Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/79

 

2025          12             17                                               2025/ДШМ/79                           

 

 

Ц.Ц, Д.С нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

 

                                           Прокурор Ц.Эрдэнэбат

Яллагдагч Ц.Ц-ийн өмгөөлөгч М.Дамбийням

Яллагдагч Ц.Ц

Яллагдагч Д.С

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/922 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Ц.Ц, Д.С нарт холбогдох эрүүгийн 2426001890168 тоот хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, *** овгийн Ц.Ц /РД: ***/,

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Архангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** гэх газарт байрлах жуулчны баазад *** ажилтай, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гудамж *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, *** овгийн Д.С /РД: ***/.

Ц.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** худалдааны төв дотор байх үедээ Б.Г гэх хүний эзэмшлийн Хаан банкны *** тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г-той *** дугаарын утсаар холбогдон Өвөрхангай аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач сард 3 сая төгрөг хангалттай олно гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Д.С нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Д.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Ц.Ц, Д.С нарт холбогдох 2426001890168 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцааж, яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/922 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамж нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар 1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Шүүгчийн захирамжид ... яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэж хуульчилсан. ... Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ДШМ/55 дугаар магадлалд дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул ... гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч Ц.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” худалдааны төв дотор байх үедээ Б.Г гэх хүний эзэмшлийн Хаан банкны *** тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г-той *** дугаарын утсаар холбогдон ...Өвөрхангай аймагт ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач, сард 3 сая төгрөг хангалттай олно ... гэж хуурч, төөрөгдөлд оруулан 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, яллагдагч Д.С нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн, шаардлагатай бүх нотлох баримтыг цуглуулсан. Өөрөөр хэлбэл нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс Ц.Ц-ийн гэмт хэргийн сэдэлт, зорилгод эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна, мөн Д.С-тэй холбоотой асуудал дээр дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хүчингүй болох үндэслэл болж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Ийм учраас дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл яг ямар мөрдөн шалгах ажиллагааг явуулах талаар тайлбарлаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Ц.Ц-ийн гэмт хэргийн сэдэлт, зорилгод эрх зүйн дүгнэлт хийгээгүй, Д.С-өөр эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулсан байх боловч камерын бичлэгт энэ байдал нь тогтоогдохгүй, Д.С би ойлгоогүй, миний чих юм сонсдоггүй гэх мэдүүлгийг өгсөн байхад шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэж дүгнэсэн.  Өөрөөр хэлбэл хэрэгт тогтоогдсон нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт өгөх эсэх, нэг нотлох баримтыг үнэлж байгаа бол эсрэг байр суурьтай нөгөө нотлох баримтыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй гэх үндэслэлийг дурдсан байна.

Яллагдагч Ц.Ц-ийн тухайд давж заалдах шатны шүүх хуралдаанд мөнгөтэй дансны хуулгаар тодорхой харагдана гэх боловч мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн түүний дансны хуулгаар хязгаарлагдахгүй. Гэмт хэргийн сэдэлт гэж гэмт хэрэг үйлдэх гэсэн зориг эрмэлзэл, хүсэл, шийдмэг байдлыг өдөөж буй сэтгэхүйн дотоод түлхцийг сэдэлт гэж үзэх ба энэ нь шунахай, өс хонзон, хардалт, танхай зэргээр илэрч болдог. Гэмт этгээд нь санаа зорилгоо бусдад илэрхийлэх, энэ талаар баримт сэлт үйлдэх зэргээр нотлох баримт илэрхийлээгүй тохиолдолд түүний үйлдлийн шинж байдал, зорилго мөн чанартай нь уялдах байдлаар сэдэлтийг тогтоох нь мөрдөн шалгах ажиллагааны хуулиар зөвшөөрсөн арга хэлбэр юм. Зорилго гэдэг бол тодорхой үйлдэл, эс үйлдэхүй хийж хүрэх гэсэн эцсийн үр дүнгийн талаарх төсөөллийг гэмт хэргийн зорилго гэж үздэг. Энэ тохиолдолд яллагдагч, хохирогч, гэрч нар хоорондоо ямар зүйл ярилцаж улмаар нөхцөл байдал яаж өрнөж байгаа, яллагдагчаас энэхүү авсан мөнгөө өөр хүнээс ав гэдэг байдлаар тайлбарлаж байгаа зэргээс тодорхой харагдана.

Түүнчлэн өөр бусад гэрчээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хангалттай тодруулж, нэг нь нөгөөгөө уялдсан байдлаар мэдүүлдэг. Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг зөвхөн дансны хуулгаар тогтоохгүй, нөхцөл байдал тайлбарлавал өнөөдрийг хүртэл хохирогч хохирлоо шаардаж байгаа. Харин яллагдагчаас иргэний маргаан гэж л шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцдог. Яллагдагч Д.С-ийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж зааснаар яллагдагч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад анх хэлээгүй зүйлийг хэлсэн гэж, дараа нь миний хэлсэн зүйлийг гуйвуулсан гэж, дараа нь мөрдөгч цаас ураад дахиад хэвлээд зуруулсан түүнийг “но”-той гэж бодож байна гэх мэтээр тайлбарладаг. Түүнчлэн хэрэгт эрх, үүрэг сануулсан баримтад өөрийн гарын үсгээ зурж танилцаж мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр бичиг, үсэг мэдэхгүй бол түүний эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл бий болох бөгөөд бичиг, үсэг мэдэх зохих боловсролтой талаарх баримт хэрэгт авагдсан.

Харин Д.С цагдаагийн байгууллагад ирэхгүй талаар маргаан болж байж цагдаагийн алба хаагч нар авчирсан, улмаар цагдаагийн алба хаагч Э.Ө гэх хүний өрөөнд уулзаж, энэ талаар тайлбарласан, үүний дараа мэдүүлэг өгсөн нөхцөл байдал харагддаг, тэндээ эрх үүрэг тайлбарласан байдаг. Насанд хүрсэн Монгол Улсын иргэнд эрх, үүргийг тайлбарлаж өөрөө уншиж танилцаж гарын үсэг зурсан. Ямар нэгэн албадлага эрхшээлд байлгаж, эсхүл хүчээр гарын үсгийг нь зуруулаагүй. Миний чих юм сонсдоггүй гэдэг нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө ч тэр, шүүхэд мэдүүлэхдээ ч тэр Д.С тайлбарлаад л байдаг. Энэ нь мэдүүлэг өгөхгүй гэж цааргалж мэдүүлэг өгсөн хүн шүүхэд гэнэт өөрөө мэдүүлэг өгөхөөр болж, чих зүгээр болсон гэдэг байдлаар тайлбарлаж байгаа түүний өөрийн мэдүүлэг ач холбогдолтой. Энэ талаар өөр бусад нотлох баримтууд ч хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлж зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод оршдог. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс мэдүүлэг авдаг. Тэгэхдээ хуульд заасан эрх, үүргийг сануулж улмаар өмгөөлөгч өөр бусад этгээд байлцуулах эсэхийг шийдвэрлэдэг.

Хэрэв худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг, энэ нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол цөм буюу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хуулиар хамгаалж байгаа хэлбэр. Д.С-өөс мэдүүлгийг ураад дахиж хэвлээд зуруулсан түүнийг нотой гэж бодож байна гэж тайлбарласан. Энэ нь Д.С мэдүүлэг өгч байгаа нөхцөл байдлаа 3 дахь удаагаа өөрчилж тайлбарлаж байгаа нөхцөл байдал болж байна. Хэрэгт хяналтын камерын бичлэг авагдсан түүгээр хэрхэн мэдүүлэг өгснийг бүрэн харах боломжтой.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг прокуророос гадна шүүх биелүүлэх үүрэгтэй. Гэмт хэргийн сэдэлт, зорилгод эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж буй тохиолдолд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэх хууль зүйн ойлголтыг бий болгох ба энэхүү ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаа бол яг ямар мөрдөн шалгах ажиллагааг явуулах ёстойг анхан шатны шүүх шийдвэртэй заах ёстой гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасан. Энэ тохиолдолд яг ямар мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь ойлгомжгүй бөгөөд гэмт хэргийн сэдэлт, зорилгод, эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримтыг үнэлэх, няцаан үгүйсгэх нь мөрдөн шалгах ажиллагаагаар хийх ажиллагаа биш юм.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн заалттай тус тус нийцэхгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/922 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогч Ю.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эрхэлдэг ломбардны ажилдаг Б.Г гэж хэлсэн хүний дансаар надаас 20,000,000 төгрөг барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээнд ашиглан мөнгийг чинь өсгөж өгнө гэж хэлж шилжүүлж авсан. Ц.Ц нь үүнээс өмнө өөрийгөө Өвөрхангай аймгийн төвд ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг, Уянгын алтны уурхайн хүмүүс том том зээлийг техникээ барьцаалж авдаг гэх мэтээр ярьдаг байсан учир үнэхээр л тийм байх гэж итгээд 20,000,000 төгрөгөө шилжүүлсэн.

Ингээд уг мөнгийг удаа дараа нэхээд өгөхгүй байхаар нь үнэхээр ломбард ажиллуулдаг эсэхэд нь эргэлзэж, өөрийгөө бусдад залилуулчихсан юм биш байгаа гээд үнэн зөвийг нь тогтоолгож хохирлоо барагдуулах зорилгоор Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үүний дагуу анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж зохих ялыг нь ногдуулж хохирол төлүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Хохирогч миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэн зөв гэж дэмжиж байгаа. Анхан шатны шүүхээр надад учруулсан хохирлыг үнэн зөв тооцож шийдвэрлэсэн байсан.

Шүүгдэгч Ц.Ц нь надаас залилж авсан 20,000,000 төгрөгийг иргэний хэрэг болгох зорилгоор шат шатны шүүхэд худал ярьж эцэстээ бараг л бид хоёр хамтран амьдарч байсан, хоорондоо мөнгө төгрөг өгч авалцах эрх бүхий харилцаатай байсан мэт ойлголтыг өгч бусдын нэр төрийг гутааж хохирол төлөхгүй өдий хүрч байгаад гомдолтой байна.

Хохирлын хувьд би уг 20,000,000 төгрөгөөс 3,576,000 төгрөг л авсан гэдэг нь анхан шатны шүүхээр тогтоогдсон. Хохирлыг буруу тооцсон ямар ч зүйл байхгүй. Шүүгдэгч Ц.Ц нь мөн л хохирлыг будилаантуулна. Цаг хугацааны хувьд 3 сарын зөрүүг Б.Г гэх хүнд хөрөнгө оруулалт хийнэ, Өмнөговьд уурхайн замын тендер авч ажилладаг гэж итгүүлж 43,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхдээ миний дансаар 3,500,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгийг надад 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр авсан 20,000,000 төгрөгийн хохирол өгсөн гэж худлаа ярих мөртлөө уг мөнгөө Г-өөс 43,000,000 төгрөг нэхэмжлэхдээ нэхэмжлэлийн дүндээ оруулж тооцдог бөгөөд энэ 3,500,000 төгрөг нь Г-д шилүүлэгдсэн нь анхан шатны шүүхээр тогтоогдсон. Мөн Г-д шилжүүлсэн 43,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдсэн байгаа болно.

Сүүлийн үеийн залилан мэхлэгч нарын арга улам нарийсч хэргээ булзааруулж, иргэний хэрэг болгож ял завших зорилгоор харилцаа хамааралтай, ойрын харилцаатай гэх байдал үүсгэдэг арга барилд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, миний хохирлыг барагдуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж өгнө үү.

Шүүгдэгч Д.С гэх хүний үйлдэлд холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй болно гэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмнө нь давж заалдах шатны шүүхийн 2025/ДШМ/55 дугаар магадлалаар яллагдагч Ц.Ц-ийн гэмт хэргийн сэдэлт, зорилгод эрх зүйн дүгнэлт  хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, яллагдагч Д.С-ийн үйлдэлд мөн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/922 дугаар захирамжид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатын шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэж хуульчилсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор гэмт хэргийн сэдэл, зорилго тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа гэх гомдол дурдагдсан байна. Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоогдохгүй гэж байгаа боловч яг ямар ажиллагаа хийх ёстойг шүүгчийн захирамжид заагаагүй. Хэрэгт нотлох баримтын хангалттай хүрэлцээтэй байдал хангагдахгүй байгаа эсэх, эсхүл нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ бүхий байдал байгаа эсэх гэдэг асуудалд дүгнэлт өгөөгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухай үнэлэлт дүгнэлт өгөх эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар хийх нь өөрөө ойлгомжгүй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Яллагдагч Ц.Ц-ийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоогдоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байгаа хэдий ч ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэдгээ тайлбарлаагүй нөхцөл байдлыг анхан шатны шүүх ямар үндэслэлээр үндэслэлтэй гэж үзэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүхийн дурдсан эрх зүйн дүгнэлт өгөх эсэх асуудал нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх явцад шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хийх ажиллагаа бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/922 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч Ц.Ц-ийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хуралдааны урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14, 6.15-д заасан үндэслэл байгаа талаар хүсэлт гаргасан. Уг хэргийг өмнө нь анхан шатын шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ДШМ/55 дугаар магадлалаар Ц.Ц-ийн гэмт хэргийн сэдэлт, зорилгод эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн Д.С-тэй холбоотой асуудалд хийсэн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж дүгнэсэн.

Д.С мэдүүлэгтээ миний баруун чих огт сонсдоггүй, зүүн тал нь 60 хувьтай сонсдог гэсэн байдаг. Д.С-өөс эрүүл мэндийн байдал, хувийн байдалтай холбоотой байдлыг тодруулах, мөн хууль сануулж, эрх үүрэг тайлбарлаж мэдүүлэг авах ажиллагаа хийгдэх ажиллагаа зэрэг эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул прокурорыг эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/922 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ЯллагдагЧ Ц.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй гэв.

Яллагдагч Д.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Г ажил эхлэхээр мөнгөө авъя гэж хэлсэн нь үнэн. Мөн Э.Ө гэдэг цагдаа өөрөө надаас мэдүүлэг авахдаа мөнгөний тухай ярьсан уу гэж асуусан, би ярьсан гэж хэлсэн. Яг юуны тухай ярьсан гэж надаас асуугаагүй. Тэгээд миний өгсөн мэдүүлгийг бичээгүй байсан. Би тухайн үедээ анзаараагүй гарын үсэг зурсан. Миний 2 дахь мэдүүлэг дээр гарын үсэг зурахдаа эхний мэдүүлгийг урсан. Харин 2 дахь удаагийн мэдүүлэгт би өөрөө анзаараагүй гарын үсэг зурсан нь миний алдаа болсон. Би өөрийн биеэр ирж анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэг үнэн. Би хоёр хүний ярьсан яриаг үнэн зөв мэдүүлснээрээ яллуулж байгаадаа гомдолтой байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ДШМ/55 дугаар магадлалд яллагдагч нарын гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоолгох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж дүгнэн яллагдагч Ц.Ц, Д.С нарт холбогдох 2426001890168 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүгчийн захирамж нь хуулийн шаардлага хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь яг ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэж хуульчилсан хэдий ч 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ДШМ/55 дугаар магадлалаар Ц.Ц, Д.С нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүгдэгч Ц.Ц-ийн гэмт хэргийн сэдэлт, зорилгод эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга Э.Ө нь гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа дээр гэрч Д.С-өөр гарын үсэг зуруулсан баримт хэрэгт байгаа боловч хяналтын камерын бичлэгт эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулж байгаа байдал тогтоогдохгүй, Д.С-ийн өгсөн мэдүүлэгт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангаагүй гэж шийдвэрлэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх давж заалдах шатны магадлалд заасан дүгнэлтийг өөр байдлаар тайлбарлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/922 дугаар захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар яллагдагч Ц.Ц, Д.С нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/922 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар яллагдагч Ц.Ц, Д.С нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ЭНХМАА

                                         ШҮҮГЧИД                               Л.НЯМДОРЖ

                                                                                         Б.ЦЭРЭНПҮРЭВ