Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 405

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

хохирогч Г.П-,

шүүгдэгч Х.Д- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш-  Ш- овогт Х-ын Д-д холбогдох эрүүгийн 1810014300467 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн гедро механикийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар баг Их боригдой гэх газар бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын 725-8 түр тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш-  Ш- овогт Х-ын Д- /РД: ………./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Х.Д- нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын сагсны талбай орчимд хохирогч Г.П-гийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Х.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.П- шүүхийн хэлэлцүүлэгт “… Би 2018 оны 06 дугаар сарын 08-ны орой 21-22 цагийн үед найзыгаа хүргэж өгөх гээд явж байтал 2-3 залуучууд “721 дүгээр байр хаана байдаг вэ” гэхээр нь “мэдэхгүй” гэхэд “чи яахаараа мэддэггүй юм бэ” гээд манай найзыг жийсэн. Тэгснээ үгийн зөрүүгүй намайг цохиод зугтаачихсан. Би Х.Д-г барьж авах гэхэд намайг түлхээд зугтсан. Одоо би хамраа янзлуулмаар байна. Би хэрэг болсноос хойш хамараа янзлуулах гээд эмнэлэгт очиход “7-10 хоногийн дотор янзлуулах ёстой, чи оройтсон байна. 6 сараас 1 жилийн дотор хагалгаа хийлгэнэ” гэсэн гэв.

Хохирогч Г.П-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би 2018 оны 06 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед найз Очироотой хамт Буянт-Ухаа 1 хороолол дунд харих гээд явж байтал нэг танихгүй залуу “Нисэхийн байр хаана вэ” гэхээр нь “мэдэхгүй” гэхэд “721 дүгээр байр аль нь вэ” гэхээр нь “мэдэхгүй” гэхэд “чи яагаад мэддэггүй юм” гэсэн. Гэтэл араас нь 7-8 залуу ирээд манай найз Очироогийн гэдэс рүү нэг удаа жийхэд нь Очироо тэр залууг цохичихоод зугтаасан. Тэр үед нэг залуу миний хамар хэсэг рүү гараараа цохиод, дараа нь хамар хэсэг рүү толгойгоороо мөргөчихөөд зугтаагаад явсан. Миний хамраас цус гараад нэгийг нь барьж үлдэх гээд чадаагүй. Миний өвдөг шалбарсан, хамар хугарч цөмөрсөн. Би “Төгс ялгуун” эмнэлэгт үзүүлэхэд “6 сарын дараа хамар тэгшлэх мэс засалд орох шаардлагатай” гэсэн. Энэ хагалгааны зардал нь 1.272.500 төгрөг болно гэсэн тул энэ мөнгийг нэхэмжилж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “… Би 2018 оны 06 дугаар сарын 0ө8-ны орой 19 цагийн үед найзуудтайгаа хамт Буянт-Ухаа 1 хорооллын сагсны шийд дээр сагс тоглож байхад бөмбөгний эзэн нь бөмбөгөө аваад явахаар нь бид нар гэртээ орох гээд явж байтал 2 танихгүй хүнтэй таарсан. Би тэр хоёр хүнээс “721 дүгээр байранд байдаг юм уу” гэхэд нэг нь “би яаж мэддэг юм” гэхээр нь “юм асууж байхад яасан сүртэй юм” гэхэд хамт явж байсан залуу нь намайг 1 удаа цохиод зугтаасан. Д- Пүрэвхүүгийн нүүр рүү нэг удаа гараараа цохиод, нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Гэрч Г.И-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай найзууд намайг “Нисэхэд хүрээд ир” гээд дуудаад байхаар нь орой 19 цагийн үед Нисэхэд ирээд найзуудтайгаа уулзсан. Бид нар Буянт-Ухаа 1 хорооллын сагсны талбай дээр сагс тоглож байгаад гэр рүүгээ орох гээд явж байхад Соронзонбаатар, Хүрэлбаатар хоёр замдаа 2 хүнтэй маргалдаад байсан. Би араас нь очиход нэг танихгүй хүн Хүрэлбаатарыг цохиход нь би тэр хүнийг нэг удаа өшиглөсөн чинь зугтаад явсан. Тэгээд Д- Пүрэвхүүг нэг удаа цохиход хамарнаас нь цус гарахаар Д-г салгаад аваад явсан. … Д- Пүрэвхүүгийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон, хөлөөрөө хавирч газар унагаасан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №7399 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.П-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, дагзны хуйханд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөгдөх хүчний үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 26-р хуудас/,

            Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24-р хуудас/,

Шүүгдэгч Х.Д-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/

Яллагдагчаар Х.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: … 2018 оны 06 дугаар сарын 08-ны орой найз Хүрэлбаатар, Идэр нартай хамт Буянт-Ухаа 1 хорооллын сагсны шийд дээр тоглож байгаад гэр рүүгээ явж байхад Идэр, Хүрэлбаатар хоёр урд түрүүлээд явж байсан. Хүрэлбаатар 2 залуутай маргалдаад зогсож байхаар нь намайг очиход нэг залуу нь Хүрэлбаатарын нүүр хэсэг рүү цохичихоод зугтахаар би үлдсэн залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод, хөлөөрөө хавирч унагаасан…гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

            Хохирогчийн өргөдөл /хх-ийн 6-р хуудас/, Төгс ялгуун эмнэлгийн баримт /хх-ийн 44-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/, Х.Д- урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуульд гидромеханик инженер мэргэжлээр 3 дугаар дамжаанд суралцдаг гэх тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

            Шүүгдэгч Х.Д- нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын сагсны талбай орчимд хохирогч Г.П-гийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.П-гийн “ … нэг танихгүй залуу “Нисэхийн байр хаана вэ” гэхээр нь “мэдэхгүй” гэхэд “721 дүгээр байр аль нь вэ” гэхээр нь “мэдэхгүй” гэхэд “чи яагаад мэддэггүй юм” гэсэн. Гэтэл араас нь 7-8 залуу ирээд манай найз Очироогийн гэдэс рүү нэг удаа жийхэд нь Очироо тэр залууг цохичихоод зугтаасан. Тэр үед нэг залуу миний хамар хэсэг рүү гараараа цохиод, дараа нь хамар хэсэг рүү толгойгоороо мөргөчихөөд зугтаагаад явсан. Миний хамраас цус гараад нэгийг нь барьж үлдэх гээд чадаагүй. Миний өвдөг шалбарсан, хамар хугарч цөмөрсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

 

Гэрч Б.Х-ын “… Бид нар гэртээ орох гээд явж байтал 2 танихгүй хүнтэй таарсан. Би тэр хоёр хүнээс “721 дүгээр байранд байдаг юм уу” гэхэд нэг нь “би яаж мэддэг юм” гэхээр нь “юм асууж байхад яасан сүртэй юм” гэхэд хамт явж байсан залуу нь намайг 1 удаа цохиод зугтаасан.  Д- Пүрэвхүүгийн нүүр рүү нэг удаа гараараа цохиод, нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Гэрч Г.И-ийн “… Би араас нь очиход нэг танихгүй хүн Хүрэлбаатарыг цохиход нь би тэр хүнийг нэг удаа өшиглөсөн чинь зугтаад явсан. Тэгээд Д- Пүрэвхүүг нэг удаа цохиход хамарнаас нь цус гарахаар нь Д-г салгаад аваад явсан. … Д- Пүрэвхүүгийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон, хөлөөрөө хавирч газар унагаасан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №7399 дугаартай дүгнэлтэнд: Г.П-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, дагзны хуйханд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөгдөх хүчний үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Х.Д- нь хохирогч Г.П-гийн хамарт цохиж хөнгөн хохирол учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн хэргийн үйл баримт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч Х.Д-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 Шүүгдэгч Х.Д- нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй гардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заажээ.

Хохирогч Г.П- нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтлээ эмчлүүлэхээр “Төгс ялгуун” эмнэлэгт хагалгаа хийлгэхэд 1.272.500 төгрөгийн зардал гарах баримт /хх-ийн 44-р хуудас/ ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Х.Д-гаас 1.272.500 /нэг сая хоёр зуун далан хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Г.П-д олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Х.Д- нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутай болох нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Х.Д- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Улсын яллагчаас шүүгдэгч Х.Д-д 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Х.Д- нь торгох ял оногдуулж өгнө үү гэж өөрийгөө өмгөөлж санал гаргав.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн гедро механикийн 3 дугаар курсын оюутан бөгөөд хөдөлмөр эрхэлдэггүй орлого олох боломжгүй хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

      

           Шүүгдэгч Х.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Ш-  Ш- овогт Х-ын Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Д-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар шүүгдэгч Х.Д-гаас 1.272.500 /нэг сая хоёр зуун далан хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Г.П-д олгосугай.

 

5. Шүүгдэгч Х.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

     

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР