Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2017/00497

 

                                                       Б.Золбоогийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05657 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 276 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Б.Золбоо

Хариуцагч : Мон топ трейд ХХК

Нэхэмжлэлийн шаардлага :  17.140.520 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Золбоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : 2013.9.25-ны өдөр Мон топ рейд ХХК-тай орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан. Уг гэрээнд зааснаар 1 м.кв тус бүр нь 2.300.000 төгрөг бүхий 56,78 м.кв байрыг худалдан авахаар заасан. Бид 65.563.000 төгрөгийг бэлнээр төлж, ипотекийн зээлээр худалдан авсан бөгөөд 2 жил 9 сар орчим үндсэн төлбөр болон хүүг төлж байна. 2015 оны өвөл 12 дугаар сард байраа зарах гээд хүмүүст үзүүлэхэд хэмжээндээ хүрэхгүй байна гэхээр нь 2016.4.06-ны өдөр  хэмжилт хийлгэхэд 6 м.кв дутуу болохыг олж мэдсэн. Нэгэнт гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа учир байрны зөрүү м.кв-ын 13.823.000 төгрөг, мөн энэ зөрүү хэмжээнд ногдох орон сууцны зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 3.317.520 төгрөг нийт 17.140.520 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2013.9.25-ны өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан ч тухайн орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн, ашиглалтад орсон байсан учир талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг орон сууцыг худалдан авах үед зургийн компаниар хэмжилт хийлгэж, түүнийг  үндэслэн талууд гэрээ хийсэн. Гэтэл одоо хананаас ханын хооронд хэмжилт хийлгэж талбайн зөрүү тооцсон байна. Анх худалдах, худалдан авах гэрээ хийх үед хананаас ханын хооронд хийх боломжгүй хэмжилт байсан. Тохирсон ёсоор үнэ хөлсөө өгөлцөж авалцсан. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээний талаар үндэслэл заан маргахгүй, худалдан авагч нь эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа доголдлын талаар мэдэх боломжтой байсан. Иймд гомдлын шаардлага гаргах эрхгүй. Мөн хуульд зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05657 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мон топ рейд ХХК-иас 17.140.520 төгрөг гаргуулах тухай Б.Золбоогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 276 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05657 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн…” гэсний дараа “243.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд зураг төсөл боловсруулсан м.кв-ын хэмжээгээр гэрээн дээр зааж худалдсан, Хот-айл ХХК-ийн боловсруулсан зураг төсөл дээр тухайн цонхны тавцан, өрөө хоорондын зай орж байгаа учраас тухайн зураг төсөл нь тэгж боловсруулагдсан учраас зөрүү гарч байгаа, зураг төсөл нь нэг ширхэг тоосго, элс, ус зэрэг нь бүгд ороогүйгээр м.кв-ыг нь тооцоод тэр хэмжээгээр нь улсын комисс хүлээж авсан гэж тайлбар гаргасан.  Уг үндэслэлээр Иргэний 255.1.1 -т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасныг хэрэглэх ёсгүй гэж заасныг анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй гэж маргаж давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Гэтэл давж заалдах шатны шүүх "хариуцагчийн орон сууцны м.кв дутуу болохыг мэдсээр байж нуун дарагдуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар буюу нотлох баримтад" огт дүгнэлт өгөөгүй ба Б.Золбоо нь орон сууцны талбайн хэмжээг гэрээгээр тохирсон хэмжээнээс бага болохыг хүлээн авах үедээ мэдсэн болохоо шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд" манай нөхөр барилгын мэргэжилтэй бөгөөд анх байранд ороход л хэмжээнд хүрэхгүй байх шиг байна гэж ярьж байсан" гэх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд яриагүй зүйлийг дурдсаныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны бичлэгийг авч үзэх үүргээ ч биелүүлээгүй. Б.Золбоо нь худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ дутуу болохоо мэдээгүй байхад Иргэний хуулийн 255.1.1 дэх заалтыг хэрэглэх ёсгүй болно. Уг зохицуулалтын агуулга нь худалдагч буюу Мон топ трейд ХХК орон сууцны талбайн хэмжээг дутуу болохыг мэдсээр байж худалдсан бол доголдлыг мэдэх боломжтой байсан ч шаардах эрхээ алдахгүй буюу худалдагч хохирлыг нөхөн олгох үүрэгтэй юм. Иймд 17.140.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

Б.Золбоо нь Мон топ трейд ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2 өрөө орон сууцны талбайн хэмжээний зөрүүд илүү төлсөн 13.823.000 төгрөг, энэ хэмжээнд ногдох орон сууцны зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 3.317.520 төгрөг нийт 17.140.520 төгрөг гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч  нэхэмжлэлийг  зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх Б.Золбоогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа шийдвэрийн “тогтоох” хэсэгт Иргэний хуулийн холбогдох зүйлийг нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдол гаргахдаа “...хариуцагч орон сууцны м.кв дутуу болохыг мэдсээр байж нуун дарагдуулсанаа хүлээн зөвшөөрсөн тайлбар буюу нотлох баримтад шүүх дүгнэлт хийсэнгүй... Б.Золбоо талбайн хэмжээг гэрээгээр тохирсоноос бага болохыг хүлээн авах үедээ мэдсэн болохоо шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн... шүүх хуралдаанд нэхэмжлэгч яриагүй зүйлийг дурдсаныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн бөгөөд шүүх хуралдааны бичлэгийг авч үзэх үүргээ биелүүлээгүй... Б.Золбоо нь худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ дутуу гэдгийг мэдээгүй... худалдагч  талбайн хэмжээг дутуу болохыг мэдсээр байж худалдсан бол худалдагч хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй...”  гэсэн  үндэслэл заажээ.

   Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул  магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.   Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол /13374/, 90-р байр, 802 тоот 2 өрөө орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнээс дутуу байснаас зохигчдын хооронд маргаан үүссэн бөгөөд орон сууцны талбайн хэмжээ 56.78 км.м бус, харин 50.77 м.кв буюу 6.01 кв.м-р дутуу гэсэн үндэслэлээр Б.Золбоо хариуцагчаас /6.01 кв.м x  2.300.000₮/  13.823.000 төгрөг шаарджээ.   

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн байна. 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Тодруулбал, Б.Золбоо нь 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр о/с-35 дугаартай “ Орон сууц захиалгаар барих тухай” гэсэн нэртэй гэрээ байгуулсан боловч  9 давхар орон сууцны 8-р давхарт 802 тоот орон сууцыг хэрхэн барих, ажлын ямар байдлаар гүйцэтгэх талаар тохиролцоогүй, харин уг орон сууцыг 65.594.000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөх, хариуцагч нь  орон сууцыг 2013 оны 3-р улиралд багтааж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээс үзвэл талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлэх,  үүрэг биелүүлээгүйгээс учирсан үүсэх үр дагавар, учирсан хохирлыг хэн аль шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1-ийн 1, 6 –д “...талбайн хэмжээ 56.78 кв.м...” гэж заасан хэдий ч нэхэмжлэгч нь 2 өрөө орон сууцны “талбайн хэмжээ нь”  гэрээний гол нөхцөл байсанг нотолж чадаагүй учир нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.  

2. Хариуцагчаас 13.823.000 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдоогүй тул орон сууцны зээлийн хүүгийн төлбөрт төлсөн гэх 3.317.520 төгрөгийн шаардлагыг хангах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 276 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбекийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 243.660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ