Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Шүүгдэгч Р.Ц,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Цод холбогдох 1814001140112 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежмент мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Р.Ц,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Р.Ц нь 2018 оны 03 сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Заг сумын төвд иргэн Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Р.Ц нь 2018 оны 03 сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Заг сумын төвд иргэн Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Б.Бгийн ... 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нанжаа, Мөлдөгөө, Дээгий нар манайд ирсэн. Тэгээд бид хэд Цогоогийнд очоод 1 шил архи уугаад тэр хэдийг гаргаж өгөх гэж байгаад Заг сум дээр ирсэн. Тэгээд Мөлдөгийнд орсон чинь тэднийх нэг шил архи өгөхөөр нь би уухгүй гэсэн чинь Шар босч ирээд архи уусангүй гэж багалзуурдаж авсан. Тэгтэл Цогоо хажуугаас өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг ... /хх-ийн 21-23/,

Гэрч Д.Эрдэнэ-Очирын ... Бид хэд Мөлдөгөөгийнд очсон. Тэгээд Мөлдөгөөгийнх Моду гэсэн нэртэй архи гаргаж ирсэн чинь Жадамбаа ах би ийм архи уудаггүй гээд Цогоог чи наад архиа гудар гэж хэлсэн. Тэгээд Цогоотой Жадамбаа барьцалдаж авахаар нь салгасан. Би тухайн үед дусал хийлгээд сууж байсан. Жадамбаа бас надруу дайраад би дусал хийлгэж байсан болохоор нэг гараараа заамдаж аваад хойш нь орлуу түлхсэн. Бид хоёр нэг орон дээр сууж байсан юм. Тэгээд Жадамбаа галын хайч барьж ирээд миний гэдэс рүү нэг удаа хатгаад дараа нь галын хайчаар миний гар луу хоёр удаа цохьсон. Тэгээд бид гурав сум руугаа явах болоод машиндаа суугаад хөдлөөд явж байтал Жадамбаа миний гар утас алга байна гээд та хоёр төлж өгөх юм уу гээд байхаар нь буцаад Мөлдөгөөгийнд ирээд Цогоо бид хоёр айл руу орж утсыг нь хайсан. Жадамбаа машинд үлдсэн. Утсыг нь хайгаад олоогүй гараад иртэл Жадамбаа машин дотор байхгүй байсан. Би Бг зодоогүй 1 удаа заамдаж авсан, харин намайг Б галын хайчаар 2 удаа цохисон, Цогоо буюу Ц нь Бг 1 л удаа толгой хэсэг рүү нь өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/,

Гэрч  С.Энхзаяагийн ... Тэгээд Цогоо Жадамбааг нэг удаа өшиглөсөн тэгэхээр нь айлд зодолдлоо гээд би уурлаад тэр хэдийг гаргасан. Шар залуу Жадамбааг эхэндээ ах гэж байгаад уур нь хүрсэн юм байлгүй сүүлдээ багалзуурдсан байсан. Цогоог өшиглөсний дараа Жадамбаагийн хамраас цус гарсан байсан. Тэгээд гал уснаас хол бай гэж хэлээд гаргасан. Тэгээд тэр 3 удалгүй буцаад ороод ирсэн тэжээлийн хашааны хажууд явж байгаад буцаад ирлээ гар утсаа үлдээсэн байна уу гээд манайд хайсан тэгээд байгаагүй болохоор явсан. ... Жадамбааг Цогоо нэг удаа өшиглөсөн. Шар нэг удаа багалзуурыг нь шахсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36/

Гэрч Б.Баярмагнайгийн ... 2018 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед манай сумын төвийн гэрт ирээд эхнэрийн гар утсаар над руу залгаад найз нь Заг сум дээр хүнд зодуулчихлаа чи хүрээд ирээ гэсэн. Би хаваржаан дээрээсээ удалгүй гэртээ ирсэн чинь Жадамбаагийн хамрын хоёр тал нь маажуулсан байдалтай, баруун билүү зүүн нүд нь хөхрөх маягтай болсон байсан. Тэгээд хэнд зодуулсан юм, яасан юм гэтэл Цогоо Шар хоёрт зодуулдаг юм байна гэж ярьсан … гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Гэрч Б.Нанзаддоржийн ... Замдаа Жадамбаа согтсон Цогоогоос үг гуйгаад гуйлгачин гэж хэлээд байх шиг байсан. Тэгээд Цэнгэлболдын гэрт ирээд эхнэр нь хоол хийж байхад Цогоо, Шар, Дээгий гурав гарч яваад Дээгийгийнд очиж хоол идсэн. Тэр гурвыг эргэж ирэхийг мэдээгүй би Жадамбаа, Цэнгэлболд хоёрыг гэрт нь орхиод гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь Дээгийтэй утсаар ярьтал Жадамбаа Цогоогоос уг гуйгаад хэрүүл болоод Цогоо Жадамбаа хоёр барьцалдаж аваад Цогоо нэг удаа цохисон гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/,

Шүүгдэгч Р.Цын ... Жадамбаа ах хүн хүн рүү дайраад хэл амаар доромжлоод баярхаад байсан. Мөлдөгөө бид хоёр луу дайраад та хоёр шиг ийм ямбий машин унадаггүй. Би шинэ машин унадаг гэж хэлээд Эрдэнэ-Очирийг чи муу Архангай аймгийн цагаач тэндээ багтах шингэх газаргүй болоод манай сумд ирээ биздээ гэх мэтээр хүн хүн рүү үсчиж хэл амаар доромжилсон. Жадамбаа ах Эрдэнэ-Очиртой маргалдаад хоорондоо барьцалдаж аваад нэг нэгнийхээ хоолой амыг багалзуурдаж байгаад салсан. Би Жадамбаа ахаас нэг шуудай гурил авч байсан тэрний мөнгийг өгөөгүй байсан чинь чи муу гуйлгачин тээвэрт явдаг байж гурилынхаа мөнгийг өгч дийлэхгүй гуйлгачин гэж хэл амаар доромжлоод байсан. Би сандал дээр сууж байсан Жадамбаа ах буйдан дээр налаад суусан байж байгаад хэл амаар доромжлоод Жадамбаа ах өндийгөөд босоод ирэхээр нь би нэг удаа өшиглөсөн. Жадамбаа ах над руу ч бас дайраад ганц хоёр удаа намайг цохиж л байсан. Тэрэнд нь би гэмтэж барьсан зүйл байхгүй. Би өвлийн үстэй гутал өмсөж явсан тэгээд нэг удаа л өшиглөсөн юм … гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-75/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 175 дугаартай шинжээчийн ... Б.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хөмсөг, зовхи, хамар, хацарт зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн учирсан үедээ амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Р.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Б.Б шүүгдэгч Р.Ц нар эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Цын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Цын эзэмшлийн самсунг эс-6 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигон овогт Р.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Цод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.Цын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Цод мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Цын эзэмшлийн самсунг эс-6 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Р.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Цод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА