| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 102/2024/01455/И |
| Дугаар | 192/ШШ2026/01944 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2026/01944
2026 02 12 192/ШШ2026/01944
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, 94б-43 тоот хаягт оршин суух Шангас овогт Отгоны Батмөнх (РД:УК88072231)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, 104-4 тоот хаягт оршин суух Баазар овогт Рэнчингийн Наранбат (РД:ЧК57050100)-нд холбогдох
35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Цэрэнжамц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн УНҮ улсын дугаартай KDN2150002201 арлын дугаартай Toyota Hilux загварын автомашиныг өөрийн эзэмшлийн УАК улсын дугаартай ZVW413008759 арлын дугаартай Toyota Prius 41 альфа загварын автомашинаар шууд сольсон. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр сольж авсан Hilux загварын автомашины мотор нь ажиллагаагүй болсон. Энэ тухай хариуцагчид хэлэхэд автомашиныг ирж үзээд цагаан сарын баяр дуусахаар янзлуулж өгөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл засварлаж өгөөгүй. Миний хувьд тухайн үед моторын эвдрэлийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Иймд хариуцагч нь УАК улсын дугаартай автомашиныг худалдан борлуулсан гэж хэлсэн учир зах зээлийн ханш болох 35,000,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч болон түүний өмгөөлөгч нь татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Би автомашины талаар ямар ч мэдлэггүй. Манай хүргэн нь машинтай гээд хүүхдийг нь хүүхдийн мөнгөнөөс хасчихсан байна гээд УНҮ улсын дугаартай KDN2150002201 арлын дугаартай Toyota Hilux загварын автомашиныг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний нэр дээр шилжүүлсэн. Манай хүргэнтэй нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр холбогдоод тухайн автомашиныг ирж жолоодож үзээд авахаар болж шилжүүлсэн. Би нэхэмжлэгчтэй автомашиныг шилжүүлэх үед л таарсан болохоос дахиж уулзаагүй. Манай хүргэн хуучин автомашин шүү гэж хэлээд солихоор болсон. Бусдыг хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Автомашины доголдолтой гэх байдал нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн лавлагааг,
Хариуцагч талаас хавтаст хэрэгт оршин газрын тодорхойлолт, хариу тайлбар, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, тэтгэврийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн өндөр настны тэтгэврийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банк дахь *******ын эзэмшлийн дугаар дансны хуулга, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮТББ-ыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулан хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь автомашиныг солихдоо доголдолтой автомашин шилжүүлсэн гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь автомашин доголдолтой болохыг нотолж чадаагүй бөгөөд өөрөө шалгаж үзэж байгаад авсан гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигч талуудын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.22-96 УНҮ улсын дугаартай KDN2150002201 арлын дугаартай Toyota Hilux загварын автомашин нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл , 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Рэнчингийн Наранбатын өмчлөлд бүртгэлтэй байсан. (хавтаст хэргийн 31 дэх тал)
4.2.2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй УНҮ улсын дугаартай KDN2150002201 арлын дугаартай Toyota Hilux загварын автомашиныг, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй УАК улсын дугаартай ZVW413008759 арлын дугаартай Toyota Prius 41 альфа загварын автомашинаар сольсон. (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
4.3.Нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй УАК улсын дугаартай ZVW413008759 арлын дугаартай Toyota Prius 41 альфа загварын автомашиныг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэр дээр шилжүүлсэн. (хавтаст хэргийн 30 дахь тал)
5.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан харилцан сольж, хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн автомашин нь доголдолтойн улмаас автомашиныг буцаан өгч, үнийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь эс зөвшөөрч, би нэхэмжлэгчтэй уулзаж байгаагүй, автомашины талаар мэдлэггүй, тэй холбогдоод автомашиныг солихоор тохиролцсон гэж тайлбарлаж байна.
5.1.Энэ тохиолдолд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ”, 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” гэж зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоох шаардлагатай.
5.2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...Манай хүргэн нь машинтай гээд хүүхдийг нь хүүхдийн мөнгөнөөс хасчихсан байна гээд УНҮ улсын дугаартай KDN2150002201 арлын дугаартай Toyota Hilux загварын автомашиныг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний нэр дээр шилжүүлсэн... миний бие автомашины талаар ямар ч мэдлэг байхгүй, амьдралдаа автомашин жолоодож ч үзээгүй..., тэй 2024 оны 02 дугаар сарын 02-нд нь... мэссэжээр бичиж холбогдож машин сонирхож байна гээд хоорондоо ярилцаад... авахаар болсон юм билээ...” (хавтаст хэргийн 22 дахь тал) гэж тайлбарласан, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байсан сольсон гэх УАК улсын дугаартай ZVW413008759 арлын дугаартай Toyota Prius 41 альфа загварын автомашиныг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэр дээр шилжүүлсэн (хавтаст хэргийн 30 дахь тал) үйл баримтыг харьцуулан үзэхэд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
5.3.Тодруулбал, хариуцагч нь “…манай хүргэн нь машинтай гээд хүүхдийг нь хүүхдийн мөнгөнөөс хасчихсан байна гээд УНҮ улсын дугаартай KDN2150002201 арлын дугаартай Toyota Hilux загварын автомашиныг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний нэр дээр шилжүүлсэн...” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагчийг уг тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй төдийгүй, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай бус гэх иргэнтэй холбогдон автомашинуудыг харилцан солих талаар тохиролцож, улмаар өмчлөлд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хувьд УНҮ улсын дугаартай KDN2150002201 арлын дугаартай Toyota Hilux загварын автомашины өмчлөгч нь болохыг мэдэж байсан гэж үзнэ.
5.4.Иймд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ”, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно”, 196.1.5-д “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг харилцан солих талаар хариуцагчид хүсэл зоригоо илэрхийлсэн, түүнийг нь хариуцагч нь хүлээж авсан гэж үзэхгүй буюу зохигч талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.
5.5.Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна”, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж тус тус заасны дагуу гэрээний зүйлийн доголдолтой холбоотойгоор хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрх үүсээгүй.
6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчид холбогдох 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7.Энэхүү шийдвэр нь холбогдох этгээдэд холбогдуулан шаардлага гаргах нэхэмжлэгчийн эрхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ад холбогдох 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД