Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 325

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигин овогт Далхаасүрэнгийн Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811008250344 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, халх, 42 настай, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 124-р ангиад станцын дарга жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Далхаасүрэнгийн Д.Г /РД:,

 

Шүүгдэгч Д.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Түвшин-Ундраа хотхоны 60/4-р байрны 21 тоотод байрлах өөрийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 13 настай охин Г.Тэмүүлэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч М.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд явж түрүүлчээд 19 цагийн үед гэртээ ирж бууз жигнэж идэх гээд тавьчихаад хэвтэх гэж байтал унтсан байсан. Тэгээд утас дуугараад авсан чинь аав залгаад таксины мөнгө аваад ир гэж хэлсэн. Энэ үед гэр нил утаа болсон буузны ус ширгэж түлэгдсэн байсан. Тэгээд удаагүй байж байтал гаднаас аав орж ирээд гэр орноо шатаалаа гэж хэлчихээд таксины мөнгө аваад гарсан. Энэ үед би ээж рүү залгаад аав аймаар ууртай байна, бас архи уусан байна гэж хэлсэн. Тэгээд ээж утсаа чанга яригч дээр нь тавь гэж хэлсэн. Удалгүй аав гаднаас орж ирээд яах гэж гэрээ шатаах гээд байгаан гэж хэлээд надруу өмсөж явсан гутлаа тайлаад шидсэн. Тэгээд намайг булан руу шахаад жигнүүрээр миний баруун мөр орчимд цохисон. Тэгээд бас гараараа миний хамар руу цохиж, хөргөгч онгойлгоод тавагтай ааруул газар шидэж асгаад чи үүнийг түү гэж хэлээд миний нуруу руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №3403 дүгнэлтэд: Г.Тэмүүлэнгийн биед хамрын ясны далд хугарал, хамар, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." Дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Бадрал" гэжээ. /хх-ийн 25х/

Яллагдагч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...найз Батчулуунтай уулзаж хоёулаа ганц, ганц пиво, 1 шил 0,5 грамм архи хувааж уугаад салаад гэрлүүгээ ганцаараа ирсэн чинь охин Тэмүүлэн гэрээр дүүрэн хиншүү болгосон байхаар нь юу болов гэж асуутал "ааваа би бууз жигнэж байгаад унтсан байна" гэхээр нь "яахараа чи унтдаг юм" гээд охиныхоо нүүрэн тус газар 1 удаа цохисон чинь охин хажуугаар гараад "ааваа та унтаж амарч бай, би хоолоо хийчихээд таныг дуудъя" гэж хэлсэн тэгээд би охиноо буланд шахаад цохиж загинаад байж байсан чинь цагдаа орж ирээд намайг барьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.