| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2310042801136 |
| Дугаар | 2025/ДШМ/1188 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/1188
А.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Өлзийжаргал,
Хохирогчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа,
Шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч Д.Жаргал,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1983 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.Б-д холбогдох эрүүгийн 2310042801136 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Э- овгийн А-ийн Б-, ........, /РД: А-/,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 120,000 төгрөгөөр торгох ялаар,
А.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг Таур хотхоны 128 дугаар байрны гадна хохирогч Т.Б-ийг байрны мөнгө залилсан гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохих, чирэх, газарт унагаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун сарвууны алганы 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зүүн шагайн гадна хашлага ясны хугарал, баруун сарвууны чигчий ядам хуруунд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-гаас 453,300 төгрөг гаргуулж, хохирогч Т.Б-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 510,501 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Б- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.Б-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Б- нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгагдах нотлох баримт хэрэгт байхгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолд: ...хохирогчоор Б- 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэгтээ: “Б- миний араас хөдөлгөхгүй барихад тэр ах /Б-/ нь гэх залуу гэдэс рүү 10 гаруй удаа цохисон. Би өгзгөндөө хагалгаатай учраас хурдан алхаж болохгүй байна. Би өөрөө явъя гэхэд “ална шүү” гэсэн. Тэр үед хүүхэд уйлаад, манай эхнэр салгах гэж оролдоод байсан. Тэгээд хэн нь мэдэхгүй араас маш хүчтэй түлхсэний улмаас эрчээрээ хөлөө эвгүй дарж унаад одоо хөл эвгүй, шагай хавдартай байна...” гэжээ. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Б- нь зүүн хөлийн шилбэний арын булчин, зүүн хөлийн гуя руу өшиглөж мөн намайг явган сууж байх үед Б- өвдгөөрөө зүүн хөлийн гуя хэсэг рүү дараад, өшиглөсөн. Тэр үед миний шагай хугарч гэмтэл учирсан. Гарын гэмтлийг бол намайг шатан дээр гар утсаа гаргаж цагдаа дуудах гэхэд Б- зүүн гарыг утастай хамт дарж би утсаа тавихгүй байх үед хүчээр гар утас булааж авах гээд биеэрээ дараад гар мушгиж эргүүлээд байсан тэр үед миний гарын хөхрөлт гэмтэл учирсан...” гэжээ. 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: “миний биед учирсан 5-р шивнүүр ясны далд хугарал, зүүн шагайн хашлага ясны хугарал, баруун сарвууны чигчий ядам хуруунд цус хуралт, зуун өвдгөнд зулгаралт гэмтлүүдийг бүгдийг Б- нь 2024 оны Кинг тауэр хотхоны 128 дугаар байрны урд учруулсан байдаг бөгөөд Б- нь намайг гэмтэл учрахаар зодож цохиогүй.
Хэрэгт хохирогч С.Б-гийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...тэгээд нөхөр Б-ийг шууд шилэн хүзүүн дээрээс нь барьж аваад чи ямар овоо “п...вэ, би чамайг хаа байгаа газраас чинь олж ална” гэх зэргээр харааж доромжилсон. ...Б-гийн ах гэх хүн эхлээд миний нөхөр Б- руу гараараа ар дагз руу удаа дараа цохисон... тэгээд Б- араас нь татаад нөгөөх нь боож унагаагаад шатны хажуу тал руу миний нөхрийг доош дарсан. Тэгээд л нэлээн цохиж авсан. нэг бүрчлэн тодорхой ярьж чадахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Ө-ын мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолгүй, хэн нь гэмтэл учруулсан талаар шууд заасан мэдүүлэг биш харин ноцолдож түлхэлцэж дууссаны дараа хэрэг болсон гэх газар ирсэн ба “Б- гар нь хөндүүрлээд байна гэж хэлж байсан” гэх мэдүүлгийг л өгсөн байна.
Уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор С.Бат-Орших нь хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 626 дугаартай тогтоол гарч байсан ба уг тогтоолд хохирогч Б- болон түүний өмгөөлөгч нар гомдол гаргаснаас хойш /хэрэгтэй танилцаж гомдол гаргасан/ хохирогч Б- нь Б-д зодуулснаас болж биедээ шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг авсан гэж өмнө өгсөн 2 мэдүүлгээсээ эрс зөрүүтэй мэдүүлэг өгч эхэлсэн. Дээрх хэрэгт мөрдөгч хохирогчоос мэдүүлэг авахдаа мэдүүлгийн зөрүүг арилгах талаар ямар ч ажиллагаа хийгээгүй, мөрдөгчийг солих тухай албаны даргын шийдвэрүүд хэрэгт байхгүй, мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь хуурамчаар үйлдэгдсэн, шинжээч томилсон тогтоолууд нь ЭХХШТХ-ийн 6.2 дугаар зүйл, мөн хуулийн 27 дугаар бүлэгт заагдсанаар шинжилгээ хийх журмыг зөрчсөн гэж үзэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/1923 дугаартай Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гарч байсан. Мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулахдаа ШШЕГ-т шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолуудыг ЭХХШТХ-ийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримт болсон ба ЭХХШТХ-ийн 16.1 дүгээр зүйлийн 4, 6, 7 дахь хэсгийг зөрчсөн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/192З дугаартай захирамжид заасан заалт биелэгдээгүй байхад миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон байгаа нь хууль бус цуглуулсан нотлох баримтаар шийдвэр гарсан.
2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдааны үед CD бичлэгийг үзэхэд хохирогч Б-ий биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэх хэрэгт ач холбогдолтой үйл баримт байхгүй байсан. Үзлэг хийсэн тэмдэглэлд хохирогчийг цохиж байгаа үйлдлийг хэн хийсэн талаар тэмдэглэл байхгүй. Өөрөөр хэлбэл бие биеэ татах түлхэх цохих үйлдэл нь хэн нь хэнтэйгээ таталцаж түлхэлцсэн тодорхой заагаагүй гагцхүү Б- бор өнгийн куртиктэй байсан ба салгах үйлдэл хийсэн талаар дурджээ. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч миний гаргасан дүгнэлт нь хохирогч Б-ий 2 удаагийн харилцан зөрүүтэй мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна гэж шүүх дүгнэжээ. Шүүх харилцан зөрүүтэй хохирогчийн мэдүүлгээр миний үйлчлүүлэгчид ял оногдуулж байгаа нь буруу юм. Шинжээч томилсон тогтоол хууль ёсны нотлох баримт болж чадахгүй байгаа. ШШЕГ-ийн “хуулбар үнэн” тамга эх хувиараа биш байхад нотлох баримтаар үнэлсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд орно. Миний үйлчлүүлэгч А.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Б-ий хувьд А.Б- эрүүл мэндэд нь хохирол учруулсан талаар мэдүүлгээ өгсөн. Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн тайлбараар нотлох баримт хуурамч гэдэг нь үндэслэлгүй. Өмнөх прокуророос эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн нь мэдүүлгүүдтэй холбоогүй, эрх бүхий байгууллагад хүргэх гэж байгаад биед нь хохирол учруулсан гэж үзсэн. Бидний зүгээс А.Б-г эрх бүхий албан тушаалтан байгаагүй тул эрүүгийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Т.Б-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг, тайлбар авсан. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлэгтээ “Б- хойноос өшиглөөд байсан, Б- өвдгөөрөө зүүн хөлний гуя хэсэг рүү өшиглөсөн, гарын гэмтлийг намайг шатан дээр гар утсаа гаргаад цагдаа дуудах гэж байхад Б- зүүн гарыг утастай хамт дарж, би утсаа тавихгүй татах үед хүчээр булааж авах гэж байгаад биеэрээ дарж мушгин надад гэмтэл учруулсан” гэж, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэгтээ “Б- миний биед уг гэмтлийг газар унагаах үед учирсан” гэж тогтвортой мэдүүлсэн. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ үнэлсэн. Улсын яллагчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаанд оролцсон. Шинжээчийн дүгнэлтийн хувьд, шинжээч томилсон тогтоолыг хуулбар үнэн даруулж хэрэгт хавсаргасан. Уг шинжээчийн дүгнэлтийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газраас хоёр удаагийн дүгнэлт гаргасан ба үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хохирогчийн биед учирсан гэмтэл болон шүүгдэгчийн үйлдэл шалтгаант холбоотой. Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь бүрэн тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч А.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Т.Б-ийг байрны мөнгө залилсан гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас /1хх24/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх164-171/,
- хохирогч Т.Б-ий “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Кинг Таур хотхонд байх гэрээсээ хүү Ц-тийг тэврээд гараад явж байх үед...Б- намайг хажуу талаас хүзүүгээр гараараа тэвэрч аваад доош дарж боож унагаасан...намайг хүчээр чирж...араас маш хүчтэй түлхсэний улмаас эрчээрээ хөлөө эвгүй дарж унаад одоо хөл эвгүй, шагай хавдартай байна...” /1xx-37/... миний биед учирсан 5 дугаар шивнүүрийн ясны далд хугарал, зүүн шагайн хашлага ясны хугарал, баруун сарвууны чигчий, ядам хуруунд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүдийг бүгдийг нь Б- учруулсан байдаг бөгөөд Б- нь гэмтэл учрахаар намайг цохиж зодоогүй. Б- намайг газар унагаах үед миний гарын гэмтэл учирсан. Тэгээд намайг уначихсан байхад Б- гуталтай хөлөөрөө миний хөлөн дээр дэвсэхэд миний шагай аймар хөндүүр орсон...” гэх мэдүүлэг /1xx-42-43/,
- шинжээчийн дүгнэлт: “Т.Б-ий биед зүүн шагайн гадна хашлага ясны хугарал, баруун сарвууны чигчий, ядам хуруунд цус хуралт, зуун өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /1xx-50-51/,
- шинжээч нарын дүгнэлт: “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13331 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Т.Б-ий биед баруун сарвууны алганы 5-р шивнүүр ясны далд хугарал, зүүн шагайн гадна хашлага ясны хугарал, баруун сарвууны чигчий, ядам хуруунд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд учирсан даруйд эмнэл зүйн зовуурь илрэх ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Т.Б-ий биед учирсан баруун сарвууны алганы 5-р шивнүүр ясны далд хугарал, зүүн шагайн гадна хашлага ясны хугарал гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин баруун сарвууны чигчий, ядам хуруунд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /1xx54-56/,
- гэрч Ж.Ө-ын “...Б- гэх залуутай уулзах шалтгаан нь Б-ий компанид байр захиалсан боловч ашиглалтад орохгүй удсан байсан юм. Тэгээд Б-ий гэрт нь очиж уулзахаар болоод 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Кинг Таур хотхонд эхлээд Б-, Б- нар түрүүлж очоод маргаан үүсгээд энэхүү асуудал үүссэн байсан. Тэр үед нь очиход зам дээр Б-, түүний эхнэр, Б-ий аав нь гэх эрэгтэй, Б-, Б- нар хоорондоо маргалдацгааж, мөн Б-, Б- болон Б-ий хувцас нь шороо болсон байдалтай байсан. Би очоод “юу болов” гэхэд намайг авч хэлэлцэхгүй хоорондоо нэг талаас “мөнгөө авъя” гэхэд Б- мөнгийг чинь өгье” гэх мэтчилэн хоорондоо ярьж байсан. Б- өөрөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү очьё” гэж байснаа удалгүй “миний гар болохгүй, гарын хуруу өвдөөд байна” гэж хэлээд явахаа больсон бол түүний эхнэр нь цагдаа дуудаад тэд нарыг аваад явсан” гэх мэдүүлэг /1xx-48/,
- Ж.Б-ын сэжигтнээр өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Кинг таур хотхонд Б-гийн хамт Б-тэй уулзах гэж очсон. Байр захиалаад байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон асуудлаас болоод маргаад, би гараараа түлхээд, миний барьж байсан утсыг эхнэр нь цохиод унагаах үед би утасныхаа араас гараа явуулахад эхнэрийн нь нүүрний урдуур өнгөрсөн бөгөөд үүнийг эхнэр нь намайг цохичихлоо гээд газарт хэвтсэн. Би гар хүрээгүй. Тэгээд Б- нь Б-ийг сугадаад цаашаа яваад машин дээрээ очсон. Би Б- болон түүний эхнэр, жаахан хүүхдийг цохисон зүйл байхгүй. Харин эхнэр нь намайг зөндөө цохисон...” /1хх-86/,
- шүүгдэгч А.Б-гийн “... 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Кинг Таурын 125 дугаар байранд би хадам ах Б-ын хамт өглөө очсон. Б- гэх залуу эхнэрийн хамт гарч ирсэн... би мөнгөө авъя ...96.804.000 төгрөг.../ гэхэд эхнэр нь “та нар Б-гаас л олж авна” гэж хэлсэн... гадаа гарсны дараа би Б-ий гараас татаж цагдаагийн газар явъя гээд чирэхэд эхнэр нь гартаа барьсан цүнхтэй зүйлээр ар нуруу руу цохисон. Бас Б- ахыг уг зүйлээрээ цохисон. Тэгээд нилээн зууралдаад маргалдах явцад машин руу гаа Б- зүтгээд байсан. Хадам ах Б- бид хоёр цагдаа руу авч явах зорилгоор Б-ийг чирж гулдачсан... би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна...” /1хх-88, 90, 94/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч А.Б-гийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа зохих ёсоор хийгдсэн, мөн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс тус хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсний дагуу /1хх-151-152/ шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэсэн байх тул анхан шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тухайн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдээс үзэхэд тэд гагцхүү мөрдөгчийн шинжээч томилох тогтоолын дагуу дүгнэлтүүд гаргасан болох нь тодорхой тусгагдсан байх ба шинжээч томилох тогтоолыг эрүүгийн хавтаст хэрэгт үдэхгүйгээр орхигдуулсан байх боловч хэргийг прокурорт буцаах хүрээнд нөхөн гүйцэтгэж, эх хувийг нь шүүхийн шинжилгээний байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн байх бөгөөд тэдгээр ажиллагааг бүхэлд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй болно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийн талаар тухайн хэрэгт цугларч, бэхжигдсэн бүхий л нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд дараах байдлаар тодотгож байна. Үүнд:
а. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу хохирогчийн эрүүл мэндэд тухайн гэмтлийг шүүгдэгчээс өөр этгээд учруулаагүй, мөн хохирогч өөрөө өөрийгөө гэмтээгээгүй, өөр бусад шалтгаанаар тухайн гэмтэл үүсээгүй болох нь тогтоогдсон;
б. Шүүхийн шинжилгээний тухай болон хамаарах бусад хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтүүдийг үгүйсгэх боломжгүй бөгөөд ойлгомжтой, тодорхой үндэслэл, эх сурвалжийг тусгасан байх тул хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, тусгай мэдлэггүй атлаа таамаглах байдлаар үгүйсгэн няцаах үндэслэлгүй;
в. Оролцогч нарын мэдүүлэг буюу хамаарах баримтаас үзэхэд: А.Б- нь хадам ах Ж.Б-ынхаа 72 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, мөн бэлэн мөнгө нийт 96.804.000 төгрөгийг Т.Б-, С.Б- нарт орон сууц захиалахаар 2021 онд шилжүүлсэн боловч орон сууц ашиглалтад ороогүй удааширч буй явдлаас болж, тэдний хооронд маргаантай харилцаа үүсэж, даамжран үргэлжилсэн байх ба дээрх шалтгааны улмаас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэг талаас А.Б-, Ж.Б- нөгөө талаас Т.Б-, С.Б- нарын хооронд харилцан маргаан болж, энэ хүрээнд харилцан бие биедээ халдсан нь А.Б-, Ж.Б-, С.Б- нарын эрүүл мэндэд тус тус гэмтлийн зэрэгт хамаараагүй ч гэсэн зохих шарх, гэмтлүүд учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээс /1хх-62, 66, 69/ тодорхой илэрхийлэгдсэн байна.
Түүнчлэн камерын бичлэгт дэх нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд дүрслэгдсэн үйл явдлын дараалал, мөн 2 этгээд барилцсан, зарим этгээд салгах оролдлого хийсэн талаарх баримт сэлт, мэдээлэл, Ж.Б-ын сэжигтнээр өгсөн”...би Б-ийг зодоогүй харин Б-ий эхнэр намайг зодсон тухай мэдүүлэг, хохирогчийн “...намайг А.Б- зодож гэмтээсэн тухай мэдүүлэг...”, шүүгдэгчийн”...яллагдагчаар татсан тогтоол, гэм буруугаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг...” зэргээс үзэхэд Ж.Б-ыг хохирогч Т.Б-ийг зодож гэмтээсэн буюу А.Б-тай бүлэглэж тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл тогтоогдоогүй байгааг дурдах нь зүйтэй.
г. Хохирогч Т.Б- олон удаа мэдүүлэг өгсөн байх боловч “...А.Б-, Ж.Б- нар бүлэглэн зодож, гэмтээсэн...” гэх тухайн мэдүүлгийн хэсэг /1хх-37, 39/ эх сурвалжгүй байх тул нотолгооны чадваргүйд тооцогдох ба тус мэдүүлгийнх нь төлөө хохирогчид хэрхэн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг жич шийдвэрлэх нь прокурорын чиг үүрэгт хамаарахыг тэмдэглэж байна.
д. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх талаар тогтворгүй мэдүүлсэн байх боловч энэ нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр түүний эрхийг танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байх төдийгүй шүүгдэгч гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч мэдүүлээгүй байх нь түүнд холбогдох хэргийн бодит байдлыг нотолсон үйл баримтын нотолгооны чадвар, хангалттай байдалд огт нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.
4. Иймд, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргалын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1983 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР