Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2018/0559/З |
Дугаар | 150 |
Огноо | 2020-04-29 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 150
“Э” ХХК-ийн гомдолтой, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын
улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг,
Шүүгчид: Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Нарийн бичгийн дарга Т.Даваажаргал.
Гомдлын шаардлага: “...улсын ахлах байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0168450 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0751 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнг оролцуулан,
Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “...Магадлалын 3 дугаар хуудасны 36-46 мөрөнд “Гэтэл “Э” ХХК нь 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулаагүй нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй байх бөгөөд хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлагуудыг биелүүлж ажиллаагүйн зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ аваагүй, орчны хяналт- шинжилгээний хөтөлбөрийн дагуу хөрс, ус, агаараас тогтоосон хугацаанд дээж авах үүргээ хэрэгжүүлээгүй төдийгүй мэргэжлийн хяналтын байгууллагын газар дээр нь хийсэн шалгалтаар компанийн бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэрлэгээ огт хийгдээгүй, цэвэрлэх байгууламж бохир усаар дүүрсний улмаас хальж, байгальд шууд урсаж хаягдаж байсан болох нь тогтоогдсон байна” гэх гол дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
4. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.3-т зааснаар “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр торгосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлээ “2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулаагүй” гэж тайлбарласан. Гэтэл Зөрчлийн тухайн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.2-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй” гэх энэхүү давж заалдах шатны шүүхийн үндэслэлийг зөрчилд тооцсон бөгөөд улсын байцаагчаас энэхүү үндэслэлээр нэхэмжлэгч компанийг торгоогүй. Учир нь, 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар нүүрэнд байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудасны 2 дугаарт “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй” эсэхэд “шаардлага хангасан” буюу төлөвлөгөөтэй гэх тэмдэглэлийг улсын байцаагч нь хийсэн буюу нэхэмжлэгч нь 2018 байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр заалтын 7.1.2-т зааснаар торгууль ногдуулалгүй болохыг шүүх анхаарч үзэлгүй, шийдвэрийг зөвтгөх үндэслэл болгосон.
5. Мөн хариуцагчийн бичгийн тайлбар /зөвхөн энэ үндэслэлээр голчлон буруутгадаг/ нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй гэдэг боловч шүүх хуралдааны явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан бол яагаад Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.2-т зааснаар торголгүй 7.1.3-т зааснаар торгосон бэ?, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас дахь хяналтын хуудаст байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй эсэх дээр “байгаа” гэх тэмдэглэгээг та өөрөө хийсэн эсэхэд “нэхэмжлэгч талыг энэ үндэслэлээр буруутгаагүй” гэж тайлбарладаг. Тэгээд яг ямар үндэслэлээр буруутгасан бэ гэхэд “хэргийн материалтай танилцаагүй, хурал хойшлуулах тухай хүсэлтийг “шүүх хуралдаан эхлээд 2 цагийн дараа” тавихад шүүх хуралдааныг энэхүү үндэслэлээр хойшлуулж шийдвэрлэсэн байдаг.
6. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчлөөр шийтгэл оногдуулсан атлаа “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд бохирын усаа стандартын төвшинд цэвэрлээгүй гэх” үндэслэлээр торгосныг давж заалдах шатны шүүхээс бодит нөхцөлд тохирсон байна” гэж дүгнэж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Үүнд дараах хэдэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
7. а/Хаана, хэрхэн яаж тавигдсан шаардлага стандартыг ямар шалгалт, шинжилгээ явуулж байж, стандарт, шаардлагыг хангаагүй болохоо тогтоогоогүй, харьцуулах шинжилгээг хийгээгүй. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 64-69 дүгээр хуудас дахь “Хяналт шалгалтын удирдамж”-ийн хоёрт “Шалгалтын төрөл, хэлбэр” хэсэгт “...удирдамжид заасан асуудлаар төлөвлөгөөт шалгалт, хяналт шинжилгээ, тандалт судалгааг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана”, гуравт “Шалгалтын арга” хэсэгт “...бараа бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулах, тусгайлан батлагдсан удирдамжид тусгасан аргаар тандалт судалгаа, хяналт шинжилгээг гүйцэтгэнэ” гэж тус тус заасан боловч стандарт, шаардлага хангасан, хангаагүй эсэх харьцуулах шинжилгээг хийгээгүй, бохирдсон шаардлага хангаагүй ус эсэхийг тогтоох үүднээс дээж авах, авсан дээжээ лабораторийн шинжилгээнд хамруулж шаардлага хангаагүй бохирлогдсон ус байна гэдгээ тогтоогоогүй атлаа шууд хуулийн заалтаар буруутгасан.
8. б/Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн тайлбарт хариуцагчийн хууль тогтоомжид тусгасан эрх, үүрэг, үйл ажиллагаа явуулах эрх хэмжээний хүрээ хязгаар, боломжийг хууль тогтоомжид заасны дагуу дэлгэрүүлэн тайлбарласан атлаа яг энэхүү хууль тогтоомж дээрх эрх хэмжээ нь хариуцагчийн явуулсан үйл ажиллагаа, хяналт шалгалттай хэрхэн, яаж шалтгаант холбоогоор холбогдож, нэхэмжлэгчийг буруутгаад буй хариуцагчийн үндэслэлийг дэмжиж буйг тодорхой үндэслээгүй, тайлбарлаагүй байна.
9. в/Маргаан бүхий акт гарсан 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулдаг объектыг хариуцагч нь шалгаад тус өдрийн огноотой Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хяналтын хуудсаар үнэлгээ өгч, тодорхой хэд хэдэн шаардлагыг биелүүлээгүй гэж буруутгасан байдаг. Тухайн объект дээр очиж, ийм л ажиллагааг явуулсан. Гэтэл ийнхүү тухайн өдрөө Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хяналтын хуудсаар үнэлгээ өгч “Их эрсдэлтэй” гэж үнэлээд шууд шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3-т “Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч талыг буруутгадаг.
10. г/Яг ямар, хаана, хэзээ, ямар зүйл, заалт, албан бичиг, тоот, албан шаардлага, актаар тавигдсан шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүй асуудал нь тодорхойгүй, тухайн өдрөө хяналт шалгалт хийж, нэхэмжлэгч талын биелүүлэх ёстой шаардлага, үүргийг хэлээгүй, мэдэгдээгүй атлаа шууд л тухайн өдрөө “үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр торгосон нь үндэслэлгүй болно. Хариуцагч нь анх энэхүү үндэслэлээ нотолж, шүүх хуралдаан дээр тодорхойлж чадахгүй байсан ба шүүх хуралдааны явцад “би хэргийн материалтай танилцаагүй” /бүтэн нэг жилийн хугацаанд танилцах бүрэн боломж байсан/ гэж хэлсний дагуу шүүх хуралдааныг шүүгчийн зүгээс хойшлуулсан. Ийнхүү дараагийн хурал дээр ирэхдээ 3 хуудас буюу баримт бичиг нь бүрэн гүйцэд биш манай компанийн гэх үнэлгээний тайлангийн нэг хэсгийн тодруулсан хуудсыг авчирч, үүнийг зөрчсөн гэж шүүх дээр мэдүүлсний дагуу анхан шатны шүүх энэхүү үндэслэлийг зөрчсөн гэдгээр шийдвэрийг гаргасан. Анх шалгалт хийх явцад нэхэмжлэгч компанийн “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлантай танилцаж байхдаа энэхүү тайлантай холбоотойгоор нэг ч асуудал хөндөөгүй бөгөөд Байгаль орчны үнэлгээний хяналтын хуудсыг бөглөхдөө “Байгаль орчны үнэлгээний тайлан” байгаа гэж манай компанид харин эерэг үнэлгээ өгсөн байдаг.
11. Шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 7.1 “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих” гэсэн хэсгийн 3-т зааснаар хариуцагч нь торгосон нь зөв болохыг үндэслэхдээ “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.8, 9.1, 9.2-т заасныг нэхэмжлэгч нь зөрчсөн байдал нь хариуцагчийн зөв” гэсэн дүгнэлтийг өгсөн. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай тэмдэглэлд нэхэмжлэгч компанийг дээрх хуулийн ямар заалтыг яаж зөрчсөн тухай дурдаагүй байдаг буюу хариуцагчийн анхнаасаа торгууль ногдуулахаасаа өмнөх хийх ёстой, тогтоох ёстой байсан үндэслэлийг анхан шатны шүүх нь өөрөө нөхөж үндэслэн тайлбарлаж, хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн.
12. Хамгийн гол нь “Э” ХХК-ийн зүгээс гомдоод буй гол үндэслэл нь Нийслэлийн Прокурорын газраас нийт 7 аж ахуйн нэгж байгууллагын нэрийг дурдаж, цэвэрлэх байгууламжийн ачаалал ихсэж, бохир нь хальсан энэ асуудлыг шалгуулах албан бичгийг шийдвэрлэхдээ “бохир усыг стандартын дагуу цэвэрлээгүй” гэх үндэслэлээр нийтэд нь хамруулан торгосон. Гэтэл “Э” ХХК нь энэхүү цэвэрлэх байгууламжийг анх байгуулсан түүхтэй компани бөгөөд энэ асуудалд бусад компаниудаас илүү анхаарч, тогтмол идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг компани болно. Учир нь, манай “Э” ХХК нь объектынхоо хажууд тусдаа цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулсан ба давхар нийтийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг зохицуулах үүднээс 3 машин үйл ажиллагаанд гаргаж, тогтмол цэвэрлэх байгууламжийн ачааллыг багасгах үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллага нь байсан. /Сонингийн нийтлэл дээр орон нутгаас нэхэмжлэгч компанийг ийнхүү дүгнэсэн байдаг./
13. Гэтэл тухайн цэвэрлэх байгууламжийн ачаалал ихэссэн эсхүл эвдрэлтэй эсэх, зургаар урсаад буй бохир ус нь хаанаас буюу дээрх 7 байгууллагын аль байгууллагаас, ямар шалтгаанаас үүссэн бохир ус болохыг тогтоох ажиллагаа хийгээгүй атлаа “бохир усыг стандартын дагуу цэвэрлээгүй гэж тэмдэглэл үйлдэж, зөрчлийн тухай хуулийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр торгосон нь үндэслэлгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нэг ч явуулаагүй, атлаа шууд торгосон.
14. Бохир ус хальсан, стандартын дагуу цэвэрлээгүй гэдгийг хариуцагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллагаа явуулахдаа ганцхан хээр талд тодорхой хэмжээний ус урсаж буйг харуулсан зургаар л нотолж, энэхүү баримтаар л маргадаг. Энэ нь зөрчлийг хангалттай нотлох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа биш юм. Учир нь тус урсаж буй зураг нь “тодорхой хэмжээний газар ус урсаж буй тухай” байдлыг тогтоох зураг болохоос тухайн ус нь бохирдолтой эсэх, цэвэрлэх байгууламжаас гарсан ус мөн болох эсэх, явж явж ус урсаж буй зураг бүхий талбай нь Өвөрхангай аймгийн координат цэг бүхий талбайн хэсэг гэдгийг ч тогтоохгүй, нотлохгүй.
15. Хариуцагчийн зүгээс тухайн усыг бохирдолтой эсэх, тухайн бүс нутаг хэрхэн яаж бохирлогдсон тухай шалгалт хийгдэж байгаа, одоогоор дүгнэлт гараагүй, хяналт шалгалт хийгдэж байгаа тухай шүүх хуралдааны явцад мэдүүлдэг. Сүүлийн 2 удаагийн шүүх хуралдааны тэмдэглэлд өөрөө амаараа тайлбар гаргасан. Ийнхүү энэ нөхцөл байдлаа тогтоогоогүй, шалгалт хийгдэж буй үед “Э” ХХК-ийг урьдчилан торгосон нь үндэслэлгүй.
16. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
17. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийг “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг хангаж ажиллаагүй” гэсэн үндэслэлээр 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Нямжавын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0168450 дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3-д заасантай нийцсэн талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
18. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан бол яагаад Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар торголгүй 3-т зааснаар торгосон, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчлөөр шийтгэл ногдуулсан атлаа бохирын усаа стандартын түвшинд цэвэрлээгүй гэх үндэслэлээр торгосон нь үндэслэлгүй” гэсэн агуулгаар гаргасан гомдол дараах байдлаар няцаагдаж байна.
19. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ...зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна”, 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна”, 9.6-д “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна”, 9.7-д “Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана”, 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батлах”-аар тус тус зохицуулжээ.
20. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжилтийг хангуулахын тулд жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, уг төлөвлөгөөний тайланг 12 сард багтаан өгч дүгнүүлэхийн зэрэгцээ дараа оны байгаль орчныхоо төлөвлөгөөг батлуулан ажиллах үүрэгтэй; гомдол гаргагчийн хувьд хуульд заасны дагуу 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар батлуулсны үндсэн дээр рашаан сувиллын үйл ажиллагаа явуулах байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль зөрчжээ.
21. Түүнчлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01/157 дугаар нэгдсэн удирдамжийн хүрээнд эрх бүхий улсын байцаагчаас “Э” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тус компани нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, тухайлбал, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ аваагүй, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу хөрс, ус, агаараас тогтоосон хугацаанд дээж авах үүргээ хэрэгжүүлээгүй, Ус, цаг уур орчны шинжилгээний газрын итгэмжлэгдсэн лабораторийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тус компанийн цэвэрлэх байгууламжийн уснаас авсан сорилтын дүнгээр фосфор 1.7 дахин их, пермигнатын исэлдэх чанар 4.48 дахин их, нийт азотын агууламж 3.1 дахин их бохирдолтой гарснаас гадна газар дээр нь хийсэн шалгалтаар нэхэмжлэгч компанийн бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэрлэгээ огт хийгдээгүй, цэвэрлэх байгууламж бохир усаар дүүрсний улмаас хальж, байгальд шууд урсан хаягдаж байсан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал, түүнд авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
22. Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч “Э” ХХК-ийн захирал Д.Гэрэлмаад эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авахад тэрээр дээрх зөрчлийг үгүйсгэж маргаагүй, харин ч “...тухайн жилийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, цэвэрлэх байгууламжаас авсан дээжийн зарим нэг үзүүлэлт нь стандартын шаардлага хангадаггүй байсан...” талаар мэдүүлэг гарган, гарын үсгээ зурж, тамга тэмдэг дарж, өөрөө хүлээн зөвшөөрчээ.
23. Иймээс гомдол гаргагч компанийн захирлын мэдүүлэг, хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн хариуцагчаас зөвхөн “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлагыг хангаж ажиллаагүй” гэх зөрчилд нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэний зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна.
24. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-д “оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргах эрхтэй”, 3.1 дүгээр зүйлийн 2.5-д “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;”, 2.6-д “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;” эрхийг зөрчилд холбогдогч этгээд эдлэхээр заасан; гомдол гаргагчийн хувьд энэхүү эрхээ эдлээгүй буюу тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх явцад илэрсэн зөрчлийн талаар маргах, тухайн нөхцөл байдлыг дахин шалгуулах эрх “Э” ХХК-ийн захирал Д.Гэрэлмаад байсан хэдий ч тэрээр ямар нэгэн байдлаар маргаагүй, өөрөө зөрчлийг хүлээн зөвшөөрсөн атлаа “...стандарт шаардлага хангасан, хангаагүй эсэх талаар харьцуулсан шинжилгээг хийгээгүй, бохирдсон шаардлага хангаагүй ус эсэхийг тогтоох үүднээс дээж авах, авсан дээжээ лабораторийн шинжилгээнд хамруулж шаардлага хангаагүй бохирлогдсон ус байна гэдгийг тогтоогоогүй атлаа шууд хуулийн заалтаар буруутгасан, ...нэхэмжлэгч ямар шаардлагыг биелүүлээгүй асуудал нь тодорхойгүй, ...бохир усыг стандартын дагуу цэвэрлээгүй гэх үндэслэлийг шалгаж тогтоогоогүй...” гэсэн агуулгаар гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй, нөгөөтэйгүүр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалаар тогтоогдсон ажиллагааг шүүхээс дахин гүйцэтгэх шаардлагагүй болно.
25. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.