| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2535000170095 |
| Дугаар | 2025/ДШМ/63 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/63
Г.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А /цахимаар/, Ё.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Б-ын давж заалдах гомдлыг үндэслэн, түүнд холбогдох, 2535000170095 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Г-ийн Б.
1. Холбогдсон хэргийн талаар: Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой өөрийн эзэмшлийн “УАЗ-452” загварын, х ГАА улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан: “зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай үзүүлэх”, 12.2-т заасан: “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан: “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Увс аймгийн Х сумын төвөөс тус сумын 4 дүгээр багийн нутаг Т гэх газарт очих замдаа зорчигч Ё.Ба тээврийн хэрэгслээс унаж, тээврийн хэрэгсэлд дайрагдаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Т ургийн овогт Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- шүүгдэгч Г.Б-ыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б-с амь хохирогчийн хүүхэд Б.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 60,706,800 төгрөгийг, амь хохирогчийн хүүхэд Б.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 24,045,942 төгрөгийг тус тус гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгож,
- амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн гэм хор учруулсан төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,
- шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий DVD дискийг хэргийн хамт хадгалж,
- шүүгдэгч Г.Б-ын гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан УАЗ-452 загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хор уршгийг нөхөн төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.1. Шүүгдэгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие Увс аймаг дах сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/201 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон 1 жил 6 сар хорих ял ногдуулан, сэтгэл санааны хохиролд талийгаачийн хүүхэд болох Б.А-т 60,706,800 төгрөг, охин Б.А-д 30,535,400 төгрөг мөн оршуулгатай холбоотой зардалд 13,692,502 төгрөг, нийт 104,934,702 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд миний өгсөн 20,000,000 төгрөгийг хасаад одоо 84,934,702 төгрөг гаргуулахаар болсон.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Хэдийгээр би анхаарал болгоомж муу байснаас болж хүний амь нас эрсэдсэн, нөхөж болохгүй хохирол учруулсан нь үнэн боловч өөрийн боломжоо шавхан байж 20,000,000 төгрөг өгсөн.
Гэтэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэх Ё.Б нь 13,692,502 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь маш их эргэлзээтэй, огноо, хүний нэр зөрүүтэй, хохирлын тооцоон дээр тавигдсан үнийн дүн, баримттай хол зөрүүтэй байхад үүнийг нягтлан үзэлгүй тухайн дүнгээр шийдсэн нь үндэслэлгүй болсон.
Миний бие 58 настай, эрүүл мэндийн хувьд элэг, уушги муутай, мөн зүрх өвддөг. Би талийгаачтай ойр дотно харилцаатай байсан, ямар нэг өш хонзон, өглөг авлага байхгүй. Тухайн үед бас л тэр хүний ажил бүтээх гэж явсан боловч харамсалтай нь өвлийн шөнө хүйтэнд шил цантаж муу харагдаад, хурдан харих гэж яарч яваад ийм хэрэг гарсан. Одоо миний бие муу байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, би гараад дор хаяж талийгаачийн хүүхдүүдэд төлөх төлбөрөө олж өгмөөр байна” гэжээ.
5. Шүүгдэгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Өөрийн үр хүүхдээс ялгаагүй учир 2 хүүхдэд нь ах дүү хамаатан садан, орон нутгийн ах дүүсээс хандив цуглуулаад хохирол төлбөрийг нь барагдуулж өгнө. Миний бие хорих ял эдлэх боломжгүй, муу байгаа учраас гомдол гаргасан.
Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгвөл би энэ 2 хүүхдийн хохирлыг нь бүрэн барагдуулж өгөхөө илэрхийлж байна” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Би анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Анхан шатны шүүх хуралдааны дараа давж заалдах шатанд шүүгдэгчийн хүсэлтээр орж байгаа. Анхнаас нь оролцоогүй учраас анхаарвал зохих их олон асуудлууд хаягдсан гэдгийг хэлье.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтүүдтэй маргахгүй. Харин хохирол, хор уршгийн талаар гаргасан дүгнэлтүүдтэй маргаж байгаа. Б.Батгэрэл өмгөөлөгч хэлж байна, та нар урьд нь анхан шатанд маргаагүй хүлээн зөвшөөрчхөөд одоо харин маргаж байгаа шүү, ийм боломж байхгүй гэж байна. Үгүй байхгүй юу. Тухайн үед миний үйлчлүүлэгч 13 сая төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байж болох ч үүнийг хүлээн зөвшөөрсөн гэдгээр нь шүүх шууд шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх ёстой. 13 сая төгрөгийн баримтыг нэг бүрчлэн тооцоод нэмээд үзэх ёстой байсан ч үзээгүй.
Жишээ нь хохирлын тооцоог хүснэгтээр гаргаж өгөхдөө Бодь суварга гэдэг компаниас 3,451,500 төгрөгийн үйлчилгээ авсан гэж хохирлын тооцоонд бичсэн боловч ард нь байгаа зарлагын баримтыг нотлох баримт гэж үзэж байгаа. Тухайн баримт нь НӨАТ-ын баримтаар баталгаажих ёстой. Гэтэл зарлагын баримтад 1,431,000 төгрөг байдаг. Зөвхөн энэ 2-ын хооронд 2 сая төгрөгийн зөрүүтэй байх жишээтэй. Сургалтын төлбөр 1,900,000 төгрөг гэж гарсан. Талийгаач нас барсан ч Б.А төлбөрөө төлнө, нас бараагүй байсан ч сурдгаараа сураад төлбөрөө төлнө. Талийгаачийн нас барсантай холбогдолгүй асуудал.
Бэлнээр 1,800,000 төгрөг авсан гээд байгаа. Хэрэг 2024 оны 12 дугаар сарын 22-нд гарсан. Тэгвэл 02 дугаар сарын 07-ны өдөр Номингоос авсан 94,513 төгрөгийн хүнсний баримт энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой ямар хамааралтай вэ гэдэг асуудал, 5 дугаар сарын 01-нд, 5 дугаар сарын 03-нд авч байгаа зүйлс ямар хамааралтай вэ?, энэ мэтээр баримтуудыг тооцоод үзэхээр 4,620,000 төгрөгийн баримт яах аргагүй хохиролтой холбогдолтой гэж үзэхээр баримт бий. Бусад баримтууд нь өөр цаг хугацаанд болсон, энд хамааралгүй үйлчилгээний баримтууд байгаа юм. Эдгээр баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх болон тухайн хэргээс үйлдсэн хохиролтой хамааралтай эсэхийг шалгаж үзэх ёстой байсан гэдэг талаас нь харж байгаа юм.
Б.А-ийн сэтгэцэд учирсан хохирлын талаар ярихгүй. Харин Б.А-ийн сэтгэлд учирсан хохирлын 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 825102 дүгнэлттэй уншиж танилцахад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох аргачлалуудын үр дүнд сэтгэцийн одоогийн байдал, цаг хугацаа, орон зайн баримжаа, хэвийн сэтгэхүйн үйл ажиллагааны хурд, танин мэдэхүйн үйл ажиллагаа, хэвийн үзлэгийн үед уналт таталт, хий үзэгдэл, дэмийрлийн шинж илрэхгүй, гэр бүлийн дэмжлэгт орчин сул, гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан нөхөж барамгүй хүнд гарз хохирол учирсан, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох, нойр хямрах, санаа зовних, санхүүгийн хүндрэл үүсэх, болж өнгөрсөн үйл явдалтай холбоотойгоор аливаа зүйлээс сэтгэл ханамж авах, баяр баясгалантай байхад саад учрах, нийгмийн харилцаанаас зайлсхийх, уурлаж бухимдах, өөрийн үнэлэмж буурах, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, хүндрэл учрах, сөрөг бодол төрөх, өөрийн ирээдүйдээ санаа зовних, айж түгших, сэтгэл гутрах зэргээр гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч дасан зохицлын хямрал, сэтгэцийн хүчтэй дарамтад хариу урвал 43 гэдэг онош тогтоогдож байна гэж дүгнэсэн. Үүнийг дүгнэх хэсэгтээ дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн.
Тэгэхээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39, 40 дүгээр зүйл, Улсын дээд шүүхээс гаргасан жишиг аргачлал, түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн А/268, А/275 дугаартай журам, хүснэгт батлах тухай хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад сэтгэцийн 4 дүгээр зэргийн хохирол учрахыг маш тодорхой дурдсан. Гэнэтийн үйл гэмтлээс үүдэлтэй үлдэц 4 дүгээр зэрэгт гэмт хэргийн улмаас удаан хугацаанд үргэлжлэх хэдий ч эргэн сэргэх боломж бүхий голомтод өөрчлөлт бий болох, танин мэдэхүйн талаасаа сэтгэн бодох, ярихад бэрхшээлтэй болох, хэсэгчилсэн нойргүйдэл илрэх, сэтгэцийн гэмтэл учруулсан үйл явдлын талаар бодол санаанаас гаргахгүй байдал удаан үргэлжлэх, нийгмийн харилцаанд ажил эрхлэх, сурах чадвар удаан хугацаанд алдагдах, төрөх үйлд органик бие хүний эмгэг шинж илрэх, зан байдлаа хянахад бэрхшээлтэй байх, хэт хөдөлгөөнтөх эсвэл хөдөлгөөнгүйтэх, сэтгэл хөдлөлийн хувьд сэтгэл хөдлөлийн тохиргоо алдагдах, дур хүсэл ихсэх, огт үгүй болох, биеийн талаас гэмт хэргийн улмаас архаг нойргүйдэлд орох, зүрх судасны системийн үйл ажиллагаанд эрсдэл учрах гэх шинжүүд илэрнэ гээд заачихсан. Гэтэл саяын дүгнэлтэд 4 дүгээр зэрэг гэдэгт миний уншсан хэсгийг л бичиж байгаа юм. Сая уншсан нь энд хамаарахгүй байгаа.
Шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг гаргах ёстой, шинжээч дүгнэлтийнхээ өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй. Тухайн дүгнэлтэд яагаад 4 дүгээр зэрэг гэж тогтоосон гэдгээ шинжээч үндэслэл бүхий байдлаар нотолж, тайлбарлаж чадаагүй.
Миний бие давж заалдах шатнаас орж байгаа учраас мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн явцад хүлээн зөвшөөрөхгүй, дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргах боломжгүй байсан учраас тайлбарлаж байна.
Шийтгэх тогтоолын 9 дүгээр талын 4.3, 4.2-ын төгсгөл хэсэгт Б.А нь гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болж, эгч Б.А-ийн асрамжид очсон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-д зааснаар түүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээ 30,535,400 төгрөгийг хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, 60,706,800 төгрөг болгосон.
Иргэний хуулийн 511.4-т: гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдэд гэж тодорхойлсон. Энэ юу шаардаж байна вэ гэвэл урьдач нөхцөл нь бүтэн өнчин болсон байх, бага насны хүүхэд гэж байна. Тэгвэл энэ хэрэгт Б.А гэдэг хүүхэд хэзээ төрсөн, насыг нь хэн тоолсон бэ?.
Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт: бага насны хүүхэд гэдгийг 14 насанд хүрээгүй гэж маш тодорхой тайлбарласан. Энэ нөхцөлийг тооцож үзсэн эсэх, шүүхийн шийдвэр ойлгомжтой байх ёстой гэдэг үүднээс бага насны хүүхэд гэж үзээд хохирлын хэмжээг 2 дахин өсгөж байна гэдгийг бичих ёстой. Энэ талаар дүгнэлт байхгүй.
Хохирлыг тооцохдоо хуульд байгаа боломжийг эцсээр 4 дүгээр зэрэглэлд хохирлын дээд хэмжээ 45,99 байдаг бол яг л 45,99-өөр үржүүлээд дахиад 2-оор үржүүлээд гаргачихсан учир шүүхийн шийдвэр шударга ёсныхоо зарчмыг баримтлаагүй, хэт нэг талыг харсан үндэслэл бүхий болж чадаагүй гэж харж байгаа.
Энэ хэргээс болж бүтэн өнчин болсон гэдэг ойлголт байна. Би шүүхийн практик жишгийг хайгаад олоогүй. Тухайн гэмт хэргийн улмаас эцэг эх 2 нь хоёулаа нас барчихсан гэдэг талаас нь харах уу, эсхүл өнөөдрийн тохиолдол шиг хагас өнчин байж байгаад эцэг нь тухайн гэмт хэргийн улмаас нас барж байгааг тооцох уу гэдгийг олж харж чадаагүй. Давж заалдах шатны шүүх анхааралдаа аваасай гэж бодож байна.
Миний үйлчлүүлэгч буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд шүүхээр орсон. Өөрийнхөө боломжийн хэмжээнд 20 сая төгрөгийг шууд бэлэн гаргаад өгөхөд амархан байгаагүй ч өгсөн. Дээрээс нь машин тэргээ заръя гэдэг асуудал тавьсан. Гэтэл өгсөн 13 сая төгрөгөөс баримтгүй байдлаар 9 сая төгрөгийг тооцохгүй байгаад нь харамсалтай байна.
Гэм буруугаа ойлгосон, ухамсарласан, хүлээсэн, зөвшөөрсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэж заасан. Урьд нь ч нөхөн төлөхөө илэрхийлж байсан, одоо ч илэрхийлж байгаа.
Сая хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А хэлэхдээ “миний хүсэл орох оронтой болчих юмсан, одоо авга ахындаа байгаа, таарамжгүй харьцаатай байгаа талаар дурдаж байна.
Тухайн хүний хүслийг шүүгдэгч хоригдож байгаа тохиолдолд хангаж чадахгүй шүү дээ. Хорих ялаа эдлээд гарч ирсний дараа төлөх процесс ямархуу удаан хугацаанд үргэлжилдэг билээ гэдгийг бид нар бодмоор байгаа юм. Тийм учраас хорихоос өөр төрлийн ял өгвөл энэ хүн гараад богино хугацаанд төлөөд өгөх нь хохирогч нарт ашигтай гэдэг талаас нь хэлье.
Миний үйлчлүүлэгч 58 настай, биеийн эрүүл мэндийн байдал хүндрээд 10 хоног эмнэлэгт эмчлүүлсэн. Цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, сар бүр хяналтад байх заалттай. Энэ хүн эрүүл, амьд байх эрхтэй шүү дээ. Үүнийг анхаарч үзнэ үү.
Тийм учраас шүүхийн шийдвэрийн хохирол болоод ял оногдуулсан хэсгүүдэд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, миний үйлчлүүлэгчид ашигтай шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би эцгээсээ хагацаж, амьдралын баталгаагаа алдсан, дүүтэйгээ хоёулхнаа үлдсэн, бүтэн өнчин болсон. Миний аав байсан бол би юунд ч санаа зовохгүйгээр амьдрах байсан. Гэтэл аав минь байхгүй учраас хэцүү байна. Дүү бид хоёр одоогийн байдлаар авга ахындаа амьдарч байна. Мэдээж төрсөн эцэг, эх биш учраас таарч тохирохгүй асуудал их гарч байна. Мөн эдийн засаг талаасаа ч маш хэцүү байдалтай байна.
Аавыгаа алдсан хохирол хэзээ ч төлөгдөхгүй. Ядаж сэтгэл санааны хохирлоо авчихвал орох оронтой болоод хүний царай харахгүйгээр амьдрах юмсан гэх бодолтой байгаа. Дүү маань оюутан болно, хаана яаж амьдрахаас эхлээд надад ахадсан хүнд ачаа ирсэн. Аав маань байсан бол энэ бүх асуудлыг шийдэх байсан. Амь насыг нь хохироосон хүнээс миний аавыг босгоод өг гэж байгаа юм биш, тодорхой хэмжээнд сэтгэл санааны хохирлыг төлж өгөөсэй гэж бодсон. Эдгээр асуудлыг шийдэж өгч чадахгүй байгаад нь гомдолтой байна.
Би адилхан нэг нутгийн хүн, хохирол төлбөрт гайгүй хандах байх гэж бодсон ч тэгээгүй. Өнөөдрийн байдлаар надад 3 сая төгрөг өгсөн. 3 удаа шүүх хуралдаан болоход өмнөх орой нь 5 саяар нь данс уруу хийгээд, гомдол саналгүй гэж хэлээд өг гэдэг байдлаар л над руу залгадаг. Дүү бид хоёрыг ямар байдалд байгааг энэ хүмүүс боддоггүй. Би нэг удаа энэ хүний эхнэр лүү нь залгаад “дүү бид хоёрт мөнгө хэрэгтэй байна, одоо өвөл болсон байхад манай дүү хавар намрын гуталтайгаа л явж байгаа” гээд ярихад “чи юмны наад цаадхыг ойлго, та 2 яадгаа алдсан айлын хүүхдүүд биш” гэж хэлсэн. Өөрсдөө хүнийг ийм байдалд оруулчхаад буруугаа ойлгохгүй, бид хоёрыг ямар байдалд байгааг мэдэхгүй байна гэж бодож байна” гэв.
8. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Б-ын биеэр эдлэх ялыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
9. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эрх зүйн туслалцаа үзүүлж, эрх ашгийг нь хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн зүгээс Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 сарын 23-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа биеэр эдлэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хохирлын асуудалд маргасан байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж харж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор анхан шатны шүүх ялыг оногдуулсан.
Хохирлын хувьд маргадаг, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаан 2 үе шаттайгаар явагдаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол 12,982,502 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. Сүүлд нэмэгдээд Ховд аймаг руу шинжээчийн дүгнэлт гаргахад зарцуулсан зардал болон Улаанбаатар хотоос ирсэн зардлыг нэмээд 13,692,502 төгрөгийн хохирлын баримт, оршуулгатай холбоотой баримт, мөн замын зардал, ажиллагааны явцад гарсан зардал зэргийг нэхэмжилж байгаа талаар ямар санал бодолтой байгааг нь шүүгдэгчээс тодруулсан.
Шүүгдэгч 1-рт, зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй,
2-рт, аавтай нь нэг нутаг усны байсан хүн учир хүүхдүүдэд эцгийнх нь оронд би харж хандаж явах үүрэгтэй, 13 сая төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Өмгөөлөгч дахин “Нотлох баримтын шаардлага хангах эсэхээс үл хамаараад төлөхөө бүрэн хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болох уу” гэдэг байдлаар дахин тодруулахад “тийм” гэдэг байдлаар хариулсан.
Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирлын талаар ямар нэгэн асуудал байхгүй, нэгэнт гарсан зардал юм чинь би төлнө гэдгээ илэрхийлж байсан.
Амь хохирогчийн бага хүү нь гэмт хэрэг гарах үед болон шинжээчийн дүгнэлт гарах үед 14 насанд хүрээгүй хүүхэд байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт заасан бага насны хүүхэд гэх ангилалд орж байсан. Энэ үндэслэлээр шүүх Иргэний хуулийн 511.4-д заасны дагуу бүтэн өнчин болсон тохиолдолд 2 дахин нэмэгдүүлж, Б.А-т 60,706,800 төгрөг, Б.А-д 30,353,400 төгрөг, нийт 84,752,202 төгрөгийг сэтгэл санааны хохиролд тооцож гаргахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн ба энэ үед шүүгдэгч “ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авъя, би хохирол төлье, гэм буруугаа хүлээж байгаа” гэдэг байдлаар шүүх хуралдаанд санал хүсэлтээ гаргаж байсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай, мөн ялын хувьд 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хуульчилсан байдаг. Шүүхийн зүгээс гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа гэдэг байдлаар дүгнэлт хийгээд 1 жил 6 сарын хорих шийтгэлийг оногдуулж байсан.
Анхан шатны гэм буруугийн шүүх хуралдаанд шүүхээс ял оноосны дараа маргахгүй, хохирлын талаар бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа гэж орчхоод анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хохирлыг буруу тооцсон гэдэг байдлаар гомдол гаргаж байгаатай хохирогчийн өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байна.
Тухайн үед өөртөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд буюу эрх зүйн байдлаа дээрдүүлэхийн тулд тийм байр суурийг илэрхийлж байсан байна, одоо шийдвэр гарсны дараа би зөвшөөрөхгүй гэж маргаж байна гэж харж байна.
Тийм учраас хохирлын талаар гаргаж байгаа болон ял шийтгэлийг өөрчилж өгөөч гэж гаргаад байгаа шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
10. Прокурор Э.Цэвээнгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “... Прокуророос шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхээс хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн.
Замын хөдөлгөөний дүрмийн 3.4Б, 23.9-д заасан замын хөдөлгөөний дүрмээр хориглосон заалтуудыг зөрчиж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр амь хохирогчийг дайрсан гэмт хэрэг үйлдсэн гэх хууль зүйн дүгнэлтийг хийж түүнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн.
Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн гомдлын үндэслэл болон агуулгыг сая сонслоо.
Шүүгдэгч гэмт хэргийн талаарх үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар ямар нэгэн байдлаар маргаагүй байна. Гэмт хэргийн улмаас амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн сэтгэцэд мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.А-ийн сэтгэцэд тус тус 4 дүгээр зэргийн хохирол учирсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг хавтаст хэрэгт авагдсан учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслээд мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 18 нас дөнгөж хүрсэн, насанд хүрээгүй дүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүүхдүүдийн хувийн байдлыг нь харгалзаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
2 дугаарт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч гэдэг агуулгатай гомдлыг гаргасан байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байна. Шүүгдэгчийн гомдлын 2 дахь үндэслэл нь мөн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн Эрүүгийн хуульд заасан тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулж, хохирол, хор уршгийг гаргуулахдаа бага насны хохирогчийн хувийн байдал зэргийг харгалзсан.
Г.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Эдгээр хувийн нөхцөл байдлыг нь харгалзаад түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-аас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Г.Б-д холбогдох, 2535000170095 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой өөрийн эзэмшлийн, улсын бүртгэлээс хасагдсан, “УАЗ 452” загварын, х ГАА улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцад тухайн автомашинд зорчиж явсан Ё.Ба автомашины хаалгаар газар унаж, улмаар уг автомашинд дайрагдаж нас барсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 5 дугаар тал/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-13 дугаар тал/,
- зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-22 дугаар тал/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-26, 27-31 дүгээр тал/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 32-36 дугаар тал/,
- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-40 дүгээр тал/,
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 41-57 дугаар тал/,
- амь хохирогч Ё.Ба-ийн цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 10 дугаартай: Амь хохирогч Ё.Ба-ийн биед цээжний зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 дугаар хавирганы нэг болон хоёрлосон хугарал, цээжний баруун талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы хоёрлосон хугарал, 7 дугаар хавирганы хугарал, хугарлын түвшинд цус хуралт, баруун уушгины дунд, доод дэлбэнд цус хуралт, өрц баруун хэсгээр задрал, элэгний задрал, хэвлийн хөндий, цээжний хөндийд цус хуралдалт, баруун шууны ар дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх цээжний 2 талын олон хавирганы хугарал, өрц, элэгний задрал, цээж, хэвлийн хөндийд цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4.1.12, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тэр дундаа цээж, хэвлий хэсгээр дарагдаж шахагдсанаас үүснэ. Дээрх цээж, хэвлийн битүү гэмтлүүд нь үхлийн шалтгаан болсон байна. Амь хохирогч Ё.Ба нь уушгины сүрьеэгээр өвдөөд эдгэсэн байна. Баруун уушгины дээд дэлбэнд шохойжсон архаг сүрьеэгийн голомтууд байрласан байна. Уг архаг өөрчлөлтүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй байна.
Амь хохирогч Ё.Ба нь цээжний 2 талын олон хавирганы хугарал, өрц элэгний задрал гэмтлүүдийн улмаас цээж, хэвлийн хөндийд цочмог цус алдаж буюу дотуур цус алдаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Амь хохирогч Ё.Ба нь үзлэг, шинжилгээ эхлэхээс өмнө нас бараад 24 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой. Амь хохирогч Ё.Ба нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна” гэх шинжээчийн дүгнэлт,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Увс аймгийн Улаангом сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг. Миний төрсөн ах Ё.Ба-ийн эхнэр олон жилийн өмнө бурхан болсон. Одоогоор оюутан охин нь Улаанбаатар хотод байдаг, бага хүү нь 7 дугаар ангид суралцдаг, манай гэрт амьдардаг юм.
2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед Х сумын эрүүл мэндийн төвийн эмч над руу залгаад ...“та хаана байна, таны ах Ё.Ба байхгүй болчихлоо, хурдан ирмээр байна” гэж хэлсэн. Би тэр эмчээс яасан, юу болсон талаар асуухад би сайн хэлж мэдэхгүй байна, та хурдан ирмээр байна гэж хэлсэн. Би тухайн өдрийн 14 цагийн үед Улаангомоос гарч яваад, 17 цагийн үед сумын эмнэлэг дээр очиход цогцос хадгалах өрөөнд манай ахын цогцсыг хийсэн байгаа, одоо задлан шинжилгээнд оруулна гэж хэлсэн. Тухайн сумын хэсгийн төлөөлөгч гэх хүнээс юу болсон талаар асуухад, Ё.Ба нь Г.Б гэх хүнтэй хамт УАЗ загварын тээврийн хэрэгслээр сургуулийн хүүхэд аваад хөдөө явж байгаад замдаа нас барсан байна. Бид холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийж байна гэж хэлсэн. Миний төрсөн ах Ё.Ба нь хууч өвчингүй, эрүүл саруул хүн байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68 дугаар тал/,
- гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байх, манай “Т” гэх газарт байх Г.Б ахыг Х сумын төв орсон гэж сонсоод гар утсаар ярихад “Х суманд ажилтай байна маргааш, нөгөөдрөөс очно” гэж хэлсэн. Би ойр зуурын ажил болон малдаа туслуулахаар дунд хүү Б.А-ыг хичээлээс нь 7 хоногийн чөлөө авхуулах талаар ярьсан бөгөөд “та манай хүү Б.А-ыг аваад ирээч” гэхэд “за” гэж хэлсэн. ...Ингээд 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой сумын төвөөс гарч байгаа гэж сонссон бөгөөд чухам хэдэн цагт гарсан талаар мэдээгүй. Би хүлээж байгаад цаг харахад шөнө 10 цаг өнгөрч байсан. Хаана яваа бол гадна хүйтэн байна, ирж байгаа бол уу гэж бодоод сууж байтал Г.Б ах миний хүү Б.А-ын хамтаар орж ирсэн, хүү А их даарсан байдалтай байсан тул хувцсыг нь тайлаад дулаацуулж байтал Г.Б ах “машинд Ба тасарчихсан байна, оруулаад ирээч миний дүү, дулаацуулмаар байна” гэж хэлсэн тул гараад машинд ороод хартал тасарчихсан байгаа юм уу, ухаангүй байгаа юм уу, бүү мэд хөдлөхгүй байхаар нь гэртээ буцаж ороод “энэ хүн сэргэхгүй байна” гэж хэлэхэд Г.Б ах “хоёулаа хамт өргөөд оруулаад ирье” гэж хэлээд бид хоёр хамтдаа гарсан. Автомашинаас өргөж оруулж ирээд гэрийн баруун талд газарт хэвтүүлээд Г.Б ах “гутлыг нь тайлаад дулаацуулъя” гэж хэлээд гутлыг нь тайлж байсан. Ингээд царайг нь харахад цайгаад цонхийсон байсан. “Энэ хүн зүгээр юм уу” гэж хэлээд дуудаад удаа дараа татахад ямар ч мэдрэлгүй байсан бөгөөд багийн эмчийн дугаар олж дуудах гэж тодорхой хугацаанд удсан байх, эмч рүү би залгаж, дуудлага өгсөн. Удалгүй багийн эмч н.Н ирж үзлэг хийгээд байх шиг байсан. Нэг тариа зүрх нь тус газарт нь хийх шиг болсон бөгөөд эргүүлж тойруулж хараад “нүүрэнд толбо үүссэн байна, нас барчихсан байна” гэж хэлсэн. Тухайн үед манай сумын хэсгийн төлөөлөгч хамт явсан бөгөөд тэр цогцсыг авч явна гээд аваад явсан. Талийгаачийн биед ил харагдах шарх сорив харагдаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71-73 дугаар тал/,
- насанд хүрээгүй гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би өмнөх мэдүүлгээ худлаа өгсөн. Яагаад худлаа хэлсэн гэвэл, 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой манай гэрийн гадна ирээд гэр лүү ороогүй байтал Г.Б /Ж/ ах надад “ Ба ахыгаа машинаас унасан гэж битгий хэлээрэй” гэж хэлсэн. Ингээд би Г.Б ахаас айгаад худлаа хэлчихсэн.
Тухайн өдөр сумын төвөөс бид гурав машинаар хамтдаа гараад явсан бөгөөд Г.Б ах автомашин дээрээ нүүрс ачсан байсан. Маш хурдан явсан. Би замдаа даараад дээлээр ороолгоод хэсэг явж байтал Ё.Ба ах “хаана яваа юм бэ?” гээд толгойгоо өндийлгөөд сууж байгаад гэнэт хаалгаар уначихсан. Би Г.Б ах руу харахад, тэр харахгүй, замаа харж байхаар нь би “энэ хүн унаад үхчихлээ ш дээ” гээд орилоход гэнэт замаас гарч зогсоод эргээд унасан газарт нь очиход толгой нь бидний явж байсан зүг рүү хараад хажуу хавиргаараа газар хэвтэж байсан. Ингээд Г.Б ах машинаас буугаад босгож ирсэн, тэр хүн миний хаалга талд ирээд сандал түшээд зогсож байтал Г.Б ах араас нь өргөөд машинд суулгасан. Машинд сууж байхад үедээ маш дуу султай ёолоод байсан. Машинд суулгаад Ё.Ба ахын улбар шар өнгийн бүсээр машины дотор хаалганаас зангидаж уяад энэ бүсний үзүүрээс сайн татаад яв, хаалга дахиад онгойчихно шүү гэж хэлсэн. Ингээд би бүсний үзүүрээс татаад явсаар байж гэрийн гадна ирсэн. Ба ах гэнэт унаад үлдсэн, би яг яасан талаар сайн мэдэхгүй байна. Би араас нь хараагүй, тухайн үед маш их айсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-81 дүгээр тал/,
- гэрч М.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Би Х сумын Эрүүл мэндийн төвд багийн эмчээр ажилладаг бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө 12 цагийн үед байх сумын төвөөс 70-80 км орчим зайд байрлах “Т цэг” гэх газарт, утасны цаанаас “энд хүний царай нь цайчихсан, хөдлөхгүй байгаад байна, дуудлага өгөх гэсэн юм” гэж хэлсэн. Би “гүрээний судас дээр нь дараад үз дээ” гэхэд “лугшилт ямар нэгэн байдлаар мэдрэгдэхгүй байна” гэж хэлсэн. Ингээд би жолоочоо аваад сумын хэсгийн төлөөлөгч Б.Л руу залгаад дуудлага ирж байна, хамт явъя гэж хэлээд “Т” гэх газарт очсон. Тухайн газарт очиход манай сумын иргэн Т.Б гэх айлд манай сумын танил, Ё.Ба-ийг гэрийн баруун талд байрлах орны урд хэсэгт газраар хэвтүүлчихсэн байсан. “Яасан, юу болсон” талаар асуухад “Г.Б гэх хүнтэй сумын төвөөс хамт гарсан, машинд хажууд сууж явсан, тухайн айлд ирээд орох гэтэл хөдлөхгүй байхаар Т.Б-ийн хамт өргөж оруулж ирсэн” талаар хэлсэн. Тухайн хүнд үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд байхгүй. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай үнэртэж байсан. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээр адирналин зүрхэн тус газарт тарьсан, амбуу ашиглаж цээж шахалт хийсэн боловч нас барчихсан байсан бөгөөд нурууны ард хүүрийн толбо үүсчихсэн байсан. Ингээд тухайн хүнийг эмнэлгийн машинаар тээвэрлэж сумын эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах өрөөнд хийсэн. Тухайн хүний биед үзлэг хийх явцад ил харагдах ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тухайн амь хохирогч урьд өмнө манай эмнэлгээр үйлчлүүлж байгаагүй ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 86, 87 дугаар тал/,
- гэрч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2024 оны 12 дугаар сарын 21-ний орой 17 цагийн үед манай гэрт гаднаас З /Г.Б/, талийгаач хоёр эрэгтэй хүүхэдтэй хамт орж ирсэн. ...Уг хоёр хүн орж ирээд цай унд болж, хоол хийх зуур Г.Б бид хоёр 13 тоглож байсан. Харин Ё.Ба зүгээр сууж байсан ба бага зэрэг согтуу, Г.Б нь эрүүл байсан. Тэгээд сууж байтал манайд Г То, Ш То, М ах 3 ар араасаа цувж орж ирсэн. Бид нар үхрийн сээр хавирга чанасныг хувааж идсэн. Бид нарыг таван гар тоглож байх хооронд талийгаач гарч яваад 0.75 л-ийн нэг шил архи, бас пиво авчирсан. Энэ хугацаанд Г.Б нь архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Гарахдаа Г.Б талийгаач хоёр машиндаа бензин хийгээд нүүрс ачаад ирье гээд нөгөө хүүхдийг “чи энд байж байгаарай, удахгүй ирж авна” гэж хэлээд явсан. 30-40 минутын дараа тухайн хоёр хүн орж ирсэн. Г.Б эрүүл, талийгаач бага зэрэг согтуу байсан, уг хоёр хүн цай уугаад нөгөө хүүхдээ аваад хөдөө буюу “Т баг руу явлаа” гээд гарсан. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй байна. Би талийгаачийг нас барсан гэдгийг 2024 оны 12 дугаар сарын 22-ны өглөө мэдсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93 дугаар тал/,
- гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар тэндээ сууж 5 гар буюу муушиг тоглоцгоосон. Бид нарыг сууж байхад Ба нь гэрээс гараад би дэлгүүр орно гээд гэрээс гарч яваад удалгүй орж ирэхдээ 1 шил архи, нэг том пиво барьчихсан орж ирсэн. Тэр авч ирсэн зүйлээ бид нарт хундгалж өгөөд бид нар бараг уугаагүй, өөрөө ганцаараа уугаад суугаад байсан. Бид нар тоглоомдоо улайраад юу нь тэр архи дарс гээд л сууцгааж байсан. Орой бид нар 23 цагийн орчимд дууссан. Тэр үед Ба, Г.Б хоёр Т баг орно гээд Н.Т-ын гэрээс гараад явсан. Тэр хоёр Г.Б-ын УАЗ машинтай явж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110-112 дугаар тал/,
- шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн “...Орой болсон байсан бөгөөд Ба-ийг очиж авахад нэлээн архи уусан байдалтай байсан бөгөөд явъя гэж хэлээд насанд хүрээгүй хүү Б.А-ыг мотор дээр суулгаад, Ё.Ба-ийг суусны дараа өөрөө хаалгыг нь хааж өгөөд машинаа жолоодоод хөдлөөд явсан. Миний санаж байгаагаар 19 цаг өнгөрч байсан. Өвлийн улирал тул эрт харанхуй болсон бөгөөд машины гэрэл асааж явсан. Тухайн үед Ё.Ба амандаа юм яриад уйлаад байх шиг байсан. Ингээд газрын их талдаа орж байтал хаалга онгойх шиг болсон хүүе, хаая гэх завдалгүй Ё.Ба хаалгаар уначихсан, тоормосоо дараад зогсох хооронд хажууд сууж явсан Б.А гэх хүү “уначихлаа” гээд орилохоор нь би сандраад тоормосоо дартал ард үлдсэн байсан тул ухрах үйлдэл хийхгүй, эргэж тойроод унасан зам дээр очиход хажуу хэсгээрээ хэвтэж байсан. Яасан бэ зүгээр үү гэхэд жаахан хэвтмээр байна гэж хэлсэн бөгөөд намайг харахад ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх, сорви байгаагүй тул ямар ч байсан хөдлөөд эхний айлд очихоор газраас босгоход өөрөө зүтгээд суухад нь араас нь өргөж дэмжээд суулгаад дахин хаалгыг нь хааж өгөөд дахиад хаалга онгойлгоод уначих байх гэж айгаад өөрийнх нь бүсээр хаалганаас уяад Б.А гэх хамт явж байсан хүүд бүсийг татаж бариулаад явсан. Ингээд эхний айл болох Т.Б гэж Б.А гэх хүүгийн гэрт ирээд орчихоод тухайн айл дулаахан байсан тул Т.Б-д “гадна машинд Ё.Ба байгаа оруулж ирж дулаацуулах хэрэгтэй байна” гэж хэлээд түүнийг гаргасан. Т.Б “энэ хүн сэрэхгүй байна” гэж хэлээд орж ирсэн бөгөөд бид хамт өргөж оруулж ирээд дулаацуулах гэхэд дуудаад сэрэхгүй болохоор нь “багийн эмч дуудаарай” гэж хэлээд дуудуулсан. Тухайн үед би Т.Б-д машинаас унасан талаар хэлээгүй. Ингээд эмч хэсэг хугацааны дараа ирж, үзээд нас барсан гэж хэлээд тэрнээс цааш би шоконд орж яасан, юу болсон талаар санахгүй байна. Тэр үедээ би өөрийгөө Ё.Ба-ийг дайрсан гэж огт мэдээгүй, бодоогүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 216-217 дугаар тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 23.9 зүйлийн з-д заасан заалтыг тус тус зөрчсөнөөс түүний автомашинд зорчиж явсан Ё.Ба нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үргэлжилж байх явцад автомашинаас унаж, улмаар дайрагдаж нас барсан үйл баримт тогтоогдсон болон шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Г.Б-ын жолоодож явсан УАЗ-452 автомашин нь улсын бүртгэлээс хасагдсан, суудлын бүс буюу хамгаалах бүсгүй байсан, тус автомашинд зорчиж явсан Ё.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байхад түүнийг автомашины урд суудалд харгалзах хүнгүйгээр суулган тээвэрлэж замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, хүний амь нас хохирсон үр дагаварт хүргэсэн байна.
4. Шүүгдэгч Г.Б нь зам тээврийн осол гаргах үедээ В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, хяналтын төвийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн лавлагаа /1-р хх-ийн 220-р тал/-аар нотлогдсон байх ба тэрээр осол болох үед согтуурсан байсан буюу согтуугаар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй байна.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
6. Шүүгдэгч Г.Б-ын давж заалдах журмаар гаргасан: “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 13,692,502 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь маш их эргэлзээтэй, огноо, нэр зөрүүтэй, хохирлын тооцоон дээрх үнийн дүн, баримттай зөрүүтэй байхад нягтлахгүйгээр шийдсэн нь үндэслэлгүй болсон. Миний бие 58 настай, эрүүл мэндийн хувьд элэг, уушги муутай, мөн зүрх өвддөг. Би талийгаачтай ойр дотно харилцаатай байсан, ямар нэг өш хонзон, өглөг авлага байхгүй. Одоо миний бие муу байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, би эндээс гараад дор хаяж талийгаачийн хүүхдүүдэд төлөх төлбөрөө олж өгмөөр байна” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
6.1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 508.1-т: хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-т зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан.
Анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн дагуу гэмт хэргийн улмаас тэдгээрт учирсан эд хөрөнгийн хохирлын хэр хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв тооцсон, мөн амь хохирогчийн бага насны хүүхэд Б.А болон насанд хүрсэн охин Б.А нарын сэтгэцэд энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6.2. Амь хохирогч Ё.Ба-ийн төрсөн хүү Б.А нь 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа баримт/ 2-р хх-ийн 89 дэх тал/-аар нотлогдож байх ба тэрээр 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дээрх гэмт хэрэг үйлдэгдэх үед 13 нас 3 сар 14 хоногтой буюу 14 насанд хүрээгүй байсан байна. Мөн түүний төрүүлсэн эх Г-ийн Б нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан /нас барсны бүртгэлийн лавлагаа, 2-р хх-ийн 94 дэх тал/, тэрээр эцэг Ё.Ба-ийн асрамжид байж, тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
6.3. Хэргийн баримтаар, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас амь хохирогчийн охин Б.А болон бага насны хүү Б.А нарын сэтгэцэд тус тус дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан нь тогтоогдсон.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т: Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно” гэж заасныг баримтлан амь хохирогчийн бага насны хүү Б.А-т учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ талаар буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн хэр хэмжээг бодитой тогтоож чадаагүй талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
6.4.Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үздэг.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг долоон жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, үндэслэл бүхий байна.
7. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх, оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
8. Шүүгдэгч Г.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг хорих эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН