Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1217

 

                                                                                                                   

 

 

    2018         08          24                                        2018/ШЦТ/1217

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,   

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Сд холбогдох эрүүгийн 1806050651453 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Л.С,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Л.С нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Болормаатай маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Э.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 06 сарын 02-ны өдөр гэр бүлийн хүмүүс болох Лутхад, Хашхад нарын хамт Гачууртын ойр байсан амралтын газрын гэрт амарсан. 22 цагийн орчим хүүхдүүд унтах гэж уйлалдахад хажуу гэрээс нэг залуу орж ирээд яагаад уйлаан болоод байгаа юм гээд хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд манай дүү Лутхадтай барилцаад авсан. Гэтэл эсрэг гэрээс нэг хүүхэн гарч ирээд намайг балай авгай минь гэж хэлэн үсдэж нүүр ам маажиж миний өрөөсөн ээмэг, гар утас, гинж, кулон зэрэг эд зүйл алга болсон. Тэгээд цагдаад хандсан. Миний нүүрийг маажсан хүн бол С гэх эмэгтэй байсан. Зодоон болсоны дараа гэртээ тэр хэдэн хүмүүс саяны балай авгайг С гичий маажсан байхад намайг гэж андуураад гээд ярьж байхаар нь би гэрийн хаалга онгойлгоод за та нар хэлсэн үгэндээ байгаарай би цагдаа дуудсан гэж хэлээд хаалгыг нь хаасан. Тэр Солонго миний нүүрний баруун нүдийг гараараа маажсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

Гэрч Т.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 06 сарын 02-ны өдөр найз Алтаншагай, Батшагай, Тунгалаг, С, Эрдэнэбилэг нарын хамт Гачууртын ойролцоо голын хажууд очисон юм. Тэгээд бид голын эрэг дээр нэг шил 0,75 литрийн соёрхол архи, сэнгүүр нэртэй 2,5 литрийн хоёр ширхэг пиво ууцгаагаад гэрт орцгоосон. Тэгээд бид тогооны хорхог хийгээд хөзөр тоглоод сууж байхад Алтаншагай гэрт орж ирээд хажуу талын гэрт хүүхдүүд уйлаад, хүмүүс маргалдаад байна гэхээр нь бид асуудлыг шийдье гээд гэрээс гараад хажуугийн гэрт очиход тэнд зодоон болсон гэх мэдүүлэг /хх-ийн 18/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7075 дугаартай:

Э.Болормаагийн биед хамрын нуруу, баруун нүдний доод зовхинд шарх, баруун хацарт зулгаралт, баруун зүүн бугалганд цус хуралт, баруун, зүүн гуя, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 26/

 

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 5/,

-шүүгдэгч Л.Сн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/,

-хохирогч болон шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 33-34/

 

Шүүгдэгч Л.Сн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Отгонцэцэг, Батшагай, Алтаншагай, Тунгаа бид 5 Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачууртын амралтын газарт амарсан. Тэр үед манай зүүн талын гэрт бас хэдэн бага насны хүүхэдтэй амарч байгаа хүмүүс байсан. Тэгээд бид нар гэртээ байхад Алтаншагай орж ирээд хажуу талын гэрт нэг ах эхнэр хүүхдээ зодоод байна гэж хэлэхээр нь би, Отгонцэцэг, Алтаншагай бид 3 гэрээс гараад очиход гэрийн хаалга хаалттай байхаар нь Алтаншагай шууд өшиглөөд хаалгыг нь эвдлээд та нар гараад ир, яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм гээд бахирсан. Тэр үед гэрээс хохирогч Э.Болороо эгч гарч ирээд яагаад хаалга эвдчихвээ гэж хэлэхээр нь би танай гэрт байгаа бага насны хүүхэд уйлаад байна юу болсон гэж асуусан чинь Э.Болороо эгч чамд ямар хамаатай юм гээд миний зүүн гарын булчин хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхсэн чинь буцаж ирээд миний цамцнаас заамдаад авхаар нь би Э.Болороогийн баруун талын гуя хэсэгт нь нэг удаа өшиглөсөн нэг удаа нүүрэнд гараараа цохисон. Э.Болормаагийн биед учирсан гэмтэлийг би учруулсан нь үнэн. Миний буруу би хэргээ хүлээж байна гэх мэдүүлэг /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Л.Сн иргэн Э.Болормаагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.С нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохиролыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хонгош овогт Л.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ