| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/08217/И |
| Дугаар | 192/ШШ2026/01768 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2026/01768
2026 02 09 192/ШШ2026/01768
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 05 дугаар давхар хаягт байрлах “Ширэвгэр” ХХК (РД:2019728)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-нд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жагар,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаяр,
Гэрч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч компани нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч нь манай компаниас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сард 7,600,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сард 10,000,000 болон 3,000,000 төгрөг зээлж авсан. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр авсан зээлийн барьцаанд УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалсан. Хариуцагч нь зээлийг эргэн төлөөгүй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн үлдэгдэл 6,049,000 төгрөг, нэмж зээлж авсан 7,600,000 төгрөг нийт 13,649,000 төгрөг, үүний хүү, алданги 12,500,000 төгрөг болсон. Бусад зээлд хүү, алданги тооцоогүй үндсэн зээлийг шаардаж байгаа. Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 40,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн учир уг мөнгөн хөрөнгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Тухайн зээлийг авсан тухай хариуцагч мэдэхгүй, жинхэнэ хариуцагч нь биш. Энэ бол болон нарын хоорондын эгч дүүсийн хувийн харилцаатай холбоотой маргаан. болон хамт гарч, орж ломбардад тавьж, нэг автомашин барьцаалж, хэд хэдэн зээл авсан боловч өөрөө мэдэхгүй яваад байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар 2022 онд анх 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, үүний хүү, алданги нь 13,000,000 төгрөг болж байгаа юм байна, тэгвэл яагаад 40,000,000 төгрөг болсон юм бэ? Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой тайлбарлаж чадахгүй байна. Хэрвээ хариуцагч нь байсан бол тодорхой хариулах байсан. авсан зээлээ бүгдийг нь тэтгэвэрийн зээл авч төлсөн. Иймд жинхэнэ хариуцагчаар г солих нь зүйтэй гэж үзэж байна.
2.2.Хариуцагчийн охин болох нь ааваараа халхавч хийж, аавынхаа автомашиныг нэхэмжлэгч компани болон тэй нийлж хуйвалдан зээлийн харилцаанд оруулсан. Тухайн үед нэхэмжлэгч талын захиралтай уулзаад автомашин хаана байгаа талаар тодруулахад манайд байхгүй, манайд ажиллаж байсан гэдэг хүн авч явсан гээд буцааж өгнө үү гэсэн бичиг хийж өгч байсан. Хариуцагч нь автомашинаа яаж авах вэ? гэдэг бүхий л арга замаар ярилцсаны үндсэн дээр “Ширэвгэр” ХХК-ийн шаардсан бүх зүйлийг бичиж өгсөн. Хариуцагч нь эцэг хүний хувьд охин нь хүнд байдалд байсан тул тухайн цаг үед нэхэмжлэгч компанийн шаардсан бүхий л зүйлийг бичиж өгөөд байсан. нь эрүүгийн хэрэг үүсээд явж байсан тул эцэг хүний хувьд нэхэмжлэлд хавсаргасан баримтыг үйлдсэн. Хэн нэгэн зээл авахад гагцхүү тухайн байгууллага зарлагын баримт үйлдэх ёстой. Үнэхээр удаа дараа зээл авах хүсэлт гаргаад байсан бол танай байгууллагын үндсэн ажиллагаанд зээлийн гэрээ байгуулах журам байх ёстой. Гэтэл ийм баримт байдаггүй гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/05 дугаартай зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээний эх хувь, 2024 оны 03 дугаар сарын 18, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн огноо бүхий нэхэмжлэгч компанид хаягласан хариуцагч гийн хүсэлт, “2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүү, алданги болон бүх зээлээ хаана” гэх агуулга бүхий хүсэлтийг,
Хариуцагч талаас хавтаст хэрэгт хариу тайлбар, Хаан банк дахь гийн эзэмшлийн дугаар дансны 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч ээс мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарын хооронд нийт 27,600,000 төгрөг зээлдүүлж, тээврийн хэрэгслийг барьцаалсан. Хариуцагч нь зээлийг эргэн төлөөгүй учир 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн үлдэгдэл 6,049,000 төгрөг, нэмж зээлж авсан 7,600,000 төгрөг, үүний хүү, алданги 12,500,000 төгрөг, бичгээр байгуулагдаагүй 2023 оны 09 дүгээр сарын зээлийн гэрээний үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөг гаргуулах, уг төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ өөрийн авсан зээлийг төлчихсөн, нэмж зээл аваагүй, охин нь тухайн үед эрүүгийн хэрэгт холбогдсон байсан учир нэхэмжлэлд хавсаргасан баримтыг үйлдэж өгч байсан гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Зохигч талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлэх нөхцөл бүхий гэрээ бичгээр байгуулагдсан. (хавтаст хэргийн 8-12 дахь тал)
4.2.Дээр дурдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх барьцааны гэрээ /фидуци/” байгуулагдсан. (хавтаст хэргийн 13-16 дахь тал)
4.3.Зээлдэгч буюу хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “...2024 оны 6-р сарын 20-нийг хүртэл миний машиныг зарахгүй хүлээж байгаачээ Би энэ хугацаанд 35-40 сая төгрөг төлөөд машинаа буцааж авъяа...” гэх, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “...2022 оны 02-р сарын 22 нд анх зээл авсанаас 2023=7=сард 7,600,000 мөн 9-р сард 10 сая, 3 сая төг 6 сая 49000 үлдэгдэл Үүнээс эхний авсан 6, сая 49000 23-3 сард 7,600,000 нийт 13 сая 649000 төгрөгний 3% хүү 50% алданги 12 сая 500,000 нийт 40 сая төгрөг төлхөөр болсныг хариуцлагтай гээр зөвшөөрч байна...” гэх агуулга бүхий хүсэлтийг нэхэмжлэгч компанид хаяглан гаргаж байсан. Мөн “...Зээлийн үлдэгдэл 6,049,000- дээр 7 сая 600,000 төгрөг нэмж авсан. 2023 оны 3-сарын 27 ны өдөр хүү алданг болон бүх зээлээ хаана...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаж байсан. (хавтаст хэргийн 17-19 дэх тал)
4.4.Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад анх шүүхэд гаргасан тайлбартаа “…2022 оны 02-р сарын 22-нд Ширэвгэр ХХКомпанийн эдийн засагч Оюунгэрэл гэдэг хүнээс өөрийн эзэмшлийн 40-98 УБТ дугаартай машиныг барьцаалж 7,000,000 төгрөг зээлсэн. Үүнээс хойш 2023=3=23 нд 7,600,000 төгрөг зээлсэн. Үүнээс 2023.5.24нд н. дансаар 2,000,0000 төгрөг буцаан төлсөн… манай охин аавын машины зээлээс хасаарай гэж 8,500,000 төгрөг 1 удаа, 2,500,000 төгрөг 2 дахь удаагаа, бас 1,500,000 төгрөг тус тус төлсөн…” гэж дудрсан. (хавтаст хэргийн 36 дахь тал)
4.5.Нэхэмжлэгч компанийн хувьд үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь гадаад худалдааны чиглэлийн үйл ажиллагаа бөгөөд “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ”-г эрхлэх болсныг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. (хавтаст хэргийн 5 дахь тал)
5.Зохигч талуудын хувьд нэг талаас зээлийн гэрээ байгуулагдсан, нөгөө талаас зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заажээ.
6.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж хариуцагчийн бичгээр гаргаж байсан хүсэлт, гэрээг нотлох баримтаар гаргаж өгч байгаа тохиолдолд хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж байгаа баримтыг няцаах баримтыг шүүхэд гаргаж өгөх, санал болгох үүрэгтэй.
6.2.Хариуцагчийн хувьд “...Үүнээс 2023.5.24нд н. дансаар 2,000,0000 төгрөг буцаан төлсөн… манай охин аавын машины зээлээс хасаарай гэж 8,500,000 төгрөг 1 удаа, 2,500,000 төгрөг 2 дахь удаагаа, бас 1,500,000 төгрөг тус тус төлсөн…, охин нь эрүүгийн хэрэгт холбогдсон байсан учир нэхэмжлэгч компанийн шаардсан баримтыг бичиж өгч байсан” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч баримтаар нотлоогүй.
6.3.Иймд нэхэмжлэгч компанид хариуцагчийн гаргаж байсан 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “...2024 оны 6-р сарын 20-нийг хүртэл миний машиныг зарахгүй хүлээж байгаачээ Би энэ хугацаанд 35-40 сая төгрөг төлөөд машинаа буцааж авъяа...” гэх, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “...2022 оны 02-р сарын 22 нд анх зээл авсанаас 2023=7=сард 7,600,000 мөн 9-р сард 10 сая, 3 сая төг 6 сая 49000 үлдэгдэл Үүнээс эхний авсан 6, сая 49000 23-3 сард 7,600,000 нийт 13 сая 649000 төгрөгний 3% хүү 50% алданги 12 сая 500,000 нийт 40 сая төгрөг төлхөөр болсныг хариуцлагтай гээр зөвшөөрч байна...” гэх, “...Зээлийн үлдэгдэл 6,049,000- дээр 7 сая 600,000 төгрөг нэмж авсан. 2023 оны 3-сарын 27 ны өдөр хүү алданг болон бүх зээлээ хаана...” гэх агуулга бүхий хүсэлтүүд, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/05 дугаартай зээлийн гэрээ, гэрч ийн “...Анх 2022 оны 02 дугаар сард манай байгууллага дээр ирж автомашинаа барьцаалж зээл авъя гэж ирсэн..., 2022 онд зээл авсан. Түүнээс хойш төлөлтөө хийхгүй байж байгаад 2023 оны 03 дугаар сарын 17-нд ирж... 7 сая төгрөг авсан..., 06 дугаар сарын 09-ний өдөр 6,500,000 төгрөг бэлэн авсан. Мөн 07 дугаар сарын 05-ны өдөр... 4,500,000 төгрөг авсан...” гэх мэдүүлгийг харьцуулан үзэж, зохигч талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 7,600,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сард 2,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
7.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус зааснаар зохигч талууд зээлийн хүү, алдангийн талаар тохиролцож, гэрээг бичгээр үйлдсэн тохиолдолд нэхэмжлэгч компани нь хариуцагчаас хүү, алдангийг шаардах эрхтэй.
7.1.Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохиролцсон бичгээр хийсэн гэрээнээс өөрөөр бичгээр хийсэн гэрээ байхгүй байна.
7.2.Иймд нэхэмжлэгч компани нь хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болон хүү, алдангийг шаардах эрхтэй.
7.3.Гэхдээ зээлдэгч буюу хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлж авсан 7,000,000 төгрөгийн үлдэгдэл 6,049,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сард зээлж авсан 7,600,000 төгрөг, нийт 13,649,000 төгрөгийн хүү, алдангид 12,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн байгаа тохиолдолд үндсэн зээлд тооцох буюу зээлдэгч нь уг төлбөрийг буцаан шаардах үндэслэл болохгүй юм.
7.4.Иймд нэхэмжлэгч компани нь хариуцагчаас 28,149,000 (6,049,000+7,600,000+12,500,000=26,149,000) төгрөгийг шаардах эрх үүссэн гэж үзнэ.
8.Нэхэмжлэгч компани нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ”-г эрхлэн явуулах талаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
8.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 17.4.1-д заасан зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг үйл ажиллагаандаа хэрэглэнэ”, 15.2 дахь хэсэгт “Зээлийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд дараах нөхцөлийг тусгасан байна”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Энэ хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ.
8.2.Дээр дүгнэснээр нэхэмжлэгч компанийн хувьд 2023 оны 03 дугаар сард 7,600,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сард 2,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид зээлдүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр буюу цахимаар үйлдээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж зааснаар хүчин төгөлдөр бус байна.
8.3.Иймд нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас зээлдүүлсэн 7,600,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
9.Зохигч талууд фидуцийн гэрээ байгуулсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй. Иймд хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйл болох УБТ улсын дугаартай, 5GTEN13E098112986 арлын дугаартай, цагаан өнгөтэй, Hummer H3 загварын тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй.
10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 28,149,000 (6,049,000+7,600,000+2,000,000+12,500,000=28,149,000) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 11,851,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 368,985 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгож хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч гоос 28,149,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ширэвгэр” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 11,851,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйл болох УБТ улсын дугаартай, 5GTEN13E098112986 арлын дугаартай, цагаан өнгөтэй, Hummer H3 загварын тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч д даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч гоос 368,985 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ширэвгэр” ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД