Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 403

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч С.С- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н- х- овогт С-гийн С-д холбогдох эрүүгийн 1810012880387 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багш ажилтай, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эх 40-р гудамжны 2000 тоотод бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ Өргөө хорооллын 627 дугаар байрны 1-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н- х- овогт С-гийн С- /РД: …………./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.С- нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн задгай тоотод хохирогч Х.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч С.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Х.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…2018 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед нөхөр Бямбасүрэнг ажилдаа явахад нь хамт гараад Сансар худалдааны төвөөс 3 ширхэг кофе, 1 ширхэг лаазтай “Боргио” пиво аваад гэр рүүгээ явсан. Батжаргал намайг гэрийнхээ гаднаас дуудаад “хаа хүрээд явж байгаа юм” гэхээр нь “нөхрийгөө автобусны буудал хүргэж өгчихөөд Сансар худалдааны төв орчихоод ирлээ” гэхэд “ороод ирээч” гэхээр нь би хашаан доогуур шургаад орсон. Батжаргалынд нэг танихгүй эмэгтэй /С-/ байсан. Тэр эмэгтэй /С-/ цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилладаг гэх зэргээр хоорондоо юм ярьж байтал Батжаргал Хараа” архи гаргаж хундаглаад надад өгөхөөр нь “би уумааргүй байна, пиво уучихсан чинь толгой өвдөөд байна” гэхэд Батжаргал “та гэртээ орчих юм чинь” гээд надад архинаас аягалж өгөхөөр нь 1 удаа стакантай архи уусан. Дахиад архи хийж өгөхөөр нь уухгүй барьж байгаад буцаагаад тавьчихсан. Нэг мэдэхэд би Батжаргал манай хоёрын дунд байдаг шар байшингийн хажууд хэвтэж байсан. Батжаргалын найз нь /С-/ миний цээж рүү өшиглөхөд Батжаргал “болиоч, хүн аллаа” гэж байсан. Тэгээд би дахиад ухаан алдчихсан. … Миний нүүр, бие рүү өшиглөсөн. Толгой хөдөлж бие нилэнхүйдээ өвчинтэй болж цус хуралттай байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “…2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт бэр Соёлоо /С-/ ирж хоносон. Маргааш өглөө Соёлоо /С-/ бид хоёр архи ууж байтал манай хажуу айлын Доржнамжин хашааны гаднаас дуудахаар нь очтол “эгч нь 2 пиво уучихаад ирлээ, пиво уух уу” гэхээр нь “би эгчтэйгээ ууж байна, та ороод ир” гэхэд манай хашааны доогуур шургаад орж ирсэн. Бид гурав архиа ууж байтал Доржнамжин эгч “чамайг нөхөрт чинь хэлнэ” гэхээр нь “яахаараа чи манай нөхөрт хэлдэг юм бэ” гэхэд “чамайг хараана” гээд маргалдахад Соёлоо эгч /С-/ “чи дуугүй бай” гээд Доржнамжины нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6494 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Х.Д-гийн биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хамар, дээд уруул, баруун чамархай, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь 2018.05.19-нд үүссэн байх боломжтой. /хх-ийн 20-р хуудас/,

Яллагдагчаар С.С-ий мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 05 дугаар сарын 18-ны орой Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байх Батжаргалын гэрт нь очиж хоноод 2 лааз пиво, 0.75 грамм архины талыг нь уучихаад унтсан. Маргааш өглөө 08 цагийн үед гэрийнх нь хаяанд салхинд сууж байхдаа нөгөө тал архиа ууж байхад хажуу айлын эмэгтэй /Доржнамжин/ согтуу орж ирээд Батжаргалтай юм яриад байсан. Тэгснээ Доржнамжин нь Батжаргалыг хэл амаар доромжлоод байхаар би түлхэж унагаагаад алгадаад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 7-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 43-р хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-р хуудас/, Баярзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 40 дүгээр гудамжны 2000 тоотод оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/, С.С- урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/, Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилладаг сарын 577.826 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 36-р хуудас/, Соёлын дээд сургуулийн дипломын хуулбар /хх-ийн 37-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

       

Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

            Шүүгдэгч С.С- нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн задгай тоотод хохирогч Х.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.Д-ы “...Батжаргалын найз нь /С-/ миний цээж рүү өшиглөхөд Батжаргал “болиоч, хүн аллаа” гэж байсан. Тэгээд би дахиад ухаан алдчихсан. … Миний нүүр, бие рүү өшиглөсөн. Толгой хөдөлж бие нилэнхүйдээ өвчинтэй болж цус хуралттай байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

 

Гэрч Т.Б-ын “… Бид гурав архиа ууж байтал Доржнамжин эгч “чамайг нөхөрт чинь хэлнэ” гэхээр нь “яахаараа чи манай нөхөрт хэлдэг юм бэ” гэхэд “чамайг хараана” гээд маргалдахад Соёлоо эгч /С-/ “чи дуугүй бай” гээд Доржнамжины нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6494 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Х.Д-гийн биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хамар, дээд уруул, баруун чамархай, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2018.05.19-нд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.С- нь хохирогч Х.Д-г зодож хөнгөн хохирол учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч С.С-ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 Шүүгдэгч С.С- нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

   Хохирогч Х.Д- нь мөрдөн байцаалтанд С.С-тэй эвлэрсэн, эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 43-р хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.С-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

    

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч С.С- нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутай болох нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.С- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.С-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

           Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.С- нь Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилладаг, сарын 577.826 төгрөгийн цалинтай ба өндөр настай ээж, 2 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг хувийн байдлыг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

            Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч С.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.