цамцтай эрэгтэй хар хувцастай эмэгтэйн дээр нь гарч баруун гараа олон дахин далайж хөдөлгөж байгаа дүрс бичигдсэн байх бөгөөд... худалдан авалт хийж байсан иргэд цэнхэр цамцтай эрэгтэй хар хувцастай эмэгтэйн дээр нь гарч баруун гараа олон дахин далайж хөдөлгөж байх үед хар хувцастай эрэгтэй ирж салгах гэж оролдсон боловч ойртуулахгүй байх дүрс бичигдсэн байх бөгөөд... худалдан авалт хийж байсан иргэд цэнхэр цамцтай эрэгтэй хар хувцастай эмэгтэйн дээр нь гарж баруун гараа олон дахин далайж хөдөлгөж байх үед хар хувцастай эрэгтэй барьж байсан хар өнгийн сандал бүхий зүйлээ шидэхэд цэнхэр цамцтай эрэгтэй хар өнгийн сандал бүхий зүйлээр эмэгтэйг цохиж багаа дүрс бичигдсэн байх бөгөөд... худалдан авалт хийж байсан иргэд цэнхэр цамцтай эрэгтэй хар хувцастай эмэгтэйн дээр нь гарж баруун гараа олон дахин далайж хөдөлгөж байх үед хар хувцастай эрэгтэй үргэлжлүүлэн салгах хажуудаа баясан алтлаг шар өнгийн төмөр бүхий зүйлээр цэнхэр цамцтай эрэгтэй рүү далайж салгах гэж оролдсон боловч ойртуулахгүй байх дүрс бичигдсэн байх бөгөөд...” гэх тэмдэглэл /1хх 45-49/,

2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Н-” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Тус хойш камерт амь хохирогчийн эзэмшлийн гэх лангууны хэсэг бүхэлдээ харагдаж байв. Тус камер нь бодит цагаас 1 өдөр, 16 цагаар хоцорч явдаг байв. Өөрөөр хэлбэл камерын бичлэг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 16:00:00 цагт эхэлж байгаа нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08:00:00 цагийн бичлэг хийгдсэн байна...Уг бичлэг нь 59 минут 59 секундийн хугацааны бичлэг байв. - 09:02:41 цагт З.Э- “Н-” худалдааны төвийн хойд хаалгаар зааланд яарсан байдалтай гүйсээр орж ирээд амь хохирогчийн лангууны хаалтыг холдуулан лангуу руу оров... 09:02:47 цагт Ё.Д- (гэрч) мөн "Н-” худалдааны төвийн хойд хаалгаар алхан орж ирээд 3.Э-ын араас амь хохирогчийн лангуу руу орж ойр орчмыг үзэхэд 3.Э- яарч, сандарсан байдалтай нааш цааш явж лангууны гэрлүүдийг асаан лангууны цаад хэсэгт байх ширээн доороос ямар нэгэн зүйл хайж байгаад Ё.Д-г лангууны цаад буланд байх сандал дээр суулган лангууны ард байх тавиур зүйлсийг авч Ё.Д-гийн нүүрийг будаж өгөөд дараа нь өөрийнхөө нүүрийг будаж байв... З.М- худалдааны төвийн хойд хаалга байгаа хэсгээр алхан өөрийн лангуу руу очив... Түүний лангуунд З.Э-, Ё.Д- нар нүүрээ З.М- лангуун дээрээ очиж 3.Э-тай уулзан Ё.Д-гийн нүүрийг будаж өгөв... З.М- худалдааны төвийн төв хаалгыг чиглэн ганцаараа явах бөгөөд лангууны ард 3.Э-, Ё.Д- нар нүүрээ будсаар үлдэв... З.Э-, Ё.Д- нар лангууг эзэнгүй үлдээж, хаалтыг нь хаагаад гарч явсны дараа 10:50:01 цагт буюу 24 минутын дараа эргэж орж ирээд лангууныхаа ард сууж гар утсаа оролдож, хүмүүст бараа танилцуулах бөгөөд бичлэгийн үлдсэн хугацаанд хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдсонгүй... Н.Э--11:07:21 (яллагдагч) худалдааны төвийн урд хаалгаар орж ирэн 107, 108 тоот лангуунуудын араар нааш, цааш явахад З.М- түүнийг тоохгүй, худалдан авагчтай ярилцан бараа танилцуулж, гар утсаа оролдон нааш, цааш явж байв... -11:13:28 цагт З.М- утсаар ярьсан байдалтай худалдааны төвийн арын хаалганы хэсгийг чиглэн алхахад түүний араас Н.Э- 108 тоот лангууны цагаан шургуулгатай шүүгээний дэргэд суугаад сандлыг хойшлуулан шүүгээний нүдийг татаж цүнхнээсээ ямар нэгэн зүйл хийж байгаа нь үйлдэл хийж байв... -11:20:17 (бичлэгийн 21:18 секунд) цагт буюу 7 минутын дараа З.М-ын араас Н.Э- дагасаар худалдааны төвийн хойд хаалга байрлах хэсгээр хурдан хурдан алхаж орж ирээд 108 тоот лангуунд очиж хоорондоо маргалдсан байдалтай ярилцав. Н.Э- З.М-ын араас гуйсан байдалтай даган явахад З.М- түүнийг тоохгүй байгаа байдал гарган лангууны эд зүйлсийг оролдож байх үеэр 108 тоот лангууны Н.Э- хойд булангийн хэсэг З.М-ыг шахаж нуруун дээр нь гараа тавихад З.М- түүнийг гарыг түлхэн уцаарлахад Н.Э- хажуудаа байх сандлыг татан сууж байгаа дур зураглал харагдаж байв... - 11:22:24 (бичлэгийн 22:24 минутад) цагт Н.Э- сандлаас босож зүүн гар талдаа байх шүүгээг онгойлгон дотроос нь баруун гараараа ямар нэгэн юм аваад З.М-ыг доош даран баруун гартаа барсан зүйлээр бие рүү нь дараалан олон утаа хатгах үйлдэл хийж байгаа дүр зураглал харагдаж байв... - 11:22:34 цагт худалдааны төвд байх хүмүүс бужигналдан 108 тоот лангууны зүгт очих бөгөөд Ж.Н- (гэрч), Б.М- (гэрч) С.Г- (гэрч) нар Н.Э- руу шууд очин түүнийг татаж чангаах бөгөөд худалдааны төвд байх бусад хүмүүс холоос ажиглан ийш, ийш харан, гар утсаа гаргаж ирээд дуудлага сандарсан байдалтай хийцгээн, зогсож байв. Энэ үед Н.Э- З.М-ыг газарт дээрээс нь биеэрээ даран баруун гартаа барьсан зүйлээр хатгасан үйлдлээ үргэлжлүүлэн хийсээр байлаа... -11:23:07 цагт гэрчүүд хэргийн газарт анх очсоноос 33 секундийн дараа тийш тарж зугтаахад С.Г- (гэрч) ганцаараа үлдэн Н.Э-ын баруун гараас хоёр гараараа татаж, чангаах үйлдэл хийх боловч Н.Э-, З.М-ыг хутгалсан үйлдлээ үргэлжлүүлсээр л байлаа. Харин З.М- Н.Э-ын доороос хоёр хөл, гараа тийчгэнүүлэн амь тэмцэж байгаа дүр зураглал харагдаж байна... -11:23:23 цагт С.Г- З.М-ыг татахаар тонгойх үед Н.Э- баруун гартаа барьсан хутгаар түүний өөдөөс далайж айлган Дахин Н.Э-ыг барихыг оролдсон сүрдүүлэхэд С.Г- түүний өөдөөс боловч дийлэхгүй байсан тул нааш харан хоёр гараа савчуулан ямар нэгэн зүйл чанга хэлж байгаа үйлдэл гарган, холдож явав. Энэ үед Н.Э- З.М-ыг хутгалж байгаа үйлдлээ үргэлжлүүлсэн хэвээрээ байлаа. Энэ үед ч гэсэн З.М-ын хөл тийчгэнэн, биеэ хураан амь тэмцсээр л байв... - 11:23:57 цагт Н.Э- З.М-ын хүзүүнд хутгалж дээрээс дараад 11:24:06 цагт буюу 8 секундийн дараа түүний дэргэд ирсэн Т.Т- (гэрч)-ыг хараад хутгаа сугалж аваад дахин хэд хэдэн удаа хүзүүний хэсэгт хутгалж байгаа үйлдэл хийв... -11:24:12 цагт Н.Э-ын амь хохирогчийн хүзүүнд хутгалж байгаа үйлдлийг харсан Т.Т- урдаа байх сандлыг шүүрэн авч Н.Э- руу шидэхээр далайхад Н.Э- босож түүний өөдөөс хутгаа чиглүүлэн зогсоход сандлыг түүн рүү Т.Т- шидсэн боловч үр дүнтэй хохирол үзүүлэлгүй Н.Э- сандлыг авч суурь хэсгээр түшлэг барьж З.М-ыг толгой хэсэгт нэг удаа дээрээс доош чиглэл хүчтэй цохиод сандлыг холдуулан шидэн З.М-ыг үргэлжлүүлэн хутгалж эхлэв. Энэ үед биеэ атиран З.М- хэсгээс хураасан байдалтай газар хэвтэх бөгөөд түүний хөД- удааширсан харагдана... -11:24:39 цагт Т.Т- дахин шаргал өнгийн тусгаарлагч баганыг авч далайн Н.Э- руу чиглүүлэн зогсоход Т.Т- уг баганыг түүн рүү 2 удаа шигдэхэд Н.Э- хамгаалан эргэж суугаад З.М-ын хэвлий хэсэгт хутгалсаар байв... - Т- баганыг татан авч дахин Н.Э-ын хутгатай гар руу цохисны дараа Н.Э- баруун гартаа барьсан хутгыг хүзүүндээ тулгаж хөдөлгөж байгаа нь өөрийнхөө хүзүүг зүсэхийг завдаж байгаа мэт харагдах бөгөөд хэвлийдээ мөн хутгыг дүрж, газарт өвдөглөн суулаа. Энэ үед 3.М- ямар ч хөД- хийхгүй байх бөгөөд 11:25:25 цагт гэрч С.С- (гэрч) шаргал өнгийн тусгаарлах багана барьсаар Н.Э-ын зүгт очиход Т.Т- Н.Э-ын хутгатай гар руу баганаар цохисоор байлаа. Энэ үед хүмүүс шаван Т.Т-, С.С- нар ээлжлэн Н.Э-ыг цохисоор түүнийг доош харуулан газарт хэвтүүлэн татаж 3.М-аас холдуулж гарыг нь ард нь улаан өнгийн уяагаар уяж хөД-ийг хорив. З.М-ын хувьд ямар нэгэн үйлдэл хөД- хийхгүй хэвтсээр л байлаа. 11:29:35 цагт Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч ирж З.М-д үзлэг хийж 11:32:18 цагт цагдаагийн байгууллагын алба хаагч ирэв .” гэх тэмдэглэл /1хх 139-148/,

шүүгдэгч Н.Э-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 131-134/,

гэрч Ш.Г-ын гар утасны бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэг нь өнгө ялгарсан, гар утсаар бичсэн тул хөД- ихтэй, дуу чимээ сонсогдсон дээрээс доош чиглэлд босоо байдлаар бичсэн бичлэг байв... Бичлэгт Н.Э- нь З.М-ын дээр гарсан байдалтай, шалан дээр дарж, зүүн гартаа барьсан хутгаар түүний хэвлийн хэсэгт хутгалж байх бөгөөд ойртсон хүмүүс рүү хутгаараа далайн айлгахад ойртох хүмүүс холдон зайгаа авч байв. Харин З.М-ын хоёр хөл тийчгэнэн амь тэмцэж Н.Э-ыг өөрөөсөө холдуулахыг хичээж байгаа боловч дийлэхгүй байв...” гэх тэмдэглэл /1хх 136-137/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Н.Э-ын хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Э-ыг “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Н.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус зааснаар бүх насаар хорих ял шийтгэж, оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э-аас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 162,360,000 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн төрсөн хүүхэд Э.Д-д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Э-аас 1,477,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор тус тус шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж зааснаар амь хохирогчийн хүүхэд бага насны Э.Э- (12 настай), Э.Э- (7 настай) нарт асран хамгаалагч томилох асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад үүрэг болгосон нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нараас “... хэргийн зүйлчлэл, гэм буруудаа маргаагүй, хүүхдүүдийн ирээдүйг бодож, бүх насаар хорих ялыг өөрчилж, хугацаатай хорих ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг бөгөөд хэрэв хуульд заасан ялын хамгийн дээд хэмжээ, хорих ялын дээд болон доод хэмжээгээр эсхүл доод хэмжээнээс бага ял шийтгэсэн бол энэ талаар үндэслэлийг шүүх заавал дурдах ёстой.

Бүх насаар хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн ялтан биологийн үхэл хүртэл хугацаагаар хорих ялаас бүрдэх эрүүгийн ялын нэг төрөл бөгөөд шүүх эрүүгийн хариуцлагын хамгийн хүнд ялыг хэрэглэхээс өөр аргагүй  нөхцөл байдал тогтоогдсон талаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, уг ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг гэм буруутай этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулах тохиолдолд шүүх зайлшгүй харгалзан үзвэл зохино.

Анхан шатны шүүх Н.Э-ад бүх насаар нь хорих ял оногдуулах болсон үндэслэлээ хэргийн үйл баримт, хүндрүүлэн үзэх онцгой нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан ноцтой хор уршигтай холбон дэлгэрэнгүй тайлбарлаж, шүүгдэгч Н.Э- нь хохирогч З.М-ыг удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон хүний нүдэн дээр харгис хэрцгийгээр, 40 удаагийн хатгагдсан шарх, гэмтэл үүсгэж, гэмт хэргийг таслан зогсоохоор оролдсон хүмүүсийг айлгаж, балмад үйлдлээр хохирогч З.М-ыг алсан буюу тухайлан сонгон оногдуулж буй бүх насаар хорих ялыг оногдуулахад гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдал хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж байна гэж дүгнэж, шүүгдэгч Н.Э-ад бүх насаар хорих ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч Н.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид уг ялыг оногдуулж болохоор заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын хэд, хэдэн шинжийг зэрэг агуулсан, онц ноцтой хор уршиг их хэмжээгээр учруулсан, олон нийтийн худалдаа үйлчилгээний газар, олон хүний өмнө, тэднийг цочрол айдаст автуулан, гэр бүлийн хамаарал бүхий эхнэрээ аймшигтайгаар бүрэлгэсэн түүний гэмт үйлдлийн арга, харгис хэрцгий байдлыг зөвтгөн үзэж хугацаатай хорих ялаар солих хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2171 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Э-ын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2171 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ын цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                                       Н.БАТСАЙХАН

 

                     ШҮҮГЧ                                                             Д.МӨНХӨӨ

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ