Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01605

 

 

Т.Мын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01665 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Мын хариуцагч Б.Нт холбогдуулан гаргасан 14 000 000 төгрөгийн үнэ бүхий 31 төрлийн эд хөрөнгө, ...19 тоот хаягт байрлах хоёр өрөө орон сууцнаас ногдох хэсэг буюу 40 000 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд

 

Нэхэмжлэгч Т.М,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Галтаа,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: П.Г2012 оны 06 сарын 20-ны өдөр улсын бүртгэлд албан ёсоор гэр бүлээ батлуулан энэ оныхоо 07 сард ...74 байрны 19 тоот хоёр өрөө орон сууцанд тусдаа гарсан. Энэ байрыг хадам талаас хуриман дээр бид хоёрт бэлэг болгож өгсөн байр. Бид хоёрын дундаас үр хүүхэд байхгүй. Хань минь сүүлийн 4, 5 жил архины хэрэглээ нь ихсэж улмаар 2018 оны 12 сарын 18-ны өдөр өөрсдийн амьдарч байсан орон сууцныхаа цонхоор унаж нас барсан. Миний хань нас барах хүртэл хугацаанд уг байрандаа хоёулахнаа амьдарч байсан. Ханийг минь өнгөрсний дараа хадмууд гэрт ирэн надтай хамт амьдрах болж намайг орон гэрээс минь хөөж тууж би гэртээ амьдрах боломжгүй болсон. Үүнээс хойш өв нээгдэх өнөөдрийг хүртэл орох орон байхгүй айлаар амьдарч байна. Миний гэр орны тавилга болох ханьд минь бүтээлгэсэн бурханы зураг 2 ширхэг жаазтай, том өрөөний стенк, гал тогооны тек 3 300 000 төгрөг, 37 инчийн Samsung зурагт 100 000 төгрөг, home teather Philips 650 000 төгрөг, саарал арьсан буйдан 1 560 000 төгрөг, хоолны ширээ дугуй 3 сандалтай 470 000 төгрөг, унтлагын ор өргөн, тумбочка 2 ширхэг, гоо сайхны толь 2 300 000 төгрөг, хивс том өрөөний том 850 000 төгрөг, хивс хананы жижиг 250 000 төгрөг, хивс хананы жижиг 250 000 төгрөг, хивсэнцэр том 450 000 төгрөг, гал тогооны тавилга 1 350 000 төгрөг, Samsung печь 350 000 төгрөг, akira плитка 80 000 төгрөг, абжур 2 ширхэг 250 000 төгрөг, загасны аквариум, тавиуртай 250 000 төгрөг, үүдний буйдан сандал 1 ширхэг, компьютерийн ширээ хуучин 1 ширхэг, 2 метр өндөр гацуур, чимэглэлтэй 1 ширхэг, морин хуур нэг ширхэг, шалны автомат угаагч 1 ширхэг, хөнжил 3 ширхэг, гудас өргөн 1 ширхэг, дэр 3 ширхэг, буйдан бүтээлэг 1 хос, угаалгын машин 1 ширхэг 640 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгийн үнэ бүхий 31 төрлийн эд хөрөнгийг гаргуулах, хань бид хоёрын амьдарч байсан хоёр өрөө орон сууцны албан ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон тул надад ногдох хэсэг буюу 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ээж, аав нь өв залгамжилна гэж хуульд байгаа боловч жилийн дотор өвлөх эрхээ нээлгээгүй бол өвлөх эрхээ алдана гээд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт тодорхой заасан. Өвлөх эрхээ сэргээлгэх юм уу, өвлөх эрх авах, алдсан талаараа ямар нэгэн нотлох баримт одоог хүртэл гаргаж өгөөгүй байгаа. Тийм учир Т.Мын өвлөх эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

 

 

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Н би 1999 оноос хойш Да хүрээ зах дээр хоолны газар ажиллуулан, хувиараа хөдөлмөр эрхэлж ирсэн бөгөөд өөрийн нөхөр С.П хамт амьдрах хувийн орон сууцтай болох үүднээс 2011 оны 10 сарын 15-ны өдөр FCC ХХК-тай 278 тоот Ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр орон сууцны хотхоны 74 дүгээр байр, 19 тоот бүхий 60,98 м.кв талбайтай орон сууцыг 72 932 080 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Ингээд тус гэрээний 2.1-д заасанчлан орон сууцны төлбөрийн урьдчилгаанд 20 420 982 төгрөгийг, 2011 оны 11 сарын 01-ний өдөр 1 458 641 төгрөг, нийт 21 879 623 төгрөгийг төлж, захиалсан орон сууц 2012 оны 08 сард ашиглалтанд ороход бэлэн болсон үед тухайн орон сууцны үлдэгдэл төлбөр болох 51 000 000 төгрөгийг төрийн банкны зээлээр төлж барагдуулахаар болж, 2012 оны 08 сарын 15-ны өдөр 59 тоот орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан. Тухайн үед захиалгаар бариулсан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ хараахан гараагүй байсан бөгөөд төрийн банк нь ипотекийн зээл олгохдоо намайг болон миний нөхөр С.Пийг тэтгэврийн насны хүн учраас заавал хөдөлмөрийн насны үр хүүхдүүдээсээ зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцуулах шаардлагыг тавьсан тул өөрийн хүү П.Гийг хамтран зээлдэгчээр оролцуулсан болно. Зээл, зээлийн хүүнд cap бүр 900 000-500 000 орчим төгрөгийг төлж ирснээс гадна одоогийн байдлаар 14 167 143 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Миний хувьд уг орон сууцнаас өөр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгөгүй, зөвхөн хөдөө 5 ханатай гэр, хэдэн малнаас өөр эд хөрөнгөгүй. Миний талийгаач хүү П.Г, эхнэр нь болох Т.М нар нь дээрх орон сууцанд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, зээлийн хүү төлж байгаагүй, тэдний хамтын хөдөлмөрийн үр шим, оролцоо байхгүй атал миний орон сууцны албан ёсны өв залгамжлагчаар өөрийгөө тогтоогдсон хэмээн үзэж, өөрт ногдох 40 000 000 төгрөгийг надаас гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Т.Мын нэхэмжилж буй 14 000 000 төгрөгөөр үнэлсэн бүхий л эд хөрөнгийг өөрийн хүү П.Гийн гэр бүлд худалдан авч өгсөн ба эдгээр эд хогшлоос зарим ноогдох хэсгийг Т.Мд өгөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгүүдээс өнгөтэй өөдтэй гэсэн болгоныг авч явсан бөгөөд элэгдэл хорогдлыг тооцолгүйгээр илэрхий дураараа өндөр үнэлж, тэтгэврийн өндөр настай надаас их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Өөрийн хүү П.Г болон Т.М нарыг орон сууцтай болох хүртэл хугацаанд тус дэм болох үүднээс өөрийн худалдан авсан орон сууцандаа хөлс мөнгөгүйгээр амьдруулж, бүхий л тог цахилгаан, СӨХ-ны төлбөрийг нь хүртэл төлж ирсэн. Талийгаач хүү П.Г, Т.М нарын хамтын амьдрал байнгын хэрүүл маргаантай салж нийлж байснаас үүдэн хүү минь архи ууж, сэтгэлээр унадаг болсон. Талийгаачийг маань нас бардаг өдөр эхнэр Т.М нь нөхрөө түгжиж, гар утсыг нь хурааж аваад гэртээ хоноогүйн улмаас 5 давхар байрны тагтнаас буух гэж байгаад миний хүү унаж, залуу сайхан насандаа амь үрэгдсэн тул эхийн хувьд бэрдээ туйлын гомдолтой явдаг. Т.М нь миний хүүг нас барсаны дараа Турк явна гэж мөнгө нэхэхэд нь хүртэл 2019 оны 07 сарын 29-ний өдөр хүнээс мөнгө зээлэн байж түүнд 3 000 000 төгрөгийн туслалцаа үзүүлж байсан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 14 000 000 төгрөгийн хүрээнд нэхэмжилсэн эд хогшлоос зарим эд хөрөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй боловч үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Бид оны өмнө нотариат дээр очоод өв нээлгэх хүсэлтээ гаргасан бөгөөд уг орон сууцанд хэн амьдарч байгаа вэ гэхэд нь Б.Н, С.П нар амьдарч байгаа гэхэд нотариатч Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өвөө та нар хүлээгээд авсан юм байна гэж хэлсэн. Өв хүлээн авах хүсэлтийг бид авахгүй, өв залгамжлах эрхийн гэрчилгээ хийлгэх гэж байгаа бол анхааруулга хүргүүлэх тухай бичиг ирсэн байгаа тул та нарт гэрчилгээ бичиж өгөх боломжгүй гэдэг тайлбар өгсөн. Шүүхийн маргаан дуусах хүртэл өв залгамжлалын гэрчилгээ бичихгүй гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууц 72 932 080 төгрөгийн үнэтэй болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Үүнээс 50 хувь буюу 36 466 000 төгрөг нь Б.Нийнх, үлдсэн 36 466 000 төгрөг нь талийгаач П.Гийн өмч юм. П.Гийн өмчийг гуравт хуваахад нэг хүнд 12 155 346 төгрөг ногдож багаа. Уг 12 155 346 төгрөгөөс 2019 оны 07 сарын 29-ны өдөр нэхэмжлэгч Т.М өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд 3 000 000 төгрөгөө хүлээгээд авсан. Хэн дуртай хүндээ тусалж байгаа гээд мөнгө өгөхгүй, 3 000 000 төгрөгийг эд хөрөнгийн маргаангүй гэж миний ногдох хэсэг 3 000 000 төгрөг гэж ярилцаад авсан учир энэ мөнгө хасагдана гэж үзэж байгаа. Ингээд 9 155 346 төгрөг үлдэж байгаа. Банканд төлөх ёстой 13 755 902 төгрөг байгаа. Зээлдэгч хоёр хүн байгаа тул Б.Н ганцаараа зээл төлөх үүрэг хүлээгээгүй. Бүх зээлийн төлбөрийг Б.Н төлсөн. Тэгэхээр уг 9 155 346 төгрөгөөс банкны 2 292 650 төгрөгийг төлөх үүргийг хүлээх ёстой. Бид зээлийн хүүгийн асуудал яриагүй. Иймд 9 155 346 төгрөгөөс 2 292 650 төгрөг хасагдаад 6 862 696 төгрөг Т.Мд ногдох юм. Гэрлэхээс өмнө Б.Н хүүгээ орон сууц захиалгын гэрээнд оруулж, 50 хувиа бэлэглэлийн журмаар өгсөн. Хүү, бэр хоёртоо бэлэглэж байна гэсэн бол зайлшгүй Т.Мын нэр багтах ёстой байсан. Орон сууцанд ногдох хэсэг дээр 6 862 696 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдлөх эд хөрөнгүүдээ буцаагаад авъя гэж байна. Гэтэл энэ эд хөрөнгүүдийг Б.Н, С.П нар авсан, зарим нь хуримаар ирсэн байгаа. Үйл баримтаар юу тогтоогдож байгаа гэхээр компьютер, хөргөгч, бусад эд зүйлээ авсан. Нэхэмжилж байгаа 31 ширхэг эд зүйл П.Г, Т.М хоёрын эд хөрөнгө байсан гэж үзэх үндэслэлтэй. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн 50 хувь нь Т.Мынх, 50 хувь нь П.Гийнх. П.Г нас барсан учир мөн 50 хувь дээр хууль ёсны өв залгамжлалын асуудал яригдана. Тэгэхээр 50 хувь нь 3 750 000 төгрөг болно, үүнийг гуравт хуваагаад нэг хүний 1 241 666 төгрөг болно Т.Мын 50 хувийг нэмэхээр 4 991 666 төгрөг болно. 31 нэр төрлийн эд зүйлээсээ үнийн дүндээ тохирохоор яг аль эд зүйлийг авах гээд байгаа, яагаад өөрийгөө 100 хувийн өмчлөгч гэж үзээд бүгдийг нь авах гээд байгаа юм. Ээж, аав хоёр нь төрсөн хүүгийнхээ ногдох хэсгээс өвлөх эрх байгаа. Өнөөдөр энэ хоёр хүний өвлөх эрхийг хаана ч хэн ч хасаагүй, өөрсдөө татгалзаагүй. Тиймд нэгэнт үнэлгээг нь гаргаад өгсөн учир уг хөдлөх эд хөрөнгийг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Иймд 4 991 666 төгрөгт ногдож байгаа хэсгийг хөрөнгийн үнэлгээний төвөөс үнэлсэн хэмжээгээр эд хөрөнгөө буцаан авах үндэслэлтэй. Угаалгын машины үнийг өөрөө 640 000 төгрөг гэж үнэлсэн байгаа боловч хэрхэн яаж үнэлүүлсэн нь тогтоогдохгүй байгаа. Манай зүгээс хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлүүлэх гэсэн боловч эвдэрсэн эд хөрөнгийг үнэлэхгүй гэсэн. Бурхны хөргийн асуудал дээр талууд П.Гийн өөрийнх нь байсан гал голомтод үлдээе гэж тохирсон. Нэгэнт хүсэл зоригоо илэрхийлээд бурхан шашнаа гал голомтод нь үлдээсэн байгаа учир бурхны хөргийг авах хууль зүйн үндэслэлгүй. Ингээд 4 991 666 төгрөгт ногдох хэмжээний эд хогшлоо авах боломжтой гэжээ.

 

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Гэр бүлийн хүн болох Б.Нтэй хамт амьдрах хувийн орон сууцтай болох талаар эртнээс бодож, төлөвлөж байсан. Т.М нь орон сууцанд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулж, зээлийн нэг ч төлөлт хийж байгаагүй атлаа өөрийгөө уг орон сууцыг өвлөх эрхтэй хэмээн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хүү П.Гийн амь насаа алдсан шалтгаан нь Т.Мтай шууд холбоотой, хэрэг болдог өдрийн шөнө Т.М манай хүү П.Гийг архи уулаа хэмээн уурлаж гар утас, гар утасны цэнэглэгч, гэрийн утасны залгуурыг нь салган өөрөө авч явж, гаднаас нь цоожилж явснаар манай хүү гадагшаа хүнтэй ярих, гэрээс гарах ямар ч боломжгүй байдалд үлдсэн байдаг. Ингээд хүү П.Г маань өглөө сэрээд ажилдаа явахын тулд гэрийнхээ хөнжилийн даавуу, куртик зэргийг залган уяж, цонхоор буух гэж байгаад уяас нь суларч доош унасны улмаас нас барсан юм. Хэрэв тухайн үед Т.М гэртээ хоносон бол ийм явдал болохгүй байсан ба уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах явцад биднээс Т.Мд гомдолтой юу, түүнийг цаашид шалгуулах уу гэхэд нь бид түүнийг бодоод цагдаад хүртэл гомдол санал байхгүй гэж хэлсэн байхад эргээд биднээс мөнгө нэхэж байгаад харамсаж байна. Мөн хэрэг гараад удаагүй эхнэр бид хоёрын ухаан санаа самуурсан байх үед Т.М нь орон сууцанд байсан өөрийн хувцаснууд, гэрийн компьютер болон бас бус зүйлийг авч явсан байсан. Дээрээс нь нэмж хэлэхэд Т.М нь ажил төрөлд хойрог, гэр орны ажилд тааруу, хүмүүжил муутайгаас гадна архины хамааралтай гэж үзэж байна. Миний мэдэхээр Т.М нь үргэлж л караоке, зочид буудалд ажиллаж байгаа гэж хэлээд гэртээ шөнийн 23-24 цагаас хойш ирдэг, ирэхээрээ архи уусан, үнэртүүлсэн байдалтай байдаг байсан. Манай хүүтэй гэр бүл болохоосоо өмнө манайд халамцуу ирж агсам тавьж зурагтыг цохиж хагалж байсан удаатай. Мөн Т.Мын эгч, ээж нар нь мөн л архи дарс хэрэглэдэг хүмүүс байдаг. Иймд Т.Мын нэхэмжилж буй эд хөрөнгийг түүнд өгвөл тэдгээрийг цааш нь үрэгдүүлэн гээж, архинд өгөх магадлалтай. Иймд Т.Мын Б.Нт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Нээс эрхийн улсын бүртгэлийн ......... дугаартай, Улаанбаатар хот, ..................... 19 тоот хаягт байрлах, 60,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас ногдох хэсэг буюу 12 155 346.66 төгрөг, гэрийн эд хогшил болох бурханы зураг 2 ширхэг жаазтай, том өрөөний стенк, гал тогооны тек, 37 инчийн Samsung маркийн зурагт, Philips маркийн гэрийн театр, арьсан буйдан /саарал/, хоолны ширээ дугуй 3 сандалтай, унтлагын ор /өргөн/, тумбочка 2 ширхэг, гоо сайхны толь, том хивс /том өрөөний/, хивс хананы жижиг /том өрөөний/, хивс хананы жижиг /жижиг өрөөний/, хивсэнцэр /том/, гал тогооны тавилга, Samsung маркийн халаах зуух, Akira маркийн плитка, гэрлийн бүрхүүл /абжур/ 2 ширхэг, загасны аквариум, тавиуртай, үүдний буйдан сандал, компьютерийн ширээ, 2 метр өндөр чимэглэлтэй гацуур, морин хуур, шалны автомат угаагч, хөнжил 3 ширхэг, гудас /өргөн/, дэр 3 ширхэг, буйдан бүтээлэг 1 хос, угаалгын машиныг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагын орон сууцны ногдох хэсгээс 27 844 653.34 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөг, 357 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 227 950 төгрөг, 209 435.55 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Мд олгож шийдвэрлэжээ.

 

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Нийн зүгээс хөрөнгийн үнэлгээний төвөөр маргаан бүхий 31 төрлийн эд хөрөнгийг үнэлүүлэхэд эдгээрийн зах зээлийн ханш 7 450 000 төгрөг болох нь тогтоогдсон. Зүй нь маргаан бүхий 31 төрлийн эд хөрөнгийг нас барагчийн эхнэр Т.М, төрсөн эх Б.Н, төрсөн эцэг С.П нарт адил хэмжээгээр өвлүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 31 төрлийн эд хөрөнгийн үнэлгээ болох 14 000 000 төгрөгөөс 9 333 333 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 3 000 000 төгрөгийн эд хөрөнгийн маргаан үүсгэхгүй гэж хэлээд хариуцагчаас 3 000 000 төгрөгийг авсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж маргасан ба шүүхийн мэтгэлцээний үед нэхэмжлэгч нь 3 000 000 төгрөгийг хариуцагч, гуравдагч этгээд нараас хүлээн авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд уг мөнгийг мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэх учиртай байсан. Дээрхээс гадна Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж хуульчилсан байх тул шүүхийн шийдвэрээр хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн 12 155 346.66 төгрөгөөс хариуцагчийн Төрийн банк ХХК-тай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний үүргийг ижил хэмжээгээр хүлээх үндэслэлтэй учир 4 051 782.20 төгрөгийг мөн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох байсан атал шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаж чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 31 төрлийн эд хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэснийг 4 666 666 төгрөг болгож өөрчлөх, мөнгөн дүнгээс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн дүн болох 3 000 000 төгрөг, ипотекийн зээлийн гэрээний үүргийг ижил хэмжээгээр хүлээх 4 051 782.20 төгрөгийг хасч өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, төлбөр тооцооллын өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Т.М хариуцагч Б.Нээс нас барагч П.Гийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон гэх үндэслэлээр 14 000 000 төгрөгийн үнэ бүхий 31 төрлийн эд хөрөнгө, ...19 тоот хаягт байрлах хоёр өрөө орон сууцнаас ногдох хэсэг буюу 40 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг буюу бурхны зураг 2 ширхэг, гэрлийн бүрхүүл 1 ширхэг, 2 метрийн урттай гацуур, гэр, угаалгын машин 2 ширхэг, авжур 1 ширхэгийг өгөхөөр хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг эс зөвшөөрчээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, өвлөгдөх эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч өвлөгдөх эд хөрөнгөд ногдох үүргийн талаар буруу дүгнэжээ.

 

Хэргийн баримтаас үзвэл нас барагч П.Гийн төрүүлсэн эцэг С.П, эх Б.Н, эхнэр Т.М нар нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар нас барагчийн эд хөрөнгө, эрхийг адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчид байна.

 

Нэхэмжлэлд дурьдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нас барагч П.Г, эх Б.Нийн хамт бүртгэлтэй байсан нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд уг орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 72 932 080 төгрөг байна. П.Гийн өмчлөх үнийн дүн 36 466 040 төгрөгийг хууль ёсны 3 өвлөгчид адил хэмжээгээр өвлөх бөгөөд өвлөгч тус бүрийн 12 155 346.66 төгрөг ногдохоор байна. Нэхэмжлэгч нь өөрт ногдох хэсгээ шаардах эрхтэй.

 

Орон сууц нь 13 755 902 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байгаа нь төрийн банкны тодорхойлолт, зээл, зээлийн хүү төлөх хуваарь зэргээр тогтоогдсон. /хх 21-46, 70, 77 хуудасны ар тал/

 

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт зааснаар нас барагч П.Гийн эд хөрөнгийг өвлөн авч байгаа этгээдүүд нь нас барагчийн өр төлбөрийг хувааж хариуцах ёстой бөгөөд орон сууцны зээлийн үлдэгдэл 13 755 902 төгрөгийн төлбөрөөс нас барагчид ногдох 50 хувь буюу 6 877 951 төгрөгийн төлбөрийг өв залгамжлагч нар болох эцэг С.П, эх Б.Н, эхнэр Т.М нарт хуваахад нэхэмжлэгчид ногдох өр төлбөрийн хэмжээ 2 292 650 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч Т.Мд өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс нас барагчийн гүйцэтгэх үүргийн дүн 2 292 650 төгрөгийг хасч 9 862 696 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд эдгээр хөрөнгүүдийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг нэр бүхий эд хөрөнгүүдийн өмчлөгч гэж үзэх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01665 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 520.4-т гэсний дараа 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт гэснийг нэмж, 12 155 346,66 төгрөг гэснийг 9 862 696 төгрөг гэж 27 844 653.34 төгрөг гэснийг 30 137 304 төгрөг гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 209 435,55 төгрөг гэснийг 172 753 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 876 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ