| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2506038400239 |
| Дугаар | 2025/ДШМ/1257 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.1.2., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/1257
Г.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нямдорж,
шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2140 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.М-д холбогдох эрүүгийн 2506038400239 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Г-ийн М-, ......., ял шийтгэлгүй, /РД:Г-/;
Г.М- нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороог хариуцаж буюу Г- ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бүртгэлийн 3-66 дугаартай гомдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа эрх бүхий байгууллагын “хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна” гэх дүгнэлтийг зөрчлийн материалд хавсарган гэмт хэргийн шинжтэй үйлдлийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулахгүйгээр устгасан, улмаар албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёстой үйлдлээ хийхгүйгээр хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хүлээн авахаас татгалзах тогтоол үйлдэж зөрчлийн холбогдогчид ял завших боломжийг олгож давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн баримтлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... шүүгдэгч Г.М-г хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэм буруутайд, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д энэ тогтоолоор оногдуулсан 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д торгох ялыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс тогтоож, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг, ял оногдуулсан үеэс тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчаас Г.М-г 1 дүгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
2 дугаарт 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр шүүх хуралдаанд гэм буруутайд тооцуулахаар оруулж ирсэн байна.
Нотлох баримт хуурамчаар устгах гэмт хэргийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Г.М- нь 2024 оны 01 дүгээр сарын 02 өдөр зөрчлийн материалыг хүлээн аваад, хохирогчид мөн оны 01 сарын 03 өдөр шинжээч томилсон үйл баримт харагдаж байна. Ингээд зөрчлийн холбогдогчийг хайсан оршин суугаа газарт очсон байна, гэтэл тухайн зөрчлийн материалд авагдсан эрүүлжүүлэх баримтад регистрийн дугаараас өөр зүйл тэмдэглэгдээгүй учир тодорхой мэдээллийн сануудад нэвтэрсэн боловч тухайн хүнтэй холбоотой мэдээлэл олдоогүй байна. Ингээд хохирогч А-гийн зүгээс гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн бичиг хийж өгсөн учир мөн А-г шинжээчид үзүүлээгүй гэж ойлгож зөрчлийн хэрэг нээхээс 2024 оны 01 сарын 10 өдөр татгалзсан байна. Энэ материал хаах үед шинжээчийн дүгнэлт ирээгүй байсан болох нь тухайн шинжээчийн дүгнэлт нь 2024 оны 01 сарын 09 өдөр гарсан, уг дүгнэлтийг Б.Б- 2024 оны 01 сарын 11 өдөр хүлээн авч хэзээ хэрхэн яаж, хэнд уг дүгнэлтийг өгсөн болох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Энэ үйл баримтаас үзэхэд зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарснаас хойш шинжээчийн дүгнэлтийг Шүүх шинжилгээний байгууллагаас Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст очсон гэж ойлгохоор байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн Хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн эсхүл нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэж объектив талын шинжийг заасан. Улсын яллагчийн зүгээс тухайн шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт хавсаргаагүй устгасан гэж буруутгасан. Нотлох баримтыг зориуд устгасан гэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгаж, нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтыг эвдэх, шатаах, үрэгдүүлэх, алга болгох, устгах зэргээр илэрч болно гэсэн байна. Уг үйлдэлд Г.М-гийн хувьд үгүйсгэгдэж байна. Тодруулбал, хэдийгээр тухайн шинжээчийн дүгнэлт Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хаана байгаа нь тодорхойгүй боловч уг дүгнэлт шүүх шинжилгээний хүрээлэнд хадгалагдаж байгаад өнөөдрийн хавтаст хэрэгт хэд хэдэн хувиар хувилагдан орж ирсэнтэй бид танилцаж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6-д Шинжээч дүгнэлтээ 2 хувь үйлдэж нэг хувийг шинжилгээ хийх шийдвэр гаргасан этгээдэд хүргүүлж үлдэх хувийг шинжилгээний байгууллагын архивт хадгалуулна гэж хуульчлан заасан нь уг баримт устгасан гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 126 дугаартай тогтоолд дурдсанаар Энэ зүйл, хэсэгт заасан “устгах” гэдэгт гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хөрөнгө биет байдлын хувьд бүрэн устгагдаж үгүй болсныг ойлгохоос гадна анхны шинж байдлаа бүрэн алдаж, дахин ашиглаж хэрэглэх ямар ч бололцоогүй болсныг хамааруулан үздэг.
Түүнчлэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэдэгт ямагт болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох үүрэг эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж, төөрөгдөлд оруулан хууль ёсны болон шударга ёсны зарчмыг алдагдуулахад чиглэсэн байхаас гадна шийдвэр гаргах болон гаргуулахгүй байх, эсхүл ямар нэгэн үйл явц, арга хэмжээг тасалдуулах, саатуулах гэх мэт зорилгоор хийсэн үйлдлийг ойлгодог гэж тайлбарласан байна,
Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг:
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Зөрчлийн хэргийн холбогдогч О.А-, эрх бүхий албан тушаалтан Г.М- нар бие биеэ танихгүй хүмүүс байсан болох нь нотлогдож байна. Улсын яллагчийн зүгээс “...О.А-ын үйлдлийн улмаас хохирогч Ш.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байж болзошгүй” асуудлыг бүрэн гүйцэд шалгалгүй, зөрчлийн холбогдогч О.А-т шийтгэл /эрүүгийн хариуцлага/ хүлээхгүй байх давуу байдал бий болгох зорилгоор зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлт явуулах албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёстой үйлдлээ хийхгүйгээр буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийг хүлээн авахаас татгалзаж, Шинжээчийн дүгнэлтийг материалд хавсарган гэмт хэргийн шинжтэй үйлдлийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулахгүйгээр иргэн О.А-т ял завших боломжийг олгож давуу байдал бий болгосон” гэсэн.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан асуудал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон байна.
2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах заалтад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, ”давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.
Гэтэл Г.М-д О.А-т ямар нэгэн давуу байдал үүсгэх санаа зорилго байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдана. Г.М- О.А-ыг хайсан амьдардаг газар нь очсон боловч тухайн хүн байхгүй байсан мөн холбоо барих утас эрүүлжүүлэх картад тэмдэглэгдээгүй, цагдаагийн байгууллагын бүтгэлтэй санд байгаагүй, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэж бичиж өгсөн зэрэг нь уг зөрчлийн хэргийг нээхээс татгалзах тогтоол гаргах үндэслэл болсон байна.
Энэ нь Г.М-гийн үйлдэл давуу байдал олгосон гэхээс илүү хуулиар хүлээсэн үүрэг захиргааны хэм хэмжээгээр заасан эрх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас үүссэн үр дагавар байна. Г.М- нь 2022 оны 10 дугаар сарын БД 531 дугаартай Цагдаагийн Ерөнхий газрын ерөнхий даргын тушаалаар тус ажилд томилогдсон байна. Тодруулан хэлбэл уг ажлыг хийгээд нэгж жил гаруйхны хугацаа өнгөрсөн байгаа нь мэргэжил арга зүй дутсан, хайнга хандсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Хайнга хандах гэмт хэргийн талаар эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив, субъектив шинжийн нэгдлийг ойлгож, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай.
Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж хуульчлан заажээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг харьцуулан судалбал Г.М-гийн үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан үйлдэл, эс үйлдэхүйг хангаж байна гэж үзэж байна. Тодруулбал, Хайнга хандах гэмт хэрэг гэж нийтийн албаны ашиг сонирхолд халдаж, албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан нийгэмд аюултай, гэм буруутай эс үйлдэхүй юм.
Нийтийн албан тушаалтан үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг нэг мөр баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх нь нийтийн албаны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, төрд итгэх олон нийтийн хандлагыг сулруулдгаар энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул нь тодорхойлогддог гэжээ.
Тус гэмт хэргийн объектив тал: Хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй гэж албан тушаалтан хуулиар хүлээсэн биелүүлэх ёстой үүргээ биелүүлэхгүй, хийхгүй байх идэвхгүй зан үйлийг хэлнэ.
Зохих ёсоор биелүүлээгүй гэж албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжтой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангалттай биелүүлээгүйг ойлгоно гэснээс үзэхэд ажлын хэсгийн үйлдэл уг зүйл ангид хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гэмт хэргийн субъектив шинж нь Энэ бүлгийн бүх хэргийг гэмт этгээд үйлдэл, эс үйлдэхүйн алинаар нь ч үйлдсэн бай гэм бypyyгийн санаатай хэлбэр байна. Гэм буруутай албан тушаалын эрх, бүрэн эрх эрхээ хэтрүүлсэн үйлдэл, гүйцэтгэх ёстой үүргээ үл биелүүлсэн эс үйлдэхүйг хууль бус болохыг урьдаас ухамсарласан, нийгэм, иргэдийг хохироож байгаагаа мэдэж, түүнд зориуд хүргэсэн байна. Өөртөө болон бусдад ашигтай байдал бий болгох зорилго, шунахай сэдэлттэй байдгаараа бүгд адилхан,...албан ажлын ашиг сонирхлын эхэнд амин хувийн явцуу ашиг сонирхлыг тавьж, улс нийгэм, иргэдийг хохироосон байна.
Төсөөтэй хэрэг, хууль хэрэглээ: Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нь зөвхөн эс үйлдэхүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан хайнга хандах /23.5/ гэмт хэрэгтэй төсөөтэй. Энэ зүйл /22.1/-д заасан хэргийг үйлдсэн этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох шунахай зорилго, сэдэлттэй, эрх мэдэл, албан тушаалын байдлаа зориуд хэтрүүлсэн үйлдэл, үл биелүүлсэн эс үйлдэхүйгээрээ нийтийн өмчид их хэмжээний хохирол учруулсан байдгаараа ийм субъектив шинжгүй хайнга хандах хэргээс ялгаатай.
Нийтийн албан тушаалтан үндэслэл бүхий эрсдэл хийх, тушаал, даалгавар биелүүлэх, албадлага эрхшээлд автах замаар нийгмийн ашигтай зорилгын үүднээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан шинжтэй үйлдэл хийж хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хохирол учруулсан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох хувийн сонирхолгүйгээр албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа мэргэжлийн алдаа, бусад объектив хүчин зүйлийн улмаас бусдад хохирол учруулсан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэнэ.
Гэмт хэргийн субъектив талын зайлшгүй байх шинж бол гэм буруу бөгөөд гэм буруугүй бол гэмт хэрэгт тооцохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдээс өөрийнхөө эрх зүй зөрчсөн зан үйл ба түүний хор уршигт харьцсан сэтгэцийн хандлага нь сэдэл болон санаа зорилго гэсэн нэмэгдэл хэсгээс бүрдэх тул эдгээрийг бодитой тогтоох шаардлагатай төдийгүй ингэснээр тодорхой хүний үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийх боломж бүрдэнэ.
Тодруулбал, шүүгдэгч Г.М- нь дээрх албан үүргээ хэрэгжүүлэхдээ захиргааны хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй улмаас О.А- ял завших боломж бүрдсэн байна. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 1.3 дугаар зүйлийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр их хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчлан заасан тул Г.М-гийн үйлдэл нь ажилдаа хайнга хандах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн гэмт хэрэг материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг ч, их хэмжээний хохирол учраагүй тул хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломжтой байхад анхан шатны шүүх өмгөөлөгчийн дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Тодруулан хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчлан заасан энэ нь шүүх өөрөө хэрэг мөрдөн шалгах биш, харин прокурор /ял нотлох тал/ ба өмгөөлөгч /цагаатгах тал/ хоёрын мэтгэлцээний явцад гаргасан нотолгоо, тайлбар, үндэслэлд тулгуурлан үнэн бодит байдлыг тогтооно гэсэн үг. Ингэсний үр дүнд аль нэг талаас гаргаж байгаа санал дүгнэлтийг хууль зүйн дүгнэлт өгч няцаан шийдвэртээ тусгах ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгодог. Иймд өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч Г.М-гийн үйлдэлд эрүүгийн хууль зөв хэрэглэсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна...” гэв.
Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэрэгт авагдсан гэрч О.А-ын мэдүүлэг, мөн цагдаагийн ерөнхий газраас Г.М-д холбогдуулан албаны шалгалт явуулсан материал, тайлбар, мэдүүлгүүд байдаг. Тухайлбал мэдүүлэгтээ “мөрдөгч намайг дуудаж уулзсан, А-гийн биед хөнгөн гэмтэл учирсан гэх зүйлийг надад хэлсэн гэж” мэдүүлдэг. А- өгсөн тайлбартаа “яаж шийдвэрлэснийг мэдэхгүй байна. Манай хорооны мөрдөгч эмэгтэй 10 хоногийн дараа ирээд чамайг зодсон хүнийг 100,000 төгрөгөөр торгосон” гэх тайлбарыг гаргасан байдаг. Дээрх нөхцөл байдлаас харахад шинжээчийн дүгнэлтийг гаргуулах саналыг Г.М- мөрдөгч прокурорт тавьсан. Прокурор тогтоол үйлдэж явуулсан. Г.М-, А-тай очиж уулзахдаа “А-гийн биед таны үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан” гэж хэлсэн. Иймд гэмтлийн зэрэг гарсан гэдгийг Г.М- мэдэж байсан. Ингээд холбогдох материалаа бүрдүүлж хэрэг нээхээс татгалзах материалыг прокурорт хүргүүлсэн. Прокурорт хүргүүлсний маргааш шинжээчийн дүгнэлтийг тухайн үед хамт ажиллаж байсан хэсгийн мөрдөгчид хүлээлгэж өгсөн. Г.М- тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэж прокурорт хандаж “намайг материал шилжүүлэх үед шинжээчийн дүгнэлт гараагүй” байсан. Харин өнөөдөр шинжээчийн дүгнэлт гараад ирлээ, цаашид А-ын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэх талаар тодруулж мөрдөн шалгах байгууллага руу шилжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ талаарх ажиллагаа огт явуулаагүй, ял завшуулах нөхцөл байдлыг бий болгосон. Энэ үйлдлийн улмаас А-гийн биед хөнгөн гэмтэл учирсан, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ нөхцөл байдлын улмаас А- ял шийтгэл аваагүй зэрэг хор уршиг учирсан байдаг. Мөн шинжээчийн дүгнэлтийг устгасан гэж үзэж, анхан шатны шүүх дүгнэлтээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Г.М-г хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан болон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Г.М- нь:
2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороог хариуцаж буюу Г- ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бүртгэлийн 3-66 дугаартай гомдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа эрх бүхий байгууллагын “хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна” гэх шинжээчийн дүгнэлтийг зөрчлийн материалд хавсарган гэмт хэргийн шинжтэй үйлдлийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулахгүйгээр устгасан, улмаар
албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр буюу хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хүлээн авахаас татгалзах тогтоол үйлдэж зөрчлийн холбогдогчид ял завших боломжийг олгож давуу байдал бий болгосон болох нь:
- “...2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 90321444/РСРА06507612 дугаартай “Дуудлагын лавлагааны хуудас”-ны ...дуудлагын утга: Согтуу хүн агсам тавиад хутга бариад хөөгөөд байна..., Дуудлага өгсөн огноо: 2024.01.01 23:34:55, очсон огноо: 2024.01.01 23:54:29, буцсан огноо: 2024.01.02 01 шийдвэрлэлтийн төрөл: Гомдол, мэдээллийн бүртгэлд авсан, шийдвэрлэлтийн мэдээлэл: Цэц-112 Ахмад Г.Алтанбаяр, ахлах ахлагч Г.Дэмчиг нар очиж шалгасан, зөрчил гаргасан А- гэгчийг А-д эрүүлжүүлэв энгэрийн камераар 2 минут бичлэг хийж баталгаажуулсан.., шийдвэрлэсэн алба хаагч:Г.Алтанбаяр а/х БЗДЦГ ЦХ-2 Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг, эргүүлийн офицер...” гэсэн /1хх189/,
- Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10г/1З7З дугаартай албан бичгийн хавсралтын “овог, нэр: О-гийн А-” мэдээлэл: Зөрчилд холбогдон шалгагдсан: Түр саатуулагдсан. БЗД-ийн 7 хороо согтуу танхайрсан гэх, Түр саатуулах байранд орсон: 2024-01-02 00:59, Түр саатуулах байрнаас гарсан: 2024-01-02 10:00...” гэсэн /1хх-112-113/,
- гэрч Г.А-ын “...Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст эргүүлийн офицероор ажиллаж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 1-ээс 2-нд шилжих өдөр орой 20:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд ЦЭЦ-112 чиглэлийн авто эргүүлд ажилласан. Энэ хүн тухайн үед “Согтуу хун хутга бариад хөөгөөд байна” гэсэн дуудлагын дагуу эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх116-117/,
- гэрч Н.Б-ын “...Энэ өдөр 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө 08:00-20:00 цаг хүртэлх хугацаанд ээлжид ажилласан. Эрүүлжүүлэхэд орсон хүмүүсийг бид нар шийддэггүй юм. Өглөө ээлжид ажиллахаар гарсан бүрэлдэхүүнээс “Эрүүлжүүлэх төв” руу явж эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг авчирдаг юм. Энэ өдөр би жолоочийн хамтаар эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс машиндаа багтах хэмжээгээр суулгаж хэлтсийн байранд авч ирсэн. Эрүүлжүүлэх байрнаас хүлээж аваад хэлтсийн байранд ирээд авч ирсэн хүний тоогоор нь тэр өдөр жижүүрт гарч байгаа хэрэг бүртгэгч албан тушаалтай хүнд хүлээлгэж өгдөг юм. Энэ өдрийн томилгоог харахад жижүүрийн хэрэг бүртгэгч гэдэг томилгоо дээр Б- гэдэг байсан. Миний хувьд яг Б- байсан уу, хэн байсан уу гэдгийг нь санахгүй, ямар ч л байсан авч ирсэн хүмүүсээ тэр өдрийн жижүүрийн хэрэг бүртгэгчээр ажилласан хүнд нь өгсөн. Тэр хэрэг бүртгэгч нь материалтай хүн байсан тэр материалыг нь хариуцаж шалгах хүнд нь шилжүүлдэг... гэх мэдүүлэг /1хх120-121/,
- гэрч Д.Б-ийн “...Энэ өдөр зөрчлийн байцаагчаар 2024 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цаг хүртэл жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажилласан...Зөрчлийн байцаагчаар жижүүрт ажиллаж байгаа хэсгийн байцаагч эрүүлжүүлэх байрнаас ирж байгаа хүмүүсийг хүлээн аваад материалтай хүмүүсийг нь хариуцсан хэсгийн байцаагч болон мөрдөгч нарт нь хүлээлгэж өгөх, мөн 24 цагаар иргэдээс ирүүлсэн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч материалжуулж шийдвэрлэдэг. Материалгүй, зөвхөн эрүүлжүүлэгдсэн бол өөрөө шийдвэрлээд явуулдаг...” гэх мэдүүлэг /1хх-125-126/,
- Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 30дЗ-5/З244 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн... 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл”-ийн “...д/ч Г.М- шалга...”, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл:...Ш.А- 2024.01.01-ний шөнө 23 цагийн үед хүнд зодуулсан гэх...бүртгэлийн 3-66 дугаартай гомдлыг шалгах Г.М-.../1хх-188/ гэх баримт,
- 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Прокуророос зөвшөөрөл авах тухай” эрх бүхий албан тушаалтны саналын ...Г.М- би иргэн Ш- овогтой А- (Ш-)-с гаргасан “2024 оны 1 дүгээр сарын 1-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 байрны гадна хүнд зодуулсан гэх” 3-66 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд шалгах ажиллагаа явуулахад хохирогч Ш- овогтой А- (Ш-)-д гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагатай байх тул ...хүнд холбогдуулан шинжилгээ хийж, гэмтлийн зэрэг тогтоох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрөл авах саналыг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргаж байна. Санал гаргасан: Г.М-...” гэсэн /1хх192/,
- Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ариунжаргалын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 8 дугаартай “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай” прокурорын зөвшөөрөл олгох тухай”...Г.М- нь бүртгэлийн 3-66 дугаартай зөрчлийн талаарх мэдээлэлд иргэн Ш.А- (рд:Ш-)-д шинжилгээ хийлгэхээр гаргасан саналыг хүлээн авах үндэслэлтэй...” /1хх-193/,
- 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 99 дугаартай “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолын “...ТОГТООХ нь: Ш.А-гаас гаргасан 3-66 дугаартай зөрчлийн талаарх гомдол /мэдээлэл/-ийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсугай. Эрх бүхий албан тушаалтан:Цагдаагийн дэслэгч (гарын үсэг) Г.М-...” гэсэн /1хх196/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 4а/4З08 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1162 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...2024.01.01-нд зодуулсан гэх Ш.А-гийн биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон тухай” баримт /1хх-200-205/,
- Шинжээчийн 2024.01.09-ний өдрийн 1162 дугаартай дүгнэлтийг хүлээлгэж өгсөн бүртгэл“...огноо: 1/11, шинжилгээний дугаар:1162, Байгууллага, албан тушаал, нэр:БЗД, ЦХ2 д/ч Б- 31011...” гэсэн /1хх206-207/,
- гэрч Б.Б-ийн”...Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст 6 дугаар хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан. Манай хорооноос шүүх эмнэлэг ойрхон байдаг юм. Ер нь энэ дүгнэлтийг санаж байна, над руу М- яриад хаана байгаа юм бэ гэхэд нь шүүх эмнэлэг явж байна гэхэд миний нэг дүгнэлт байгаа хараад өгөөч ээ гэсэн. Би шүүх эмнэлэг руу очоод шүүгээд үзэхэд энэ А- гэж хүний дүгнэлт гарсан байсныг авсан. Авсан дүгнэлтээ тэр өдрийнхөө орой 18:00 цагт ажил дээрээ хэсгийн байцаагч нар цугларах үед М-д өгсөн, өгөхдөө хүлээлгэж өгсөн бүртгэл үйлдээгүй өгсөн. Хэсгийн байцаагч нар орой бүр 18:00 цагт ажил дээр цуглаж өдөрт хийсэн ажлаа танилцуулдаг байсан юм...” гэх мэдүүлэг /1хх210-211/,
- Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 176/1118 дугаартай Г.М-д холбогдуулан албаны шалгалт явуулсан тухай баримт ирүүлсэн албан бичиг, албаны шалгалт явуулсан тухай баримт материалын хавсралт /1хх127-183/,
- Албаны шалгалтын материалд авагдсан 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Ш.А-гаас авсан тайлбарын “яаж шийдвэрлэсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Манай хорооны хэсгийн байцаагч гээд эмэгтэй хүн дараа нь 10-аад хоногийн дараа яриад чамайг зодсон хүнийг 100,000 төгрөгөөр торгосон гэж ярьсан...” /1хх140-141/,
- Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Албаны шалгалтын дүнгийн тухай” танилцуулгын албаны шалгалт явууллаа. Дэслэгч Г.М- нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэлд хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй...М-гийн үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулж байна...” /1хх-172-175/,
- гэрч О.А-ын “...Баянзүрх дүүргийн Сансарын Баянцээл төвийн орчимд байдаг 5 давхар барилгын в1 давхарт зодоон хийсэн асуудлаар эрүүлжүүлэгдсэн. Эрүүлжүүлэх байрнаас цагдаагийн машинаар эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг биеэр авч яваад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр аваачсан. Очоод эхнээсээ байцаагч нартайгаа уулзаад, уулзаад явсан. Намайг хүлээж авах байцаагч нь ирээгүй гээд хүлээлгийн хэсэгт суулгаад байсан. Нөгөө байцаагч нь ирэхгүй, хүлээлгийн хэсэгт суулгаад байсан болохоор би гарч явсан...Түүнээс хойш хэд хоногийн дараа тухайн үед ажиллаж байсан зүүн 4 замын автобусны буудлын ар талд байдаг “Ш-” дэлгүүртээ ажиллаж байхад надад зодуулсан А- гэдэг эмэгтэй манай ажлын хойно байдаг хорооны хэсгийн байцаагч М- гэдэг цагдаагийн хамтаар орж ирсэн. Тэр цагдаа намайг гараад ир гэхэд нь түр чөлөө аваад ажлынхаа гадаа гараад уулзахад “А-гийн биед шинжээч томилсон, биед нь гэмтэл гарвал шалгаад явна” гэсэн. Би тэр цагдаад намайг ч бас зодсон, намайг бүлэглэж зодсон, одоо миний гэмтлийг хар гээд өөрт учирсан гэмтлүүдээ харуулсан чинь чи ч гэсэн гомдлоо гарга гэсэн. Тэр өдрөө би тэр цагдааг дагаад цагдаагийн хэсэг дээр очоод тэр цагдаад болсон асуудлыг ярьж өгсөн. Миний хэлж байгааг компьютер дээрээ бичээд байх шиг байсан, гэхдээ би гарын үсэг зурснаа санахгүй байна. Өргөдөл цаасаар бичиж өгөөгүй, гомдолтой гэдгээ хэлж байсан...Намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс яагаад явсан юм бэ гэхэд нь би гэр онгорхой үлдсэн учраас явсан гэдгээ хэлсэн...А- шүүх эмнэлгээрээ явна гээд явсан. Хэд хоногийн дараа тэр цагдаагийн байр руу очиж уулзахад М- байцаагч “А- шүүх эмнэлгээр яваад биед нь хөнгөн гэмтэл гарсан” гэж хэлсэн. Тэгээд та хоёр хоорондоо тохиролц, харилцан зодоон гээд та хоёрын өргөдлийг буцааж болох байх гэсэн. А- бас харилцан зодоон гээд өргөдлөө буцаахаар болсон. Түүнээс хойш байцаагч намайг дуудаж уулзаагүй, би өргөдөл буцаасан гэж ойлгосон...Надад шийтгэл оногдуулна гэж хэлээгүй...Тэр байцаагч миний ажил, утасны дугаар, хэн гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-214-215/,
- Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 56/5555 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.М-гийн ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, ...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/1646 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын 4 дүгээр хавсралтын 100.Г-ийн М-...газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч...” гэсэн /1хх243-250, 2хх1-11/,
- шүүгдэгч Г.М-гийн“...Ш.А-гийн биед гэмтлийн зэрэг тогтоолгох зорилгоор шинжээч томилсон...тухайн үедээ хохирогчийн мэдүүлэг дээрх утас руу нэлээд хэд залгасан. Тухайн үедээ үзүүлээгүй гэж үзээд татгалзаж хаасан. Манай өрөөнд ганцаараа ирж уулзаж байсан, гомдол хаасны дараа А-ыг “Миний дэлгүүр”-ээс авчирч уулзаж байсан....Яагаад зөрчлийн хэрэг нээгээгүйг өөрөө гайхаад байна. Дүгнэлтийг Б-ээс авсан эсэхээ санахгүй, одоо надад эх хувиар байхгүй. Хэрвээ авсан бол ахлах, даргадаа танилцуулах ёстой. Өөрийн баримтуудыг үзэхэд байхгүй байсан...А-тай 3-4 удаа уулзсан. Нөгөө гомдол нь юу болсон бол гэж ажлаа тараад ирж уулздаг байсан. Материалаа татгалзсаны дараа тэр хоёр ирээд А- гомдолтой гэж байсан. А-тай уулзах үедээ мэдүүлэг аваагүй, өргөдлийг нь цаасаар аваагүй. Би материалаа татгалзсан байсан учраас А- гомдол гаргаад хэрэг нээгдээд ирвэл А-аас мэдүүлэг авъя гэж байсан...” /2хх-64-66/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Г.М-гийн үйлдсэн “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, түүнчлэн хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан” гэмт хэргийн шинжүүд тус тус хангагдсан байх бөгөөд тэдгээрийг үгүйсгэн няцаах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн тус гэмт хэргийн шинжийн талаар тухайн хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд дараах байдлаар тодотгож байна.
а. Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу нийтийн албаны эсрэг, нийтийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэг нь нийтийн эрх ашиг, шударга ёс, хууль тогтоомжийн хэрэгжилтэд ноцтой зөрчил, гажуудал, хор уршиг учруулдаг учраас тийнхүү Эрүүгийн хуулиар тусгайлан заасан гэмт хэрэгт тооцогддог.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч Г.М- Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороог хариуцаж ажиллаж байсан байх ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарна.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан акт, ажил байдлын нарийвчилсан журам зэрэгт заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нийтлэг ба тусгайлсан эрх, үүргийг тодорхойлсноос гадна хууль тогтоомж зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т : "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг...ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүнд...буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг; мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт тусгайлан хуульчилсан “Тайлбар”-т : “албан тушаалын байдал”, “урвуулан ашиглах” гэдгийг хэрхэн ойлгохыг тус тус тодорхой тайлбарласан.
Тодруулбал, шүүгдэгч Г.М- нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар буюу нийтийн албан тушаалтан, хууль сахиулагчаар ажиллаж байхдаа:
- 2024.01.02-ны шөнө бусдад зодуулсан гэх иргэнээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах явцдаа хохирогч Ш.А-гийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоолгох тухай зөвшөөрлийг прокуророос авах саналыг 2024.01.03-ны өдөр гаргасан /1хх-24/, тус саналыг нь прокурор хүлээн авч, хүнд шинжилгээ хийлгэх тухай зөвшөөрлийг 2024.01.03-ны өдөр олгосон /1хх-18/ болохыг Г.М- нь албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд ухамсарлаж, мэдэж байсан атлаа хохирогч Ш.А-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан талаарх шинжээчийн 2024.01.09-ний өдөр гаргасан 1162 дугаартай дүгнэлтийг үл харгалзаж буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024.01.10-ны өдөр “Ш.А-гийн гаргасан 3-66 дугаартай зөрчлийн талаарх гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасан үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан, улмаар шинжээчийн 2024.01.09-ний өдрийн 1162 дугаартай дүгнэлтийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн зохих алба, хэсэгт ирүүлснийг 2024.01.11-ны өдөр хүлээн авсан атлаа устгасан болох нь тухайн эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байх тул түүнд холбогдох нийлмэл гэмт хэргийг цагаатгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй гэж үзнэ.
б. Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт түүний гэм буруугийн талаар эргэлзээ төрүүлэхүйц буюу гэмт үйлдлээ ухамсаргүйгээр, хайнга болгоомжгүй хандсан гэх үндэслэл, үйл баримт илрээгүй.
Учир нь, шүүгдэгч Г.М- нь 2024.01.02-ны шөнө бусдад зодуулсан гэх иргэнээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах явцдаа хохирогч Ш.А-гийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоолгох тухай саналыг 2024.01.03-ны өдөр гаргасан, мөн прокурор тухайн саналыг нь хүлээн авч, зөвшөөрлийг 2024.01.03-ны өдөр олгосон болохыг Г.М- нь албаны чиг үүргийн хүрээнд ухамсарлаж, мэдсэн байх төдийгүй тусгай мэдлэгийн асуудлаарх шинжээчийн дүгнэлт заавал гаргуулж, түүнийг хүлээн авч, хянан шалгасны эцэст тус зөрчилд холбогдогчийн үйлдэл нь зөрчлийн эсхүл гэмт хэргийн шинжтэй эсэх талаар хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй атлаа тус үүргээ ноцтойгоор зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр “Ш.А-гийн гаргасан 3-66 дугаартай зөрчлийн талаарх гомдлыг хүлээж авахаас татгалзах” тухай хууль бус шийдвэр гаргасан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтийг устгасан болох нь тус тус нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.
в. Шинжээчийн 2024.01.09-ний өдрийн 1162 дугаартай дүгнэлтийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2024.01.11-ний өдөр хүлээлгэж өгсөн“ баримттай, мөн гэрч Б.Б- нь тус дүгнэлтийг хариуцан хүлээн авах этгээд болох М-д даруй хүлээлгэж өгсөн болохоо мэдүүлсэн байх тул үгүйсгэх боломжгүй.
Гэвч Г.М- хариуцан шалгаж байсан тухайн гомдол, зөрчлийн хэргийн материалд заавал байвал зохих дээрх шинжээчийн 2024.01.09-ний өдрийн 1162 дугаартай дүгнэлт огт байхгүй буюу алга болсон байх тул “устгасан” гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тус хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүгдэгчээс өөр бусад этгээд устгасан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байна.
Харин Шүүхийн шинжилгээний газарт хууль тогтоомжийн дагуу хадгалагдаж байсан шинжээчийн дүгнэлтийг хуулбарлан авсан байх нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэх шүүгдэгчид холбогдох үйлдлийг цагаатгах үндэслэл болохгүй юм.
г. Шүүгдэгчийн үйлдсэн дээрх нийлмэл гэмт хэргийн улмаас эрүүгийн хэрэгт холбогдсон О.А-т ял завших боломж бүрдсэн буюу давуу байдал бий болгосон нь нотлогдсон байх тул шүүгдэгч өөрт давуу байдал бий болгосон эсэх буюу цаад сэдэлт, зорилго юу байсан эсэх нь түүнд холбогдох гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
д. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан буюу түүний эрх зөрчигдөөгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэхдээ дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэлт хийсэн, энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх прокурорын санал, дүгнэлтийг тус тус үгүйсгэх боломжгүй гэж үзэв.
3. Дээр дурдсан үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Г.М-гийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлэх, түүнд ашигтайгаар шийдвэрлэж өгөх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид “зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож” гэсэн нь ойлгомжгүй, энэ талаар хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан:
- гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох,
- шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг зорчих эрхийг хязгаарлах ялын тус бүр өөр утга агуулга, биелэгдэх тусгай нөхцөл, журам бүхий бие даасан хэлбэрийг зохих үндэслэл, уялдаа хамааралгүйгээр буюу холимог байдлаар бичсэн нь тус ялыг биелүүлэхэд ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсгэхээс гадна ялын зорилго, хэрэгжилтэд нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг зөвтгөн өөрчилсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2140 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг ”эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох”-оор тогтоож, тус ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-гийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР