Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01604

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01604

 

 

 

 

 

 

У.Э

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01549 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.Э хариуцагч ЖСАМХХК-д холбогдох далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн механикийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ганчөдөр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандинчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У.Э  миний бие 2019 оны 11 сарын 08 ны өдрөөс ЖСАМХХК д хэрэгжиж буй ОТ, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн механикийн ахлах мэргэжилтний ажлын байранд туршилтын 2 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ажилд орсон өдрөөсөө ажиллах бэлэн байдлаа бүрэн хангасан боловч ажил олгогчийн зүгээс гэрээнд заасан ажлын байраар хангаагүй, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтонд зааснаас өөр нөхцөлд ажил үүрэг гүйцэтгүүлж байсан. Миний мэргэжил ур чадвар бусад нөхцөл байдлыг дүгнэх хэмжээний ажил үүрэг гүйцэтгүүлээгүй. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 06 ны өдөр GCRM-L19-86Б тоот албан бичгээр ... таны туршилтаар ажиллаж байгаа OT, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төсөл SP3 хэсэгт ЖСАМХХК ажиллахааргүй болоод байна. Иймд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар цаашид сунгагдахгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 08 ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл өгсөн. Ингээд 2020 оны 01 сарын 07 ны өдөр GCRM O-20-Б/028 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргасан. Иймд ОТ, далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн механикийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Оюун- Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Туршилтын хугацааг шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т тусгасан байдаг боловч ажил олгогчоос туршилтын хугацаа хэрэглэх ажлын байрны жагсаалтыг ажил олгогч урьдчилан тодорхойлсон байх шаардлагатай.  Хөдөлмөрийн гэрээ байгуулахад туршилтын хугацаа хэрэглэж болох боловч туршилтын хугацаагаар ажлаас чөлөөлөх нөхцөл нь тухайн ажил албан тушаал дээр мэргэжил ур чадвараар тэнцэх эсэхийг туршилтын журмаар шалгаж дүгнэхийг илэрхийлсэн ойлголт. Гэтэл ажил олгогч байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон мэдэгдэл өгсөн үйл баримтаас харахад нэхэмжлэгчийг ажлын байранд мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа гэж үзээгүй бөгөөд тухайн ажиллаж байсан ажлын байр байхгүй болж байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцлах болсноо мэдэгджээ. Нэхэмжлэгч нь ямар нэгэн нэгэн алдаа дутагдал гаргаагүй. У.Э хувьд ажилгүй байсан 4 сар 108 хоногийн хугацааны цалин хөлсөнд 34 421 630 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

           Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Манай компани барилга угсралт уул уурхайн чиглэлийн төслийн ажил гүйцэтгэдэг компани бөгөөд Оюу толгой ХХК-ийн төслийн талбайд хамтран ажиллаж байгаа. Барилга угсралт уул уурхайн салбар бол нарийн мэргэшлийн өндөр ур чадвар шаардсан хариуцлагатай ажил байдаг. Компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинэ ажилтантай 3 хүртэл сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулдаг. Хэрэв туршилтын хугацаа дууссаны дараа ажилтныг үнэлээд тэнцэхгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болдог. Энэ нь Оюу толгой ХХК-ийн төслийн үйл ажиллагаанд удирдлага болдог хүний нөөцийн бодлого, зарчимд нийцсэн байдаг. Ингээд У.Этай 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2 сарын

туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  туршилтын хугацааны үнэлгээг хийж,  У.Э өөрөө ч мөн хүлээн зөвшөөрсөн тул гарын үсэг зурж баталгаажуулсан. Тиймээс 2020 оны 1  сарын 07-ны өдөр зохих журмын дагуу компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай гүйцэтгэх захирлын тушаалыг гардуулсан. Гүйцэтгэх захирлын уг тушаал үндэслэл бүхий болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонжаргал болон өмгөөлөгч Б.Нандинчимэг нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгчийн ажлын байр нь  ОТ3А гэж нэрлэж заншсан Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төсөлд хамаардаг. У.Этай 2 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3, 231 -т заасантай бүрэн нийцдэг. У.Э ажиллаж байсан ОТ3А төсөл нь гэрээт ажлын бүрэлдэхүүн хэсэг 1, 2, 3, 4 / SP1, SP2, SP3, SP4 / гэсэн хэсгээс бүрддэг. Түүнийг ажиллаж байх хугацаанд Оюу толгой ХХК-ийн зүгээс уг төслийн sp3 хэсгийг бүхэлд нь,  SP 2 хэсгийн дийлэнхийг компаниар гүйцэтгүүлэхгүй болсон талаар удаа дараа яриа хэлэлцээрүүд хийж албан захидлууд хүргүүлсэн. Ийнхүү компанийн гүйцэтгэж буй ажлын нилээд хэсэг цуцлагдаж, цар хүрээ огцом багассан тул холбогдох санхүүжилт хасагдах болсон. Иймд компани нь төсөл дээрээ ажиллах хүчээ анхны төлөвлөж байснаар нэмэгдүүлэх шаардлагагүй болсон бөгөөд энэ тухай У.Эд цаг алдалгүй мэдэгдсэн байдаг. У.Э хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон  гол үндэслэл нь түүний туршилтын хугацааны үнэлгээний дүн байсан. Шинэ ажилтныг сонгон шалгаруулах дасан зохицуулах тухай журмын 4.2-т заасны дагуу туршилтын хугацаагаар ажилд орсон ажилтныг албан тушаалдаа тэнцэх эсэхийг албан ёсоор үнэлж цаашид үндсэн ажилтнаар ажиллуулах эсэхийг шийддэг. Хэрэв шинэ ажилтан авбал зохих 75 онооноос 59 буюу түүнээс доош оноогоор үнэлэгдсэн бол ажилтныг жинхлэхгүйгээр журмын 4.3 болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох журмын 4.3.1-д зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгодог. Ингээд У.Э туршилтын хугацааны үнэлгээг шууд болон дээд удирдлагууд нь түүний сүүлд гарсан ростерийн төгсгөлд буюу 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байдаг.

 

У.Э багаар ажиллах чадвар, хувийн зохион  байгуулалт, удирдлагатайгаа харьцах харьцаа, ажлын хуваарь мөрдөх, ажлын чанар, бүтээмж, мэдлэг, ур чадвар, идэвхи санаачилга, потенциал зэрэг үзүүлэлт нь хангалтгүй буюу 75 онооноос 49.5 оноогоор дүгнэгдсэн. Шинэ ажилтныг сонгон шалгаруулах журмын  босго оноонд хүрээгүй юм. У.Э ч уг үнэлгээг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. У.Э нь ажиллаж байх хугацаандаа удаа дараа хувийн шалтгаанаар чөлөө авч, компанийн ажилчидтай зүй зохисгүй харьцдаг ёс зүйн алдаа дутагдал их гаргадаг байсан гэжээ.

 

  Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дах хэсэгт зааснаар  У.Эг  ЖСАМХХК-ын Оюу Толгой, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний  ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ЖСАМХХК-аас  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34 421 630 / гучин дөрвөн сая дөрвөн зуун хорин нэгэн мянга зургаан зуун гуч/ төгрөг гаргуулж У.Эд олгож,  цалинд тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх цалинд ногдох шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Жи Си Ар МонголиаХХК -иас 330 058 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ганчөдөрийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч компани нь уул уурхайн салбарт барилга угсралтын чиглэлээр ажилладаг бөгөөд уг салбар нь тусгай, мэргэжлийн, өндөр ур чадвар шаардсан хариуцлагатай ажил байдаг. Компанийн хувьд хэдийгээр хүнд байдалд орсон ч үргэлжлүүлэн ажиллуулж, цалин хөлсийг бүрэн олгож, гэрээний үүргээ биелүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ростерийн амралтынх нь өмнө буюу төслийн талбайд ажиллах сүүлийн өдөр нь нэхэмжлэгчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага нь уг албан тушаалд тохирох эсэх талаарх төслийг удирдаж буй менежер болон түүнийг шууд удирдан ажиллаж байсан удирдлагууд үнэлж шийдвэр гаргасан. Энэ үнэлгээгээр нэхэмжлэгчийг компанид үндсэн ажилтнаар ажиллуулахад тохирохгүй болсон нь тодорхойлогдсон тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох болсныг үнэлгээний хуудаст зааж, түүнд танилцуулсан. Ингээд гэрээ дуусахад 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал гарч нэхэмжлэгчид гардуулсан. 2 сарын хугацаанд нэхэмжлэгчийн уг албан тушаалд тохирох эсэхийг шалгаж тохирохгүй гэж үзсэн тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, цаашид сунгагдахгүй нөхцөл байдал үүссэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, компанийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох журмын 4.3.1-т заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон. Үүнээс гадна төслийн цар хүрээ огцом багассан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар гэрээг дуусгавар болгох шалтгаан болсон. Шүүх ажилтныг үнэлсэн үнэлгээ болон бусад нөхцөл байдал, тэдгээрийг нотлох баримтуудыг үнэлж үзэлгүйгээр У.Эг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэгэнт хугацаа нь дуусгавар болж буй хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас нь халах шаардлагагүй байсан. Түүнчлэн шүүгчийн дүгнэсэн шиг тушаалын үндэслэл болгосон хуулийн болон журмын зохицуулалт нь тушаалын агуулгатай тохирохгүй зүйл байхгүй. Мөн шүүхээс компанийг ажилтанд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тухай мэдэгдээгүй гэж үзсэн нь бодит үнэнд үл нийцэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байж чадаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлд тухайн ажлыг гүйцэтгэхэд ажилтан тохирох эсэхийг шалгаж, үндсэн ажилтан болгох эрхийг ажил олгогчид олгосон байдаг. Компанийн эрх бүхий этгээдээс У.Эг туршилтын хугацаанд ажил үүрэгтээ тохирохгүй байна гэж үзсээр байтал шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоох буюу үндсэн ажилтнаар авч ажиллуулахыг даалгаж байгаа нь компанийн ажилтнаа сонгон шалгаруулж авах, хүний нөөцийн бодлогоо тодорхойлох, гэрээний талаа чөлөөтэй сонгох эрхэнд халдсан хэрэг гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлээгүйн улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч У.Э нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгчийг 2019 оны 11 сарын 08 ны өдрөөс ЖСАМХХК-д хэрэгжиж буй Оюутолгойн Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн нэгдүгээр шатны барилга угсралтын төсөлд Механикийн ахлах мэргэжилтний албан тушаалд 2 сарын дадлагажих хугацаатай ажиллуулахаар хариуцагчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр GCR-0-19-Б/867 дугаартай ажилд авах тухай тушаалаар шийдвэрлэгдсэн байна.

 

Зохигчид Хөдөлмөрийн гэрээ байгуулж уг гэрээний 3.3, 3.4 дэх заалтаар ажилтан өөрийн ажлын байранд ажиллах хангалттай ур чадвартай эсэх, мөн багаар ажиллах, идэвх санаачилгатай ажиллаж байгаа эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай гэж гэрээний хугацааг 2 сараар тогтоож, гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болох нөхцөлүүдийг тохиролцжээ.

 

Тэрээр ажил олгогч нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр GCR-O-20-Б/028 тоот тушаалаар гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэж 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /6-12, 13-14, 121/

 

Ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 231-д заасантай нийцсэн байх ба хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон үндэслэлийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Талуудын тогтоосон 2 сарын туршилтын хугацаа дууссан байна. Талуудын тохиролцооноос үзэхэд ажилтан өөрийн ажлын байранд ажиллах хангалттай ур чадвартай байхаас гадна багаар ажиллах, идэвх санаачилгатай ажиллах зэрэг чадвар нь гэрээний хугацааг сунгах эсэхт нөлөөлөхөөр байна.

 

Ажил олгогчийн шинэ ажилтныг сонгон шалгаруулах дасан зохицуулах тухай журмын 4.2, 4.3-т туршилтын хугацаа дуусахаас өмнө тухайн ажилтны туршилтын хугацааны үнэлгээг шууд удирдлага болон дээд удирдлага хийж, үндсэн ажилтан болгох эсэхийг шийднэ, туршилтын хугацааны үнэлгээ 79 хувь буюу 59 онооноос доош, тэнцүү тохиолдолд туршилтын хугацааг дуусгаж, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заасан байна. /хх 48/

 

Дээрх журамд заасан үнэлгээг шууд болон дээд удирдлага гаргаж, ажилтны багаар ажиллах чадвар, хувийн зохион  байгуулалт, удирдлагатайгаа харьцах харьцаа, ажлын хуваарь мөрдөх, ажлын чанар, бүтээмж, мэдлэг, ур чадвар, идэвхи санаачилга, потенциал зэрэг үзүүлэлт нь хангалтгүй буюу 75 онооноос эхний сард 50, дараагийн сард 49 оноотой үнэлэгдсэн байх ба шууд удирдлагаар хангаж ажилласан Патрик Томас нэхэмжлэгчийн ажил хэргийн болон бусад шаардлагатай гэж үзэх чадвар хангалтгүй байсан талаар цахим захидалдаа тодорхой тусгасан байна. /167-168, 178-185/

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд зохигчид хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж ажилтны ажлын байранд ажиллах хангалттай ур чадвартай эсэх, багаар ажиллах, идэвх санаачилгатай ажиллаж байгаа эсэхийг шалгах зорилгоор туршилтын 2 сарын хугацаа тогтоосон, энэ хугацаанд ажил олгогчоос тогтоосон шинэ ажилтныг сонгон шалгаруулах, дасан зохицуулах тухай журмын дагуу ажилтны туршилтын хугацааны үнэлгээг гаргасан, уг үнэлгээний дүнг үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 233, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчид 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр OT, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн нэг дүгээр шатны барилга угсралтын төсөл SP3 хэсэгт ЖСАМХХК ажиллахааргүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсныг мэдэгдсэн нь ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01549 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 058 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ