Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01542

 

 

 

 

 

П.Анэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01244 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Ахариуцагч НТ ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 63 632 633 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: П.А миний бие гэр бүлийн хүн Р.Гнар Гэмтэл согог судлалын төвийн их эмч бөгөөд 2017 оны 07 сарын 01-ний өглөө ажлынхантайгаа ...сум руу явсан. 2017 оны 07 сарын 02-ны өдөр буцаад явж байхад эгц урдаас ...УБЕ улсын дугаартай НТ ХХК-ийн бага оврын жуулчны автобус ...сумын 1 дүгээр багийн нутаг, Тээг толгой гэх газарт урсгал сөрөн орж мөргөж гэмтээсэн. П.А би тахир дутуу болж гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон. Авто ослын улмаас толгой хүчтэй өвдөх, баруун шилбэ ил бяцарч, дээд 3/1 - ээр үе дайрсан хүнд хэлбэрийн ил хугаралтай, тархины хүнд доргилттой, баруун талын эгэмний яс хугарсан, 2 талдаа тус бүр 6-7 хавирга хугаралтай, зүүн талын хавирга хоёрлосон хугаралтай, өвчүү 3 хэсэг хугарсан, баруун дунд чөмөг үе дайрсан хугарал, мултралтай, зүүн талын ухархайн хана хугаралтай, хамар хугарч мурийсан, уушги зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн талын уушги илүү их зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн хөл зөөлөн эдийн гэмтлийн улмаас тавхай унжиж тавхай татагдахгүй гишгэж чадахгүй гэмтлийг авсан. Мөн амь насны заалтаар трахейстомия гуурс тавиулснаар цагаан мөгөөрсөн хоолойн сорвижилт үүсч, хүзүүний гадна хэсэгт сорви татанхай үүссэн. Бүх л хугарлуудын хэсэгт мэс заслын сорви үүсч гоо сайхнаа алдсан. Нийт 7-8 удаа мэс засал эмчилгээ хийлгэсэн. 3 сарын дараа хөлний үе дайрсан шарх нь үрэвсэж, дахин хөлийн шилбэний мэс засалд орсон. Гэмтлийн дараа Толгой их өвдөнө, дотор муухай оргино, бөөлжис цутгана, хоол ундандаа дургуй, цээжээр өвдөнө, баруун эгэм, мөр орчим өвдөлт ихтэй, өөрөө гараараа тулж босч чадахгүй, өвчүү өвдөлт ихтэй, хоолойн шарх татагдана, хоол унд тээглэж орно, хоолой өвдөлт ихтэй, баруун түнх, баруун өвдөгөөр өвдөнө, хөдөлгөөн хязгаарлагдсан, хөл дээрээ бүрэн гүйцэд гишгэж чадахгүй, зүүн тавхайгаа татаж чадахгүй, биеэ даах чадваргүй, орноосоо босож 00-д орж чадахгүй, хүний асрамжид 5-6 сар болсон. Гэмтлийн дараа ханиалгах үед өвчүү цээжээр нь маш их өвдөлттэй баруун эгэм мөрөөр өвдөнө, хамрын хугарлаас болж хамар байнга битүү, маш их хүчтэй эм тариа хэрэглэсний улмаас халдвар харшил сэдэрч зовуур ихтэй байгаа. Өвдөг түнхний хагалгаа хийлгэсэн хэсгээр сууж босоход хэцүү болсон, өвдөлт ихтэй, өвчин зовлондоо шаналж байна. 20 хоног ухаангүй байж 40 хоног эмнэлэгт хэвтэн амь нас минь аврагдсан. Тухайн үед хариуцагч байгууллагын зүгээс болон Ж.Бгэх жолооч биеийн байдлыг асууж эргэх нь битгий хэл, санаа тавьж асуугаагүйд маш их гомдолтой байдаг. Одоогийн байдлаар өвдөг, түнхний СТ болон МР1 шинжилгээнд өөрчлөлт ихтэй гарсан. Ялангуяа өвдөгний үе дайрсан хугарлын төвшинд үрэвсэл ихтэй яаралтай мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс хөлтөйгөө үлдэхийн тулд яаралтай цусны шинжилгээнүүд өгч мэс засал эмчилгээг хугацаа алдалгүй хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээгээ цаг алдалгүй үзүүлэхийн тулд болон өөрийн эд эрхтэнийг дахин сэргэхгүй хэвийн байдалдаа орохгүйч гэлээ хамгийн сайн эмчилгээ, үйлчилгээтэй болон өртөг зардал бага гадаад орныг сонгон гадагшаа эмчилгээнд 2 удаа буюу Тайвань улсад очиж мэс засал эмчилгээ хийлгэсэн. Анхны мэс заслын эмчилгээний зардлыг Нью-Жуулчин турс ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр мэс заслын төлбөрийг төлүүлэн зөрүүг авч тохиролцсон. 2 дахь эмчилгээний зардлыг хуулийн дагуу хандахыг хүссэн учраас шүүхэд хандсан. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ГССҮТөвийн яаралтай мэс заслаар мэс засал эмчилгээ хийлгэн 14-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Баруун талын хөлийн өвдөгний үе дайрсан хугарлын хэсэгт үрэвсэл явагдсан /идээлсэн/ тул яаралтай мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоо биеийн байдал хүндэвтэр хагалгааны дараах байдалтай гэртээ байна. Хариуцагч Нью Жуулчин турс ХХК-аас мэс засал, хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 570 393 NТ, Орон байрны төлбөр 15 000 NТ, унаа үйлчилгээний төлбөр 10 000 NТ, байрны түрээс 5 000 NT, Орчуулагчийн төлбөр 10 000 NТ, Амбулаторийн үзлэг 2 870 NT, Хоолны зардал 7 015 NТ, нийт 620 278NТ*84 49 NТ монгол мөнгөөр 52 207 289 төгрөг, орчуулга 180 000 төгрөг, шүүх хурлын зардал /Булган аймаг явсан/ 349 710 төгрөг, эм тарианы төлбөр 111 300 төгрөг, онгоцны тасалбарын зардал 8 353 600 төгрөг, ор хоногийн төлбөр 27 730 төгрөг, Тайвань улсад хийгдсэн мэс засал эмчилгээ, хоолны зардал болон Монгол улсад хийгдсэн эм тариа бусад зардал нийт 61 429 629 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БНСУ-ын Чунчон эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэх, мэс засал эмчилгээний асуудал шийдвэрлүүлэхээр зорчсон 2 хүний ирэх очих тийзний төлбөр 1 822 200 төгрөг, шархнаас бактериологи шинжилгээ авсан төлбөр 68 620 төгрөг, олон улсын зүслэгтэй X РАҮ буюу баруун шилбэний рентген зураг шинжилгээ хийлгэсэн төлбөр 221 606 төгрөг, нийт 2 203 004 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 63 632 633 төгрөгийг хариуцагч Н ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжпэлд дурдсан байр, хоол, орчуулагч, тийз тээврийн үйлчилгээ, эмчилгээний зардал болох 61 429 629 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани өмнө нь иргэн П.Агаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхээс тогтоосон төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлсөн. Мөн П.Ахүсэлтийн дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр эмчилгээний зардалд 34 304 430 төгрөгийг нэмж төлсөн. Одоогийн нэхэмжилж байгаа төлбөрөөс орчуулгын 180 000 төгрөг, шүүх хурлын зардал 349 710 төгрөг, эм тарианы 111 300 төгрөг, ор хоногийн төлбөр 27 730 төгрөг, тийзний зардал 4 176 800 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Тайван болон Солонгос улсад хийлгэсэн эмчилгээ, шинжилгээний зардлыг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

   Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НТ ХХК-аас 55 572 745 /тавин таван сая таван зуун далан хоёр мянга долоон зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч П.Ад олгож, нэхэмжпэлээс 8 059 888 төгрөгийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч П.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч НТ ХХК-аас 435 813 /дөрвөн зуун гучин таван мянга найман зуун арван гурван/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулжээ.

 

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эмчилгээний баримтуудын орчуулга хуулийн шаардлага хангаагүй, өмнөх эмчлэгдсэн гэх байгууллагаас нотлох баримтын тайлан гаргаж өгөөгүй. Эмчилгээний баримтуудад төлбөр төлсөн баримтууд огт байдаггүй. Нэхэмжилсэн баримтуудад Монгол банкнаас ханшийн мэдээг албан ёсоор аваагүй нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлох боломжгүй байхад шүүх гэм хорын хохирол гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хоёрдах эмчилгээ хийлгэсэн талаар компанип мэдэгдээгүй, хариуцагч нь төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч П.А нь хариуцагч НТ ХХК-д холбогдуулан мэс засал, эмчилгээний төлбөр, орон байр, унаа, байрны түрээс, орчуулагчийн төлбөр, амбулторийн үзлэг, хоолны зардал, шүүх хурлын зардал, эм тарианы төлбөр, онгоцны тасалбар, шинжилгээний төлбөрт нийт 63 632 633 төгрөг нэхэмжилснээс хариуцагч орчуулгын хөлс 180 000 төгрөг, шүүх хурлын зардал 349 710 төгрөг, эм тарианы төлбөр 111 300 төгрөг, ор хоногийн төлбөр 27 730 төгрөг, онгоцны зардал 4 176 800 төгрөгийг зөвшөөрч, 61 429 629 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Нью жуулчин турс ХХК-ийн жолооч Ж.Бнь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд ...сумын 1 дүгээр багийн нутаг Тэх толгой гэх газарт тус компанийн эзэмшлийн ...УБЕ улсын дугаартай Ниссан Сивиллиан маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг зөрчсөний улмаас иргэн П.Ажолоодож явсан ...УНБ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг мөргөж, тээврийн хэрэгсэлд 11 195 400 төгрөгийн хохирол, жолооч П.А, зорчигч .................. нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл, зорчигч ............. эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, мөн өөрийн жолоодож явсан автобусанд зорчиж явсан зорчигч АНУ-ын иргэн ........... эрүүл мэндэд хүндэвтэр, ................... нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учруулсан байна. Түүний уг үйлдлийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай тэнссэн болох нь хэрэгт авагдсан Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлал, зохигчдын тайбар зэргээр тогтоогджээ. /1хх67-71/

 

Шүүхийн тогтоол, зохигчийн тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчид БНСУ-аас эмч авчирч хагалгаа хийлгэсэн зардалд 4 500 000 вон, эмчилгээнд 34 340 430 төгрөг өгсөн нь байна. /1хх, 39-41, 70/

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад бодитой дүгнэлт хийж чадаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2 үе шаттай эмчилгээ хийлгэсэн, 2018 оны 11 дүгээр сард Тайван улс руу 1 дүгээр үе шатны эмчилгээ хийлгэхээр явахдаа хариуцагчийн өгсөн 34 340 430 төгрөгийг зарцуулсан, 2019 оны 06 дугаар сард дахин Тайван улсад 2 дугаар үе шатны эмчилгээ хийлгэхэд 52 207 289 төгрөг зарцуулсан гэж тайлбарладаг. Гэтэл 34 340 430 төгрөгийг нэхэмжлэгч ямар хугацаанд хаана хийлгэсэн эмчилгээнд, хэрхэн зарцуулсан талаар баримт хэрэгт байхгүй, уг мөнгө нь нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох эсэх нь тодорхойгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч 2 дугаар шатны эмчилгээ хийлгэсэн талаар компанид мэдэгдээгүй, ямар хэмжээний зардал гарсан талаар танилцуулаагүй, эмчилгээний төлбөр төлсөн баримтыг ирүүлээгүй, 34 340 430 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулна гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

 

Тодруулбал, хариуцагчаас төлөгдсөн 4 500 000 вон хэзээ, ямар эмчилгээнд зарцуулагдсан, 34 340 430 төгрөгөөр хаана ямар эмчилгээ хийсэн, /зарцуулалтыг нотлох баримтын хамт/, 2-р үе шатны эмчилгээ зайлшгүй хийгдэх шаардлагатай эсэх, 63 632 633 төгрөгийг ямар эмчилгээнд хэрхэн зарцуулсан болон дээрх хариуцагчийн өгсөн мөнгийг харилцан тооцож хасах эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

 

Мөн хэргийн 99-101 дугаар талд 2-р үе шатны эмчилгээ хийлгэсэн БНСУ дахь эмнэлгийн байгууллагуудын нэр зөрүүтэй, хэргийн 23-25 дугаар талд гадаад хэл дээр баримт авагдсан байсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн учруулсан гэм хорын хэмжээг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01244 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 813 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

 

А.МӨНХЗУЛ