Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1380

 

 2025             12           04                                                                      2025/ДШМ/1380

 

Б.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Б.Н-,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2308 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2403009430368 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

О- овгийн Б-ын Л-, ........., ял шийтгэлгүй, /РД:Б-/;

Шүүгдэгч Б.Л- нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 19-н үйлчилгээний төв замд “Toyota prius” 30 маркийн .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаан) сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Б.Л-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-гээс 8.580.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Н-т олгож, хохирогч нь эмчилгээ хийлгэсэн зардал, цаашид хийлгэх эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлс, орлогоо нотолсон нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Л-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Л- давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг өөрчилж өгнө үү. Учир нь би жирэмсэн, цусны өвчтэй учир Хан-Уул дүүргээс гадна олон эмнэлгийн хяналтад байдаг зэргийг маань харгалзаж үзнэ үү.” гэжээ.

Хохирогч Б.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Л-гээс хохирол төлбөрийг гаргуулах хүсэлттэй байна. Хэрэг учрал болсноос хойш 1 жилийн хугацаа хөнгөрч байна. Би 3 хүүхдийн хамт, түрээсийн байранд амьдардаг. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг барагдуулах талаар тодорхой зүйлийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй учраас энэ талаарх асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Л-д холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.            

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.    

Тодруулбал, шүүгдэгч Б.Л- нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 19-н үйлчилгээний төв замд “Toyota prius” 30 маркийн .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь : 

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх31/,

- 3ам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх81/,

- хохирогч Б.Н-ын: “...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн үед 19 үйлчилгээний төвийн хойд талын замд явган хүний гарцаар зам хөндлөн гараад явж байхад биеийн ар талаас түс хийгээд дуугараад би газар ухаан алдаад унасан....Ослоос шалтгаалж миний нуруу хугарсан, ахар сүүл мултарсан, баруун тальн гарын хуруунууд тулсан....” тухай мэдүүлэг /хх-161/,

- шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14768 тоот дүгнэлт “...Б.Н-ын ууцны дөрөвдүгээр нугалмын их биеийн хугарал, ахар сүүлний мултрал, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /хх-35-36/,

- авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 40961156 дугаартай дүгнэлт”... тухайн автомашины баруун, зүүн гар талын оврын гэрэл асахгүй...стандартын шаардлага хангахгүй...” /xx-41-47/,  

- шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 52-62/172 дугаар дүгнэлт: “...Toyota Prius маркийн .... УНА улсын дугаартай автомашины жолооч Б.Л- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Н-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хх-125-129/,

- шүүгдэгч Б.Л-гийн өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг 40 минутын үед хадам ах Д-ийн эзэмшлийн Тоёота приүс маркийн .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож 19 дүгээр төвийн үйлчилгээний төвийн урд талын замаар явж байхад урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцын наад талаар эмэгтэй хүн зам гараад явж байсан бөгөөд зам гарсан байх гэж бодоод урагшаа явахад машины зүүн талын баганы харалдаа харагдахгүйгээр машины зүүн урд хэсгээрээ тухайн эмэгтэйн баруун талын хөлийг мөргөж унагаасан...Гэрлэн дохиогүй, зохицуулдаггүй зам байсан. Би цаад талаас зам гарч байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-17, 109/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.  

Шүүгдэгч Б.Л- “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”  гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул түүний үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ. 

Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан буюу тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 13 дугаар зүйлд зааснаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэгдсэн журмаар тусгайлан зохицуулсан хэм хэмжээний акт” бөгөөд тус шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн болох нь тийнхүү тогтоогдсон, тус тусгай мэдлэг шаардсан асуудлын хүрээнд эргэлзээ, маргаан бүхий байдал үүсээгүй байна.  

Тодруулбал, шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь  хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.    

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь: Шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх, үгүйсгэх боломжгүй гэж үзнэ.      

Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өөр дүүрэгт оршин суух, улмаар эрүүл мэндийн хамгаалуулахаар эмнэлэгт үзүүлэх зэрэг тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөл, хяналтын хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.  

4. Анхан шатны шүүх нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дүгнэлт хийж, нэг мөр хянан шийдвэрлэснийг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч нь анхан шатны шүүхээс төлүүлэхээр тогтоосон мөнгөн дүн бүхий хохирлыг хохирогчид төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг үл биелүүлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  журмаар албадан гүйцэтгүүлэх учраас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ”хохирогчийн хүсэлт”-ийн дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй болно. 

5. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд: Шийтгэх тогтоолын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2308 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТСАЙХАН

                          ШҮҮГЧ                                                        Л.ОДОНЧИМЭГ

                          ШҮҮГЧ                                                          Г.ГАНБААТАР