| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2508033210874 |
| Дугаар | 2025/ДШМ/1347 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/1347
2025 11 28 2025/ДШМ/1347
С.Б-өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2315 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар эсэргүүцлийг үндэслэн С.Б-өд холбогдох 2508033210874 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн С-гийн Б-, .........,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 703 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД: С-/
Шүүгдэгч С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тахилтын замд Тоёота Камри ....ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: С.Б-ийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар С.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч С.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн тогтоолтой танилцаад шүүхийн шийдвэр эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан байна. Гэтэл шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Б-өд 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн байх ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор заасан нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2315 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. …” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Тахилтын замд Тоёота Камри .... ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэх заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/,
С.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтад буюу нүхэн гарцын наад талд байдаг Тоёота приус засварын хажууд байх дугуй засвар дотор найз Н-ий хамт Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво, айраг зэрэг хувааж уусан тэгээд 16 цагийн үед засварын газрын эзэн нь ирээд дугуй завсар дотор орж ирээд машинаа холдуул машинаа оруулах гэсэн юм гэхээр нь би өөрийн эзэмшлийн Toyota Camry маркийн .... ГАҮ улсын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийгээд хаалгыг чөлөөлж байтал Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсээс цагдаа ирээд таныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна гэсэн иргэнээс дуудлага ирсэн, түүний дагуу ирж байна гэж хэлээд миний унаж явсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулаад намайг машинд суулгаад шарын уулзварын байрлах пост дээр авч ирээд намайг драйгер багаж үлээлгэж шалгахад 3.83 хувийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх 30/,
жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх 11/,
2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийтгэвэр /хх 21-24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Б-ийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Прокуророос “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл бичсэнийг хүлээж авахаар шийдвэрлэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар С.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох”-оор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2315 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор П.Итгэлийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар эсэргүүцлийг хүлээж авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч С.Б-ийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 39 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2315 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар С.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар С.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон 39 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ