Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 132

 

Х.Д-ийн нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны яамны Төрийн

нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                 Ч.Тунгалаг,

Шүүгчид:                               Б.Мөнхтуяа,

                                              Д.Мөнхтуяа,

                                              П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга     Т.Даваажаргал. 

Нэхэмжлэлийн шаардлага: “Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Европын газрын зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0889 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 119 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Х.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бизьяа нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0889 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 38 дугаар зүйлийн 38.1.5, 48 дугаар зүйлийн 48.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Х.Д-ийг дипломат албанаас халах тухай” Б/89 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Х.Д-ийг урьд эрхэлж байсан Гадаад харилцааны яамны Европын газрын зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,659,253 /Долоон сая зургаан зуун тавин есөн мянга хоёр зуун тавин гурав/ төгрөгийг Х.Д-ид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 119 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д-ийн “Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг хүчингүй болгон урьд эрхэлж байсан Европын газрын зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Үүнд:

4. а/Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох онцгой бүрэн эрхтэй. Харин шүүхээс нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ...асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцнэ.

5. Нэхэмжлэгчээс “Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Европын газрын зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүхээс маргаан бүхий актад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаал хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

6. Гэвч давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгчийг 2012 онд дахин дипломат албанд томилсон нь хууль бус...” гэж үзэж байгаа нь захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, зөрчигдсөн эрхээ шударга шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг улам дордуулсан дүгнэлт боллоо. Тодруулбал, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, үндсэн маргаж буй захиргааны акт хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлгүй өөр актад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилгод нийцэхгүй байх бөгөөд хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад, маргаж буй захиргааны актад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байна.

7. б/Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль, журмыг зөв хэрэглээгүй тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “...Гадаад харилцааны сайдын 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан “Дипломат албанд орох иргэнийг сонгон авах болзол”-ын 1.3.2-т “төрийн болон дипломат албаны нэр хүндийг унагаах харш үйлдэл хийж, дипломат албанаас халагдсан” иргэнийг дипломат албан тушаалд томилохгүй байхаар зохицуулжээ...” гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

8. Учир нь, нэхэмжлэгчийг Гадаад харилцааны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар дипломат албанд дахин томилоход Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 293 дугаар тогтоол /хүчингүй болсон/-оор баталсан “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм” хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд дүрмийн 5.14-т “Дипломат ажилтанд дипломат албанаас халах шийтгэл ногдуулсан тохиолдолд энэ нь түүний дипломат албанд эгүүлэн авахаас татгалзах үндэслэл болно” гэж заасан байсан.

9. Мөн дээрх дүрмийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан бөгөөд шинэчилсэн дүрмийн 5.16-д “Дипломат ажилтанд энэ дүрмийн 5.2.5-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнийг дипломат албанд дахин авахаас татгалзах үндэслэл болно” гэж заасан нь дипломат албанаас халагдсан иргэнийг дипломат албанд эгүүлэн авахгүй байх гэсэн хатуу ойлголт биш. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны сайдаас нэхэмжлэгч намайг дипломат албанд эгүүлэн томилохдоо Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийг харгалзан үзэж томилсон. Нөгөөтэйгүүр, Гадаад харилцааны сайд нэхэмжлэгч намайг дипломат албанаас халагдсан гэдэг үндэслэлээр дипломат албанд эгүүлэн томилохгүй байх бүрэн эрх нь байсан атал харгалзан үзэж эгүүлэн томилох нь зүйтэй гэж шийдвэр гаргасан байхад одоо давж заалдах шатны шүүх “...эгүүлэн томилсон нь буруу байжээ...” гэж дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд хэрэглэвэл зохих хууль, журмыг зөв хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

10. в/Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцсэн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн.

11. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0889 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны үйл баримтыг болон маргааны хууль зүйн үндэслэлийг тодорхойлж, тэдгээрт нийцүүлэн нотлох баримт бүрийг үнэлж, маргаан бүхий акт гарах болсон үйл баримтын болоод хууль зүйн хэрэгцээ шаардлагыг нэгтгэн дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт бодит дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн.

12. Маргаан бүхий Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль, Дипломат албаны тухай хуулийн ямар хэм хэмжээг зөрчиж, тэр зөрчил нь ажлаас халагдах хэмжээнд хүргэсэн нь тодорхой бус байна. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаал нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 9 дүгээр зүйлийн 9.6.2, 9.6.9, 9.8, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, “Чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Гадаад харилцааны яаманд өгсөн үүрэг даалгавар, Гадаад харилцааны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн гарсан байх боловч дээрх хууль зүйн үндэслэлүүд нь төдийлөн тодорхой бус, ерөнхий зохицуулалтуудыг баримталсан байна.

13. Харин нэхэмжлэгчид Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаас өгсөн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 08/3949 тоот мэдэгдэх хуудсанд зааснаар “Австри Улсад суугаа Элчин сайдын яаманд 1 дүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа зөрчилд нэр холбогдсоноо хүлээн зөвшөөрч гаргасан хүсэлтийг тань үндэслэж дипломат албанаас халсан тул дахин шалган тогтоох шаардлагагүйгээр төрийн албанаас нэн даруй чөлөөлөх үндэслэлтэй” гэж дипломат албанаас халсан. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нэхэмжлэгчид 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 08/3949 тоот мэдэгдэх хуудсыг өгч, уулзсан бөгөөд нэхэмжлэгч намайг төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргахыг шахалт болгож, хөндлөнгийн зүй бус нөлөөлөл үзүүлсэн.

14. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг шаардсан асуудал нь 12 жилийн өмнө нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн нэр холбогдсон үйл баримт байсан тул дипломат ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиж, ёс зүйн хариуцлагаа хүлээсэн асуудлаар дахин дипломат албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг нэхэмжлэгчийн хувьд зөвшөөрөөгүй тул захиргаа санаачлагаараа халсан нь Төрийн жинхэнэ албан хаагч миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Тодруулбал,  маргаан бүхий актад нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль болон Дипломат албаны тухай хуулийн ямар хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхой бус байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж дипломат албанаас халсан.

15. Хэрэв нэхэмжлэгчийг болон гэр бүлийн хүнийг нь сахилгын хэм хэмжээ зөрчсөн гэж үзэж байгаа бол Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар тогтоолоор батлагдсан “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийн 5.8-д “Энэ дүрмийн 5.1-д заасан сахилгын хэм хэмжээг зөрчсөн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй байсан.

16. Гэвч холбогдох хууль, журмыг харгалзан үзэлгүй нэхэмжлэгчийг Гадаад харилцааны яамны Европын газрын зөвлөхийн албан тушаалаас халсан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх “...Шударга ёсны зарчим нь нэг зөрчилд нэг л удаа хариуцлага хүлээх ёстой гэсэн агуулгыг илэрхийлэх ба нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэг зөрчилд хоёр удаа сахилгын шийтгэл хүлээлгэсэн байх тул хариуцагчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрх чөлөөний зарчимд нийцэхгүй байна. ...нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан хугацааны дотор ногдуулсан болох нь нотлогдохгүй байх тул уг хуульд заасан хугацааны дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй байна гэж шүүх үзлээ...” гэж хуульд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

17. Иймд, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 119 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

18. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг дипломат албанаас халахдаа уг тушаалын 1-д “Дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, Дипломат харилцааны тухай Венийн конвенци, суугаа улсын хууль тогтоомжийг зөрчин хууль бусаар тамхи тээвэрлэсэн үйлдэл, хэрэгт холбогдож Монгол Улсын болон дипломат албаны нэр хүндэд харш үйлдэл гаргасан ...” гэх үндэслэл буюу 2008 онд холбогдсон зөрчлийг дурдаж халсан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш.

19. Тодруулбал, нэхэмжлэгч Х.Д-ийн эхнэр Б.Болор нь дипломат паспортаа хууль бусаар ашиглаж, тамхи зөөвөрлөн олон улсын хил, гаалийн дүрэм, журам зөрчин, Монгол Улсын болон дипломат албаны нэр хүндэд хохирол учруулсантай холбогдуулан нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн ноцтой зөрчилд нэр хүнд холбогдсон учир дипломат албанаас халсан болох нь нэхэмжлэгчийн 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргад хандаж гаргасан өргөдөл, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 274 дүгээр тушаал болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх үндэслэлийг дахин дурдсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж заасанд нийцэхгүй.

20. Харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нэг үндэслэлээ Дипломат албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоол, Гадаад харилцааны сайдын тушаалаар батлагдсан болзлыг зөрчиж, “...дипломат албаны нэр хүндэд хохирол учруулсан иргэнийг дахин томилох ёсгүй байтал томилсон...” гэх үндэслэл зааж маргасан, маргаан бүхий захиргааны актад “Чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Гадаад харилцааны яаманд өгсөн үүрэг даалгавар зэргийг тус тус үндэслэсэн байхад анхан шатны шүүх энэ үндэслэлд дүгнэлт хийгээгүй нэхэмжлэлийг хангасан нь буруу, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

21. Тодруулбал, Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Дипломат албанд орох иргэнийг сонгон авах болзлыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу Гадаад харилцааны сайдын 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/37 дугаар тушаалаар баталсан (нэхэмжлэгчийг дипломат албанд дахин томилох үед хүчин төгөлдөр байсан) “Дипломат албанд орох иргэнийг сонгон авах болзол”-ын 1.3.2-т “Төрийн болон дипломат албаны нэр хүндийг унагаах харш үйлдэл хийж, дипломат албанаас халагдсан” бол дипломат албан тушаалд томилохгүй”; мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Сахилгын тусгай дүрмийг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 293 дугаар тогтоолоор баталсан (мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн 5.14-т “Дипломат ажилтанд дипломат албанаас халах шийтгэл ногдуулсан тохиолдолд энэ нь түүний дипломат албанд эгүүлэн авахаас татгалзах үндэслэл болно” гэж заасан зохицуулалтууд үйлчилж байжээ.

22. Гэтэл нэхэмжлэгчийг “Эхнэр Б.Болор нь дипломат паспортаа хууль бусаар ашиглаж, тамхи зөөвөрлөн олон улсын хил гаалийн дүрэм, журам зөрчин Монгол Улсын болон дипломат албаны нэр хүндэд хохирол учруулсан” гэх үндэслэлээр Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 274 дүгээр тушаалаар дипломат албанаас халсан атлаа түүнийг дипломат албанд дахин томилж, үргэлжлүүлэн ажиллуулж байгаа нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн учир хууль бус захиргааны акт байна.

23. Тиймээс дээрх эрх зүйн хэм хэмжээ болон тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 3 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Гадаад харилцааны яаманд өгсөн үүрэг даалгавар зэргийг үндэслэж нэхэмжлэгчийг дипломат албанаас халсан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр (хууль зөрчсөн тушаалын эсрэг үйлчлэлтэй) тушаалыг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

24. Давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч “...нэхэмжлэгчийг 2012 онд дахин дипломат албанд томилсон нь хууль бус...” гэсэн дүгнэлт хийснийг залруулах шаардлагатай.

25. Тодруулбал, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох замаар “алдааг залруулж, эхний эрх зүйн байдалд сэргээх” эрх зүйн харилцааны үед аливаа захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан журмыг баримтлах бөгөөд хэдийгээр томилох эрх зүйн үндэслэлгүй ч дахин (Гадаад харилцааны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр) томилсон захиргааны актын тухайд нэхэмжлэгчийн хувьд эерэг үйлчлэлтэй энэ тохиолдолд мөн зүйлийн 48.3-т заасан “таван жилийн” хугацааны хязгаарлалтаас хэтэрсэн байна.

26. Гэхдээ нэхэмжлэгчийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар Европын газарт зөвлөхөөр томилсон (дипломат албаны эрх зүйн байдлыг хэвээр хадгалсан) захиргааны акт нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны Б/89 дүгээр (нэхэмжлэгчийг дипломат албанаас халсан) тушаалын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан үйлчлэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгэж, нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.         

27. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 119 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ