Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0484

 

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0484

Улаанбаатар хот

“СМГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Ц.Цогт, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, өмгөөлөгч Ж.О, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Б.Ц, Х.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, А.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ/2018/0472 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “СМГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанд холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ/2018/0472 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28.1-д тус тус заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6/897 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгох, “СМГ” ХХК-ийг Багц-1: Цагдаагийн ерөнхий газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун, дизель түлш, Багц-2: Нийслэлийн цагдаагийн газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун дизель түлш гэсэн багцуудад хамгийн бага үнийн саналаар шалгаруулаагүй гэх Сангийн яамны шийдвэрийн дагуу манай компанийг шалгаруулсан захиргааны акт гаргахаас татгалзсан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул “СМГ” ХХК-ийг Багц-1: Цагдаагийн ерөнхий газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун, дизель түлш, Багц-2: Нийслэлийн цагдаагийн газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун дизель түлш гэсэн багцуудад шалгаруулан, гэрээ байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга болон Санхүү, аж ахуйн албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэгч “СМГ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “СМГ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл нь “Эдгээрээс үзвэл Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “ТОӨЗ 18.2 \в\-д заасан “Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг бүрт 2-оос доошгүй шатахуун түгээх станцтай байх, орон нутаг дахь ШТС-ын тоо, байршлын мэдээлэл, шатахууны талонтой байх, орон нутгийн хэдэн суманд шатахууны ашиглах болон ашиглах боломжгүй талаарх мэдээлэл” гэх мэдээллийг агуулсан баримт байхгүй байх ба нэхэмжлэгчээс ийм баримт, мэдээллийг тендерийн баримт бичигтээ хавсарган ирүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнээд үүнийг үндэслэн гаргасан нь хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна гэж үзэж байна.

     Учир нь “СМГ” ХХК-ийн хүргүүлсэн тендерийн баримт бичигт өөрийн компанийн ШТС-уудад ашиглах боломжтой IC картын танилцуулга, Улаанбаатар хотод 39 ШТС-тай, хөдөө орон нутагт 40 ШТС-тай, мөн эдгээр шатахүүн түгээх станцуудын байршил, тоо зэргийг Монгол Улсын газрын зураг дээр заан үзүүлсэн мэдээлэл бүхий материалыг хүргүүлсэн нь Захиалагчийн тавьсан шалгуурыг бүрэн хангасан байдаг.

     Гэтэл шүүхээс эдгээр мэдээлэл бүхий материалыг ирүүлсэн болохыг мэдэж, шийдвэртээ тусган дүгнэлт хийсэн атал огт байхгүй мэтээр нотлох баримтыг бүрэн гүйцэт, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрээ гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.

     Үндэслэл 2:

     Сангийн яамнаас тендерт оролцогчийн гомдлын дагуу гаргасан шийдвэрийг үндэслэлгүй шийдвэр гэж дүгнэж, нэхэмжлэлийг шаардлагын хүрээнээс хальсан шийдвэрийг гаргасан явдал юм. Тодруулбал, Монгол Улсын Сангийн яамнаас манай гомдлын дагуу тухайн тендер шалгаруулалтыг хянан үзэж, “СМГ” ХХК нь төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэг маргаанд хариуцагчаар татагдаагүй байхад Шүүхийн төрөлжсөн архивын 2018 оны 4123 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт 5 удаа хариуцагчаар оролцсон гэж, бүх аймагт шатахуун түгээх станцтай байх гэж шаардаагүй мөртлөө 7 аймаг шатахуун түгээх станц байхгүй гэж, 2 дугаар багцын хувьд нийлүүлэгдэх, шатахуун, дизель түлш нь нийслэлийн хүрээнд хамрах тул суманд шатахууны карт ашиглах болон ашиглах боломжгүй талаарх мэдээллийг ирүүлэх шаардлагагүй бөгөөд тухайн мэдээллийг ирүүлээгүй гэж тус тус татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны шийдвэр үндэслэлгүй болохыг тогтоож, улмаар шаардлага хангасан манай компанийн тендерт хуулийн дагуу үнэлгээ хийхийг даалгасан байдаг.

     Гэтэл анхан шатны шүүх тухайн тендер шалгаруулалтыг дахин хянаж үзсэн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөж, Сангийн яамнаас зөвхөн үнэлгээ хийлгэхийг даалгасан шийдвэр гаргасныг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

     Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно.

     Ийнхүү Сангийн яамнаас тухайн тендерийг хянан үзэж “...багц тус бүрийн үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх зүйтэй байна...” гэж гаргасан шийдвэрээ 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/2680 дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг.

     Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасан байдаг боловч Сангийн яамнаас 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/2680 тоот бичгээр гаргасан шийдвэрийг үл хэрэгсэж, зөрчин Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны даргын 2018 оны 05 дугаар 11-ний өдрийн 6/897 албан бичгээр манай тендерээс дахин татгалзсан тухай мэдэгдлийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шуудангаар дахин ирүүлсэн нь хуульд нийцээгүй байхад үүнийг нь анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна.

     Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар Сангийн яам буюу Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх; тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах; зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” зэрэг эрх, үүргийнхээ дагуу тухайн хэргийн хүрээнд гаргасан “захиалагчийн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын аль үе шатыг буюу зөвхөн үнэлгээ хийхийг даалгасан шийдвэрийг гаргах бүрэн үндэслэлтэй юм.

     Нөгөөтэйгүүр Сангийн яамнаас тухайн тендерийг хянан үзэж “...багц тус бүрийн үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх зүйтэй байна...” гэж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/2680 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг аль нэг тендерт оролцогч маргаагүй, энэ талаар маргаан үүсээгүй байхад анхан шатны шүүх дур мэдэн тухайн шийдвэрийг хууль ёсны, эсхүл хууль бус гэж үнэлэлт дүгнэлт өгч улмаар шийдвэрээ гаргах үндэслэлээ болгосон нь ихээхэн учир дутагдалтай болсон.

     Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: 14.1.4.сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 52.1.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;” гэж заасны дагуу Захиалагч зөвхөн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл, лавлагааг Тендерт оролцогчоос шаардахаар хуульчилсан байдаг.

     Гэтэл анхан шатны шүүх Захиалагчийн “СМГ” ХХК-ийг иргэний хэрэг маргаанд оролцсон гэх шалтгаанаар “шаардлага хангаагүй” гэсэн шийдвэрийг зориудаар мушгин тайлбарлаж гаргасан шийдвэрийг нь хамгаалж хуулийн дээрх зохицуулалтын хүрээг явцууруулан ач холбогдолгүй хэрэг маргаанд хамаатуулан авч хэрэглэсэн буруу болсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

     Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны даргын 2018 оны 05 дугаар 11-ний өдрийн 6/897 албан бичигт манай 2 дугаар багцын тендерээс татгалзсан үндэслэлүүдийг Сангийн яам хянан шалгаад үндэслэлгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн байхад дахин тухайн үндэслэлүүдээр манай компанийн тендерээс татгалзаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж байна.

     Үндэслэл 3:

     Захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэж буй шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үүрэгтэй атал анхан шатны шүүх нь Цагдаагийн ерөнхий газраас зарласан “Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагын хэрэгцээнд шатахуун, дизель түлш бэлтгэн нийлүүлэх” ЦЕГ/201812015 дугаар бүхий нээлттэй тендерийн шалгаруулалт материалыг гаргуулан хэрэгт авахаар захирамж гаргасан боловч тухайн захирамжийг биелэлт хангагдаагүй буюу нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болсон.

     Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0472 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгохыг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан Цагдаагийн ерөнхий газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун, дизель түлш, Нийслэлийн цагдаагийн газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун дизель түлш бэлтгэн нийлүүлэгч байгууллагыг сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Үнэлгээний хороо 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар “СМГ” ХХК, “МТ” ХХК, “П” ХХК-уудын үнийн санал, материалуудыг хянаж, “СМГ” ХХК-ийн тендерээс “шаардлагад нийцээгүй” гэх үндэслэлээр татгалзаж, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 6/674 дугаар мэдэгдлийг “СМГ” ХХК-д хүргүүлснийг эс зөвшөөрч гомдол гаргасан, Сангийн яамнаас 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 6-1/2680 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хянан үзээд “СМГ” ХХК-ийн тухайд “төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэг маргаанд хариуцагчааар татагдаагүй байхад Шүүхийн төрөлжсөн архивын 2018 оны 4123 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 5 удаа хариуцагчаар оролцсон гэж, бүх аймагт шатахуун түгээх станцтай байх гэж шаардаагүй мөртлөө 7 аймагт шатахуун түгээх станц байхгүй гэж, 2 дугаар багцын хувьд нийлүүлэх шатахуун, дизель түлш Нийслэлийн хүрээнд хамрах тул суманд шатахууны карт ашиглах болон ашиглах боломжгүй талаарх мэдээллийг ирүүлэх шаардлагагүй бөгөөд тухайн мэдээллийг ирүүлээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, харин 1 дүгээр багцын хувьд нийлүүлэгдэх шатахуун, дизель түлш нь орон нутгийг хамрах тул “СМГ” ХХК нь тендертээ орон нутгийн хэдэн суманд шатахууны карт ашиглах болон ашиглах боломжгүй талаарх мэдээллийг хавсарган ирүүлээгүйг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгийн ТОӨЗ 18 (в)-д заасныг хангаагүй гэж татгалзсан захиалгчийн шийдвэр үндэслэлтэй, мөн тодорхойлох боломжгүй асуудлуудыг нягтлах, тухайн багцуудын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх” талаар дурдаад Цагдаагийн ерөнхий газарт мэдэгджээ.

     Тухайн шийдвэрийн дагуу үнэлгээний хороо 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж, 1 дүгээр багцад тендерийн хорооны шийдвэр үндэслэлтэйг Сангийн яам тогтоосон, 2 дугаар багцын тухайд “Цагдаагийн байгууллагын тасралтгүй үйл ажиллагаа явуулах, итгэлтэй, найдвартай, хурдан шуурхай үйл ажиллагаа явуулах байгууллагыг сонгох зорилгод “СМГ” ХХК-ийн шатахуун түгээх станцын байрлал зах хэсэгт байдаг нь цагдаагийн байгууллагын онцлогт нийцэхгүй, шүүхийн асуудал маргаантай, итгэл төрүүлэхгүй байгаа зэргээс шаардлагад нийцэхгүй, шатахуун түгээх станцгүй 7 аймагт Нийслэлийн цагдаагийн газрын харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд явж ажиллахад хүндрэл учирч, шаардлага хангахгүй” гэж үзэж олонхын саналаар “П” ХХК-ийн 1, 2 дугаар багцыг шалгаруулж, захиалагчид зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

     Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6/897 дугаар албан бичгээр “тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлын шийдвэрээр “танай компанийн ирүүлсэн тендерийн саналыг дахин үнэлж, Шүүхийн төрөлжсөн архивын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6бб/869 дүгээр албан бичгээр “А” ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээний хэрэгжилттэй холбоотой хэрэгт хариуцагчаар татагдсан, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.2 (в)-д заасан орон нутгийн хэдэн суманд шатахууны карт ашиглах болон ашиглах боломжгүй талаарх мэдээллийг ирүүлээгүй үндэслэлээр шаардлагад нийцээгүй” гэх байдлаар тендерээс татгалзах болсныг нэхэмжлэгч компанид мэдэгджээ.

     Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд Үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэсэн тохиолдолд уг тендерээс татгалзахаар заасан.

     Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл тендерийн үнэлгээний хороо Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18.2 (в)-д заасан Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалтын дагуу “СМГ” ХХК-аас ирүүлсэн баримтуудад үндэслэн дээрх буюу “шатахуун нийлүүлэх гэрээний хэрэгжилттэй холбоотой хэрэгт хариуцагчаар татагдсан, орон нутгийн хэдэн суманд шатахууны карт ашиглах болон ашиглах боломжгүй талаарх мэдээллийг ирүүлээгүй” гэх дүгнэлтийг хийж, тухайн тендерээс татгалзсан нь тогтоогджээ.

     Үүнээс үзвэл Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 31.3 /Шаардлагад нийцсэн тендер гэж тендерийн баримт бичгийн бүх нөхцөл болзол, тендерт оролцогчийн үйлдвэрлэлийн хүчин чадал, санал болгосон бараа нь ТОӨЗ-ын 19 дүгээр зүйлд заасан нөхцөл болон техникийн тодорхойлолтыг материаллаг зөрүүгээр хангаж буй тендерийг хэлнэ/-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн зааварчилгааны 31.4 /Захиалагч шаардлагад үл нийцсэн гэж тогтоогдсон тендерээс татгалзана. Харин тендерт оролцогч түүнд засвар хийж шаардлагад нийцсэн болгож болохгүй/-д зааснаар нэхэмжлэгч “СМГ” ХХК-ийн тендерээс хариуцагч татгалзсаныг буруутгах боломжгүй.

     Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.1.1 /энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага/, 27.1.3 /тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага/, 16 дугаар зүйлийн 16.1.4 /тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт/-д нийцээгүй тул нэхэмжлэгч компанийн тендерийг 27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/-д заасныг зөрчөөгүй байна.

     Иймд зөвхөн “СМГ” ХХК-ийн “тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн” гэх тайлбарт үндэслэн тус компанийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлэх боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

     Үүнээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан “захиалагчийн шийдвэрт гомдол гаргах” ажиллагааны хувьд 55.2 /Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно/-т заасан гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хүлээн авч, дахин үнэлэх Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/2680 дугаар албан бичиг эцсийн шийдвэр бөгөөд уг шийдвэрийн дагуу Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин үнэлсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

     Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ/2018/0472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

                         ШҮҮГЧ                                                                          Ц.ЦОГТ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР