| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2402000000238 |
| Дугаар | 2025/ДШМ/1239 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | Б.Б, Г.Х |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/1239
2025 10 30 2025/ДШМ/1239
Б.Б-, Г.Х- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
цагаатгагдсан этгээд Б.Б-ий өмгөөлөгч С.Тэгшжаргал, Ц.Дэлгэрням,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2051 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Чанцалдуламын бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 93 дугаар эсэргүүцлээр Б.Б-, Г.Х- нарт холбогдох эрүүгийн 2402000000238 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
1. Б- овгийн Г-ийн Х-, ........., ял шийтгэлгүй, /РД:Г-/;
2. Б- овгийн Б-ын Б-, ....... ял шийтгэлгүй, /РД:Г-/;
Г.Х- нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт офицеруудын ордны тойргийн зүүнээс баруун чиглэлд “дугаарын хязгаарлалттай, жолоодох эрхийн үнэмлэхгүй” байхдаа .... УБЛ улсын дугаартай “Toyota harrier” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар зам тээврийн зөрчилд холбогдон шалгуулахгүй байж өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Зэвсэгт хүчний авто техникийн хяналтын албаны зохицуулагч цагдаагийн албан үүргийг гүйцэтгэж байсан Г.Б-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 140.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
Г.Б- нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нийтийн албан тушаалтнаар буюу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт офицеруудын ордны тойргийн зүүнээс баруун чиглэлд Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны цагдаа-зохицуулагчаар ажиллаж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-т заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэснийг,
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл” бичиг баримттай байна, 3.7 дахь хэсгийн а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэсэн, мөн Нийслэлийн засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/1037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1-т “...Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын дугаар нь дараах тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл /ажлын өдрүүдэд/ уг гарагуудад замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана” гэж заасныг тус тус зөрчиж,
.... УБЛ улсын дугаартай “Toyota harrier” маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн Г.Х-ыг “дугаарын хязгаарлалттай өдөр, жолоодох эрхийн үнэмлэхгүй” замын хөдөлгөөнд оролцсон гэдгийг мэдсээр байж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс зөрчлийг шийдвэрлээгүй, хариуцсан албан тушаалтанд шилжүүлээгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Г.Х-аас 140.000 төгрөгийг бэлнээр хахуульд авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Х-, Б.Б- нарыг цагаатгаж, Г.Х-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, Г.Х-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2402 00000 0238 дугаартай хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АК9902212, АL8660681, АL6105115, АF2471022, АК6174654, АК9549961, АР2181361 сери дугаартай 7 ширхэг Монгол Улсын 20.000 төгрөгийн дэвсгэрт нийт 140.000 төгрөгийг улсын орлого болгуулахаар төрийн дансанд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг эрүүгийн хэргийг хадгалах хүртэлх хугацаагаар хэрэгт хавсаргаж, Г.Х-, Б.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Г.Х-, Б.Б- нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Чанцалдулам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүхийн цагаатгах тогтоолын дүгнэлтийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Үүнд, Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, “...улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ий эрх зүйн байдлыг тодорхойлохдоо зөвхөн Зэвсэгт хүчний жанжин штаб болон Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтран ажиллах гэрээ /1хх 238-243/-ээр тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хуульчилсан. Ингэхдээ 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэсэн гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Б.Б- Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/1216 дугаартай тушаалаар Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны цагдаа, зохицуулагчаар томилогдсон. Авлигын эсрэг Нэгдсэн үндэсний конвенцод “Төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу...цалинтай буюу цалингүй ажилладаг, албан тушаалын зэрэглэлээс үл хамааран, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсвэл төрийн үйлчилгээ үзүүлдэг, ...төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг ойлгохоор заасан.
Мөн Төрийн тусгай албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалт “...зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ...байгууллагын офицер, ахлагч...”, хамаарна,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт “...энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалт“. төрийн ...тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан..” гэж зааснаар Б Б-ий албан тушаал нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын болон Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал нарын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах” гэрээний дагуу, ажлын байрны тодорхойлолтод дурдсан зорилтыг хэрэгжүүлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд албан үүргээ гүйцэтгэж байсан хэргийн үйл баримтын хувьд гэрээгээр эрх шилжүүлэн үүрэг гүйцэтгэж байсан, мөн өөрийн эрхэлж буй албан тушаалын хувьд шүүгдэгч Б.Б- нь нийтийн албан тушаалтан мөн байхад шүүхээс нийтийн албан тушаалтан биш гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Тухайн цаг хугацаанд Б.Б- нь томилогдсон албан тушаалын хүрээнд нийтийн албан хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлж байхтай холбоотойгоор гэмт хэрэгт холбогдсон тул хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үйлдлийг хийсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тухайн гэрээтэй холбоотой захиргааны эрх зүйн маргаан гарсан ч /эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэл гаргаснаар/ Б.Б- нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны чиг үүргээ хэрэгжүүлж байсан тул ямар ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүхээс өөр эрх зүйн маргааныг эрүүгийн эрх зүйн маргаан /хэрэг/ шийдвэрлэхтэй хольсон дүгнэлт хийсэн нь буруу болжээ.
Шүүх “...эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэдэг бүх шатны шүүх аливаа захиргааны гэрээг хүчин төгөлдөр эсэхийг тогтоох боломжгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй...” гэж дүгнэлтдээ тусгасан атлаа Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал нарын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах” гэрээг “...Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулиудад дурдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб нь өөр чиг үүрэгтэй агентлаг бөгөөд улсын яллагчийн дүгнэлтэд дурдсанчлан Хамтран ажиллах гэрээгээр төрийн тусгай албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, хуулиар харьяалуулсан чиг үүргийг шууд шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй.” гэж гэрээг шууд дүгнэж байгаа нь ч мөн хууль зүйн үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино", Мөн хуулийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж заасан.
Дээрх зохицуулалтаар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх ажиллагааг хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой бөгөөд нэхэмжлэлийн үндсэн дээрээс эхлэх ажиллагаа байхад Эрүүгийн хэргийн шүүх өөрийн санаачилгаар гэрээг хүчингүй эсэх асуудал дээр дүгнэлт хийх боломжгүй бөгөөд шүүхийн цагаатгах тогтоолын дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна.
Шүүх хуралдааны явцад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Офицеруудын ордны тойргийн зүүнээс баруун чиглэлд “дугаарын хязгаарлалттай, жолоодох эрхийн үнэмлэхгүй” байхдаа .... УБЛ улсын дугаартай “Тоёото хариер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож,
Улмаар зам тээврийн зөрчилд холбогдон шалгуулахгүй байж өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Зэвсэгт хүчний авто техникийн хяналтын албаны зохицуулагч цагдаагийн албан үүргийг гүйцэтгэж байсан Б.Б-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 140.000 төгрөгийг хахууль өгсөн гэх үйлдэлд гэм буруутайд тооцох санал гаргаж хуралд оролцсон.
Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч Г.Х-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ямар нотлох баримтаар яаж няцаан үгүйсгэж, цагаатгасан болохоо огт дүгнээгүй буюу цагаатгасан үндэслэлээ дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасныг зөрчсөн буюу шүүхийн цагаатгах тогтоол шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Б-ий өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүрэн хүлээн зөвшөөрч, хэвээр үлдээх байр суурьтай байна. Прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг дараах байдлаар няцаая. Анхан шатны шүүхээс хэргийг цагаатгасан үндэслэлээ тодорхойлохдоо тусгай субьекттэй гэмт хэргийн хууль зүйн үндсэн шинжийг дурдсан. Монгол Улсад Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, бусад хуулиар нийтийн албан тушаалтан гэдэг субьектийг тодорхойлсон. Гэтэл Зэвсэгт хүчний жанжин штабын Тээврийн хяналтын албаны цагдаа зохицуулагч гэх нэршилтэй субьектийн асуудлыг хуулиар тогтоосон зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын байгуулсан гэрээний үндсэн дээр ийм зүйл гаргаж ирсэн. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар замын хөдөлгөөний буюу Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг хариуцах албан тушаалтныг цагдаагийн байгууллагын алба хаагч гээд тусгайлан заасан. Хуульд заасан хэм хэмжээг зөрчиж, гэрээ байгуулах замаар албан тушаалтны асуудлыг тодорхойлсон нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчим Эрүүгийн хуульд заасан тодорхой хэм хэмжээг тайлбарлаж дүгнэхэд захиргааны хэм хэмжээг ашиглаж болно гэж заасан. Түүнээс биш захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудлыг эрүүгийн хэргийн шүүгч дүгнээд байгаа асуудал биш. Захиргааны гэрээ хүчинтэй эсэхийг дүгнэх боломжгүй учраас оруулж ирсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Мөн захиргааны гэрээг байгуулж буй талууд нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу эрх шилжүүлэх гэрээ хийх эрхгүй этгээд. Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8, 11 дүгээр зүйлүүд нь эрх шилжүүлэх гэрээ хийх тухай зохицуулалт биш салбар хуулийг буруу хэрэглэж, эрх шилжүүлсэн асуудал юм. Хуулиар хориглосон байхад эрх шилжүүлэх ажиллагаа хийж, албан тушаалтныг тодорхойлсон нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй гэж үзэж шийдвэрлэсэн. Цагдаагийн албаны тухай хууль, Батлан хамгаалах тухай хууль, Жанжин штабын дүрэм, цагаатгагдсан этгээд Б.Б-ий албан тушаалын тодорхойлолт зэргээр Б.Б- нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхгүй. Үүнд давуу байдал олгож, хахууль авсан гэдэг асуудлыг ярих бүр ч боломжгүй учраас түүнийг гэм буруутайд тооцох нөхцөл байдал үүсээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд хэрэгт хуулийн талаар дүгнэлт хийх асуудалд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим энэ хэрэгт хэрэгжиж байгаа. Прокурор Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг конвенцийн заалтыг иш татаж ярьж байгаа боловч тус конвценцийн 2 дугаар зүйлд оролцогч улсууд нийтийн албан тушаалтан хэн байх гэдгийг дотоодын хууль тогтоомжоороо тогтооно гэж заасан. Дотоодын хуулиар Жанжин штабын Тээврийн хяналтын албаны энэ субьект зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны субьект болохгүй гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан заасан. Тиймээс энэ хүний эрх зүйн байдал гэрээгээр тогтоогддог субьект биш тул нийтийн албан тушаалтан гэж үзэх боломжгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Б-ий өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Авлигын эсрэг конвенцийн 3 дугаар зүйлд оролцогч улсуудын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн албан тушаалтан гэж хэнийг хэлэх вэ гэдгийг ойлгохоор заасан. Хүнийг буруутан болгох амархан, гэхдээ миний үйлчлүүлэгчийн хувьд офицер биш, 1, 2 зураастай албан хаагч. “Уйлаад, нөхөр нь аймаар загнадаг, зоддог гээд байна, явуулчих уу” гээд хамт байсан офицероосоо асуутал “Өөрөө мэдээд явуулчих” гэж хэлсэн учраас явуулсан гэдэг. Ямар нэгэн мөнгө нэхээгүй, эмэгтэй автомашинаа авч явсан. Түүний нөхөр нь цагдаагийн алба хаагчид маш дургүй хүн байсан тул энэ асуудлыг хөндөж, эхнэртээ тулгасан нөхцөл байдал байж болзошгүй гэж үзэж байна. Ашиг сонирхол нэгдсэн эхнэр, нөхөр хоёр өөртөө ашигтай хэлбэрээр, өөрийнхөө буруутай үйлдлийг хаацайлах үүднээс илтэд буруу мэдүүлэг өгсөн байх үндэслэлтэй. Өмгөөлөгчийн зүгээс цалин авч байгаа л бол алба хаагч гэсэн байр сууринаас үзэж байгааг буруушааж байна. Хуулийн үйлчлэх хүчин төгөлдөрөөр эрэмбэлж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, гэрээ гэж ангилдаг. Хамгийн эрх мэдэлтэй, хүчин чадал бүхий Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн өөрсдийнхөө эрх, үүргийг бусдад шилжүүлэхийг хориглосон онцгой субьектуудын байгуулсан гэрээгээр миний үйлчлүүлэгчийг буруутай гэж үзсэн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байна. Автомашиныхаа хойд талыг нээж, пүүзээ өмсөөд ажлаасаа буух гээд байж байтал хүрч ирээд “Уснаас чинь нэгийг авчихъя” гэж хэлээд хойноос 1 ширхэг ус авахдаа мөнгө хийсэн байсан. Мөнгө хийснийг нь миний үйлчлүүлэгч мэдээгүй, биедээ ч аваагүй байхад ийм нөхцөл байдал үүссэн. Энэ талаар анхнаасаа үнэн зөвөөр, тогтвортой мэдүүлж ирсэн. Иймд энэ бүхнийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Б-, Г.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг прокурор Г.Чанцалдуламын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос Г.Х- нь Зэвсэгт хүчний авто техникийн хяналтын албаны зохицуулагч цагдаагийн албан үүргийг гүйцэтгэж байсан Г.Б-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 140.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
Г.Б- нь нийтийн албан тушаалтнаар буюу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт офицеруудын ордны тойргийн зүүнээс баруун чиглэлд Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны цагдаа-зохицуулагчаар ажиллаж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7.1.3, 7.1.7-т “заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэснийг, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн а-д 3.7 дахь хэсгийн а-д “мөн Нийслэлийн засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/1037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1-т заасныг тус тус зөрчиж, Г.Х-ыг “дугаарын хязгаарлалттай өдөр, жолоодох эрхийн үнэмлэхгүй” замын хөдөлгөөнд оролцсон гэдгийг мэдсээр байж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс зөрчлийг шийдвэрлээгүй, хариуцсан албан тушаалтанд шилжүүлээгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Г.Х-аас 140.000 төгрөгийг бэлнээр хахуульд авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Б-, Г.Х- нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” стандарт шаардлагыг хангаагүй байна.
Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг болно.
Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хэрхэн сэргээгдсэн, ямар үйл баримт тогтоогдож буй, үүнд тэдний гэмт хэрэг үйлдэхдээ хамтран оролцсон оролцоо, үйлдэл байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцэх юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж хахууль авах гэмт хэргийн анхны шинжийг болон эрүүгийн хуульд заасан нийтийн албан тушаалтныг тодорхойлсон.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “...зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж зааснаар Б.Б- нь нийтийн албан тушаалтанд хамаарч байх тул анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Г.Х- нь өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Зэвсэгт хүчний авто техникийн хяналтын албаны зохицуулагч Б.Б-д тус чиг үүрэг албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 140.000 төгрөг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж прокуророос анхан шатны шүүхэд шилжүүлсэн үйл баримтад үгүйсгэл няцаалт хийгээгүй буюу үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурор Г.Чанцалдуламын бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 93 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул Б.Б-, Г.Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2051 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Б.Б-, Г.Х- нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА