Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01646

 

М ИХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/01763 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ИХХК-ийн нэхэмжлэлтэй мөрдөгч прокурор нарын үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 73 971 103 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-аас 2007 онд зарласан 1 500 тн техникийн давс нийлүүлэх тендерт тус компани шалгарч Д-2007/141 тоот Худалдах, худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь чанар стандартын дагуу бүрэн гүйцэтгэсэн. 2010 онд зарласан 1 600 тн давс нийлүүлэх багц-1, МС-01 тендерт оролцож байхад захирал Ц.Гнамайг Баянгол, Чингэлтэй дүүргийн прокурорын газар .............. нарыг залилсан, нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх эрүүгийн 21040691 дугаартай хэргүүдэд шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүний улмаас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 459 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 511 магадлал, Улсын Дээд шүүхийн 31 тогтоолоор Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн захирал Б.Цэвээний 2010 оны 1/1939 шийдвэртэй, ..........................зуучлуулж Шанси мужийн Шүлинь хотын Жун Янь Шү Линь Янь Хуа ХХК-аас 1 600 тн техникийн давс импортолж Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д нийлүүлэх тендерийн ажил зогсч, тус компани олох байсан орлого 73 971 103 төгрөгөөр хохирсон. Замын-Үүдээс 1 тн давсыг 600 юаниар авах байсан. 1 600 тн давс*600 юаниар тооцоход 960 000 юань болно. 960 000 юань*186 58 төгрөг /Монгол банкны 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ханш/ = 179 116 800 төгрөг болно. Гааль, НӨАТ=15 хувь болно. 179 116 800 төгрөгийн 15 хувь 26 867 520 төгрөг. Энэ нь 144 000 юань болно. Тээвэр, таталт, тавилт, ачиж буулгах үйлчилгээ Замын-Үүдээс ДЦС-4 ТӨХК хүртэл 1 вагоны нийт зардал 498 400 төгрөг болно. 1 600 тн давсыг 24 вагоноор зөөнө. 24 вагон * 498 400 төгрөг= 11 961 600 төгрөг буюу 64 109.76 юань болно. Борлуулах үнэ 1 тн давс = 158 199.96 төгрөг буюу 847 89 юань, 1 600 тн давс * 847 89 юань= 1 356 624 юань, олох орлого 1 356 624 юань- 960 000 юань-144 000 юань- 64 109.76, юань=188 514.24 юань болно. Ингээд 188 514.24 юань* 392 39 төгрөг /Монгол банкны 2020 оны 01 дүгээр сарын 01- ний өдрийн ханш/= 73 971 103 төгрөг болно. Энэ тухай удаа дараа мэдүүлж байсан ч мөрдөгч, прокурор нар хүлээж аваагүй. Чингэлтэй дүүргийн шүүх Ц.Гнадад холбогдох гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 610 тогтоол хүчин төгөлдөр болсон. Иймд олох байсан орлого 73 971 103 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 зүйлийн 1, 45.3 зүйлийн 1.2, 45.5 зүйлийн 1 дэх заалтуудыг үндэслэн төрөөс нэхэмжилж байна гэжээ.

 

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ИХХК нь 2010 оны 02 дугаар сард Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-иас нээлттэй зарласан техникийн давс нийлүүлэх тендерт оролцсон. Уг тендерт МИХХК шалгарч тендерийн шалгаруулалтыг үндэслэлгүй гэж үзэн М ИХХК Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж анхан болон давж заалдах хяналтын шатны шүүхээр маргаан хэлэлцэгдсэн байна. Дээрх захиргааны хэргийн шүүхэд гаргасан гомдол хэлэлцэх үндэслэлд мөрдөгч прокурорын байгууллагын өөрөөр хэлбэл төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар гомдол гаргаагүй, МИХХК татварын байгууллагад өртэй, санхүүгийн тайлан балансыг засч бүрдүүлсэн материалыг тендерийн хороо шалгалгүй тендерт шалгаруулсан нь хууль зөрчсөн гэж үзэн гомдол гаргасан, захиргааны хэргийн шүүх ч энэ асуудалд үнэлэлт дүгнэлт өгч дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. М ИХХК, Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн хооронд 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр технологийн хэрэгцээний давс нийлүүлэх тухай гэрээ хийгдсэн уг гэрээнд 2010 оны 5 дугаар сарын 15-наас 2011 оны 5 дугаар сарын 15-ны хооронд давс нийлүүлэхээр хугацааг заажээ. Энэ үед тендерийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд маргаан хянагдаж байсан байх ба тендер эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тендерт шалгараагүй газартай давс нийлүүлэх гэрээ байгуулсан нь уг гэрээ өөрөө хууль бус гэрээ гэж дүгнэгдэж байгаа нь шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон байна. Нөгөө талаар энэхүү гэрээг дүгнэж үзээгүй, гэрээг биелүүлээгүйн улмаас аль нэг байгууллагад ямар хохирол учирсан болохыг талууд дүгнээгүй байна. Материалд авагдсан баримтаар иргэнээс ирсэн гомдлыг шалгаад 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр /гэрээ байгуулахаас өмнө/ эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн улмаар энэ шийдвэр дээд шатны прокурорт хянагдаж 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад батлан даалтад өгөх ТСАХ авагдсан 2010 оны 8 дугаар сарын 12-нд хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарсан энэ шийдвэр гарахдаа ТСАХ-г хүчингүй болгосон дахин 2010 оны 9 дүгээр сарын 21-нд сэргээсэн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд бусдын бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан /хилийн хориг тавигдсан, цагдан хоригдсон гэх мэт/ гэж үзэх үндэслэлгүй байна. М ИХХК-ийн захирал Ц.Гэрүүгийн хэргийн улмаас шалгагдаж шүүхээс гэм буруутайд тооцсон, харин хэргээс зарим хэрэг хэрэгсэхгүй болсон шийдвэр гарсан.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2014/шчт/610 дугаар шийтгэх тогтоолд талууд гомдол гаргаагүй учир хэвээр үлдэж хүчин төгөлдөр болсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:   Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т заасныг баримтлан мөрдөгч прокурор нарын үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 73 971 103 төгрөг гаргуулах тухай М ИХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 зүйл- ийн 1, 45.5 зүйлийн 1-д заасан хохирол шаардах эрх Мон-пасс интернэшнл ХХК-д үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Мөн нэхэмжлэгчийн 2010-2011 онд Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д 1600 тн давс нийлүүлж олох байсан 73 971 103 төгрөгийн орлого урьд нийлүүлсэн давсны гэрээ, захиалагчийн тодорхойлолт, гадаад дотоодын байгууллагатай байгуулсан гэрээ, шүүхийн шийдвэр, Төмөр зам, Гаалийн тариф, Тендерийн баталгаа, Төрийн өмчийн хорооны тодорхойлолт зэргээр бүрэн нотлогдоно. Нэхэмжлэгчийг төлөөлж Ц.Гминий бие шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тодорхой тайлбар хийсэн. Гэтэл шүүх хэрэгт цугларсан баримтуудыг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан судлахад Мон-пасс интернэшнл ХХК нь тендерт оролцон ашиг орлого олох байсан нь тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Монгол Улс нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал-ын 5, 8 дугаар зүйл, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын 3 хэсгийн 9 зүйлийн 5, 14 зүйлийн 6, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц-ийн 1 хэсгийн 1 зүйлийн 1, 14 зүйлийн 1, 2, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч МИ ХХК мөрдөгч, прокурор нарын хууль бус ажиллагааны улмаас хохирол учирсан гэж 73 791 103 төгрөг аргуулахаар нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газар оролцож нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэгч компанийн захирал Ц.Г холбогдсон эрүүгийн хэргийн талаар хийсэн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна. 1-р хавтаст хэргийн 42-47, 84-104, 2-р хавтаст хэргийн 35-50 дугаар талд авагдсан эрүүгийн үүсгэх прокурорын тогтоол, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2019/шшт/610 тогтоол зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ........... ХХК-ийн захирал Ц.Г2008-2009 онуудад дангаараа болон бусадтай бүлэглэн залилан мэхэлж иргэн Х.Оюунчимэгт 76 000 000 төгрөгийн, Б.Бямбаад 321 509 200 төгрөгийн, .......... 29 627 517 төгрөгийн, ................. нарт 28 736 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, Жин И жао ХХК-ийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд дээр компанийн захирал БНХАУ-ын иргэний гарын үсгийг хуурамчаар зурж, өмгөөлөгч .......... уг итгэмжлэлүүдийг үндэслэн шүүхэд төлөөлөн оролцож шүүхийн шийдвэр гаргуулан иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан байна. Тэрээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан үзэж, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2014/шчт/610 шийтгэх тогтоолоор ................ хуурч 20 000 000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэх үндэслэлээр, бусад хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох ........... ийнхүү эрүүгийн хэрэгт татагдан шалгагдах явцад түүнд 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бусдын батлан даалтанд байлгах, 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч байжээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2010, 2011 онуудад хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бол компани тендерт оролцож 73 971 103 төгрөгийн ашиг олох байсан гэж тайлбарладаг бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хэдийгээр нэхэмжлэгч компани Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-аас 2007 онд зарласан 1 500 тонн техникийн давс нийлүүлэх тендерт шалгарч худалдаж, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан нөхцөл байдал, мөн Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д технологийн давс нийлүүлэх МС-01 тендер шалгаруулалтад МИХХК-ийг шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийдвэрийн үндсэн дээр байгуулсан технологийн хэрэгцээний давс нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр тогтоосон үйл баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт хууль бусаар ..., саатуулагдсан, гадагш явахгүй баталгаа өгсөн.., этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөн байцаагч, прокурорын буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан боловч хуулийн дээрх зохицуулалтад тусгагдсан нөхцөлүүд хоорондоо шалтгаант холбоотой байх, энэ нь эргэлзээгүй баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тендер зарлагдсан тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан нь тогтоогдож байгаа, харин нэхэмжлэгч уг тендерт оролцож 73 971 103 төгрөгийн ашиг олох байсан үйл баримт эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/01763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

 

А.МӨНХЗУЛ