Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00490

 

                                                   Б.Батмөнхийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/0954 дугаартай шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27 -ны өдрийн  312 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Б.Батмөнх,

Хариуцагч : Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК

Нэхэмжлэлийн шаардлага : 224.399.847 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Билэгсайханы гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Билэгсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамьяндорж, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2007.4.11-ний өдөр үнэт цаасны Дэлгэр хангай Секьюритиз ХХК-нд хувьцаа худалдаж авах захиалга өгч 2007.4.12-ны өдрийн арилжаагаар Тавантолгой ХК-ийн 1500 ширхэг хувьцааг худалдан авч 29-602616 тоот дансанд байршуулан өөрийн өмч болгосон. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 263 тоот тогтоолоор 630 ширхэг хувьцааг 20-14221 тоот дансанд, Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 4/3002 тоот албан бичгээр 83 ширхэг хувьцааг 20-14227 тоот дансанд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2008.10.07-ны өдрийн 2/10136 тоот албан бичгийг үндэслэн 2008.11.05-ны өдөр 287 ширхэг хувьцааг хариуцагч  20-14228 тоот дансанд тус тус шилжүүлж иргэн миний өмчлөх эрхэд ноцтой халдсан. Миний бие Санхүүгийн зохицуулах хорооны 2008.11.28-ны өдрийн 263 тоот тогтоолоор 713 ширхэг хувьцааг шилжүүлсэн асуудлыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлж өмчлөх эрхээ сэргээлгэсэн. Харин одоо шүүхийн шийдвэргүй боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгээр 287 ширхэг хувьцааг бусдын дансанд шилжүүлсэн хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, уг хууль бус үйлдлийн улмаас авч буцаан авч чадахгүй болсон 28700 ширхэг хувьцааны үнийг нэхэмжилж байна. Тавантолгой ХК-ийн хувьцаа нь 2011.6.30-ны өдрийн 186 тоот Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор нэг бүр нь 100 төгрөгийн үнэтэй 526 652 ширхэг хувьцааг нэг бүр нь 1 төгрөгийн үнэтэй 52.665.200 ширхэг энгийн хувьцаанд хуваах шийдвэр гаргасан бөгөөд энэ тогтоолын дагуу одоо миний бие одоо 28700 ширхэг хувьцааны өмчлөгч байх ёстой юм. Миний дансанд байсан хувьцааг Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн шийдвэрийн дагуу Д.Отгонтуяа гэж хүний дансанд шилжүүлж түүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн талаар сонсож байсан. Би Д.Отгонтуяа гэж хүнээс хувьцаа худалдан аваагүй, түүнтэй ямар нэг гэрээ, хэлцэл хийгээгүй болно. Д.Отгонтуяа гэж хүний эрхийг сэргээх шүүхийн шийдвэр гарсан байж болно. Тэрхүү шийдвэрийг ч төрийн байгууллага гүйцэтгэж болно. Гагцхүү энэ ажиллагаа хуулийн хүрээнд хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, Б.Батмөнх гэж хүний үнэт цаасны харилцах данснаас тэдэн ширхэг хувьцааг авч Д.Отгонтуяагийн дансанд хий гэсэн л шүүхийн шийдвэрийг хариуцагч гүйцэтгэх ёстой. Түүнээс биш таамгаар Д.Отгонтуяагийн хувьцаа Б.Батмөнхийн дансанд дамжин явсаар орсон байна гэж үзээд өөрсдөө шүүхийн эдэлдэг эрхийг эдлээд байж болохгүй. Үүнийг л би хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. Тавантолгой ХК нь 2008-2013 онд нэгж хувьцаанд тодорхой дүн бүхий ногдол ашиг хуваарилсан. Үүнд: 2008 онд нэгж хувьцаанд 18381 төгрөг хуваарилсан бөгөөд миний бие 287 ширхэг хувьцаа эзэмшиж байсан тул 5.275.347 төгрөгийн ногдол ашиг, 2009 онд нэгж хувьцаанд 55.000 төгрөгийн ногдол ашиг хуваарилснаас 287 ширхэг хувьцаанд ногдох ногдол ашиг 15.785.000 төгрөг, 2010 онд нэгж хувьцаанд 130.000 төгрөг хуваарилснаас 287 ширхэг хувьцаанд оногдох 37.310.000 төгрөгийн ногдол ашиг, 2011 онд нэгж хувьцаанд 1368 төгрөг хуваарилснаас нийт 28700 ширхэг хувьцаанд оногдох 39.261.600 төгрөгийн ногдол ашиг, 2012 онд нэгж хувьцаанд 151 төгрөг хуваарилснаас 28700 ширхэг хувьцаанд оногдох 4.333.700 төгрөгийн ногдол ашиг, 2013 онд нэгж хувьцаанд 766 төгрөгийн ногдол ашиг хуваарилснаас 28700 ширхэг хувьцаанд оногдох 21.984.200 төгрөгийн ногдол ашиг авахаар байсан. Иймд шүүхийн шийдвэргүйгээр харилцагч Б.Батмөнхийн 29-602616 дансанд 2008.11.05-ны өдөр халдаж Таван толгой ХК-ийн 287 ширхэг хувьцаа шилжүүлэх гүйлгээ хийсэн хариуцагчийн  үйлдлийг хууль бус болохыг тогтоож, үүний улмаас бусдын дансанд шилжсэн  хувьцааны үнэ  100.450.000  төгрөг, 2008-2013 онд Таван толгой ХК-иас тараагдсан ногдол ашиг болгон авах ёстой байсан 123.949.847 төгрөг, нийт 224.399.847 төгрөгийг  гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сангийн сайдын 2015.10.06-ны өдрийн 280 дугаар тушаал мөн сайдын 2016.4.13-ны өдрийн Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн хөрөнгө, өр төлбөрийг шилжүүлэх, хаалтын болон эхлэлтийн балансыг батлах тухай 139 дүгээр тушаалаар Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “ Арилжааны төлбөр тооцоо” ХХК  болсон. Дээрх тушаалтай холбоотой үүссэн ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараагүй байгаа тул Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийг тус хэргийн хариуцагч гэж үзэх үндэслэлгүй юм. Манай компани болон хуучин Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх болон уг эрхийг бусдад шилжсэнийг бүртгэх, үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагааг эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн өмчит хуулийн этгээд болно. Б.Батмөнх нь манай компанийн төвлөрсөн хадгаламжид 29-602616 дугаарын данстай бөгөөд уг дансанд хийгдсэн Таван толгой ХК-ийн хувьцааны зарлагын гүйлгээний хувьд, 1. 2007.10.17-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн арилжааны 129-р хэлцлээр 37 000 ширхэг хувьцааг худалдсан байна. 2. 2008.11.05-ны өдөр 287 ширхэг Таван толгой ХК-ийн хувьцааг Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 93 дугаар шийдвэр, 2008 оны 78 дугаар гүйцэтгэх хуудас, 2008 оны 223 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2008 оны 2/10136 тоот албан бичгийн дагуу иргэн Д.Отгонтуяагийн дансанд шилжүүлсэн.3. 2008.12.19-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 263 дугаар тогтоолын дагуу иргэн Д.Гансүхийн дансанд 83 ширхэгийг тус тус шилжүүлсэн. Нэхэмжлэгч Б.Батмөнх нь Таван толгой ХК-ийн 1000 ширхэг хувьцааны өмчлөх эрхийг сэргээлгэж, хувьцааг дансандаа буцаан байршуулахаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2009 оны 1721 тоот шийдвэр гарч, уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан Тавантолгой ХК-ийн 287 ширхэг хувьцааг манай компани нь дээр дурьдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны удаа дараагийн шаардлагаар иргэн Д.Отгонтуяагийн дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 25.1, компанийн ТУЗ-ийн 2009 оны 06 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх бүртгэх үйл ажиллагааны журам-ын 5.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн данснаас Таван толгой ХК-ийн 287 ширхэг хувьцааг иргэн Д.Отгонтуяагийн дансанд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2016/0954 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу хариуцагч "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"  ХХК-иас  нийт 158.820.347 төгрөгийг гаргуулан Б.Батмөнхөд олгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлээс 65.579.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 27 -ны өдрийн  312 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2016/0954 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хээлийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй  тул "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д холбогдох “...2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хувьцаа шилжүүлэх гүйлгээ хийсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хууль бус үйлдлийн улмаас шилжсэн "Таван толгой" ХК-ийн хувьцааны үнэ, ногдол ашиг нийт 224.399.847 төгрөг гаргуулах...” тухай Б.Батмөнхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Батмөнх 2007.04.12-ны өдөр 19 тоот хэлцлээр Таван толгой ХК-ийн 1500 ширхэг хувьцааг худалдан авч өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан бөгөөд энэ хэлцэл өнөөдөр хүчин төгөлдөр байгаа.  Д.Отгонтуяагийн 920 ширхэг хувьцааг худалдсан 2003.8.15-ны өдрийн 53 тоот хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бусад тооцохдоо бусд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах Д.Отгонтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Б.Батмөнхийн данснаас хувьцаа авч Д.Отгонтуяад шилжүүлэх тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Хувьцаа нь нэг бүрийн шинжээр тодорхойлогддоггүй төрлийн шинжээр тодорхойлогддог. Д.Отгонтуяагийн 920 ширхэг хувьцаа Б.Батмөнхийн дансанд 4 жилийн дараа шилжин орсон гэдгийг шүүх тогтоогоогүй бөгөөд тогтоосон шийдвэр байхгүй,үүнийг хариуцагч зөвшөөрдөг. Б.Батмөнх Д.Отгонтуяатай ямар нэг хэлцэл хийгээгүй, түүнээс хувьцаа авч байгаагүй зэрэг маш олон үйл баримтаар хариуцагчийн үйлдэл хууль бус болох нь нотлогддог. Гэтэл шүүх зүгээр "буруу болно" гэсэн хоёрхон үгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэв. Яагаад буруу гэж үзэж байгаа, 93 дугаар шийдвэрт Б.Батмөнхийн данснаас 287 ширхэг хувьцааг авч Д.Отгонтуяагийн дансанд шилжүүл гэсэн үг үсэг байхгүй байхад хувьцааг шилжүүлсэн хариуцагчийн үйлдлийг яагаад зөв гэж үзэж байгаагаа магадлалдаа дурдсангүй. Давж заалдах шатны шүүхийн үзэж байгаагаар шүүхийн шийдвэрт юу гэж бичсэн нь хамаагүй харин тэр шийдвэрийг хэрхэн биелүүлсэн гэдэг нь чухал гэж үзэж байгаа бололтой. Угтаа шүүхийн шийдвэрт яг юу гэж заасан байна түүнийг л биелүүлэх учиртай. Тэрнээс биш шүүхийн шийдвэрт заагаагүй асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлж байгаа нэрээр хууль зөрчин бусдын өмчлөх эрхэд халдах эрх хэнд ч байхгүй.  Хавтаст хэрэгт Б.Батмөнхийн  дансны хуулга нотлох баримтаар авагдсан бөгөөд уг дансны хуулгад 2008.11.05-ны өдөр "Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн шийдвэрээр хөрөнгө шилжүүлэв" гэсэн утгатайгаар гүйлгээ хийсэн байдаг. Энэ гүйлгээ хийгдсэнээр иргэн Б.Батмөнхийн 287 ширхэг Таван толгой ХК-ийн хувьцаа түүний өмчлөлөөс гарсан. Гүйлгээ хийх үндэслэл болсон 93 тоот шүүхийн шийдвэрт Б.Батмөнхийн данснаас 287 ширхэг хувьцааг авч Д.Отгонтуяагийн дансанд хийх талаар заалт байхгүй, ийм үүргийг хариуцагч байгууллагад даалгаагүй. Нэгэнт шүүхийн шийдвэрт байхгүй заалтыг хэрэгжүүлсэн нь тодорхой тул уг 93 тоот шийдвэрийг биелүүлсэн гэх хариуцагч тал гэм буруутай. Хариуцагч тал 93 тоот шийдвэрийг биелүүлэх нэрээр Б.Батмөнхийн данснаас гүйлгээ хийгээгүй бол Б.Батмөнхөд хохирол учрахгүй байсан. Дээрх нөхцөл байдал, нотлох баримтууд нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор

учирсан гэдгийг батлан харуулдаг.  Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 93-р шийдвэрийн дагуу Б.Батмөнхөөс гадна хоёр шударга хувьцаа эзэмшигчийн дансанаас тус тус 287 ширхэг хувьцааг авч Д.Отгонтуяагийн дансанд шилжүүлсэн. Шударга хувьцаа эзэмшигчийн нэг С.Өлзийхишиг мөн Б.Батмөнхийн адил өөрийн 287 ширхэг хувьцааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн хууль бус шийдвэрийн улмаас алдсан гэж үзээд өмчлөх эрхээ сэргээлгэхээр нэхэмжилсэн. Чингэлтэй дүүргийн шүүх 2010 онд 771 тоот шийдвэр гарган түүний өмчлөх эрхийг сэргээн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан. Яг адилхан Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 93 дугаар  шийдвэрийг биелүүлсэн гэх хариуцагчийн үйлдлийг шүүх хууль зөрчсөн гэж дүгнэн уг шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байхад давж заалдах   шатны   шүүх  уг шийдвэрээс өөр   дүгнэлт  хийж  хариуцагчийн гэм   буруу тогтоогдоогүй гэж иргэдийг ялган дүгнэж байгааг эс зөвшөөрч байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Б.Батмөнх нь "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...“Таван толгой” ХК-ийн 287 ширхэг хувьцааны үнэ 100.450.000 төгрөг, 2008-2010 оны ногдол ашиг болгон авах ёстой байсан 123.949.847 төгрөг нийт 224.399.847 төгрөг гаргуулах...” -г шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх хариуцагчаас хувьцааны үнэ 100.450.000 төгрөг, 2008-2010 оны хувьцаанд ногдох ногдол ашгийн төлбөр 58.370.347 төгрөг нийт 158.820.347 төгрөг гаргуулан Б.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийг үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. 

Давж заалдах шатны шүүх “..."Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д холбогдох нэхэмжлэл... баримтаар нотлогдоогүй... хариуцагч эрхээ хэрэгжүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгож, Б.Батмөнхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Б.Батмөнх 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн арилжаагаар "Дэлгэр хангай Секьюритиз" ХХК-иар дамжуулан "Таван толгой" ХК-ийн хувьцааг худалдан авч, өөрийн нэр дээрх дансанд байршуулсан нь нотлогдсон байна.

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн  93 дугаар шийдвэрээр 2003 оны 53 тоот хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг хэлцлээр шилжүүлсэн 920 ширхэг хувьцааны өмчлөх эрхийг сэргээж, хувьцааг буцаан байршуулахыг "Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д даалгасны дагуу албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудас бичигдэж, гүйцэтгэх бичиг баримт буюу хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 287 ширхэг хувьцааг иргэн Д.Отгонтуяад шилжүүлжээ.

Гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас хариуцлага хүлээхэд хууль бус үйлдэл, учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо байхыг шаардна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гэм буруутай үйлдэлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны, шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг  зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27 -ны өдрийн  312 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Билэгсайханы гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1.350.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ