Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/1154

 

2025              09            25                                                                     2025/ДШМ/1154

 

Б.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1838 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Н.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г-ад холбогдох эрүүгийн 2509000000826 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ю- овгийн Б-ийн Г-а, ........., /РД:Б-/;

Б.Г-а нь 2025 оны 04 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө 09 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б-” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Г.Н-г машин хааж тавьсан гэх шалтгаанаар маргалдан, таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүр хэсэгт цохиж, зодох зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн дал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-а нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-аас нийт 5,109,110 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Г.Н-д 2,827,110 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 2,282,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлуудаа баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г-а нь анхнаасаа гэм буруугаа хүлээж өөрийн үйлдсэн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлтэйгээ маргадаггүй ч өмгөөлөгчийн зүгээс хууль хэрэглээний хувьд маргаж байгаа. Болсон үйл явдлын тухайд: Б.Г-а нь өөрийн найзын хамтаар 04 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” шөнийн цэнгээний газар үйлчлүүлж байсан бөгөөд тус үйлчилгээний газраас гараад харахад Б.Г-ын машиныг өөр нэг машин мөргөж зогсож, гарах гарцыг нь хаасан байдалтай байхыг анх олж харсан. Улмаар тухайн машины жолоочтой утсаар холбогдож гарч ирсний дараагаар хоорондоо ярилцаж байх хугацаандаа маргалдаж эхэлсэн байдаг. Б.Г-а өөрийнх нь машиныг мөргөж зогссон машины жолоочтой маргалдаж байх хугацаанд Г.Н- нь шууд Б.Г-ын нүүрэн тус газарт цохисноор зодоон болсон байдаг. Хэсэг зодоон болсны дараагаар хамт байсан бусад найзууд гэх хүмүүс нь тэднийг салгаснаар тус тусын машинд суухаар салахаар болсон ба Б.Г-а нь газарт унасан байсан өөрийн хувцсаа авахаар тонгойх үед Г.Н- нь дахин Б.Г-ын араас довтолж, биед нь хууль бусаар халдаж дахин зодоон эхлүүлсэн байдаг. Энэ үед нь Б.Г-а нь Г.Н-гийн нүүрэн тус газарт цохисноор түүнд хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэх гэмтэл учруулсан байдаг. Хэдийгээр тухайн зодоон болсон цаг хугацаанд Б.Г-ын эрүүл мэндэд учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч шинжээчийн дүгнэлтээр Б.Г-ын биед хүзүү, зүүн тохой, шуу, өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн буглаганд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдсон ба энэхүү гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтээс үзэхэд Б.Г-ын биед удаа дараа халдсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Хууль хэрэглээний тухайд: Анхан шатны тойргийн шүүхээс Б.Г-ын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр маргалдагч талууд машин шүргэсэн болон хааж тавилаа гэх шалтгаанаар хоорондоо муудалцаж Г.Н- нь Б.Г-ыг эхэлж цохисоны дараагаар Б.Г-а нь хохирогчийн биед халдсан ба тухайн маргаан түүгээрээ дууссан. Хэсэг хугацааны дараа дахин 2 талаас муудалцаж Б.Г-ыг хохирогч руу дахин халдсан, олон удаагийн цохилтоор хохирогч руу довтолсон нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд тохирохгүй, харилцан бие биеийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй болно гэх дүгнэлтийг хийсэн. Хэсэг хугацааны дараа дахин 2 талаасаа муудалцаж гэх анхан шатны тойргийн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй буюу энэ нь хяналтын камерын бичлэг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна. Учир нь дахин маргалдах үндэслэлийг хохирогч Г.Н- бий болгосон буюу Б.Г-ын араас өөрийн идэвхтэй үйлдлээр дахин довтолсноос үүдэлтэй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчид гэм хор учруулах шууд санаа, зорилготой байхыг шаарддаг буюу хор уршиг хүргэхийг хүсэж үйлдсэн байдаг. Харин өөрийн эсхүл бусдын эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэн гэмт хэрэгт тооцохгүй байхаар мөн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

Аргагүй хамгаалалтын зохицуулалтад гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж тодорхойлсноор аргагүй хамгаалалтын үед хийж буй үйлдэл нь хууль бус байсан ч гэмт хэрэгт тооцохгүй байх ойлголт юм. Аргагүй хамгаалалт гэдэг ойлголтыг шүүхийн практикт зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс 2007 онд зөвлөмж гаргасан ба тус зөвлөмжид дурдсанаар Аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай бөгөөд идэвхтэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн хэдий ч бодит агуулгаараа төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдаг тул нийгэмд ашигтай үйлдэл мөн гэж, Аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн довтолгоон үйлдэж буй этгээдийн эсрэг халдагч этгээдийн эрх чөлөө, эрүүл мэнд, амь биед хохирол учруулах замаар хийдэг бөгөөд гэм хор нь хэлбэрийн хувьд эд хөрөнгийг нь устгасан буюу гэмтээсэн, бие махбодид нь гэмтэл учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан, амь насыг нь хохироосон байж болно гэж тус тус тайлбарласан. Хяналтын камерын бичлэгээс үзэхэд 2 дахь удаа муудалцаж байх хугацаанд Г.Н-гийн довтолж буй үйлдэл дуусаагүй үргэлжилж байх үед түүний нүүрэн тус газарт цохиж гэмтэл учруулсан нь довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй гэх нөхцөлд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл довтолгоо төгссөний хойно бус довтолгоо үргэлжилж байх хугацаанд гэмтэл учруулсан байна. Тиймээс анхан шатны тойргийн шүүх аргагүй хамгаалалтын зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул өмгөөлөгчийн зүгээс энэхүү давж даалдах гомдлыг гаргасан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Б.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг аргагүй хамгаалалт хэрэглэсэн болох нь хэргийн үйл баримт болон нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Анхан шатны шүүх аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй талаараа шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

2.1. Шүүгдэгч Б.Г-а 2025 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 09 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Г.Н-г машин хааж тавьсан гэх шалтгаанаар маргалдан, таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:    

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл “караокены гадна бусдад зодуулсан” гэх /хх05/,

- хохирогч Г.Н-гийн: “...2025 оны 04 дүгээр сарын 19-ний шөнийн 03 цагийн үед ... машин хааж тавьсан гээд маргалдсан. Манай найз уучлалт гуйгаад байхад нэг залуу агсраад байсан. Би очоод наадах чинь уучлалт гуйгаад байхад яах гээд байгаа юм бэ гэхэд тэр залуу намайг нүүр хэсэгт олон удаа цохисон...миний хамраас цус гараад байсан дуудлага өгсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн, миний хамрын яс хугарч, таславч мурийсан байсан. Бүгд согтуу байсан, өөр цохиж зодсон зүйл байхгүй.” /хх10-11, 13-14/,

- гэрч Х.Н-ын “...тухайн үед найз Н-, Л- нарын хамт гарсан. Гадаа машин хаагаад тавьсан байсан ба бид уучлалт гуйсан, нэг залуу нь гайгүй, нэг өндөр залуу нь цамцаа тайлаад үзье гээд байсан. Н- тэр залуугийн зүүн мөр хэсэгт нь зөөлөн түлхэж, уучлаарай гээд хэлээд байна гэхэд тэр залуу гэнэт Н-г доошоо дарж байгаад баахан цохисон. Тухайн залууг бид нар цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх17/,

- гэрч Б.Б-ын: “... найз Г-ын хамт байсан, машин руу очиход ард наагаад машин хаагаад тавьсан байсан ба Г-а зургийг нь аваад, гар утсаа 2-3 удаа дуудуулж авсан, Г-а дуудлагын жолооч дуудсан. Энэ хооронд залуус гарч ирсэн ба машин хааж тавьсан, мөргөсөн байж гарч ирэхгүй удлаа гэж Г-а хэлсэн. Цаанаас өндөр залуу гарч ирээд “аймаар эвдрэл болсон юм байна” гээд инээж, тавлаад байсан, тэгээд маргаан эхэлсэн...Машины цаана зодуулсан гэх залуугийн 2 найз нь манай найзыг үгийн зөрүүгүй унагааж, өшиглөхөд надтай юм ярьж байсан залуу бид 2 салгасан, тэд уучлалт гуйгаад байсан, Г-а цохиуллаа гэж уурласан. Тэр залуус машин руугаа явж байхад машины ойролцоо зогсож байсан өндөр, махлаг залуу нь Г-ыг гараараа цохисон, зөрүүлээд Г-а тухайн залууг цохиж, хамраас нь цус гарсан, зодоон зогссон...” /хх-22/,  

- шинжээчийн дүгнэлт: “...Г.Н-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн дал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ... хөнгөн зэрэг... хамар, зүүн дал цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-25-26/,

- Лазер мед эмнэлэг компьютер томографийн шинжилгээ “... хамар ясны зүүн хажуу хана хугаралтай, хамрын таславч мурий...” /хх27/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Г.Н- нь Б.Г-ын нүүр хэсэгт цохиж байх ба Б.Г-а нь зөрүүлээд цохиж байх ... Б.Г-а нь хэд хэдэн удаа цохиж маргалдаж зодолдож байх ба хажууд байсан хүмүүс салгаж байх ба хяналтын камерын бичлэгээс гарч байсан... Г.Н- нь Б.Г-а дээр очиж маргаан болж камерын хяналтаас гарч эргээд орж ирэхэд Б.Г-а нь Г.Н-г цохиж байхыг харуулав /хх-44-55/,

- шүүгдэгч Б.Г-ын “...Би бол машин холдуулаач, хүний машиныг ингэж мөргөж тавьж болдог юм уу гэхэд тэнэг бацаан минь юу яриад байна, ална шүү гэх үед нь би нас ойролцоо учраас тэрийг хүлээж авах шалтгаан байгаагүй, хууль ёсны шаардлага тавьсан...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй, нүүрэнд нь 3-4 удаа цохисон, цээжинд цохиогүй...Миний биед хохирогч, түүний найз гэх 2 залуу халдсан, би газарт унаж, зодуулаад, миний подволк урагдсан...Би босч ирээд машинаа холдуулчих гэж шаардсан, газраас подволк авах хооронд хохирогч араас миний өгзөг рүү өшиглөөд, зодсон тул тухайн үед миний хариу үйлдэл гарч,  хохирогч гэх этгээдийн хамар руу цохисон...гэх мэдүүлэг /хх-66/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.         

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.

Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хууль, шүүх эмнэлгийн шинжилгээ хийх болон гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан үндэслэл, шалгуур шаардлагад нийцүүлэн дүгнэлтээ гаргасан болохыг үгүйсгэн няцаах үндэслэлгүй.       

Хохирогчид эрх, үүргийг нь сануулсан байх бөгөөд түүний мэдүүлэг тогтвортой, эх сурвалж нь хамаарах бусад баримт, сэлт мэдээллээр нотлогдсон, зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Тийм учраас, хохирогчийн эрүүл мэндэд тухайн гэмтлийг шүүгдэгчээс өөр этгээд учруулаагүй, өөр бусад шалтгаанаар тус гэмтэл үүсээгүй болох нь хангалттай нотлогдсон гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж, түүний нотлогдсон байдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.         

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй /хх-01-03, 29, 31-32, 33, 61, 67, 82, 91, 95, 126/ байгааг тэмдэглэх нь зүйтэй.    

2.2. Хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтуудын хүрээнд: тухайн хэргийн болж өнгөрсөн нөхцөл байдал буюу оролцогч нарын хооронд маргаан гарах болсон шалтгаан нөхцөл, түүнээс улбаалан үүссэн маргааны өрнөл, үйлдэл хэрэгжсэн дэс дараалал зэргийг харьцуулан шалгахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүх, прокурорын дүгнэлтийг үгүйсгэн няцаах боломжгүй болно.

Тодруулбал, тус хэрэг үйлдэгдэх шалтгааны хувьд хохирогч нь автомашинаа зогсоолд байрлуулахдаа шүүгдэгчийн автомашиныг хааж, тулгаж тавьсан байх бөгөөд тэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үл ойлголцож, харилцан маргалдсан, энэ явцад хохирогчийн 2 найз гэх этгээд анх Б.Г-атай маргалдан, зодолдсон байх боловч тус үйл явдал таслан зогсоогдож, улмаар тэд харилцан уучлалт гуйсны дараа хохирогч Г.Н- нь автомашинаа холдуулчих гэх Б.Г-ын шаардлагыг  биелүүлээгүй, автомашиных нь араас мөргөснийг зөвшөөрөөгүйн улмаас дахин маргалдаж зохисгүй харьцсан, улмаар хэн аль нь илүү хүч чадалтай болохоо харуулах зорилгоор харилцан хүч хэрэглэхээр заналхийлж, зодолдсон байх ба Б.Г-ын зүгээс хохирогчийн хамар хэсэгт гэмтэл учруулсан үйлдэл хийснээр тухайн үйл явдал төгссөн зэрэг үйл явдлаас үзэхэд шүүгдэгч Б.Г-ыг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу тухайн нөхцөлд хохирогчийн зүгээс тулгарсан аюултай довтолгоон хийсэн гэж үзэх үндэслэлгүй.  

2.3. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан 2025 оныг 2024, 2025 гэх мэтээр буруу, алдаатай бичсэн байгааг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй. 

3. Харин тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардлыг шийдвэрлэхдээ хууль ёсны баримтад үндэслээгүй байна.

Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 339.800 төгрөг нэхэмжилсэн байх тул зохих хууль зүйн үндэслэл, баримтгүйгээр 2.282.000 төгрөг гаргуулах боломжгүй гэж үзнэ.

Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас эм тариа, эмчилгээний зардалд нийт 2.827.110 төгрөг нэхэмжилсэн, зарим баримт гаргасан байх боловч хэвтэн эмчлүүлсэн 2.275.760 төгрөг, эм тарианы 57.450 төгрөг, 35,000 төгрөг /хх-36-37/ нийт 2.368.210 төгрөгийг хангаж, харин ямар эм тариа авсан нь тодорхойгүй 150.000 төгрөг, мөн эмчийн жоргүй буюу хууль ёсны баримтгүй 308.000 төгрөгөө иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.       

5. Иймд, дээрх үндэслэлийн хүрээнд: Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэгийн давж заалдах журмаар гаргасан “аргагүй хамгаалалт хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1838 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтын: “...шүүгдэгч Б.Г-аас нийт 5,109,110 төгрөгийг гаруулж, үүнээс хохирогч Г.Н-д 2,827,110 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 2,282,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлуудаа баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг “...шүүгдэгч Б.Г-аас нийт 2,708,010 төгрөгийг гаруулан, үүнээс хохирогч Г.Н-д 2,368,210 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 339,800 төгрөгийг тус тус олгож, хохирогч, иргэний хариуцагч  нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлуудаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.   

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.      

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.     

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Л.ДАРЬСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

   ШҮҮГЧ                                                                      Г.ГАНБААТАР