Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох 1714003200056 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,  хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг 5 дугаар цэцэрлэгийн урд 2017 оны 12 сарын 06-ны өдөр насанд хүрээгүй иргэн *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг 5 дугаар цэцэрлэгийн урд насанд хүрээгүй *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Насанд хүрээгүй хохирогч *******гийн ... ******* бид 2 бие биенийгээ хөөцөлдөж байгаад гэнэт ******* уурлаад бид 2 маргаж ******* түрүүлээд миний хамар руу гараа зангидаж байгаад 1 удаа цохьсон. Мөн нуруу руу 2-3 удаа тохойлдсон. Тэгээд зөрүүлж *******ийг цохьсон чинь яагаа ч үгүй. Тэгээд ******* аавыгаа дуудаж аав нь ганцаараа ирсэн. Тэгэхэд дэргэд *******,*******,******* нар байсан. Гэхдээ******* жаахан хол байсан. *******тэй хамт ******* гэх хүүхэд байсан. Тэгээд *******ийн аав нь ирээд “Чи тийм атман юм уу” гээд намайг цохих гэхээр нь би айгаад хойшоо ухарсан чинь аав нь миний зүүн шанаа руу зангидсан гараа 1 удаа, мөн баруун шанаанд 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би хажуу тийшээ болоод зугтах гэсэн чинь миний хөл орчимд жийж унагаасан. Тэгээд намайг ойчход куртикны 2 мөрнөөс өөр рүүгээ дээш нь татаад намайг өвдөглөсөн. Тэгээд би хойш унасан чинь миний дээрээс дэвсэлсэн. Дэвслэхдээ хүзүү, толгой орчимд 2-3 удаа дэвсэлсэн. Тэгээд манай ангийн ******* “ахаа та болиочээ” гээд урдуур орсон чинь бас *******ыг зодох гээд дайрсан. ******* тэгээд намайг аваад зугтаасан. *******ийн аав нь хойноос алхаад байх шиг байсан. Миний өрөөсөн нүд хавдсан мөн үсний орчимд зулгарсан байсан. Тэр нь *******ийн аав намайг цохисноос болсон. Намайг цохиход нь би унаж хашлаганы төмрөнд давхар нидэрч зулгарсан. Мөн нүд бол цохиулаад унахдаа хашлагны төмрөнд нидэрч унахад цохигдож хавдсан. Өөр бэлтгэл хийхэд одоо нуруу их өвдөж байгаа мөн хүзүү шанаа өвддөг. *******ийн аав намайг цохисноос болж миний биед гэмтэл учирсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-22/,

Насанд хүрээгүй гэрч И.*******ийн ... Дараа нь Зам дээр 1 ах явж байхаар нь тэр ахын утсыг аваад аав руу залгасан чинь аав ирсэн. Аавыг ирхэд А таниагүй юм уу хаашаа юм шүлсээ хаяад байсан. Тэгтэл аав Аг 1 удаа нүүр рүү нь алгадсан. Тэгтэл суучихаад нүүрээ бариад уйлсан. Тэгтэл ангийнх нь хүүхдүүд манай аавыг холдуулахад А ******* авч явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36/,

Насанд хүрээгүй гэрч Х.*******ы ... Тэнд зодолдоогүй маргаж байсан чинь *******ийн аав нь болох намхан махлаг бор царайтай ах ганцаараа ирсэн. Тэгээд ирээд Аг үг хэлэх гэсэн чинь хэлэхийн зөрүүгүй “чи яагаад миний хүүхдийг зоддог юм атман юм уу” гээд Аг *******ийн аав нь гараараа толгойн хэсэгт шанаа руу нь цохьсон. Мөн элэг рүү нь өшиглөөд байх шиг байсан. Аг *******ийн аав нь цохиод, өшиглөөд газар унахаар нь******* бид 2 босгоод Аг аваад явсан. Би *******ийн аавд нь “та яасан сонин ах вэ жаахан хүүхдэд гар хүрч болохгүй шүү дээ” гэхэд *******ийн аав нь******* бид 2-ыг зодох гээд дайрч байсан. Бид 2 тэгээд Аг татаж босгоод аваад явсан. *******ийн аав нь араас цагдаа дуудсан менежер руугаа ор гэж байсан. Бид нар тэгээд явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/,

Гэрч ын ... 2017 оны 12 дугаар сарын 06-ны орой 20 цаг өнгөрч байсан байх сургууль дээр байхад ******* орж ирээд би айлын хүүхэд алгадчихлаа тэр хүүхэд нь манай хүүхдийг байнга дарамталж дээрэлэхдэг байсныг нь олон удаа тэвчиж байгаад алгадчихлаа. Танай сургуулийн хүүхдүүд хүүхэд зодоод явуулсан байна гэсэн. Тэгээд маргааш өглөө И ирээд хүү *******ийг дагуулж ирсэн. Харин Аптаншагай гээд зодуулсан гэх хүүхэд нь хичээлдээ ирээгүй байсан. Тэгээд хүүхдүүдийнхээ асуудлыг цагдаа дээр очиж шийдүүл гэж би хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Шүүгдэгч *******ийн ... манай хүүхэд ******* над руу өөрөө залгаад “ааваа нөгөө ангийн хүүхдүүд зодоод байна Цахир дэлгүүрийн энд байна та хурдан хүрээд ир” гээд уйлаад ярьсан. Тэгэхээр нь би хүүхэд рүүгээ түрүүлээд гарч явсан. Манай эхнэр араас гарсан. Би гараад Цахир дэлгүүрийн орчимд очиход хүүхдүүд байхгүй байсан ба *******ийн ангийн явж байхаар нь ******* хаана байна гэхэд “10 дугаар цэцэрлэгийн ард байна” гэсэн. Тэгээд намайг дагуулаад явсан. Тэгэхэд 10-р цэцэрлэгийн ард манай хүүхэд олон хүүхдүүдтэй байсан. Тэгээд очиход юүдэнтэй куртик юм уу цамцтай хүүхэд гараа халаасандаа хийчихсэн хүн яваад очиход тоож байгаа шинжгүй урдаас шүлсээ хаяад байсан. Би хажууд нь очоод зогссон юм. Харанхуйд намайг очиж байгааг анхаарсан юм уу анзаараагүй юм уу мэдэхгүй. Тэгэхээр нь яахаараа хүүхэд дээрэлхээд байгаа чацга вэ” гээд тэр хүүхдийг баруун гараараа хацар руу 1 алгадсан чинь доошоо суучихсан. Доошоо суучихаар нь мөрөн дээрээс нь татаж босгож ирээд “ангийн багшийг чинь дуудна аль ангийн хүүхэд вэ” гээд утсаа халааснаасаа гаргах гэхэд тэр хүүхдийг ангийнх нь бололтой хүүхдүүд аваад зугтаасан. ******* уг хүүхдийг манай Б-ийн хүүхдүүд байгаа юм гэсэн. Тэгээд би тэр хүүхдүүдийн араас явж байхдаа өөрийн хүүхдийнхээ ангийн багш руу залгаад “хүүхдүүдээ хүлээлгэж өгөхгүй яасан юм бэ эд нар чинь зодоон хийж байна хаана байна” гэхэд *******ийн ангийн багш Дуламсүрэн нь “би сургуулиас гарч байна та хүрээд ир наадуул чинь аль 19 цагт тарсан шүү дээ” гэсэн. Тэгээд би сургууль руу явж байхад тэр хүүхдүүд сагсны шийдний дэргэд овоорсон байсан. Тэгээд би сургуулийн үүдэнд очоод Дуламсүрэн багшийг дагуулаад эргээд сагсны шийд рүү явахад тэр хүүхдүүд бүгд зугтаагаад явсан. Дуламсүрэн багш нь “маргааш өглөө 10 цагт хүрээд ир сургалтын менежер болон ангийнх нь багштай уулз” гэсэн. Маргааш өглөө сургууль дээр очиход *******ийг зодсон гэх А гэдэг хүүхэд хичээлдээ ирээгүй байсан. Тэгэхээр нь сургалтын менежер, ангийн багш хоёртой нь уулзсан. Агаас бусдыг бүгдийг нь сургалтын менежер ангийн багш хоёр нь дуудаж оруулж ирсэн. А нь ирээгүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 2 дугаартай шинжээчийн ... *******н биед тархи доргилт, зовхинд цус хуралт, хамар, духанд зулгаралт, баруун чамархай, чихний хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 165 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн Funai маркийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******өд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******өд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА