| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2409010190374 |
| Дугаар | 2025/ДШМ/1155 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1155
М.Л-, Э.П- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Чимэдцэеэ,
хохирогч Г.Т-,
яллагдагч М.Л-, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр,
яллагдагч Э.П-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/5135 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч М.Л-ын өмгөөлөгч Г.Ганбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Л-, Э.П- нарт холбогдох эрүүгийн 2409010190374 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн М-ын Л-, ............, ял шийтгэлгүй, /РД: М-/;
А- овгийн Э-ы П-, ........., ял шийтгэлгүй, /РД: Э-/;
Э.П- нь 2024 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нийслэлийн түргэн тусламжийн төвийн орчимд хохирогч Г.Т-ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Э.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар: “хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж, хэргийг анхан шатны журмаар гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэж, хохирогч Г.Т-ын мэдүүлэг /хх109-110/, дахин өгсөн мэдүүлэг /хх160-161/ ... 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “...27 грамм цагаан алт, кулон хэсэг дээрээ байгалийн очир алмазан шигтгээтэй” гэх эд зүйлийн үнэлгээг хийлгэхээр шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол үйлдэгдсэн /хх99/ энэ дагуу шинжээч томилогдсон эсэх, дүгнэлт гаргах боломжтой эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн тодорхойгүй байна. Хохирогч Г.Т- нь эд зүйл нь алга болсон, хувцас урагдсан, автомашины толийг эвдэлж гэмтээсэн талаар мэдүүлгүүдийг удаа дараа тогтвортой мэдүүлж, гомдолтой хохирлоо нэхэмжлэх талаар ч мэдүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар тайлбар гарган оролцсон байна. Хохирогч Г.Т-ын эд зүйл устаж, гэмтсэн нөхцөл байдал тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед бий болсон эсэх, ямар эд зүйлсэд ямар хохирол учирсан, хэн устгаж, гэмтээсэн, үрэгдүүлсэн болох талаар нотолбол зохих бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэн нотлогдохуйц байдлын хэр хэмжээг тогтоох нь зүйтэй. Эд зүйлс устгаж, гэмтээсэн үйлдэл нь тусдаа бие даасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юу эсвэл гэмт хэрэг үйлдэгдэх явцад бий болсон бие даасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй үйлдэл байсан уу гэдгийг шалган тогтоож, шаардлагатай бол буруутай этгээдийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт яллагдагчаар татах үндэслэл байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай юм... Шинжээчийн дүгнэлтэд хохирогч Г.Т-ын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирсан талаар тусгажээ. Ингэхдээ гэмтэл үүссэн байж болох механизмын талаар дурдаагүй байна. Иймд шинжээчээс мэдүүлэг авч гэмтэл үүсэх механизмуудыг тогтоох боломжтой эсэх зэргийг тодруулах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6 дахь заалтад тус тус заасан нотолбол зохих байдлыг нотлох ач холбогдолтой болно.” гэсэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцаажээ.
Яллагдагч М.Л-ын өмгөөлөгч Г.Ганбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь хохирогч Г.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүддээ хохирлоо нэхэмжилнэ гэж хэлсэн боловч хохирогчийн мэдүүлэгтээ хэлээд байгаа эд зүйл алга болсон нь тодорхойгүй бөгөөд тухайн эд зүйлийг хохирогч зүүж явсан эсэх, хохирогчид тийм эд зүйлүүд байсан эсэх тодорхойгүй, эд зүйлийг анх худалдаж авч байсан гэх баримтыг хэрэгт хохирогч өөрөө гаргаж өгч нотолж чадаагүй юм. Мөн шинжээч нь эд зүйлийн гэрчилгээг харахгүйгээр дүгнэлт гаргах боломжгүй юм. Хохирогч нь Г.Т-ын цагаан алт, кулон хэсэг дээрээ байгалийн очир алмазан шигтгээтэй зүүлт гэж мэдүүлсэн нь үнэхээр цагаан алт зүүж байсан уу, эсвэл мөнгөн эдлэл зүүж байсан уу эсэх нь тодорхойгүй байхад энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна... Мөн шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сэргэлэн шинжээчээс мэдүүлэг авахаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй юм. Учир нь шинжээч эмчээс мэдүүлэг авах ажиллагааг шүүх хуралд авч болох байтал шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж хэргийг прокурорт буцаасан үндэслэлгүй байна. Шинжээч эмчийг гэм буруугийн шүүх хуралдаанд мэдүүлэг авч шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан асуудлыг тодруулах боломжтой учир мэдүүлэг авахаар урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргасан юм.
Иймд дээрх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шуух хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Яллагдагч М.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.
Яллагдагч Э.П-ын өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Ганбаярын гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.
Яллагдагч Э.П- тус шүүх хуралдаанд: “Тайлбар байхгүй” гэв.
Хохирогч Г.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ойлгосноор цагаан алт алга болсон асуудал дээр шинжээч томилж, шинжээчийн зардал 2,000,000 төгрөг болсон бөгөөд энэ зардал төлөгдөөгүй байгаа. Шинжээч цагаан алтны үнийг 47,000,000 төгрөг гэж зах зээлийн үнийг гаргасан. Би мэдүүлэг өгөхдөө фото зураг баталгаажуулж өгсөн. Үүнээс гадна хувцас, унаж явсан Mercedes-benz загварын машины толь эвдэрсэн. Энэ асуудлыг шалгах ёстой гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх 2 үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн бөгөөд дээрх үндэслэлүүд хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирогчийн “Э.П- машины толийг өшиглөсөн” гэх мэдүүлгийг иш татаж, хохирогчийг тогтвортой мэдүүлсэн гэж дурдсан. Хэрэгт цугларсан баримт, хохирогчийн мэдүүлгээс үзэхэд тогтвортой мэдүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Жишээлбэл, энэ хэрэг 2024 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гарсан. 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авах гэхэд “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гээд өгөөгүй. Үүнээс хойш 2 сар гарангын дараа 2024 оны 05 дугаар сард мэдүүлэг өгөхдөө эд зүйл алга болсон талаар мэдүүлээгүй. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дахин мэдүүлэг өгөхдөө “хүзүүний зүүлт, мөнгөн эдлэл алга болсон” гэж мэдүүлсэн. Шүүх хуралдаан дээр шүүгч “таны машины толийг хэн хугалсан бэ” гэж асуухад “М.Л- хугалсан” гэж хариулсан нь 2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар талын дээрээсээ 3 дахь мөрөнд тодорхой бичигдсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр талд хохирогчийн 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгт “толийг Э.П- өшиглөж, салгаад, гараараа татаж, хугалсан. М.Л- хувцас, гинжийг алга болгосон” гэж мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлгүүд бүгд зөрүүтэй байдаг. Хавтаст хэрэгт цугларсан баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт гаргахад шинжилгээний объект шаардлагатай бөгөөд хохирогчоос үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөхийг хүссэн боловч өгөөгүй. Шүүх хохирогчийн биед учирсан гэмтлийг ямар механизмаар үүсгэгдсэн болохыг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Шинжээч, гэрчийг оролцуулах үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр хохирогч өөрт учирсан хохиролтой холбоотой баримтуудаа гаргаж өгч, мөн гэмтэлтэй холбоотой асуудлыг тодруулах боломжтой гэж үзэж байна. Тиймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ яллагдагчийн өмгөөлөгч Г.Ганбаярын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны хүрээнд нэг мөр, эргэлзээгүй, бүрэн тогтоох үндэслэл, шаардлага үүссэн байна.
1.1. Хохирогч Г.Т-ын эд хөрөнгөд хохирол учирсан эсэхэд хамаарах тусгай мэдлэгийн болон бусад нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж бэхжүүлэх, хянан шалгахгүйгээр таамаглах байдлаар үйл баримтын дүгнэлтийг шүүхээс хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Тус хэрэгт “эд хөрөнгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоолгохоор...” шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол /1хх99/ авагдсан боловч шинжээчийн дүгнэлт авагдаагүй байна.
Тийм учраас, хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан “тухайн хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд нотолж ирүүлээгүй, шүүгдэгч нарын хохирогчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл байгаа эсэхэд хамаарах буюу нотолбол зохих байдлыг эргэлзээгүй тогтоох, дүгнэх” агуулга бүхий үндэслэлийг үгүйсгэх боломжгүй.
Харин хохирогчийн эрүүл мэндийн талаарх шинжээчийн дүгнэлт дэх маргаан бүхий асуудлыг шинжээч томилох, оролцуулах замаар шийдвэрлэх боломжтой болно.
1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: Прокурор, мөрдөгч нь хэргийн бодит байдал буюу яллах ба цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, энэ хүрээнд аливаа нотлох баримтын нотолгооны чадвар, стандарт шаардлага хангагдсан эсэх болон хэргийн бодит байдалд эргэлзээтэй, зөрүүтэй байдал үүсгэсэн эсэхийг нягтлан шалгахгүйгээр урьдчилан төсөөлөх байдлаар хөдөлбөргүй үнэн гэж тооцох ёсгүй болно.
Тус шийдвэрт тодорхой дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/5135 дугаар захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч М.Л-ын өмгөөлөгч Г.Ганбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Яллагдагч М.Л-, Э.П- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/5135 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч М.Л-ын өмгөөлөгч Г.Ганбаяр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР