| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0640/Э |
| Дугаар | 675 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Шүүгдэгч Т.Э/өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т.Энх-Уянгад холбогдох эрүүгийн 1811020920742 дугаартай хэргийг 2018 оны 09 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Зургаадай овогт Төмөр-Очирын Энх-Уянга, 1975 оны 10 сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газрын Аюулгүй байдлын албанд шалгагч ажилтай, ам бүл 4, эцэг, охин, зээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-134 тоотод суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй /РД:ХД75100204/.
Шүүгдэгч Т.Энь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5 дугаар гудамж, 353 тоотод Д.Баярмагнайг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Энь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5 дугаар гудамж, 353 тоотод Д.Баярмагнайг зодож, эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд улайлт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, цээжинд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, нуруунд улайлт бүхий гэмтэл учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Энх-Уянгаас мэдүүлэхдээ: “..Баярмагнайгийн хүү манай охинтой суусан. 17 настайдаа миний охин жирэмсэн болоод, 18 настайдаа төрсөн. Яг үнэндээ бол энэ хэрэг худ ургуудын хооронд болсон явдал. Сургуульд сурсан юм байхгүй, манай охин гэртээ ирэхдээ өвчин аваад ирсэн байсан. Бэлгийн замын халдварт өвчин туссан байсан. Хүүхдийнхээ мөнгийг аваад 2 сар гаран нийтийн байр түрээсэлж суусан байгаа юм. Тэгээд гэртээ ирэхдээ ингээд өвчин аваад ирсэн байсан. Би шөнө нь ажилтай байсан. Манай гэрт манай ажлын газрын хүмүүс ирсэн бид хэд архи уугаад сууж байсан. Тэгээд охин ороод ирсэн халуурчихсан, нуруу нь өвдчихсөн хүүхдээ бариад ороод ирсэн. Тэгэхээр нь энэ чинь юу болж байна яасын юу болсон гэсэн чинь ээжээ надад үнэхээр хэцүү байна, манай нөхөр ажил төрөл хийхгүй, идэх хоол байхгүй. 2 сар гаран хүүхдийн өөрийнхөө хүүхэд хардаг гээд 50.000, хүүхдийн 20.000 төгрөгийг нийлүүлээд байрны мөнгөнд өгсөн гээд..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Баярмагнайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-13-14/: “...хашааны хаалга нүдсэн чинь манай дүү Номин хаалгаа онгойлгох гээд гарчихаад орж ирэхдээ Билгүүнээ ахын хадам ээж Энх-Уянга таныг гараад ир гээд дуудаж байна гээд хэлэхээр нь би гараад очтол манай худ болох Энх-Уянга ирчихсэн Билгүүн, Дашбаасан хоёрын утас нь холбогдохгүй байна, хүүхдээ аль 10 цагт хаячихаад алга болчихлоо “муусайн пиздаанууд хаана байна” гэхээр нь “би ажлаа тараад ирж байна”, “чи юу яриад байгаа юм бэ”, “би яаж мэдэх юм бэ” гээд хэлсэн чинь чиний ажил хийнэ гэж юу байдаг юм муу пизда авгай гэж хэлсэн чинь манай хүргэн Батзориг гэрээсээ гараад ирсэн юм. Энх-Уянга надтай юм ярихгүй манай хүргэн Батзоригтой юм яринаа гээд юм ярьж байхдаа намайг ална энэ тэр гээд хэл амаад доромжлоод байхаар нь чи одоо юу яриад байгаа юм бэ гээд хэлчихсэн чинь шууд миний нүүр рүү самардаад авахаар нь “чи одоо яаж байгаа юм бэ” гээд хэлсэн чинь “чамайг яасан ч яадаг юм бэ” ер нь гээд надтай хэрэлдээд намайг үсдээд авсан юм. Энх-Уянгын дүү нь намайг түлхээд хашаа руу оруулсан чинь дахиад намайг үсдээд хашаанаас гаргаад манай хүргэн намайг салгасан бөгөөд миний зүүн шуу руу гараараа цохисон. Манай дүү охин Номин хүү, бэр хоёрыг гэртээ ирсэн байна уу үзэхээр яваад буцаж ирэхэд нь намайг Энх-Уянга үсдээд зодож байсан бөгөөд биднийг салгасан юм...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Номин-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-20/: “...хаалга чанга нүдэхээр нь би гарсан. Тэгсэн чинь Баярмагнай эгчийн хүүгийн хадам ээж болох Энх-Уянга дүүгийнхээ хамт ирчихсэн байсан бөгөөд танай ах чинь манай охиныг аваад өдөржингөө алга болчихлоо гэж хэлсэн. Би эгч Баярмагнайд дуудаад Баярмагнай эгч гадаа гараад Энх-Уянга эгчтэй уулзсан. Би Билгүүнээ ахыг гэртээ байна уу гээд үзэхээр манай хажуу талд байдаг нийтийн байранд очихоор явсан. Буцаад гэртээ ирэхэд хашааны гадаа Энх-Уянга эгч манай эгч Баярмагнайг үсдээд доош нь дарчихсан байхаар нь би гүйж очоод салгасан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Батзоригоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-21-22/: “... Энх-Уянга би чамтай юу ярихав дээ хоёулаа базууд юм чинь гээд Билгүүнээ Баярмагнай нарыг дууд гээд хэлсэн. Удалгүй Баярмагнай эгч гарч ирэхээр нь би өөрсдөө учраа ол гээд гэртээ ороод 10 орчим минут болоод байж байтал Баярмагнай эгч Батзоригоо, Баярмаа, Уянгаа гээд дуудахаар нь би гараад очсон. Энх-Уянга манай эгч Баярмагнайг үсдээд доош нь дарчихсан байсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 сарын 26-ны өдрийн №9062 дугаар дүгнэлтэнд /хх-24/: “..Д.Баярмагнайн биед баруун чамархайн хуйханд улайлт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, цээжинд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, нуруунд улайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Т.Энх-Уянгаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-34-35/: “...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр миний охин Дашбаасан надад хүүхдээ харуулаад явсан юм. Тэгээд орой болоод ирэхгүй болохоор нь хөлсөлдөг нийтийн байранд нь очиход байхгүй байхаар нь хадам ээжийнх нь гэр рүү явсан. Гэрт нь очоод хаалгыг нь цохисон чинь Баярмагнай хаалга онгойлгосон юм. Тэгээд би хүүхэд нь уйлаад байна Дашбаасан хаана байна гэж асуусан чинь наад хүүхдээ тэгвэл надад өгчихгүй юу гэхээр нь юу боллоо гэж энэ хүүхдийг чамд өгдөг юм бэ гээд хэлсэн. Баярмагнай намайг өөрийг нь дарамтлах гэж ирлээ, чамд дарамтлуулна гэж байхгүй шүү гэхээр нь юу яриад байгаа юм бэ, танай хүүхэд манай хүүхдийн амьдралаар тоглолоо гээд бид хоёр маргалдаад эхэлсэн чинь хэн нэг хүн давс шороо цацаад байсан. Тэгээд Баярмагнай миний үснээс зулгаагаад доош нь дарсан чинь манай дүү Анхбаяр боль гэж хэлээд намайг салгасан. Д.Баярмагнай намайг үсдээд доош дарахад би бас адилхан үсдсэн юм. Тэгээд зууралдаж байхдаа цээжинд нь хүрч гэмтээсэн байх. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Т.Энх-Уянгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.Энь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5 дугаар гудамж, 353 тоотод Д. Баярмагнайтай маргалдан улмаар хохирогчийг зодсоны улмаас хохирогч Д.Баярмагнайн биед баруун чамархайн хуйханд улайлт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, цээжинд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, нуруунд улайлт бүхий гэмтэл тогтоогджээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирчээ. Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Т.Энх-Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.
Шүүгдэгч Т. Энх-Уянгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Энь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зургаадай овогт Төмөр-Очирын Энх-Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Энх-Уянгыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Энх-Уянгад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Энь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Т.Энь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Энх-Уянгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Энх-Уянгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР