| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2405014870288 |
| Дугаар | 2025/ДШМ/1148 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Цэндмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1148
Г.Г-, Ш.С- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Цэндмаа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1944 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Цэндмаагийн бичсэн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлээр Г.Г-, Ш.С- нарт холбогдох 2405014870288 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- ургийн овгийн Г-ын Г-, ........, ял шийтгэлгүй, /РД:Г-/;
2. Б- овгийн Ш-ий С-, .........., /РД:Ш-/;
Төв аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Шүүгдэгч Г.Г-, Ш.С- нар нь 2024 оны 3 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан харилцан зодолдсоны улмаас хэн алиндаа хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Г-, Ш.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Г-, Ш.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Г-, Ш.С- нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Цэндмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2.3-ын бусад асуудал хэсэгт “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж.’’ гэж дүгнэн бичсэн атлаа тогтоох хэсгийн 4 дэх заалтад “энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй.” гэж эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар өөрөөр дүгнэн шийдвэрлэсэн нь эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрхэн шийдвэрлэх нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхээр болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтцийг хуульчилсан ба тус зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байна” гэж заасан, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ”, тус хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол гэж тус тус хуульчилсан. Иймд шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 4 дэх заалтыг “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хавсаргасан нэг ширхэг сиди-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй” гэж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.Г-, Ш.С- нар нь 2024 оны 3 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан харилцан зодолдсоны улмаас хэн алиндаа хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогчоор Г.Г-ын өгсөн: “...ажлынхаа гадаа ирээд орох гэтэл нэг хүн орилоод байхаар нь би очсон. Хоёр залуугийн нэг нь болиоч ээ гээд орилоод байхаар нь би тэр хоёрыг салгаад, нэг залуутай нь маргалдаад түлхэлцээд, орилоод байсан залуугийн араас нь дагаад явж байтал араас тэр хоёр залуугийн нэг нь цохисон. Тэгээд би ухаан алдсан." /1хх 49/,
Ш.С-ын хохирогчоор өгсөн: “...гэрийн ард талын далан дээр алхаад явж байсан чинь сандал дээр нэг согтуу хүн унтаж байхаар нь гадаа хүйтэн байсан болохоор босоорой гэж хэлээд сэрээгээд байж байтал ар талаас нэг танихгүй залуу хүрч ирээд намайг боогоод, хойш нь хашлага дээр унагаж байгаад нүүрэнд 2- 3 удаа гараараа цохисон. Тэгээд миний нуруу эвгүй болоод хэсэг шокийн байдалтай байж байгаад араас нь очоод чи намайг яагаад цохиж байгаа юм гэж хэлээд, маргалдаж тухайн залуутай зодолдсон. Намайг тэр залуутай зодолдож байх үед манай эхнэр гарч ирээд бас танихгүй хоёр залуу бид хоёрыг салгасан.” /1хх 55-56/,
гэрч А.А-гийн “би нөхөртэйгөө 23:00 цагийн үед ярихад хоолны газраас гарч байна гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлээд буудалд орлоо жоохон уулаа шүү гэж хэлсэн. Шөнө цагийг нь сайн санахгүй байна намайг 4 хүүхэдтэйгээ байж байхад би 4 зам дээр буучихлаа одоо алхаад орлоо, такси олдохгүй байна гэсэн. Тэгээд удалгүй дахиад залгахад нарны гүүр дээр явж байна гэсэн. Сүүлд миний нойр сэргээд 10 минутын зайтай залгахад Алтай хотхон руу орж байна гээд над руу фейсбүүкээр видео дуудлага хийсэн, би за орж ирж байгаа юм байна гээд хүлээгээд байсан орж ирэхгүй байхаар нь дахиад залгасан утас нь холбогдохгүй, гадаа хүйтэн цастай байсан болохоор санаа зовоод өөдөөс нь гарсан чинь манай нөхөр хамаг хувцас нь урагдсан, зам дээр машины түлхүүр, эд зүйлс нь тарсан байдалтай хүнтэй зодолдсон гэж байсан.” /1хх 66/,
Шинжээч Т.Номинцэцэгийн “...Ш.С-ын биед учирсан гэмтэл нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр /ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр/ авах боломжтой." /1хх 86/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3882 дугаар: “Г.Г-ын биед баруун шуу ясны гандан хэсгийн хугарал, зүүн чихний омог, зүүн зовхи, сарвуу, баруун чамархай, зүүн зулай язарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн мөр, хүзүүнд цус хуралт, зүүн хацар, чихэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Баруун шуу ясны гандан хэсгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн чихний омог, зүүн зовхи, сарвуу, баруун чамархай, зүүн зулай язарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн мөр, хүзүүнд'цус хуралт, зүүн хацар, чихэнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” /1хх 70-72/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3900 дугаар “Ш.С-ын биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын сэртэнд хугарал, нуруунд зулгарал, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” /1хх 78-79,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний 682 дугаар “Г.Г-ын биед баруун богтос ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, зүүн хацар ясны нумын хугарал тархины зүүн талын тенториумын аалзан хальсан доорх цус голомтлог харвалт, зүүн чихний омог, зүүн нүдний зовхи сарвуу, баруун чамархай, зүүн зулайн хуйханд язарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн мөр, хүзүүнд цус хуралт, зүүн хацар, чихэнд зулгаралт, баруун зүүн зулай, чамархайн хуйх, шанаа, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирол тогтоох журмын 3.2.1-”т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Г.Г-ын биед учирсан тархины зүүн талын тенториумын аалзан хальсан доорх цус голомтлог харвалт, зүүн чихний омог, зүүн нүдний зовхи сарвуу, баруун чамархай, зүүн зулайн хуйханд язарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн мөр, хүзүүнд цус хуралт, зүүн хацар, чихэнд зулгаралт, баруун зүүн зулай, чамархайн хуйх, шанаа, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэг нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” /1хх 123-126/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 527 дугаар “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3900 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Ш.С-ын биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын сэртэнгийн зөрүүгүй хугарал, нуруунд зулгаралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна." /1хх 139-141/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1294 дүгээр “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн “Г.Г-ын сэтгэцэд 2024 оны 3 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалж гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” /1хх 145-146/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний 1295 дугаар“Ш.С-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” /1хх 156-158/ гэсэн дүгнэлтүүд,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-29/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.Г-, Ш.С- нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Г.Г-, Ш.С- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан харилцан зодолдсоны улмаас хэн алиндаа хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г-, Ш.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан харилцан зодолдсоны улмаас хэн алиндаа хүндэвтэр хохирол санаатай учруулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс ялаас торгох ялыг сонгож, тус бүрт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин шийтгэх тогтоолд тодорхойлох хэсэгт хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж гэж дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсгийн 4 дэх заалтад “энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй” гэж зөрүүтэй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлийг оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1944 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА