Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 298

 

Б.Л, З.И, С.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай       

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 17 дугаар цагаатгах тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, Б.Л, З.И, С.М нарт холбогдох 1919000000208 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ойдов овогт Бын Л,

 2.Монгол Улсын иргэн, 1960 оны 8 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Уурагч овогт Зын И,

3.Монгол Улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тогооч овогт Сийн М нар нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос С.М, Б.Л, З.И нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг нотлогдоогүй гэж дүгнэн, тэднийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Дорноговь аймгийн прокурорын газарт буцааж, хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Нямсүрэн гаргасан гомдолдоо: “...Аймгийн прокурорын газраас С.М, Б.Л, З.И нарыг бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг байсан "Догшин буур” ХХК-ийн кемп байсан газраас автомашины хуучин, хаягдал сэлбэгийг “Гео мандал” ХХК-ийн 51-98 УБ улсын дугаартай, албан хэрэгцээнд ашиглагддаг Даюун маркийн мотоцикль ашиглан хулгайлж 3.834.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх 2020 оны 2 сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 3 сарын 23-ны өдрийн 11 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь:

Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Л, З.И, С.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийн объектив талын шинж буюу бусдын эд хөрөнгийг “нууцаар” авсан шинж тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн гол шинж нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” байх бөгөөд хүндрүүлэх шинж нь “...машин механизм ашиглаж...” үйлдсэн байх нөхцөлийг хуульд заасан байна. Хулгайлах гэмт хэргийн объектив тал нь гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах үйлдэл байдаг. Гэтэл шүүгдэгч С.М, З.И, Б.Л нар нь хаягдал төмөр түүж байна гэдгээ бусдаас нуугаагүй, өөрсдийн үйлдлийг үгүйсгээгүй, төмрийн хаягдал хогийг өөрийн ажлын газрын хашаанд аваачиж илээр тавьсан болох нь гэрч Ш.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр...нарны цахилгаан станцийн хашаанд очиход И, Л, М “бид нар урдаас хаягдал төмөр түүх гэж байна гэхээр нь би “юун төмөр юм, хаягдал төмөр юм уу” гэхэд тэд нар “хаягдал төмөр юм шиг байна лээ” гэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л, И, М нар манай хамгаалалтын албаны хуучин мотоциклоор төмөр авчирч хашаанд буулгаад байсан. Тэгэхээр нь би тэднээс “юун төмөр, хаанаас авчраад байгаа юм” гэхэд тэд нар “урд кемпын буйран дээр хаягдсан зэвтэй төмөрнүүд байхаар нь авчихлаа” гэж байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч байгууллагын төлөөлөгч А.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...юун хүмүүс вэ, машины дугуйг хэн авахыг зөвшөөрсөн юм" гэхэд тэд нар “бид нар хаягдал төмөр, эд зүйл юм байх гэж бодсон юм” гэж байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр дахин тогтоогдсон ба бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэх шинжийг бүрэн агуулаагүй.

Хоёр. Шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийн субъектив талын шинж тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар нь анх төмрийн хогийг түүж мөнгө олох гэсэн санаа зорилго нь хаягдал хог гэж бодоод түүнийг хаягдал төмөр авдаг газар тушаахаар ярилцсан нь хулгайлах субъектив санаа зорилго байгаагүй, хэн ч харсан төмрийн хог хаягдал гэж ойлгохоор шороонд дарагдсан, зэвэрч муудсан болох нь хавтаст хэргийн 5-6 дугаар талд авагдсан хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан Нарны цахилгаан станцын хашаанд байх хураан авсан эд зүйлийг бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлтээр нотлогдон тогтоогддог бөгөөд эдгээр зүйлүүд нь гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Кемп нүүхдээ төмрийн хаягдал хогоо үлдээгээд явсан. Манай ажилтан И нь хуучин кемп дээрээ үлдээсэн хэрэгтэй эд зүйлээ шалгаад явж байхад Нарны энергийн харуулууд төмрийн хогийг нь очиж зөөж байсантай таараад И хаягдал төмрийг мэдэхгүй байсан учраас дуудлага өгсөн байсан... гадны хүн харах юм бол хаягдал төмөр байна л гэж харахаар байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч байгууллагын төлөөлөгч А.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 6-ны орой 19 цагийн хооронд байхаа... намайг кемпээ эргэж, нохойндоо хоол аваачиж өгөх гээд очиход тэнд 50 гаруй насны болов уу гэмээр танихгүй 4 эрэгтэй хүн байсан, тэд нар нэг мотоцикльтой, мөн цагаан өнгийн Верна маркийн автомашинтай байж байсан бөгөөд кемп дээр байсан манай компанийн эзэмшлийн Хьюндай Грейс маркийн микроавтобусны дугуйг тайлаад байж байсан..., юун хүмүүс вэ, машины дугуйг хэн авахыг зөвшөөрсөн юм” гэхэд тэд нар “бид нар хаягдал төмөр эд зүйл юм байх гэж бодсон юм” гэж байсан... Би тухайн үед хэрэгтэй хэрэггүйг нь мэдээгүй байсан юм... Бүгд л зэвэрсэн төмөр газарт ил задгай байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч З.Иы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л бид 2 зөвшөөрөөд Мтай хамт 3-лаа “Догшин буур” ХХК-ийн кемп дээр очиход тэнд хүн байгаагүй бөгөөд автомашины янз бүрийн хуучин сэлбэгүүдийг тараагаад хаясан байдалтай байсан... бид 3 тэндээс жижиг хэмжээтэй, авч явж болохоор сэлбэг, төмрүүдийг мотоцикль дээр ачаад өөрсдийнхөө хамгаалж байсан объекттой хашаандаа авчирч буулгасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М, мөн надтай хамт ажилладаг И ах бид нар хаягдал төмөр юм бол хэдүүлээ цуглуулж зараад хэдэн төгрөг болгож тамхи тариа ч болсон авъя гэж ярилцаад дээрх кемпын буйран дээр очиход тэнд хашаагүй, хүн байхгүй, гэр ч байхгүй, том автомашины доош харуулан тавьсан хуучин тэвш, хуучин эвдэрсэн микроавтобус, наана нь нэг түлшний автомашин зэрэг байсан... олон төмрүүд тараагаад хаясан байхаар нь М, И ах бид нар тэрийг нь түүгээд хамгаалалтын албаныхаа мотоцикль дээр ачаад аваачиж хамгаалалт хийдэг цахилгаан станцийнхаа хашаанд буулгасан... Бид даах жижиг төмрүүдийг шуудайнд хийгээд мотоцикль дээр ачиж 4-5 удаа зөөсөн... Би яг ч хулгай хийж байна гэж бодоогүй. Хаясан төмөр л юм байх гэж бодсон... газраар нэг тараасан зэвтэй л төмрүүд байсан юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр...тухайн кемп байсан газар дээр хүн байгаагүй бөгөөд тухайн газарт газраар олон тооны эвдэрсэн, хуучин төмрийн хаягдал бололтой машины сэлбэгүүдийг тараагаад хаясан байдалтай байсан юм... би буцаад цахилгаан станц дээрээ ирээд Л, И нарт “би урд кемп дээр очоод ирлээ. Хүн байхгүй байна, гэрлийн шон хийчихээр труба байхгүй байна. Уг нь газраар зөндөө л хаягдал бололтой төмрүүд байна” гэхэд М, Л хоёр “ тэгвэл бүгдээрээ очиж үзье л дээ, төмрөнд тушаагаад тамхи тариа ч болсон авъя” гэж хэлсэн. Ингээд бид 3 “Догшин Буур” ХХК-ийн кемпын буйран дээр очоод шуудайнд жижиг төмрүүдийг хийгээд цахилгаан станцийнхаа хашаа руу зөөсөн... Баярсайхан оройны хоол авчирч өгч таараад дээрх кемп дээр ирээд “та нар юу хийж байгаа юм” гэхээр нь бид нар “хог түүж байна” гэхэд Баярсайхан “би ч гэсэн түүлцэе гэсэн...” гэсэн мэдүүлэг, “Догшин Буур” ХХК-ийн захирал Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Кемп нүүхдээ төмрийн хаягдал хогоо үлдээгээд явсан... гадны хүн харах юм бол хаягдал төмөр байна л гэж харахаар байсан...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогддог. Иймд шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор мөнгө буюу ашиг олж байна уу, хаягдал төмөр авч тушааж мөнгө буюу ашиг олох гэж байна уу гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлэн дүгнэх нь зүйтэй.

Гурав. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах буюу “хаягдал төмөр” гэх нөхцөл байдлын талаар. Шүүгдэгч нарыг гэрчүүд болох Ш.Т, Д.Ш, Б нарт “хаягдал төмөр” гэж хэлж байгаа нь гэмт хэрэг үйлдсэнээ нуун далдлах зорилгоор худал хэлсэн, хаягдал төмөр байсан бол шинжээчийн дүгнэлтээр 3.834.000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй гэж улсын яллагч буруутган мэтгэлцдэг боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй, эдгээр хаягдал төмрийг “хаягдал, хог” биш гэж үзэх ямар нотлох баримтыг үндэслэн яллаж байгааг заагаагүй, зөвхөн “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн эд зүйлийн одоогийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 4.050.000 төгрөгөөр тогтоов..." гэсэн дүгнэлт гарсан ч хэдий ч эдгээр төмрүүдийг нийтэд нь 4.050.000 төгрөгөөр үнэлснээс шүүгдэгч нар 216.000 төгрөгөөр үнэлэгдсэн 4 ширхэг дугуй, обудыг аваагүй /Баярсайхан авч байсан/ учраас нийт хохирлыг 3.834.000 төгрөгөөр тооцсон байна. Шинжээчийн энэ дүгнэлтийг “Догшин Буур” ХХК-ний захирал Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...ер нь бол нэг удаа ашиглаж болохоор зүйлс байсан...кришка 1 ширхэг, карданы 52 таахай 1 ширхэг энэ эд зүйлсийг дахин ашиглах боломжтой байсан, бусад эд зүйлс нь ашиглаж болохооргүй байсан... манай компанид учирсан хохирол гэж байхгүй учраас гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэгтэй харьцуулахад 1 ширхэг кришка 228.000 төгрөг, карданы 52-той таахай 1 ширхэг 33.000 төгрөгөөр бодоход нийт 261.000 төгрөг болох ба хохирогч байгууллага нь эдгээр зүйлийг дахин ашиглах боломжтой л гэснээс манайх ашиглана, манайд хэрэгтэй гэж мэдүүлээгүй нь эдгээр төмрийг ашиглах хүсэлгүй, хаягдал хог гэж үзэж байгууллагад хохирол учраагүй гэж мэдүүлж байгаа нь хохирогч гэх “Догшин буур” ХХК-д 3.834.000 төгрөгний хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм.Догшин Буур” ХХК-ийн захирал Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт “...кемп нүүхдээ төмрийн хаягдал хогоо үлдээгээд явсан, энэ төмрүүд хаягдал байсан... гэж мэдүүлсээр байхад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасныг зөрчиж шинжээчийн үнэлгээгээр 4.050.000 төгрөгийн хохирол гараад байхад хаягдал төмөр ийм үнэтэй байх уу гэж хөтөлж асуусан, “Догшин Буур” ХХК-иас уг төмрүүдийг хаягдал юм, манай кемп менежер И нь хаягдал төмрийг мэдэхгүй байсан учраас дуудлага өгсөн байсан, тухайн төмрүүд хаягдал гэдгийг мэдээд цагдаа руу буцаж хэлсэн байсан... гадны хүн харахад хаягдал төмөр гэж харахаар байсан болохоор 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23 тоотыг бичсэн...” гэж мэдүүлсэн байхад хаягдал төмөр түүсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл бусдын хаясан хаягдал төмрийг эзэнд нь мэдэгдэж, түүний зөвшөөрлөөр авах шаардлагагүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр “Догшин Буур” ХХК-ийн захирал Б.Н компаний кемп нүүхдээ төмрийн хаягдал хогоо үлдээгээд явсныг кемп менежер И мэдээгүй байсан ба цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дараа И уг төмрүүдийг хаягдал болохыг мэдээд цагдаагийн байгууллагад эргэж мэдэгдсэн бөгөөд хавтаст хэргийн 172 дугаарт авагдсан “Догшин Буур” ХХК-ийн захирал Б.Нын гарын үсэг бүхий 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 023 дугаарт албан тоотыг Цагдаагийн байгууллагад хүргүүлснийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хийгээгүй байсныг өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд нотлох баримтаар ирүүлснийг шүүх үнэлж улмаар хавтаст хэргийн 14, 15 дугаарт авагдсан “Догшин Буур” ХХК-ийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0/24 дүгээрт албан тоот, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0/23 дугаарт албан тоотуудыг хавтаст хэргийн 172 дугаарт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 023 дугаарт албан тооттой харьцуулахад хавтаст хэргийн 14, 15 дугаарт авагдсан албан тоотуудад эрх бүхий албан тушаалтан Н гарын үсэг зураагүй бөгөөд захирал Нын гарын үсэг нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн гарын үсэг бөгөөд энэ гарын үсэг нь хавтаст хэргийн 172 дугаарт авагдсан 023 дугаарт албан тоотод зурагдсан түүний гарын үсэг болох нь илт байна. Харин 0/24, 0/23 дугаарт албан тоотуудад захирал Нын гарын үсэг зурагдаагүй, зөвхөн нэрийг бичсэн нь эргэлзээтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нотлох баримтаар үнэлээгүйг анхаарч үзэх нь зүйтэй.

Дөрөв. Давж заалдах шатны шүүхээс эд зүйлүүдийн үнэлгээг бодитой гаргах, ашиглагдах боломжтой гэсэн эд хөрөнгүүд нь компаний хөрөнгийн бүртгэлд одоо ямар үнэ өртгөөр үнэлэгдэж бүртгэгдсэн эсэхийг тодруулах зэрэг ажиллагаануудыг хийхээр хэргийг прокрорт буцаасан. Улсын яллагч болон өмгөөлөгч, шүүгдэгч нарын зүгээс эд зүйлүүдийн үнэлгээн дээр маргадаггүй, тухайн эд хөрөнгүүд нь компанийн хөрөнгийн данс бүртгэлд бүртгэгдсэн үнэ, бүртгэл байлаа гэхэд компанийн хөрөнгийн бүртгэлд үнэлэгдэж бүртгэгдсэн үнийг баримтлахгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг бүхий шинжээч /үнэлгээчин/-ийн үнэлгээг баримталдаг учраас дээрх ажиллагаануудыг зайлшгүй хийж шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 4-ний өдрийн 17 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. “Догшин буур” ХХК-ийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ бодитой хийгдээгүй, тус компанийн захирал Б.Нын гэрчээр өгсөн мэдүүлэгт зарим эд зүйл нь ашиглагдах боломжтой, зарим нь ашиглагдах боломжгүй гэсэн байна.  Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Л, З.И, С.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л, З.И, С.М нарыг бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Догшин буур” ХХК-ийн кемпээс автомашины сэлбэгийг 51-98 УБ улсын дугаартай Даюун маркийн мотоцикль ашиглан хулгайлж 3.834.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэн цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заасан нь тухайн гэмт хэргийг жинхэнэ үйлдсэн хүнийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагаар хэргийг прокурорт буцаах агуулгатай бөгөөд шүүгдэгч  Б.Л, З.И, С.М нарт холбогдох хэргийн хувьд өөр этгээдийг холбогдуулан шалгах үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарыг цагаатгасан атлаа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын прокурорт буцаах гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Б.Л, З.И, С.М нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн субъектив болон объектив талын шинж тогтоогдоогүйгээс гадна эд зүйлийн үнэлгээ бодитой хийгдсэн эсэхийг дахин шалгах нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, энэ талаар өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг дахин шалгуулахаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 17 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...прокурорт буцаасугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                         Б.БАТЦЭРЭН           

                                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН