| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0390/Э |
| Дугаар | 415 |
| Огноо | 2018-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,
шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт М-ын Б-д холбогдох эрүүгийн 1810005910486 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингаравын 13311 Их монгол улсын гудамжны 107 дугаар байрны 27 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т- овогт М-ын Б- /РД: ……………./
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч М.Б- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн улирлын цэцэрлэг хотхоны С2 дугаар байрны 714 тоотод 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн үед гадуур ажил хөөцөлдөж яваад гэртээ буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар Дөрвөн улирлын цэцэрлэг хотхоны С2-714 тоот байрандаа ирэхэд М.Б- архи уучихсан халамцуу байдалтай гэрт сууж байсан. Би “чи манайд юу хийж байгаа юм бэ” гэхэд үгийн зөрүүгүй намайг алгадаж цохисон. Цохиход нь би арагшаа савж шалан дээр унаад “ёо яаж байгаа юм бэ” гэхэд Б- гараа зангидаж байгаад миний зүүн талын бөөр, хавирга руу нилээн олон удаа цохисон. Мөн бөгс, нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Би хашгираад, уйлаад, орилсон чинь миний цамцны урдаас зуураад хоолой багалзуурдаж бооход миний дуу гарахаа больсон. Б- цамцнаас татаж босгоод унтлагын өрөө рүү оруулаад орон дээр түлхэж унагаад цамцны урдаас татахад срочкин цамцны бүх товч тасарсан. Толгойн хоёр талаас алгадаж цохиод “янхан, гичий” гээд доромжилсон. Мөн “би чамайг хэзээ ч доромжилж байгаагүй шүү, Одоо цохичихье” гээд цохисон. Цохиж байхдаа “чи өөрийгөө янхан” гэж хэл гэхээр нь хэлэхгүй болохоор дахин цохисон. Энэ үед миний утас дуугарсан ба би Б-д “утсаа аваад яръя” гэхэд “чи утсаа авчраад миний хажууд чанга дээр нь тавиад ярь” гэхээр нь би утсаа авчраад чанга дээр тавиад ярихад найз Алтанзул ирчихсэн хаалганы код асуухаар нь хэлж өгсөн. Би хаалгаа онгойлгоод өгье гэж босоод тэр чигтээ хаалгаар хөл нүцгэн гарсан. Найз Алтанзулыг буугаад ирэхэд нь би уйлчихсан байсан бөгөөд учраа хэлж гэрийнхээ хаалгыг онгойлгож гутлаа аваад гадуур хувцасгүй доошоо буусан. …Миний зүүн талын 5 дугаар хавирга зөрж хугарсан, толгойн зүүн чихний ар талд том хөхөрсөн байсан. Мөн биеийн энд тэнд хөхөрч, хөндүүртэй болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,
Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Миний бие 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ахлагч Д.Э-ын хамтаар автомашинтай Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад төв буюу Арцат 10-аас “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Дөрвөн улирлын цэцэрлэг хотхоны С2-714 тоотод хүн зодуулаад байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад иргэн Б- Батцэцэгийг зодож биед нь гэмтэл учруулсан байдалтай, Батцэцэг гэх эмэгтэй уйлаад “энэ залуу намайг сая зодчихлоо” гэж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний бие 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ахлагч Г.М-ийн хамт автомашинтай Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад төв буюу Арцат 10-аас “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Дөрвөн улирлын цэцэрлэг хотхоны С2-714 тоотод хүн зодуулаад байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад дуудлага мэдээлэл өгсөн Батцэцэг гэх эмэгтэй байрныхаа гадаа хүнд зодуулсан байдалтай цагдаагийн алба хаагч ирэхийг хүлээгээд байж байсан. Өөрөөс нь юу болсон талаар тодруулахад “Б- манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг зодчихлоо” гэж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3260 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1 Т.Б-ийн биед зүүн талын 5-р хавирганы далд хугарал, баруун, зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбээний дээд гадаргуу, зүүн чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы цус хуралт, баруун нүдний доод зовхи, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/,
Яллагдагч М.Б- мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Батцэцэгийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Дөрвөн улирлын цэцэрлэг хотхоны С2-714 тоот гэрт хамт хоночихоод маргааш өглөө нь буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед гарч гадуур ажил хөөцөлдөж яваад “Сүлд” авто салон дотор найзуудтайгаа хөзөр тоглож хоносон. Маргааш өглөө 08.30 гээд Батцэцэгийн гэрт очиход эзгүй байсан. Надад түлхүүр нь байдаг болохоор хаалгыг нь онгойлгож ороод ганцаараа нэг шил вино ууж байгаад хэсэг унтчихсан байсан. 11 цагийн үед Батцэцэг гэртээ ирээд бид хоёр хоорондоо маргалдсан. Батцэцэг “чи гадуур архи дарс ууж хонолоо, Би гарлаа” гэхээр нь “гаргахгүй явуулахгүй” гээд маргалдсан. Ингээд хоёр биенийгээ татаж чангааж байгаад орны урдуур унасан. Би Батцэцэгийг босгох гэж дээш татаж чангаасан. Батцэцэг дахин “гарлаа” гээд байхаар нь орхисон ба тэрээр гэрээсээ гараад цагдаа дуудчихсан байсан. Би Батцэцэгийг цохиж зодсон асуудал байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
хохирогчийн өргөдөл /хх-ийн 7-р хуудас/, “Med trauna” эмнэлгийн томографийн шинжилгээ /хх-ийн 29-32-р хуудас/, хохирлын баримт /хх-ийн 43-47-р хуудас/,
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 35-р хуудас/, Баярзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав, 13311 Их монгол улсын гудамжны 107 байрны 27 тоотод оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 36-р хуудас/, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэнд гэмт хэрэг гарсан газрыг Дөрвөн-Уулын цэцэрлэг хотхон гэж бичсэн боловч хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан баримтуудаар “Дөрвөн улирлын цэцэрлэг хотхон”-д гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож байх тул зөвтгөх нь зүйтэй байна.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн улирлын цэцэрлэг хотхоны С2 дугаар байрны 714 тоотод хохирогч Т.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Хохирогч Т.Б-ийн …Би “чи манайд юу хийж байгаа юм бэ” гэхэд Б- үгийн зөрүүгүй алгадаж цохисон. Цохиход нь би арагшаа савж шалан дээр унаад “ёо яаж байгаа юм бэ” гэхэд Б- гараа зангидаж байгаад зүүн талын бөөр, хавирга руу нилээн олон удаа цохисон. Мөн бөгс, нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Би хашгираад, уйлаад, орилсон чинь миний цамцны урдаас зуураад хоолой багалзуурдаж бооход миний дуу гарахаа больсон. Миний араас Б- цамцнаас татаж босгоод унтлагын өрөө рүү оруулаад орон дээр түлхэж унагаад цамцны урдаас татахад срочкин цамцны бүх товч тасарсан. Толгойн хоёр талаас алгадаж цохиод “янхан, гичий” гээд доромжилсон. Мөн “би чамайг хэзээ ч доромжилж байгаагүй шүү, Одоо цохичихье” гээд цохисон. Цохиж байхдаа “чи өөрийгөө янхан” гэж хэл гэхээр нь хэлэхгүй болохоор дахин цохисон. …Миний зүүн талын 5 дугаар хавирга зөрж хугарсан, толгойн зүүн чихний ар талд том хөхөрсөн байсан. Мөн биеийн энд тэнд хөхөрч, хөндүүртэй болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,
Гэрч Г.М-ийн …Арцат 10-аас “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Дөрвөн улирлын цэцэрлэг хотхоны С2-714 тоотод хүн зодуулаад байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад иргэн Б- Батцэцэгийг зодож биед нь гэмтэл учруулсан байдалтай, Батцэцэг гэх эмэгтэй уйлаад “энэ залуу намайг сая зодчихлоо” гэж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Д.Э-ын …Арцат 10-аас “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Дөрвөн улирлын цэцэрлэг хотхоны С2-714 тоотод хүн зодуулаад байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу дээрх тоотод очиж шалгахад дуудлага мэдээлэл өгсөн Батцэцэг гэх эмэгтэй байрныхаа гадаа хүнд зодуулсан байдалтай цагдаагийн алба хаагч ирэхийг хүлээгээд байж байсан. Өөрөөс нь юу болсон талаар тодруулахад “Б- манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг зодчихлоо” гэж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3260 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Т.Б-ийн биед зүүн талын 5-р хавирганы далд хугарал, баруун, зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбээний дээд гадаргуу, зүүн чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы цус хуралт, баруун нүдний доод зовхи, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх ба, хувийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргасан ба, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч М.Б- нь хохирогч Т.Б-ийг зодож хөнгөн хохирол учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч М.Б-г гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Хохирогч Т.Б- нь мөрдөн байцаалтанд хохирлын баримт /хх-ийн 43-47-р хуудас/ гаргаж өгсөн боловч М.Б-тай эвлэрсэн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 11-р хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдоос эрүүгийн хариуцлагын талаар санал гаргахдаа улсын яллагчаас гаргасан торгох ялын талаар маргаагүй.
Шүүхээс шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хх-ийн 33-р хуудас/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.