Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/1161

 

 2025             09           30                                                                      2025/ДШМ/1161

 

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

яллагдагч Б.О-ын өмгөөлөгч С.Базардорж,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/5193 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Билгүүтэйгийн бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар эсэргүүцлээр Б.О-д холбогдох 2503003830735 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Б-н О-, ........, ял шийтгэлгүй, /РД:Б-/;

Яллагдагч Б.О- нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 15 минутын орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын замд “Toyota Corrola Feilder” маркийн .... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн “8. Замын хөдөлгөөн зохицуулах дохио 8.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандах байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө. Мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэснийг тус тус зөрчсөний улмаас Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000643 дугаартай мөрдөгчийн магадалгаанд “Toyota prius” маркийн .... УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан У.Т-, “Toyota Corrola Feilder” маркийн .... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.О- нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 8.3, мөн 1.3-т заасан заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэж дурджээ. Улмаар прокуророос яллагдагч Б.О-ын шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, шинжээч томилж дүгнэлт гарсан ба шинжээчийн дүгнэлтийн 5 дахь заалтад “Toyota Corrola Feilder” маркийн .... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.О-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, мөн 1.3-т заасан заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд шалтгаалсан гэж дүгнэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж хуульчилсан. Мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт нь зөрүүтэй байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байх тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих нотолгооны зүйлсийг бүрэн нотлох, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж үзлээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь*"заалтад заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар дахин шинжилгээ хийлгэж “Toyota Corrola Feilder” маркийн .... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.О-, “Toyota prius” маркийн .... УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч У.Т- нарын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн эсэх, зөрчсөн бол энэ нь тухайн осол гарахад хэрхэн нөлөөлснийг жолооч тус бүрд гаргаж тухайн нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой эргэлзээгүйгээр тогтоох нь зүйтэй. Мөн яллагдагч Б.О-ын “Toyota Corrola Feilder” маркийн .... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэн хэзээ ямар үндэслэлээр хураан авсныг тодруулж баримтыг хэрэгт хавсаргахыг дурдаж, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор М.Билгүүтэй бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно” гэж хуульчилсан байна. Улмаар прокуророос мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй гэж үзэн яллагдагч Б.О-ын шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, шинжээч томилсноор 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/46 дугаар дүгнэлт гаргасныг хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс “мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт нь зөрүүтэй байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байх тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих нотолгооны зүйлсийг бүрэн нотлох, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд ач холбогдолтой.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчөөгүй, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хоёр үндэслэлээр хэргийг буцаадаг. Нэгдүгээрт, хохирлын хэмжээ, гэм буруугийн нотлогдох байдал, гэм буруугийн санаа сэдэл, хор уршгийг зөв тогтоож чадаагүй гэдэг үндэслэлээр буцаана. Буцаахдаа мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт хоёрын аль нь үндэслэлтэй юм бэ гэх эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас шалгаж тогтоох нь зүйтэй. Иймд шинжээч томилох нь үндэслэлтэй. Шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Тээврийн прокурорын газраас Б.О-ыг “Toyota Corrola Feilder” маркийн .... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн “8. Замын хөдөлгөөн зохицуулах дохио 8.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандах байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө. Мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэснийг тус тус зөрчсөний улмаас Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан. Прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийх боломжтой. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

Яллагдагч Б.О- нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилуулах тухай хүсэлт /хх 156/ гаргасны дагуу Тээврийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж /хх 157/ Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн ЕГ0725/5645 дугаар дүгнэлт гаргасан байна. /хх 69/

Яллагдагч Б.О-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй. Шаардлагатай тохиолдолд шүүх өөрөө нэмэлт болон дахин шинжээч томилох боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/5193 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.  

2. Яллагдагч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА

               ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

               ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА