Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/1213

2025             10           17                                                                       2025/ДШМ/1213

Ч.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б-,

шүүгдэгч Ч.Д-, түүний өмгөөлөгч Х.Лхагвахүү,  

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1722 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Д-д холбогдох эрүүгийн 2502000000054 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

О- овгийн Ч-гийн Д-, .........., /РД:Ч-/;

Ч.Д- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч-” ХХК-ийн удирдах, гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “А-” ХХК-иас 5 ширхэг падаанаар 627,272,725 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ч.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... шүүгдэгч Ч.Д-ийг татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ч.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй тухайд: “шийтгэх тогтоолын 8 дугаар хуудасны 3 дугаар догол мөрд “... Шүүгдэгч Ч.Д- нь татварын тайланг үнэн зөв мэдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ  биелүүлэхгүйгээр “А-” ХХК-иас 5 ширхэг падаанаар 627,272,725 төгрөгийн бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр падаан шивүүлж, худал тодорхойлсон тайлан гаргасан байгаа нь татвараас зайлсхийх зорилготой санаатай үйлдэл гэж дүгнэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь Эдийн засгийн гэмт хэрэгт хамаардаг ба гэмт хэргийн үндсэн шинж нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл байна. Өөрөөр хэлбэл, Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ. Гэтэл, Ч.Д-ийн үйлдэлд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл байхгүй бөгөөд түүний хувьд 627,272,725 төгрөгийн баримт шивүүлэх талаар “Анар минж” ХХК-тай харилцан тохиролцсон, мөн НӨАТ төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн санаа, зорилгыг тогтоосон үйл баримт хэрэгт нотлогдож, тогтоогдоогүй байдаг. Тухайлбал, 1хх21 дүгээр талд нягтлан бодогч А.Намсрайдоржийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн “2022 онд “А-” XXК-ийн талаар сонсож байсан. 2023 онд би 2022 оны татварын тайлангаа шалгаж үзэхэд А- гэх аж ахуйн нэгжээс шивэгдсэн падаануудыг би тухайн үедээ захирлуудаасаа лавлаж асуугаагүй байсан тул уг аж ахуйн нэгжтэй холбогдох гэсэн боловч чадаагүй. Тэгээд захирлуудаас “А-” гэх аж ахуйн нэгжийн талаар асуухад мэдэхгүй, хамтран ажиллаж байгаагүй гэсэн тул Татварын байгууллага дээр очиж уулзахад “А-” гэж аж ахуй нэгж шалгагдаж байгаа тул танайх тайландаа залруулга хийчих гэж хэлсэн. Тэгээд 2022 оны тайландаа залруулга хийж байсан” гэх мэдүүлэг, 1хх30 талд гэрч Х.А-ын 2023.03.12-ны өдөр гэрчээр өгсөн “би цахим орчинд НӨАТ зарна гэсэн зар байршуулан зарын дагуу холбогдсон иргэн аж ахуйн нэгжүүдээс нийт үнийн дүнгийн 2.5 хувийг авч Б- гэх эмэгтэй хаан банкны ...., .... гэх данс руу нийт үнийн дүнгийн 1.5 хувийг шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг тус тус авагдсан байдаг. Тодруулбал, дээрх мэдүүлгээс Ч.Д- нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санаатайгаар хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж “А-” ХХК-иас 5 ширхэг падаанаар 627,272,725 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр баримт шивүүлж, худал тодорхойлсон тайланг татварын байгууллагад гаргаагүй болох нь харагдана. Нөгөөтэйгүүр “Ч-” ХХК нь “А-” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр 627.272.725 төгрөгийн баримтыг авсан бол холбогдох 1.5 хувийг “А-” ХХК-ийн мэдүүлэгт дурдсан данс руу шилжүүлэх байсан. Гэтэл хэрэгт цугласан нотлох баримтад “Ч-” ХХК-ийн зүгээс “А-” ХХК-д 1.5 хувийг өгч НӨАТ шивүүлсэн гэх баримт, гэрчийн мэдүүлэг авагдаагүй буюу нотлогдоогүй байдаг.

2. “Ч-” ХХК нь 627,272,725 төгрөгийн баримт андуурагдан шивэгдсэн гэдгийг мэдсэн даруйд Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журамд заасан хугацаанд холбогдох татварын тайланд залруулга хийж НӨАТ суутгасан байдаг. Энэхүү татварын тайланд залруулга хийх хуулийн зохицуулалт нь тайлант хугацаанд гарсан санхүүгийн тохируулга, холбогдох алдаануудыг засах, засварлах боломжийг хуулиар тодорхой хугацаанд олгож байгаа бөгөөд тайланд залруулга хийсэн үйлдэл болгоныг “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн гэм буруугийн сэдэл, санаа зорилго, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг хөдөлбөргүй, эргэлзээгүй, зөв сэргээн, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоох бөгөөд хэрэв шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эргэлзээ бий болсон тохиолдолд түүнийг нотлох баримтаар няцаан үгүйсгэсний эцэст гэм буруутай нь тогтоогдсон гэж үзнэ.

Гэтэл, шүүгдэгч Ч.Д- нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан үйлдэл эс үйлдэхүй гэм буруугийн санаатай хэлбэр байхгүй, “Татвар төлөхөөс зайлсхийх” Гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй, нотлогдох боломжгүй зэрэг нөхцөл байдалд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд, шүүгдэгч Ч.Д- нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан үйлдэл эс үйлдэхүй гэм буруугийн санаатай хэлбэр байхгүй болохыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Д-ийг цагаатгаж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Лхагвахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Ч.Д-ийн үйлдэлд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл байхгүй бөгөөд түүний хувьд 627,272,725 төгрөгийн баримт шивүүлэх талаар “....” ХХК-тай харилцан тохиролцсон, мөн НӨАТ төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн санаа, зорилгыг тогтоосон үйл баримт хэрэгт нотлогдож, тогтоогдоогүй байдаг, Тухайлбал, 1хх21 дүгээр талд нягтлан бодогч А.Н-ийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн “2022 онд А- XXК-ийн талаар сонсож байсан. 2023 онд би 2022 оны татварын тайлангаа шалгаж үзэхэд А- гэх аж ахуйн нэгжээс шивэгдсэн падаануудыг би тухайн үедээ захирлуудаасаа лавлаж асуугаагүй байсан тул уг аж ахуйн нэгжтэй холбогдох гэсэн боловч чадаагүй. Тэгээд захирлуудаас А- гэх аж ахуйн нэгжийн татаар асуухад мэдэхгүй, хамтран ажиллаж байгаагүй гэсэн тул Татварын байгууллага дээр очиж уулзахад А- гэж аж ахуй нэгж шалгагдаж байгаа тул танайх тайландаа залрууга хийчих гэж хэлсэн. Тэгээд 2022 оны тайландаа залруулга хийж байсан” гэх мэдүүлэг, 1хх30 талд гэрч Х.А-ын 2023.03.12-ны өдөр гэрчээр өгсөн “би цахим орчинд НӨАТ зарна гэсэн зар байршуулан зарын дагуу холбогдсон иргэн аж ахуйн нэгжүүдээс нийт үнийн дүнгийн 2.5 хувийг авч Б- гэх эмэгтэй хаан банкны ..... .... гэх данс руу нийт үнийн дүнгийн 1.5 хувийг шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг тус тус авагдсан байдаг. Тодруулбал, дээрх мэдүүлгээс Ч.Д- нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санаатайгаар хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж “А-” ХХК-иас 5 ширхэг падаанаар 627,272,725 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр баримт шивүүлж, худал тодорхойлсон тайланг татварын байгууллагад гаргаагүй болох нь харагдана. Нөгөөтэйгүүр ”Ч-” ХХК нь “....” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр 627.272.725 төгрөгийн баримтыг авсан бол холбогдох 1,5 хувийг “А-” ХХК-ийн мэдүүлэгт дурдсан данс руу шилжүүлэх байсан. Гэтэл хэрэгт цугласан нотлох баримтад “Ч-” ХХК-ийн зүгээс “А-” ХХК-д 1.5 хувийг өгч НӨАТ шивүүлсэн гэх баримт, гэрчийн мэдүүлэг авагдаагүй буюу нотлогдоогүй байдаг. “Ч-” ХХК нь 627,272,725 төгрөгийн баримт андуурагдан шивэгдсэн гэдгийг мэдсэн даруйд Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журамд заасан хугацаанд холбогдох татварын тайланд залруулга хийж НӨАТ суутгасан байдаг. Энэхүү татварын тайланд залруулга хийх хуулийн зохицуулалт нь тайлант хугацаанд гарсан санхүүгийн тохируулга, холбогдох алдаануудыг засах, засварлах боломжийг хуулиар тодорхой хугацаанд олгож байгаа бөгөөд тайланд залруулга хийсэн үйлдэл болгоныг “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн гэм буруугийн сэдэл, санаа зорилго, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг хөдөлбөргүй, эргэлзээгүй, зөв сэргээн, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоох бөгөөд хэрэв шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эргэлзээ бий болсон тохиолдолд түүнийг нотлох баримтаар няцаан үгүйсгэсний эцэст гэм буруутай нь тогтоогдсон гэж үзнэ. Гэтэл шүүгдэгч Ч.Д- нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан үйлдэл эс үйлдэхүй гэм буруугийн санаатай хэлбэр байхгүй, ”Татвар төлөхөөс зайлсхийх” Гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй, нотлогдох боломжгүй зэрэг нөхцөл байдалд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд, шүүгдэгч Ч.Д- нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан үйлдэл эс үйлдэхүй гэм буруугийн санаатай хэлбэр байхгүй болохыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “...Прокуророос намайг татвараас зайлсхийсэн гэж буруутгаж байна. Дээрх гэмт хэргийг санаатай үйлдсэн, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 онд тус компанийн цахим төлбөрийн баримт 8600 ширхэг баримтаар үйлчилгээ үзүүлсэн үүнээс 5 баримт хууль зөрчсөн гэж шүүх үзсэн. Худалдан авалтын мөнгөн дүн 34.5 тэрбум төгрөгөөс 627.000.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас санаатайгаар зайлсхийх шаардлага байхгүй. Татварын ерөнхий газраас хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварыг баримт бичүүлсэн гэх асуудлын анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яригдсан. Дээрх асуудлыг миний хувьд мэдээгүй, Татварын хууль, журамд зааснаар татварын ерөнхий газраас манай компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хаах боломжтой. Манай компанийн албан хаагчид цахим системээс мэдээллийг хардаг. Нэмэгдсэн өртгийн албан татвар тухайн үед шивэхгүй, дараа нь шивэгддэг асуудал байдаг. Улсын татварын байцаагч бидэнд эрсдэлтэй алдааны талаар зөвлөмж, мэдээлэл өгч харилцан ярилцаж тайлан засах хугацаандаа алдаа дутагдалгүй болгож байсан. Төрд хохирол учруулсан зүйл байхгүй, бодит байдал дээр татварын газар буюу манай компаниас ярилцаж байгаад нэмэгдсэн өртгийн албан татварыг шивдэг. Манай компаниас хэн гэх хүн зөрчилтэй нэмэгдсэн өртгийн баримтыг шивсэн талаар тогтоосон зүйл байхгүй” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б- тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг шивсэн нөхцөлд, нөгөө талд бүртгэгдсэн нөхцөлд хэвийн алдаагүй болчихдог. Аль нэг талдаа нэмэгдсэн өртгийн баримт бүртгэгдээгүй нөхцөлд баталгааждаггүй” гэв.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай тогтоосон. Шүүгдэгч Ч.Д- тайлбартаа санаатай тухайн үйл ажиллагааг явуулаагүй талаар тайлбарлаж байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг, Татварын ерөнхий хуульд тухайн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа, удирдах албан тушаалтан үнэн зөв татварын тайлан илгээхээр үүрэг болгосон байдаг. Гэтэл компанийн захирал татварын баримтыг үнэн зөвийг шалгахгүйгээр татварын тайлан илгээсэн байдаг. Нөгөө талын компанийн үйл ажиллагаа явуулдаггүй нь тогтоогдсон. Шүүгдэгчийн компанийн анхан шатны баримт тогтоогддоггүй, дээрх нөхцөл байдлын улмаас татвар төлөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн учраас санаатай үйлдсэн гэмт хэрэгт тооцох боломжтой. Шүүгдэгч Ч.Д- андуурагдсан талаар тайлбартаа дурдсан. Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг татварын тайланг илгээснээр төгссөнд тооцогддог. Андуурагдсан тохилолд баталгаажуулалт хийгдээгүй нөхцөлд татварын тайлан илгээгдэх боломжгүй. Прокуророос эрүүгийн хариуцлагыг торгох ялыг дээд хэмжээгээр буюу 5400 нэгжээр торгох ял оногдуулахаар санал гаргасан. Шүүхээс 1000 нэгжээр торгох ял оногдуулсан шүүхийн бүрэн эрхийн асуудал учраас шүүхийн шийтгэх тогтоолд хүндэтгэлтэй хандаж эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Ч.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Ч.Д- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч-” ХХК-ийн удирдах, гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “А-” ХХК-иас 5 ширхэг падаанаар 627,272,725 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон болох нь :  

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б-гийн “... би Нийслэлийн татварын ерөнхий газрын улсын байцаагч ажилтай... А- ХХК... нь санхүүгийн анхан шатны баримтгүй, үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд байсан тул бусад аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож, НӨАТ-ын хий бичилт хийсэн нь шинжээчийн дүгнэлт, магадлагаагаар тогтоогдсон. Уг дүгнэлтээр А- гэх аж ахуйн нэгжээр “Ч-” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 5 ширхэг падаанаар 627,272,725 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр НӨАТ-ын хий бичилт хийж улсын төсөвт төлөх татвараа 62,727,270 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад учирсан хохирлыг нэхэмжилж байна...” /1хх-08/, “...Ч- ХХК нь 2022 оны 09 дүгээр сард А- ХХК-иас 5 ширхэг падаанаар 627,272,725 төгрөгийн бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлж татварын тайлангаа илгээсэн байсан...Татварын тайлан илгээхдээ санхүүгийн анхан шатны баримтаа бүрдүүлэн татварын ерөнхий газарт тайлангаа үнэн зөв илгээх ёстой...Ч- ХХК нь өөрсдөө мэдэлгүй санхүүгийн тайлангаа Татварын албанд илгээх боломж байхгүй, уг компанийн тайлан тоон гарын үсгээр баталгаажиж илгээгддэг учраас байгууллагын удирдлага буюу эрх бүхий этгээд болон байгууллагын нягтлан тухайн сард илгээж байгаа тайлангаа хянан баталгаажуулж илгээж байгаа. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана, мөн хуулийн 29.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах...” үүрэгтэй гэж заасан. Гэтэл дээрх аж ахуйн нэгж нь “А-” ХХК-иас ямар нэгэн бараа, ажил үйлчилгээ аваагүй, санхүүгийн анхан шатны баримт материалыг бүрдүүлээгүй атлаа Татварын албанд тухайн аж ахуйн нэгжээс бараа, ажил үйлчилгээ авсан мэтээр тайлангаа илгээсэн нь хууль бус...юм /2хх135-136/,

- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч-чиглэлийн мөрдөгчийн 2023.07.06-ны өдрийн 07230018 дугаартай магадалгаа: “... Татварын албан бааз дахь мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд А- ХХК нь 2,169 ширхэг төлбөрийг баримтыг бараа, ажил үйлчилгээ үзүүлж борлуулалт хийсэн мэтээр нэр бүхий 575 аж ахуйн нэгж байгууллага, 36 иргэнд 52,629,412,823 төгрөгийн борлуулалт бүртгэж.. и-баримт үйлдэж, татвар төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-ыг 5,157,431,493 төгрөгөө бууруулах боломж олгосон байх магадлалтай байна...50 сая төгрөгөөс дээших борлуулалт: Дэс дугаар 13. Pегистр Н-; Ч- ХХК цэвэр дүн 627,272,725 төгрөг... НӨАТ 62,727,270...төгрөг” /1хх-35-61/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын санхүү, бүртгэлийн хэсгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаар дүгнэлт:“...”А-” ХХК-ийн борлуулалтын 2,078 ширхэг и-баримтаар 540 аж ахуйн нэгж, 36 иргэн, 7 эцсийн хэрэглэгч 5,229,128,097 төгрөгөөр төлөх ёстой НӨАТ-аа бууруулсан байна...Хавсралт 2: Дэс дугаар 13. Pегистр Н-; цэвэр дүн 627,272,725 төгрөг... НӨАТ 62,727,270...төгрөг” /1хх- /1хх-68-69, 76/,

- шинжээч Б.Оюунгэрэлийн “мөрдөгчийн магадлагаанд...50 сая төгрөгөөс дээш  үнийн дүнгээр ялгасан нэр бүхий 23 аж ахуй нэгжээс...зөвхөн 2 буюу “Э-” ХХК, “Т-” ХХК-ийн борлуулалт нэмэгдэж, үнийн дүнд зөрүү үүсэж нэмэгдсэн...бусад аж ахуй нэгийн үнийн дүнд өөрчлөлт ороогүй тул мөрдөгчийн магадлагаан дахь үнийн дүн үндэслэлтэй...”/1хх103-105/,

-  гэрч Б.Д-гийн: “...Ч- ХХК 2022 онд А- ХХК-тэй хамтран ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй би мэдэхгүй, би ээлжийн амралттай байсан...Хувьцаа эзэмшигч Ч.Д- /ТУЗ-ын дарга/ мэдэж байгаа гэж бодож байна...Тухайн үед манай ерөнхий нягтлангаар Н- ажиллаж байсан...2023 онд ажлаасаа гарсан...” /1хх-15/,

- “ Ч-” ХХК-ийн дарга Ч.Д-ийн 2022 оны 09 сарын 19-ны тушаал /хх-16/,

- гэрч А.Н- /нягтлан/-ийн: “...2022 онд А- ХХК-ийн талаар сонсож байсан. 2023 онд би 2022 оны Татварын тайлангаа шалгаж үзэхэд А- гэх аж ахуйн нэгжээс шивэгдсэн падаануудыг би тухайн үедээ захирлуудаасаа лавлаж асуугаагүй байсан тул уг аж ахуйн нэгжтэй холбогдох гэсэн боловч чадаагүй...Манай компани 3, 4 төсөл дээр ажиллаж байсан учраас их ажилтай байсан тул компанийн талаар асууж тодруулахаа мартсан байсан....” /1хх-22, 2хх-139-140/,

- гэрч Д.Б-гийн “...А- гэж хүн НӨАТ-н авна гэсэн зарын дагуу холбогдож байна гэсэн, НӨАТ асуухаар нь би байгаа гээд өмнө холбогдож байсан Б- гэдэг хүнээс асуусан, зуучилсан. А- нь надаас тамгатай гэрээ нэхээд байхаар нь Б- руу хэлэхэд цагаан цаасны голд “А-” ХХК гэсэн тамгатай цаас скайнердаж өгсөн. А- нь Б-гийн компани, үйл ажиллагаа явуулдаггүй...Нийтдээ 10 орчим компанид нөат-н баримтыг шивүүлж байсан...” /1хх26/, “...би Ч- ХХК-д ахлах нягтлан бодогчоор 2019 онд ажиллаж байгаад 2020 онд ажлаас гарч 2021 онд буцаж ажиллаад, 2022 оны 05 сарыг дуустал ажилласан...” /2хх-144/,

- гэрч Б.Д-гийн “...Ч- ХХК-д 2018 оноос 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад 2022 оны 09 дүгээр сард би өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан...А- гэх аж ахуйн нэгжийн талаар санахгүй байна... 2, 3 аж ахуйн нэгжээс үнийн санал ирүүлсний дагуу тухайн аж ахуйн нэгжүүдээсээ сонгож, хамтран ажилладаг. Миний хийж гүйцэтгэдэг ажил бол гэрээ байгуулахад оролцож тухайн хамтран ажиллах гэж байгаа аж ахуйн нэгжийнхээ мэдээллийг НӨАТ төлөгч эсэх, хамтран ажиллаж байгаа хугацаа, үнийн дүнг бүртгэн авдаг байсан...” /2хх147-148/,  

- гэрч Х.А-ын”...“А- ХХК -иас Б- нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ”-н баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл би НӨАТ-н баримт зарна гэж зар оруулж улмаар зарын дагуу миний утас руу холбогдсон аж ахуйн нэгжүүдийг Б- руу явуулахад Б- нь А- гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан  мэтээр НӨАТ-н баримт шивдэг байсан...Би цахим орчинд НӨАТ зарна гэсэн зарын дагуу холбогдсон иргэн аж ахуйн нэгжүүдээс нийт үнийн дүнгийн 2,5 хувийг авч Б- гэх эмэгтэйн хаан банкны данс руу нийт үнийн дүнгийн 1,5 хувийг шилжүүлж байсан. Би НӨАТ-н хий бичилт бичүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдийг олсныхоо хариуд нийт үнийн дүнгийн 1 хувийг авдаг байсан...” /1хх-29-30, 1хх115-117/,

-гэрч Г.Б-гийн “...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Ч- ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан...Тухайн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байгаа тохиолдолд гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр ерөнхий нягтлан тухайн аж ахуйн нэгжийн данс руу Ч- ХХК-ийн данснаас шилжүүлдэг. Тэгээд тооцооны нягтлангууд нь тухайн шилжсэн мөнгөн дүнд авсан материалынх нь НӨАТ-н баримт шивэгдсэн эсэхийг нь шалгаад шивэгдсэн байвал орлогыг нь аваад, зарлагыг нь гаргаад явчихдаг. Тэгээд тухайн авлага хаагдсан эсэхэд ахлан нягтлан хяналт тавьж ажилладаг...” /2хх-152/,

- гэрч М.М- “...Би А- ХХК-н захирал ажилтай...НӨАТ-н баримтыг нийт үнийн дүнгийн 1-1,5 хувиар тооцож бичүүлсэн. Би яг хэдэн төгрөг, хэзээ, хэнээс, авсан гэдгээ одоо сайн санахгүй байна...А- ХХК нь тус аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-н хий бичилт бичсэн...” /1хх-34/ гэсэн мэдүүлэг,

- гэрч Б.Т-, P.Э-, Б.Г- нарын“...Бид “Ч-” ХХК-д ажилладаг...”А-” ХХК-тай хамтран ажилладаг эсэхийг мэдэхгүй бөгөөд бид аж ахуй нэгжтэй холбогдож бараа материал авдаггүй.../2хх-156, 160, 168/, 

- гэрч Э.А-гийн:”...Би Ч-” ХХК-д тооцоонын нягтлан бодогчоор ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч, улмаар дахин 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл ажиллаад, амралтаа авсан...“Б-” ХХК нь “А-” гэх аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байгаагүй. Гэхдээ Татварын албанаас хий бичилттэй падаан шивдэг аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг жил бүр нээлттэй зарлах үед А- гэх аж ахуйн нэгжийн нэр хий бичилттэй падааны шивэлт хийдэг гээд жагсаалтад орчихсон байсныг л харж байсан...Компаниас өндөр үнийн дүнтэй бараа материал худалдан авах бусад ажиллагааг захирлууд өөрсдөө оролцож ТУЗ-н зөвлөлөөр хэлэлцэж гэрээ, хэлцэл байгуулан шийдвэр гаргадаг. Харин жижиг худалдан авалтуудыг худалдан авалтын хэлтэс хариуцдаг бөгөөд худалдан авалт хариуцсан ажилтан нь захиалагчийн захиалсан бараа материалыг стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаад тухайн материал байгаа газраасаа худалдан авдаг. Бараа материал худалдан авахын тулд эхлээд санхүүд тухайн бараа авах гэж байгаа газрынхаа нэхэмжлэхийг гаргаж өгдөг. Түүний дараагаар гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр санхүүгийн хэлтсээс компанийн данснаас тухайн бараа материал худалдан авч байгаа газрын данс руу мөнгө орж худалдан авалт хийгддэг. Тухайн үедээ шууд худалдан авалт хийж байгаа учраас манайхаас шууд НӨАТ-н баримтуудаа шивүүлэн авах шаардлагыг тавьдаг байсан. Тийм учраас компанийн данснаас гүйлгээ хийгдээд шууд НӨАТ шивэгддэг байсан. Мөнгөн гүйлгээг заавал гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр хийдэг байсан...” /2хх-164/,

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-214-215/, - татварын тайлан /2хх82-87/

- шүүгдэгч Ч.Д-ийн өгсөн “...Би 2018-2019 онд “Ч-” ХХК-ийн 100 хувьцаа эзэмшигч болсон, ерөнхий захирлаар ажилласан, мөн 2022 онд тус компанийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах газрын даргаар ажиллаж байсан. Тухайн үед ерөнхий захирал Д- байсан боловч түүнийг байхгүй үед ТУЗ-ын дарга компанийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж байсан...2022 онд манайх А- ХХК-тай хамтран ажиллаж байсан асуудал байхгүй...Хэн нь бараа материал авч  НӨАТ шивүүлсэнг хэлж мэдэхгүй...2023 онд Татварын байгууллагаас холбогдож хий бичилттэй падаан шивэгдсэн талаар мэдэгдсэн тул манай компанид ажиллаж байсан нягтлан Н- залруулга хийж тайлангаа дахин илгээсэн...Би хяналт хэрэгжүүлээгүй тул хариуцлагаа өөрөө хүлээнэ...” /1хх-18/...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй, зөвшөөрч байна...” /1хх-142-143/, Мөрдөгчийн магадлагаа болон шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй, компанийн удирдлагын зүгээс хяналт дутуу тавьсны улмаас ийм асуудалд хүрсэн.” /1хх-152/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.          

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Ч.Д-ийн үйлдсэн “татвараас зайлсхийх” гэмт хэргийн шинж хангагдсан, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийн талаар тухайн хэрэгт цугларч, бэхжигдсэн бүхий л нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд дараах байдлаар тодотгож байна. Үүнд:         

а. Шүүгдэгч Ч.Д- нь гүйцэтгэх удирдлагын хувьд нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах, санхүүгийн тайланг баталгаажуулах, тэдгээрийн үнэн зөвийг хариуцах үүргээ ноцтой буюу санаатайгаар зөрчсөн байна.

Хэрэг авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, татварын тайлан, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтаар Ч.Д- нь Компанийн тухай хуулийн 83, 84 дүгээр зүйлд зааснаар “Ч-” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлага байх төдийгүй Нягтлан бодох бүртгэлийн болон татварын ерөнхий хууль, хамаарах бусад хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах, санхүүгийн тайланг баталгаажуулах, тэдгээрийн үнэн зөвийг хариуцах үүрэг бүхий албан тушаалтан болно.

Мөн “Ч-” ХХК нь эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч-чиглэлийн мөрдөгчийн магадалгаа, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын санхүү, бүртгэлийн хэсгийн шинжээчийн дүгнэлт, хамаарах бусад баримтаар хий бичилттэй падаан шивдэг гэх “А-” ХХК-иас 5 ширхэг падаанаар 627,272,725 төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан мэт санхүү, татварын тайлан гаргаж, төлөх ёстой нэмэгдсэн албан татварын хэмжээг их хэмжээгээр бууруулсан байх бөгөөд дээрх тусгай мэдлэгийн дүгнэлтүүд хооронд зөрүүтэй байдал үүсээгүй, тэдгээрийг үгүйсгэн няцаах үндэслэл, үйл баримтгүй байна.   

Тодруулбал, “Ч-” ХХК нь 627,272,725 төгрөгийн бараа, үйлчилгээг “А-” ХХК-иас бодитой худалдан авснаа нотолж чадаагүй буюу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд байхгүй, мөн “А-” ХХК нь хий бичилттэй падаан шивдэг буюу хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь шалгагдан тогтоогдож, улмаар тухайн компанийн удирдлага, холбогдох зарим этгээд нарт холбогдох эрүүгийн хэргийг жич  хянан шалгаж буй баримт хэрэгт авагдсан байна.

б. “Ч-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болох Ч.Д-ээс өөр бусад хэн нэгэн этгээд дур мэдэж, холбогдох хууль тогтоомжийг зөрчин “А-” ХХК-иас 5 ширхэг падаан бүхий 627,272,725 төгрөгийн бараа, ажил үйлчилгээг худалдан авсан мэтээр “Ч-” ХХК-ийн санхүү, татварын тайланд бичиж, баталгаажуулсан хууль бус ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байхаас гадна мөн “А-” ХХК нь өөрсдийн дур зоргоор “Ч-” ХХК-ийн нэрийн  өмнөөс тэднийг огт мэдээгүй байхад гэнэт 627,272,725 төгрөгийн бараа, ажил үйлчилгээг худалдан авсан гэх хууль бус 5 ширхэг падааныг хий бичиж, шивчихсэн гэх бодит үндэслэлгүй юм.

в. Хэргийн үйл баримтаар “Ч-” ХХК-ийн нягтлан бодогч байсан гэх А.Н-ийг зөвхөн гэрчээр асуусан боловч эх сурвалж тодорхойгүй мэдүүлэг өгсөн байхаас гадна Ч.Д- нь нягтлан бодогч А.Н- ба бусад хэн нэгэн ноцтой үйлдэл гаргасан эсэх талаар мэдүүлээгүй, харин компанийн гүйцэтгэх удирдлагын хяналтаа хэрэгжүүлээгүй буруугаа зөвшөөрсөн мэдүүлэг өгч байсан зэрэг үйл баримтууд авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу шүүгдэгч Ч.Д- холбогдох хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.   

г. Нэгэнт дээрх үндэслэл, үйл баримт тогтоогдсон учраас шүүгдэгч Ч.Д-ийг “Ч-” ХХК-ийн санхүү, татварын тайланг баталгаажуулах буюу тэдгээрийн үнэн зөвийг хариуцах үүргээ хэрэгжүүлэхдээ гэм буруугийн ухамсаргүйгээр хандсан гэж үзэхгүй, харин их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх гэм буруугийн шууд санаатай,  сэдэлт, зорилготой ухамсарт үйлдэл хийсэн гэж үзсэн нь зөв болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байх төдийгүй шүүгдэгч гэм буруугаа зөвшөөрөх, эсхүл үгүйсгэх зэргээр мэдүүлсэн байх нь түүнд холбогдох хэргийн бодит байдлыг нотолсон үйл баримтын нотолгооны чадвар, хангалттай байдалд нөлөөлөхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

д. Ч.Д- нь төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргаж, “Ч-” ХХК-ийн хууль ноцтой зөрчин гаргасан санхүүгийн тайландаа залруулга хийхээр шийдвэрлэж, улмаар 2023 оны 11 дүгээр сард зайлсхийсэн татварыг төлсөн байх нь /2хх-77, 86/ түүнд холбогдох хэргийг үгүйсгэх, хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй, харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, “Ч-” ХХК нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд үйлдэх үүргээ ноцтой зөрчин улмаар хий бичилттэй падаан шивдэг “А-” ХХК-иас 5 ширхэг падаанаар 627,272,725 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлж, татвараас зайлсхийсэн нь нотлогдсоны дараа тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч өөрсдөө залруулга хийж татвараа төлсөн нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд татварын албанаас Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу залруулга хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, мөн энэ талаар хохирогч гомдол, прокурор эсэргүүцэл бичээгүй зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэх боломжгүй гэж үзэв.           

4. Иймд, дээр дурдсан үндэслэлийн хүрээнд, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцангийн давж заалдах журмаар гаргасан “шүүгдэгчийг цагаатгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1722 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

2. Шүүгдэгч Ч.Д-ийн өмгөөлөгч Б.Даваажанцангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                                П.ГАНДОЛГОР

     ШҮҮГЧ                                                       Г.ГАНБААТАР