Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1382

 

2025             12           04                                                                       2025/ДШМ/1382

 

П.Б-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

хохирогч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Ану,

шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2192 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Т-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн П.Б- холбогдох 2503003820783 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш- овгийн П-гийн Б-, ....., ял шийтгэлгүй, /РД:П-/;

Шүүгдэгч П.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар сургуулиас хойш өгсөх зам “Toyota harrier” маркийн .... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах ..., тусгаарлах зурвас, ...замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, тайлбай, ....”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар зорчин явсан, явган зорчигч Б.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Б-өд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1,3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч П.Б-өөс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 10,288,080 төгрөг, эмчилгээний зардалд 1,964,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 347,000 төгрөг төлсөн, илүү төлсөн 4,711,920 төгрөг болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс “шүүгдэгчийн хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж хор уршгийг арилгасан, цаашид хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын зардал нэхэмжилбэл нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тухайн зүйл хэсэгт  заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх үндэслэл бүрдсэн гэж шүүх үзэв." гэж шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй алдаатай дүгнэлт болсон гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Учир нь шүүгдэгч П.Б- нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бөгөөд надад тусламж үзүүлсэн эгч жолооч зугтаагаад одоо ирж байна гэсэн ба зугтаагаад араас 2 залуу явж олж ирлээ гэж хэлсэн ба түргэн тусламж ирээд намайг авч яваад хөдлөх гэж байх үед осол болсон газар шүүгдэгч ирж байсан тул анхан шатны тусламж үзүүлээгүй, надтай уулзах үедээ гэмт үйлдэл үйлдсэндээ гэмшиж буйгаа илэрхийлж уучлалт гуйгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед надтай 3 удаа уулзсан ба тухайн үедээ тохиролцъё гэх байдлаар мөнгө эд хөрөнгө амлах, шүүх эмнэлэгт битгий үзүүл гэж зөвлөн зүй бусаар нөлөөлөх гэж оролдсон ба гэрчээр болон яллагдагчаар татаж мэдүүлэг авах үед мөрдөгч нарт мэдүүлэг огт өгөөгүй зэрэг үйлдэл хандлагаас нь үзвэл түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж гэмшиж буй нөхцөл байдал огтхон ч тогтоогдохгүй байгаа болно.

Мөн түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоохоор Цагдаагийн ерхний газрын Хүний нөөцийн хэлтсээс П.Б-ийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зэрэг мэдээллүүдийг авч хавтаст хэрэгт тусгасан байна.

П.Б- нь 2021 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч цолтой ажиллаж байх үедээ цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэн зам тээврийн осол гаргаж, цагдаагийн албаны тухай хууль болон ёс зүйн дүрэм зөрчсөн тул 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр эхлэн цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, “ахлах дэслэгч” цолыг хураах шийтгэлийг ажил олгогч байгууллагын зүгээс ногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдын 2021оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1190 “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал хавтаст хэргийн 86 талд авагдсан байна.

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1190 “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалд тусгагдсан үйл баримтаас үзвэл П.Б- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хууль бус дадал зуршилтай, тухайн гэмт үйлдлийг анх удаа үйлдээгүй удаа дараа гаргасан ба төрийн тусгай албан хаагч болон хууль зүйн мэдлэгтэй байдлаа ашиглаж өөрийн хууль бус үйлдэлдээ хөнгөхөн ял шийтгэл оногдуулах боломжийг эрэлхийлэн ял шийтгэл завшиж буйд нь гомдолтой байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцдэг.  Эрүүгийн хуулийн үндсэн зорилт нь нийгмийг гэмт халдагаас урьдчилан хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, бусад хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг хэрэгжүүлэх байдаг.

Дээр дурдсан шүүхийн дүгнэлт болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаас үзвэл хохирогч миний зөрчигдсөн эрх болох эрүүл мэнд, сэтгэл зүйд минь учирсан хохирол арилаагүй зөрчигдсөн эрх минь сэргэж эрүүл энх болоогүй байхад хохирлоо бүрэн төлчихсөн хэмээн дүгнэж ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж буй үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардалд 1,964,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 347,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 10,288,000 төгрөг төлсөн, илүү 4,711,920 төгрөг төлсөн болохыг дурдах хэрэгтэй гэх байдлаар шүүхээс дүгнэж буй нь бодит байдалд нийцээгүй болно.

Тодруулбал: Осол болсноос хойш би эмчилгээний зардал хувиасаа 3,000,000 гаруй төгрөгийн зардал гаргасан бөгөөд, энэ хугацаанд ажлаа хийж чадаагүйгээс болж цалингийн орлого тасалдаж эхнэр хүүхдүүдээ тэжээн тэтгэх, зээл төлбөрөө төлөх хугацаа хожимдох зэрэг гэр бүлийн санхүүгийн хүндрэлтэй асуудал үүссэн, намайг хэвтэрт эмчлүүлж байх үед манай дүү ажлаасаа чөлөө авч намайг асарсан зэрэг ах дүү, ээж аав нартай бас хүндрэл учруулсан, мөн ажилдаа явах, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ чанартай цаг өнгөрүүлэх боломжгүй болсон зэрэг дурдаад байвал хохирогч миний эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүү, нийгмийн харилцаанд үүсэж буй хохирол шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс улбаалан нэмэгдсээр байхад шүүх, прокурорын зүгээс шүүгдэгч хохирлоо илүү төлж барагдуулсан хэмээн сайшаах үнэлэмжээр үнэлж дүгнэж буй зүй ёсны заримд нийцэхгүй байгаа бөгөөд хохирогчид учирсан хохирлыг бүрэн бодитой тогтоож түүний зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх хуулиар хүлээсэн үүрэгтэй эрх бүхий албыг хашиж буй байж тус хэрэгт өнгөц хайхрамжгүй хандаж буйд нь үнэхээр гомдолтой байна.

Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааны танхимд байхдаа л энэ хэрэгт ганцхан удаа мэдүүлэг өгсөн бөгөөд “өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Уучлалт хүсэж байна” гэх агуулгаар ганцхан удаа хэлсэн ба урьд өмнө нь надтай уулзах үедээ уучлалт гуйж байгаагүй, хэргийн талаар гэмшиж буйгаа огт илэрхийлж байгаагүй, хуралд оролцож буй хандлага, хувь хүний тус хэрэгт хандаж буй хандлага нь яг бодитоор үйлдэлдээ гэмшээд буй хандлага ажиглагдаагүй ба анхан шатны шүүхээс дүгнээд буй шиг бусад гарсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлж мэдүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэж болно.

Эрүүгийн хууль нь нийгмийг гэмт халдагаас хамгаалах зорилготой байх тул П.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж дахин түүний хууль бус үйлдлийн улмаас хохирол хор уршиг учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх шийдвэр гаргасан зүйтэй байна.

Гэвч шүүгдэгчид ял оногдуулалгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж буй нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цээрлэл үзүүлэх хуулийн зорилгыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж болохоор байна. Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, зам тээврийн осол гаргах хууль бус дадал зуршилтай болохыг тогтоосон баримт хэрэгт байсаар байтал анхан шатны шүүхээс шүүгдэгчийг анх удаа санамсар болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үүлдсэн гэж дүгнэж ялаас чөлөөлж буй нь үндэслэлгүй байна. 2. Анхан шатны шүүхээс “Шүүгдэгч П.Б-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн хувьд хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж хор уршгийг арилгасан, цаашид хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын зардал нэхэмжилбэл нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тухайн зүйл хэсэгт заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх үндэслэл бүрдсэн гэж шүүх үзэв.” гэж шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” тохиолдолд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлж болохоор тусгасан байх бөгөөд шүүхээс шүүгдэгчийг дээр 2 үндэслэл тогтоогдож байх тул түүний ялыг хөнгөрүүлж оногдуулна хэмээн тайлбарласан байна.

Гэвч шүүгдэгч нь хэргийн газраас зугтаасан, анхан шатны тусламжийг надад үзүүлээгүй бөгөөд осол болох үед байсан гэрч нар надад тусламж үзүүлсэн ба цагдаад дуудлага өгсөн болох нь гэрч Цэрэнчунтын хавтаст хэргийн 35-р талд авагдсан баримтаар тогтоогдог.

Хавтаст хэргийн 86 талд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдын 2021оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1190 “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал бүхий баримтаар шүүгдэгч нь тус гэмт хэргийн үйлдлийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас болж үйлдсэн гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй болох нь тогтоогдох бөгөөд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэггүй бөгөөд гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэг болно.

Шүүгдэгч П.Б- нь Эрүүгийн хулийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус болох, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх бөгөөд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн хэмээн үзэх болохоор байхад шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас болж анх удаа гэмт хэрэг үйлджээ гэж дүгнэх нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэргийн 45-50 талд авагдсан 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 242 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нь эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байсныг тогтоосон байх бөгөөд улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад замын хөдөлгөөний дүрмийг зөрсөн болох нь тогтоогдсон билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж анхан шатны шүүхээс шүүгдэгчид 2 жил тэнсэх ял оногдуулсан алдааттай болсон хэмээн хохирогчийн зүгээс үзэж байна. Учир нь шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж дуусаагүй дахин үүсэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, тухайн гэм буруутай үйлдлийг анх удаа үйлдээгүй зэрэг нөхцөл байдлын тухайд дээр дэлгэрэнгүйгээр дурдсан билээ. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаатай шийдвэр болсон байх тул шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж өөрчилж өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ану тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.Б-өд анхан шатны шүүхээс тэнссэн харгалзах ял оногдуулсан хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч П.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн. Уг зөрчлийг удаа дараа үйлдсэн учраас төрийн албанд ажиллах эрхийн хязгаарласан үйл баримт хэрэгт авагдсан. Хохирогч Б.Т- хагалгаанд орох учраас хохирол нэмж авах шалтгаан нөхцөл үүссэн. Анхан шатны шүүхээс хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр ялын хөнгөрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн зүйлчлэлтэй маргахгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг учрал гарснаас хойш хохирогчтой удаа дараа уулзаж уучлалт гуйсан. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байгаа талаараа илэрхийлсэн. Гэвч хохирогчийн зүгээс ямар үндэслэлээр миний уучлалтыг хүлээж авахгүй байгаа эсэх талаар ойлгохгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос уучлал гуйж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан мөн хохирогчоос уучлалт хүсэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн үнэдүүлэлгүй. Анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үеэс болон өнөөдрийг хүртэл хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, Хохирогч Б.Т-д хохирол төлбөрийг хангалттай төлсөн. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхэлж хохирол төлбөр төлсөн талаарх жагсаалт хэрэгт авагдсан. Нийт 16,966,000 төгрөг төлсөн. Тухайн гэмт хэрэг болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, санаатай буюу болгоомжгүй гэмт хэргийн холимог хэлбэрээр үйлдэгдээгүй. Хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Хохирогчийн өмгөөлөгчөөс “П.Б-ийг хохирол төлбөр төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй” байгаа талаар тайлбартаа дурдаж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гомдол, санал, хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт гаргаж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасны дагуу хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дүгнэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :   

1. Анхан шатны шүүх нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан  шийдвэрлэх хүрээнд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байгааг зөвтгөх боломжгүй. 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж хуульчилсан байхад 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүрээнд талууд болон шүүхээс Эрүүгийн хуульд заасан үндэслэл, шалгуурын талаар зохих дүгнэлт хийгээгүй байх бөгөөд нөхөн гүйцэтгэх үндэслэлгүй.        

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь тодорхой, хангалттай дүгнээгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчим, хууль зүйн шалгуур, шаардлага хангагдаагүй гэж үзэх үндэслэл болно.

Энэ байдал нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоол, тэдгээрт тусгагдсан шүүх болон талуудаас хийсэн дүгнэлт зэргийг харьцуулан шалгах явцад бодитой илэрхийлэгдсэн байгааг дурдаж байна.     

3. Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалт зэрэгт тусгайлан заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2192 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

Иймд хохирогч Б.Т-гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2192 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч П.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                    Л.ОДОНЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                         Г.ГАНБААТАР