Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01448

 

 

 

ХТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01077 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХТ ХХК-ийн хариуцагч ЭЭСК ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 26 416 000 төгрөг, ажлын хөлснөөс үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон авсан 17 940 158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хийгдэж байгаа төслийн хүрээнд манай компани Э Э С КХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр .. цэвэрлэх байгууламжийн барилгуудын цутгамал төмөр бетон угсралтын ажлыг гүйцэтгэх GR-11-19 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь үйлдвэрийн корпусын барилга, нэгдсэн биологийн цэвэрлэх байгууламж, сараалжийн барилга, уурын зуухын барилга, лаг хатаах цех, элс баригчийн барилга, хуваарилах камер, бетон лотки байгууламжуудын ул бетон цутгалт, бетон цутгалт, арматур болон хэв хашмалын ажил гүйцэтгэх, эдгээр ажлуудтай холбоотой бусад ажлуудыг захиалагчийн материалаар зураг төсөл, техникийн шаардлага, холбогдох хууль дүрэм, стандартад заасны дагуу чанартай хийж гүйцэтгэхээр, захиалагч нь ажилд шаардлагатай барилгын материалаар хангах, зааварчилгаа өгөх үүргийг хүлээж, харилцан тохиролцсон. Гэрээгээр тохирсон ажлын нийт үнэ 295 078 002.43 төгрөг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 75 хоногт хийж гүйцэтгэхээр заасан. 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлын талбайд нийт инженер, мужаан, ажилчид, тогооч гэсэн 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлүүлсэн. Гэвч захиалагч талаас барилгын талбайд цахилгаан татаж өгөөгүй, модон материал талбайд ирээгүй, арматурын шинжилгээний хариу гараагүй, түүнчлэн захиалагчийн модон материал /балк, брусс, фанер, тулаас, хавчаар/ захиалга өгсөн боловч талбайд ирээгүй, бетон зуурмагийг хугацаандаа нийлүүлээгүйгээс шалтгаалан 5, 6, 7 дугаар сард 25 ажилчин 3 хоног, 10 мужаан 11 хоног, нийтдээ 13 хоногийн турш сул зогсож цалин хөлс, хоолны зардал 20 930 000 төгрөг болсон. Тодруулбал, ИТА-2, бригадын ахлагч-1, тогооч-3 ,арматурчин-10, мужаан-9. Нийт-25 хүний бүрэлдэхүүнтэй ажилчдын цалин хоол ороод ИТА -2 хүн өдрийн 160 000 төгрөг, бригадын ахлагч-1 өдрийн 100000 төгрөг, тогооч-3 өдрийн 120 000 төгрөг, арматурчин-10 өдрийн 600 000 төгрөг, мужаан-9 өдрийн 630 000 төгрөгөөс тооцоход 1 өдрийн цалин, хоолны зардал 1 610 000 төгрөг*13 хоног = 20 930 000 төгрөг болно. Уг сул зогсолтыг Э Э С КХХК-ийн инженер Э.Ариунболд хүлээн зөвшөөрч тодорхойлолт үйлдсэн байдаг.

 

Мөн захиалагчийн ажилтан болох геодези хэмжилтийн инженер талбайд удаа дараа алдаатай хэмжилт хийж, үйлдвэрийн корпусын суурийн ухмалыг буруу ухуулснаас суурийн ажил өөрчлөгдөж, уг суурийг өөр газарт дахин ухаж гэрээнд заагдаагүй нэмэлт ажлыг гүйцэтгэсэн.Энэ талаар бид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/005 дугаартай албан бичгээр захиалагчид мэдэгдэж байсан бөгөөд ажлаа явуулахын тулд иж бүрэн хэмжилтийн багажтай инженер техникчийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллуулсны хөлсөнд 5 486 000 төгрөг төлж, гэрээгээр манай компани бус ажил гүйцэтгүүлэгч хийхээр үүрэг хүлээсэн ажлыг арга буюу гүйцэтгүүлэн төлбөрийг нь төлж хохирсон. Энэ тухай захиалагч талын талбай дээр байгаа ажилчдад биечилж, утсаар мэдэгдэж байсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/005 дугаартай албан бичгээр тухайн өдрийн байдлаар 8 хоног сул зогссон, захиалагчийн буруугаас суурийн ухмалыг буруу хуулсан, түүнийг зассан мөн бараа материалын нийлүүлэлт, талбайн усан хангамж, ажил гүйцэтгэх зохион байгуулалтад анхаарч ажиллах тухай, 2019 оны 08 дугаар сарын 05-ны А/014 дугаар албан бичгээрээ нийт 14 хоног сул зогссоноос 20 930 000 төгрөгийн зардал гарсан, захиалагчийн ажилтны удаа дараагийн буруутай үйлдлээс болж, мэргэжлийн геодези инженер 5 486 000 төгрөгөөр хөлслөн ажиллуулсан тухай албан бичиг хүргүүлж байсан.

Гэрээний 2.1-д ажлыг 75 хоногт багтаан хийхээр заасан атал захиалагчаас гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэх боломжгүй шаардлагыг тавьсан. Бид хэв хашмалын ажлыг зэрэг явуулснаар гэрээнд заасан хугацаанд ажлыг бүрэн дуусгах боломжтой, үүнд тохируулан компанийн зүгээс ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахад хамгийн багадаа 200 ширхэг хэв хашмал шаардлагатай байтал захиалагчаас 80 ширхэг хэв хашмалаар хангаж, ажлыг цааш гүйцэтгэхийг шаардсан. Манай зүгээс захиалагчийн инженертэй материалын тооцоог хоёр талаасаа тулгаад гаргаж захиалга өгдөг боловч инженерийн зөвлөмж, шаардлагыг хүлээж авдаггүй. 80 ширхэг хэв хашмалаар ажлыг хийвэл бид зөвхөн нэг объектыг барьж дуусах, 20-30 хоног хүлээж, хэв хашмалаа хуулах дараагийн барилга руу шилжүүлэх зэргээр ажлын бүтээмж эрс удааширч энэ хэрээрээ анх батлагдсан барилгын ажлын хуваарь, гэрээгээр тохирсон хугацаа 3 сараар хэтрэх нь тодорхой болсон. Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэн гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн. Гүйцэтгэсэн ажлыг Эйч эн си констракшн" ХХК-ийг төлөөлөн төсөл хариуцсан инженер Э.Ариунболд хамтран акт үйлдэж баталгаажуулсан. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/018 дугаар албан бичгээр захиалагчийн буруугаас гэрээг цуцлаж, хохирол болон гүйцэтгэлийн баталгаа нийт 44 356 158 төгрөгийг нэхэмжилж байгаа тухай мэдэгдсэн.

 

Гэрээний 3.2.1-д заасны дагуу гүйцэтгэлийн барьцаанд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэл 1-д 14 061 514 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдрийн гүйцэтгэл 2-т 3 878 644 төгрөг, нийт 17 940 158 төгрөг суутган авсан ба манай талаас гүйцэтгэсэн ажлаа захиалагч компанийн хяналтын инженерт ажил хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн тул өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлсөө бүрэн авах ёстой. Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс манай компанид хохирол учруулж, хохирол нь дахин нэмэгдэхээр байсан тул гэрээнээс татгалзсан. Иймд Э Э С КХХК-аас сул зогсолтын зардал 20 930 000 төгрөг, захиалагчийн буруугаас хөлслөн ажиллуулсан геодезийн инженер техникч, ашигласан багажны төлбөр, ажлын хөлс 5 486 000 төгрөг, ажлын хөлсөөс гэрээний гүйцэтгэлийн барьцааны төлбөрт суутган авсан 17 940 158 төгрөг, нийт 44 356 158 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ХТ ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр /GR-11-19/ тоот .. цэвэрлэх байгууламжийн барилгуудын цутгамал төмөр бетон угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээнд нэрлэн заасан тодорхой ажил үүргийг зохих ёсоор хийж гүйцэтгэн ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгөх, ажлын үр дүн, ажлын гүйцэтгэлийг хянаж баталгаажуулсны дараа хөлс төлөх үндсэн нөхцлийг талууд харилцан хүлээн зөвшөөрч тохиролцсон. Гэрээний хавсралтад ажил гүйцэтгэгч ХТ ХХК-ийн гүйцэтгэвэл зохих ажлын ерөнхий төлөвлөгөө, төсөвт өртөг, ажил гүйцэтгэх хугацаа зэргийг харилцан тохиролцсон ч ХТ ХХК нь гэрээнд заасан ажлаа зохих ёсоор, шударгаар, хугацаанд нь бүрэн гүйцэтгэлгүй 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр захиалагч талд мэдэгдэлгүйгээр ажлаа орхиж явсан.

 

Ажил гүйцэтгэгч компанийн тодорхой тооны ажилчид 2019 оны 5 дугаар сарын 11 -ний өдөр талбайд ирсэн нь үнэн бөгөөд үүнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гүйцэтгэгч компанийн ажилчдын хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, барилга угсралтын ажлын тэмдэглэлийг манай компанийн талбайн инженер болох Э.Ариунболд өдөр болгон бүртгэл хөтөлж байсан. Бодит байдалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг нөхцөл байдал үүссэн эсэх нь тэмдэглэлээр үгүйсгэгддэг. Талууд гэрээнд заасан ажлыг 75 хоногийн хугацаанд 295 078 002.43 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд ажиллах хүчний зардал, цалин хөлс зэргийг гүйцэтгэгч тал өөрөө бүрэн хариуцах, гэрээний 3.1-д заасан ажлын гүйцэтгэлийн төлбөрөөс бусад хэлбэрээр ямар нэг төлбөр нэхэмжлэхгүй байх талаар гэрээний 3.3-т тодорхой заасан тул нэхэмжлэгч нь дээрх төлбөрүүдийг хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Мөн гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж захиалагч талд гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгснөөр гүйцэтгэлийн барьцаа болох төсөвт өртгийн 15 хувь буюу 17 940 148 төгрөг авах эрх үүсэх байсан ч 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээс санаатайгаар зайлсхийж ажлыг орхин явсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүнд хавсарган ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул гүйцэтгэгч нь захиалагч талаас шаардах эрхгүй.

 

Геодезийн инженер хөлсөлж ажиллуулсны хөлс 5 486 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Геодезийн инженерийг ажил гүйцэтгэгч тал өөрийн санаачилгаар ажиллуулсан бөгөөд энэ тухай захиалагчид мэдэгдээгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах тухай санал гаргаагүй тул төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Геодезийн инженер нь талбайд ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн талаарх нотлох баримт байхгүй, уг ажил дээр туслан гүйцэтгэгч авч ажиллуулсан эсэх нь тодорхойгүй байх тул эрх зүйн харилцаанд оролцоогүй этгээдэд төлсөн мөнгийг манай компани хариуцах ёсгүй. Ажил гүйцэтгэгч нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бичгээр мэдэгдэл ирүүлж гэрээг цуцалсан байх тул гэрээ цуцалснаас хойш аливаа үүргийг шаардах эрхгүй, гэрээ цуцлах хүртэл хугацаанд ажил гүйцэтгэгч талаас ирүүлсэн 2 удаагийн гүйцэтгэлийг үндэслэж хийсэн ажлын хөлсийг төлсөн тул хийж гүйцэтгээгүй ажлын хөлсийг шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э Э С КХХК-аас 17 940 158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХТ ХХК-д олгож, нэхэмжлэлээс хохирол 26 416 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ХТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Э Э С КХХК-аас 247 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХТ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Түмэнбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Монгол Улсын Засгийн газрын захиалгын дагуу хийгдэж байгаа төслийн хүрээнд манай компани Э Э С КХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр .. цэвэрлэх байгууламжийн барилгуудын цутгамал төмөр бетон угсралтын ажлыг гүйцэтгэх СР-11-19 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд гэрээгээр ажил гүйцэтгэгч нь дээрх ажлын хүрээнд үйлдвэрийн корпусын барилга, нэгдсэн биологийн цэвэрлэх байгууламж, сараалжийн барилга, уурын зуухын барилга, лаг хатаах цех, элс баригчийн барилга, хуваарилах камер, бетон лотки байгууламжуудын ул бетон цутгалт, бетон цутгалт, арматур болон хэв хашмалын ажил гүйцэтгэх, эдгээр ажлуудтай холбоотой бусад ажлуудыг захиалагчийн материалаар зураг төсөл, техникийн шаардлага, холбогдох хууль дүрэм, стандартад заасны дагуу чанартай хийж гүйцэтгэхээр, захиалагч нь төлбөрийг төлөх, ажилд шаардлагатай барилгын материалаар хангах, зааварчилгаа өгөх үүргийг тус тус хүлээсэн. 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс ажлаа эхлүүлсэн. Гэвч 3 сар орчим ажилласны эцэст захиалагч бараа материалаар хугацаанд нь хангаагүйгээс ажил гүйцэтгэх хугацаа хоёр дахин уртсаж ажил 12 дугаар сард дуусах болсон тул гэрээг цуцалсан. Анхан шатны шүүхээс гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг хэзээ захиалсан болохоо баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ХТ" ХХК 13 хоног сул зогссон нь компанийн инженерүүдийн сул зогсолт-ыг тодорхойлсон тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, энэ тухай шүүх дүгнэсэн Нэгэнт сул зогсолт болсон нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон, үүргээ зөрчсөн гэдэг нь тогтоогдсон тул үүний улмаас компанид учирсан гарах ёсгүй байсан зардлыг Э Э С КХХК төлөх үүрэгтэй. Түүнчлэн барилгын ажлын явцад захиалагчийн болон гүйцэтгэгчийн хариуцсан инженерүүд ажлын үе шатаас хамааран ярилцан захиалж байсан. Гэрээгээр цахилгаан, усыг захиалагч хариуцахаар тохиролцсон. Гэтэл барилгын талбайд цахилгаан холбогдоогүй, бетон цутгалтын нэг хэсэг болсон арматурын ажлын шаардлага, стандартыг хангасан тухай шинжилгээний бичиггүйгээр ажлыг гүйцэтгэх боломжгүй нь тодорхой байхад тэдгээрийг хоорондоо шалтгаант холбоогүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн иж бүрэн хэмжилтийн багажтай геодезийн инженер техникчийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллуулсан бөгөөд үүнтэй хариуцагч маргаагүй, хөлсөнд нь 5 486 000 төгрөг төлсөнийг нэхэмжилсэн. Гэрээний 2.2-т захиалагчийн зааврын дагуу зааж өгсөн цэг тэмдэглэгээнд ажпыг гүйцэтгэх байсан. Гэвч захиалагчийн геодизи хэмжилтийн инженер талбайд удаа дараа алдаатай хэмжилт хийж, үйлдвэрийн корпусын суурийн ухмалыг буруу ухуулснаас суурийн ажил өөрчлөгдөж, уг суурийг өөр газарт дахин ухаж гэрээнд заагдаагүй нэмэлт ажлыг гүйцэтгэсэн зэргээр ажил хэвийн гүйцэтгэхэд саад учруулсаар байсан тул ажлаа зураг төслийн дагуу хэвийн явуулахын тулд геодезийн инженерийг хөлслөн ажиллуулсан. Энэ тухай захиалагч талын тапбай дээр байгаа ажилчдад биечлэн болон захиалагчид утсаар, 2019 оны 05 дугаар сарын 28-ны А/005, 2019 оны 08 дугаар сарын 05-ны А/014 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдэж байсан. Түүнчлэн гэрээний 4.13-д хэрэв зөвшөөрөл авалгүй инженер ажиллуулвал торгууль ногдуулна гэж заасан бөгөөд хариуцагч энэ талаар шаардаж байгаагүй нь тухайн инженерийг талбайд ажиллахыг зөвшөөрсөн гэж үзэх тул ажлаа зохих ёсоор үргэлжлүүлэхийн тулд гаргасан 5 486 000 төгрөгийг гаргуулна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг 26 416 000 төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч ХТ ХХК нь хариуцагч Э Э С КХХК-д холбогдуулан сул зогсолтын зардал 20 930 000 төгрөг, геодезийн инженер техникчийн ажлын хөлсөнд төлсөн 5 486 000 төгрөг, ажлын хөлнсөөс барьцаа төлбөрт суутган авсан 17 940 158 төгрөг, нийт 44 356 158 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр .. цэвэрлэх байгууламжийн барилгуудын цутгамал төмөр бетон угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний 2.2-т нэрлэн заасан ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэх, хариуцагч нь гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ажлын зураг, техникийн шаардлага хүлээлгэн өгч, алдаагүй ажлын хэмжээнд ногдох төлбөрийг тооцон олгох, шаардлага хангасан материалыг захиалгын дагуу хугацаанд нь нийлүүлэхээр харилцан тохиролцжээ. /1хх7-21/

 

Зохигчдын хоорондох уг гэрээ цуцлагдаж, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс төлөгдсөн байх бөгөөд талуудын хооронд сул зогсолтын зардал, нэмэлт ажиллах хүч ажиллуулсны хөлс төлөх эсэх, гүйцэтгэсэн ажлын хөлснөөс барьцаанд авсан төлбөрийг буцаан олгох эсэхт маргаан үүссэн байна. Шүүх ажлын хөлсөөс барьцаалан авсан 17 940 158 төгрөгийг хариуцагчаас гаргуулж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгчийн сул зогсолтын зардал 20 930 000 төгрөгийг гаргуулах хангалттай үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Гэрээний талуудын инженер оролцсон тэмдэглэл гэх баримтад нэхэмжлэгчийн нэрлэн заасан шалтгаанаар сул зогсолт үүссэн гэж тэмдэглэгдсэн байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн өгсөн захиалгын дагуу материалыг нийлүүлэх, барилгын ажилд шаардлагатай түр цахилгааныг нэхэмжлэгч өөрөө хариуцахаар гэрээний 5.1.4, 5.1.5-д тохиролцсон байна. Тэгэхээр цахилгааны сааталтай хамааралтай сул зогсолтод хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно. Мөн суурийн модон материал балка брус, бетон зэргийг ямар цаг хугацаанд авахаар хэзээ захиалга өгсөн, шинжилгээ хийгдсэн, арматур баримтын хамт ирэх цаг хугацаа зэрэг нь тодорхойгүй байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 27 дугаар талд 2 талын талбайн инженерүүд 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр талбайд цахилгааны асуудал шийдэгдээгүйн улмаас 220 вт генератор авчирсан боловч багажны хүчдэл дийлээгүй, 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 17-ны өдрүүдэд суурийн модон материал болох балка брүс гэх мэт материалгүй, 05 дугаар сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд арматурын шинжилгээний бичиг гараагүйн улмаас тус тус талбайд ажил хийгдээгүй, ажил эхэлсэн өдрөөс хойш нийт 10 өдөр сул зогсолт хийсэн талаар тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг эргэлзээгүй нотлох баримт биш байна.

 

Гэрээний 4.1.28, 5.1.4-т гүйцэтгэгч нь захиалагчаас захиалгын дагуу авч буй материалыг нийлүүлэх газарт ирсэн тухайд тухайн материал гэрээгээр тохирсон чанар, стандартад нийцсэнийг тодорхойлсон лабораторийн шинжилгээний бичгийг шалгаж, акт үйлдэн хүлээн авна, захиалагч нь шаардлага хангасан материалыг захиалгын дагуу хугацаанд нь нийлүүлэх үүрэгтэй гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчаас бараа материал захиалсан талаарх баримтгүй, захиалагч бараа материалыг ямар хугацаанд, хэр хэмжээгээр барилгын талбайд буулгах талаар гэрээндээ нарийвчлан тохиролцоогүй байна.

 

Мөн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн барилга угсралтын ажлын тэмдэглэлд ... нийтээр амрах баярын өдөр, цаг агаарын байдлаас болж ажил саатсан, захиалагчийн зүгээс ажлын талбайд мотор авчирч өгсөн боловч тог хэлбэлзэлтэй багаж нь шатаж ажил хийх боломжгүй болж амарсан, ажлын талбайд палк, брүс буусан, цутгах шийд автор өгөөгүйн улмаас сул зогсолт хийсэн ..., гэж тусгагдсан байна. /1хх137-140/

 

Дээрхээс үзэхэд хариуцагчийн гэрээний үүргийн биелэлтээс хамаарч ажил зогсож, сул зогсолт үүссэн гэх үндэслэлгүй, шүүх 13 хоногийн сул зогсолтын зардалд 20 930 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Иж бүрэн хэмжилтийн багажтай геодезийн инженер техникчийг ажиллуулсан ажлын хөлсөнд 5 486 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Гэрээний 4.1.30, 8.1 дэх хэсэг, гэрч Э.Ариунболдын мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэхэд гүйцэтгэгч өөрийн инженерийг ажиллуулахын тулд захиалагчийн зөвшөөрлийг авах шаардлагатай байхын зэрэгцээ ийнхүү өөр инженер техникч ажиллуулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Гэрээний 8.1 ажил гүйцэтгэхэд гарах шаардлагатай зардлыг гүйцэтгэгч хариуцна гэх заалтыг гэрч Э.А хэвтээ тэнхлэг дээр алдаа гаргаагүй. Өндрийн түвшин дээр 5-6 см алдаатай байсан боловч энэ нь барилгад нөлөөлөх алдаа биш. Тухайн үед бид нар энэ талаар мэдээд гүйцэтгэгч компанидаа хэлсэн. Анх барилгыг барихад геодезийн компани 4 хатуу цэгийг тавьж өгдөг. Тэр нь өндөржилт өгсөн цэг байдаг бөгөөд үүнээс бид нар цэгээ зөөж барилга барих талбайдаа байршуулдаг. Тэр цэгээс хэмжилт хийхдээ манай геодезийн инженер 5-6 см доошоо илүү ухуулсан байсан. Энэ нь барилгад нөлөө үзүүлэхгүй, бага хэмжээний алдаа гэх мэдүүлэгтэй харьцуулан дүгнэхэд захиалагч талын инженерийн гаргасан алдааг бусад инженер техникчдийн тусламжтайгаар тухай бүрт нь тогтоосон төсвийн хүрээнд залруулах боломжтой байсан гэж үзэхээр байна. /2хх120-121/

 

Зохигчид ажлын гүйцэтгэлийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн талаар маргаагүй, гүйцэтгэсэн ажлын хөлсийг олгохоос татгалзах үндэслэл болохгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Гэрээний 3.2.1, 3.2.3-т зааснаар гүйцэтгэлийн баталгааг ажлын хөлс төлөх үүргийн хүрээнд буцаан төлөхөөр тохиролцсон байх тул ажлын хөлсөөс суутгасан 17 940 158 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290 100 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

 

А.МӨНХЗУЛ