| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0459/Э |
| Дугаар | 478 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Ц.Агваандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овгийн Нямсүрэнгийн Н.Х-д холбогдох эрүүгийн 201725031031 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж овгийн Н.Х, 1970 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалант 40 дүгээр гудамжны 681 тоотод оршин суух хаягтай,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлж 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Н.Х нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Ариунболдтой маргалдаж, улмаар зодож Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хүнийг нүдгүй болгочхоод мөнгөөр хэмжиж болохгүй. Хохирогч 2.600.000 төгрөг нэхэмжилсэн боловч би хашаа байшингаа шилжүүлэн өгсөн байгаа. Зарахад 10-15 сая төгрөг орчим болно. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч З.Ариунболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 16-ны өглөө миний бие 09 цагийн үед хороололд байх ажлын байр зайрмагийн үйлдвэрийн харуулын ажлаас буугаад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын их дэлгүүрийн ард байх байранд найз Эрдэнээгийн гэрт ганцаараа очсон. Эрдэнээгийн гэрт очиход Н.Х, Эрдэнэ нар байсан. Тэгээд бид 3 Эрдэнээгийн гэрт 0.5 литрийн архи авч уусан. Эрдэнээгийн гэрт байж байтал 13-14 цагийн хооронд гаднаас Жавхаа ирсэн. Эрдэнээгийн гэрээс Жавхаа, Н.Х бид гурав гарсан. Тэгээд Эрдэнээгийн гэрээс Жавхаа, Н.Х бид гурав алхаад Гандангийн зүг алхсан. Тэгтэл Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Найман шарга худалдааны төвийн орчим явж байтал Н.Х Жавхаагийн хүзүүн тус газар нь барьж явсан ундааныхаа саваар цохисон. Би яаж байгаа юм гэтэл Н.Х гараараа миний нүүрэн тус газар цохисон. Би Н.Хтай барьцалдаад авсан. Тэгтэл Н.Х эвлэрье гээд тэвэрсэн. Би Н.Хыг эвлэрч байна гээд тэвэртэл миний баруун чихнээс Н.Х хазсан. Би яаж байна гээд Н.Хыг өөрөөсөө холдуулж түлхээд баруун чихээ бариад доошоо тонгойтол Н.Х нь хөлөөрөө миний нүүрэн тус газар буюу баруун нүд орчим 2 удаа өшиглөсөн. Нүдрүүгээ өшиглүүлтэл цус гарсан. Би юм харж чадахгүй болсон...” гэжээ /хх-15-16/.
Гэрч Д.Жавхаа мэдүүлэхдээ: “...Н.Х уурлаад бариад явж байсан устай 2.5 литрийн хэмжээтэй кола ундааны саваараа миний шилэн хүзүү рүү 1 удаа цохисон. Энэ байдлыг Ариунболд хараад Н.Хд чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь Н.Х үгийн зөрүүгүй шууд Ариунболдын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би салгаад Н.Хыг яв гээд цааш явуулсан. Ариунболд бид 2 үлдээд зогсож байтал Н.Х 5-6 алхаад эргэж Ариунболд дээр ирснээ уучлаарай, больё оо эвлэрье гэсэн. Ариунболд тэгмээр юм даа гээд Н.Хтай эвлэрч тэврэлдсэн. Тэгтэл Н.Х тэврэлдэнгүүтээ Ариунболдын баруун чихийг нь хазсан ба Ариунболд ёо ёо чих хазчихлаа гэж хашгирахаар нь би Н.Хыг араас нь татсан. Н.Х гараа тавиад хойшоо болсон бөгөөд Ариунболд ёо ёо гээд чихээ дараад доошоо суутал Н.Х Ариунболдын нүд рүү 1 удаа өшиглөсөн...” гэжээ /хх-18-19/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №6591 дүгээр дүгнэлтэд:
“1. З.Ариунболдын биед баруун нүдний алим авах мэс заслын дараах байдал, баруун нүдний алимны доргилт, эвэрлэгийн урагдал, шиллэг бие болон судаслаг бүрхүүлийн хавчигдал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.31.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 % алдагдуулна.” гэжээ /хх-25/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-112/, хохирогч З.Ариунболдын өвчний түүх /хх-92-119/, хохирогчийн эмчилгээний зарцуулсан баримтын товъёог, баримтууд /хх-216-226/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-227/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-228/, хохирогч З.Ариунболдоос шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн ажлын байрны тодорхойлолт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд Н.Хттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Х нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Ариунболдтой маргалдаж, улмаар зодож Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Н.Хыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч З.Ариунболдоос шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...З.Ариунболд Н.Хаас хохирлоо бүрэн дүүрэн барагдуулж авсан болно. Дахин нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж, Н.Хд хөнгөн ял оногдуулж өгнө үү. Надад гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Н.Хыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэв.
Шүүгдэгч Н.Х-ын цалин, орлого олох боломж болон хувийн байдлыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Хын энэ хэрэгт цагдан хоригдсон 119 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр тооцож, эдлэх ялаас хасч шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээх, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.11, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жалайр овгийн Нямсүрэнгийн Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д 11.000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Х-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 119 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр тооцож, эдлэх ялаас хасч, төлбөл зохих ялыг 9.215.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хын торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч Н.Х нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээх, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Н.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН