| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/00614/И |
| Дугаар | 192/ШШ2025/10617 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/10617
2025 12 10 192/ШШ2025/10617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн дугаар хороо, Их монгол гудамж, Скай гарден хотхон, дугаар байр, тоот хаягт оршин суух, регистрийн дугаартай, БТ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүргийн дугаар хороо, Хүннү, Удирдлагын академи гудамж, тоот хаягт оршин суух, Б У холбогдох
Гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг гаргуулах, Б.У сөрөг нэхэмжлэлтэй Б.Тхолбогдох 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан төлбөр тооцооны хэлцэл, компанийн эрх шилжүүлэх гэрээ, худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 135,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б
хариуцагч Б.У түүний өмгөөлөгч М.Ч
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Б.У холбогдуулан төлбөр тооцооны үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Учир нь Б.Т өөрийн гэр бүлийн хүн Б.Халиуны хамт улсын бүртгэлийн 6626106 дугаарт бүртгэлтэй, А ХХК-ийг Б.У 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 150,000,000 төгрөгөөр худалдахаар компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний үндсэн дээр мөн өдрөө компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны хамт шилжүүлсэн. Мөн тухайн өдрийн огноогоор төлбөр тооцооны гэрээ байгуулсан ба уг гэрээгээр 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Өөрөөр хэлбэл Ариунзаяа дент компанийн 20 ширхэг хувьцааг нийт 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсноос Б.Уу35,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөөгүй. Б.Т анх уг компанийг 250,000,000 төгрөгөөр худалдан авч, тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан компаниа Б.У тохиролцож 250,000,000 төгрөгнөөс бууруулж 150,000,000 төгрөгөөр худалдсан. Иймд үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Уүүний өмгөөлөгч М.Чнар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч А дент ХХК-ийг худалдаж авахдаа тухайн компанийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цаашид ашиглах, компанийн тохижилт үйлчилгээ, үйл ажиллагааг нь анх худалдаж авсан байршилд нь үргэлжлүүлэн явуулах зорилготой байсан. Гэрээ байгуулснаас хойш үйл ажиллагааг явуулах хүртэл тодорхой хугацаанд бэлтгэл ажил хийж байх хугацаанд нэхэмжлэгчээс хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүд дээр эвдрэл гэмтэл гарсан. Хавтаст хэрэгт авагдсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, эд хогшлийн тооллого гэсэн хүснэгтэд байгаа баримтад нэхэмжлэгчээс хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж дотор нэг бүр нь 7,800,000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг шүдний аппаратын ажилбарын буйдан байсан. Хариуцагч тухайн буйданг ашиглах гэсэн ч ажиллахгүй байсан тул эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ явуулдаг Мэжик медикал кэер компаниар засуулахаар дуудаж үзүүлэхэд ашиглах боломжгүй гэх техник үйлчилгээний акт гарсан ба үүнтэй холбогдуулан өөрийн байгууллагад ашиглахгүйгээр акталж, хураасан ба шинэ ор худалдаж авсан. Нэхэмжлэгч Б.Т компанийн хувьцаатай дагалдуулж өгсөн тоног төхөөрөмжөөс хоёр буйдан ажиллахгүй байгаа учраас 150,000,000 төгрөгнөөс хоёр буйдангийн үнэлгээг хасаж тооцно, 15,000,000 төгрөгийг төлөх боломжгүй гэдгийг тайлбарлаж мэдэгдсэн. Гэрээний нийт үнэ 150,000,000 төгрөг дотор хоёр ширхэг шүдний ор байсан гэдэг дээр хэн аль нь маргадаггүй. Нэхэмжлэгч талын тооцсон үнэлгээгээр хоёр буйдан нийлээд 15,600,000 төгрөг тул татгалзлын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч талд шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 15,600,000 төгрөгөөр үнэлсэн тоног төхөөрөмж ажиллах боломжгүй учир гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг төлөх боломжгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Усөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Уг миний бие Б.Т нартай 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр А дент ХХК-ийн хувьцаа, тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, тохижилт гээд бүхэлд нь худалдаж авсан. Хувьцааны нэг бүрийн үнийг 20,000 төгрөгөөр тооцож хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үүний дагуу компанийн эрх шилжүүлэх гэрээ, нэмэлтээр төлбөр тооцооны гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд хувьцаа болон тохижилт, бусад тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрөл зэргийн нийт үнэ 150,000,000 төгрөг бөгөөд төлбөр тооцоог хэзээ, хэрхэн төлөхийг нотлох баримттай байдлаар баталгаажуулсан. Б.Ууганцэцэг миний хувьд тухайн компанийг худалдаж авч байгаа гол зорилго нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид үйл ажиллагаа явуулах байсан. Худалдагчийн зүгээс гэрээ байгуулахдаа тухайн компани тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой, тусгай зөвшөөрөл сунгагдах боломжтой, эрхийн доголдолгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүрээнд үүргээ зөрчиж байгаагүй гэж тайлбарлаад худалдан борлуулсан. Гэтэл хариуцагч гэрээний дагуу компанийн эрхийг шилжүүлэн авснаас хойш компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгах гэтэл холбогдох байгууллагаас тухайн компанийг байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа тайлан мэдээ өгч байгаагүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй тул тусгай зөвшөөрөл сунгагдах боломжгүй гэдэг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл авснаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж цаашид сунгах боломжгүй гэдэг хариуг өгөөд хүсэлтийг нь хүлээж аваагүй байдаг. Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагчийн санаачилгаар гэрээгээ цуцлах эрх зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл худалдан авсан гол хөрөнгө буюу тусгай зөвшөөрөл нь цаашид ашиглах боломжгүй, эрхийн доголдолтой учир хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон холбогдох гэрээ хэлцлийг цуцлах шаардлагатай. Мөн гэрээний дагуу хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж дотор нэг бүр нь 7,800,000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг шүдний аппаратын буйдан ашиглах боломжгүй гэх техник үйлчилгээний акт гарсан, өөрөөр хэлбэл доголдолтой хөрөнгө шилжүүлсэн. Иймд талуудын хооронд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан төлбөр тооцооны хэлцэл, компанийн эрх шилжүүлэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээг бүхэлд нь цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 135,000,000 төгрөгийг Б.Т гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, гэрээний гол хүсэл зориг нь худалдан авагч тал шүдний эмнэлгийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлж, бизнес хийх, ашиг олох, хоёрдугаарт, тухайн компанийг дагалдуулж өгсөн 176 нэр төрлийн эд хөрөнгөөс хоёр буйданг гажигтай, ашиглах боломжгүй гэж байгаа ч тухайн буйданг акталсан, устгасан, буйданд завсар үйлчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, энэ нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т заасанд хамааралгүй. Өөрөөр хэлбэл худалдаж буй гол зүйл нь компанийн хувьцаа, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ ба харин дурдагдаж буй 176 нэр төрлийн тоног төхөөрөмж нь компанийн тусгайлсан эд хөрөнгөд бүртгэлтэй учраас компанийг дагаж шилжиж байгаа юм. Б.Т эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг жагсааж, Б.У шалгаад хүлээгээд авсан. Б.У үлдэгдэл 15,000,000 төгрөгийг одоохондоо төлөх боломжгүй байна, удахгүй төлнө ахаа, эгчээ гэж байснаа сүүлдээ шүдний хоёр ор ажиллахгүй байна гэсэн. Тухайн шүдний ажилбарын буйдан нь бүхэл бүтэн цогц үйлчилгээтэй буюу шүд цэвэрлэх үед аманд үлдэж байгаа шүдний хэлтэрхий, шар чулуу зэргийг цэвэрлэх зориулалттай усны гуурсан хоолой хатсан, бөглөрснийг гол эд зүйл гэмтсэн гэсэн акт биш юм. Зөвхөн тэр хэсэг ажиллахгүй байгаа нь нийт үнэнд хамаарахгүй, удаан ажиллуулаагүйгээс нарийн гуурс хатаж бөглөрсөн, бусад эд ангиуд гэмтэлтэй гэсэн дүгнэлт гаргаагүй. Шүдний орыг акталсан гэж яриад байна, тийм баримт байхгүй. Нэгэнт өөрийн компани дээр тухайн орны загварыг хоцрогдсон гэж үзсэн үү, шинэ ор аваад хаясан эсэх нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй. Ривер гарденд байрлах гоо сайхны болон шүдний эмнэлэг ажиллуулах үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх эсэхэд талуудын хооронд маргаан байхгүй гэж үзэж байна. Талууд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулахад тусгай зөвшөөрөл хуулийн хүчин төгөлдөр, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл эмнэлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Тусгай зөвшөөрлийг сунгах, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хариуцагчид шилжсэн байхад эрх, үүрэг нь дуусгавар болсонд нэхэмжлэгчийг буруутай мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жилээр олгогддог, хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө Эрүүл мэндийн яамнаас комисс ирж, тухайн эмнэлэг эмчилгээ үйлчилгээ хийж байхдаа мэргэжлийн алдаа гаргасан уу, эрүүл ахуйн орчин хангагдаж байна уу гэдэг дүгнэлт гаргаж, ахиад 3 жилээр сунгах ёстой. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар тайлангаа илгээгээгүй учраас тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гэдэг. Хэрэв компанийн эрх баригчид тайлангаа өгөөгүй бол хугацаанаас нь өмнө хүчингүй болгоно. Хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн яамнаас ирсэн баримтаар 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг сунгуулах, үйл ажиллагаагаа явуулах нь тухайн компанийн эрхийг шилжүүлж авсан хариуцагч талын үүрэг учраас сөрөг нэхэмжлэл, түүний нотолгооны үндэслэл хууль ёсны, үндэслэл бүхий байж чадахгүй байна. Эд хөрөнгийн доголдол гэж компанийг дагалдаж шилжсэн тоног төхөөрөмжөөс хоёр шүдний ор гэмтэлтэй гэж тайлбарлаж, гэрээнээс татгалзах, цуцлах эрх хариуцагч талд хуулийн дагуу үүсээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1711 дугаар төлбөр тооцооны тухай хэлцэл, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1710 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээ, А дент ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1709 дугаар компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, итгэмжлэл зэргийг,
Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, МХХК-ийн техник үйлчилгээний акт, М ХХК-ийн гэрчилгээний хуулбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эд хөрөнгө тоног төхөөрөмжийн эд хогшлын тооллогын баримт зэргийг гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 25348 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Эрүүл мэндийн газрын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/1556 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/557 дугаар захирамж, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хуулийн этгээдийн нэрс, үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт зураг зэргийг нотлох баримтаар ирснийг хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч улсын бүртгэлийн 6626106 дугаарт бүртгэлтэй А дент ХХК-ийг Б.У 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 150,000,000 төгрөгөөр худалдахаар компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээг байгуулж, энэ гэрээний үндсэн дээр мөн өдрөө компанийн эрх шилжүүлэх гэрээ, төлбөр тооцооны гэрээг байгуулж, тусгай зөвшөөрлийг тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны хамт шилжүүлсэн. Төлбөр тооцооны гэрээгээр 135,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Б.У15,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч Б.У нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ ...Гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж дотор нэг бүр нь 7,800,000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг шүдний аппаратын буйданг ашиглах боломжгүй гэх М ХХК-ийн техник үйлчилгээний акт гарсан. Иймд 150,000,000 төгрөгнөөс хоёр буйдангийн үнэлгээг хасаж тооцно, 15,000,000 төгрөгийг төлөх боломжгүй гэдгийг мэдэгдсэн тул 15,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4.Хариуцагч Б.Уу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон.Үүнд: Уг гэрээгээр А дент ХХК-ийн хувьцаа, тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, тохижилтыг бүхэлд нь 150,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Хариуцагчийн хувьд тухайн компанийг худалдан авч байгаа гол зорилго нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид үйл ажиллагаа явуулах байсан. Гэтэл хариуцагч, компанийн эрхийг шилжүүлэн авснаас хойш тусгай зөвшөөрлийг сунгах гэтэл холбогдох байгууллагаас боломжгүй гэдэг хариу өгсөн. Мөн нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн хоёр ширхэг шүдний аппаратын буйданг ашиглах боломжгүй гэх техник үйлчилгээний акт гарсан. Иймд талуудын хооронд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан төлбөр тооцооны хэлцэл, компанийн эрх шилжүүлэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээг тус тус цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 135,000,000 төгрөгийг Б.Т гаргуулна гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ... Эрүүл мэндийн яамнаас ирсэн баримтаар 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг сунгуулах, үйл ажиллагаагаа явуулах нь тухайн компанийн эрхийг шилжүүлж авсан хариуцагчийн үүрэг юм. Мөн компанийг дагалдаж ирсэн эд хөрөнгө тоног төхөөрөмжөөс доголдол илэрсэн гэж тайлбарлаж, гэрээнээс татгалзах, цуцлах эрх хариуцагч талд хуулийн дагуу үүсээгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
6.Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
7.Б.Т нар 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Уу компанийн хувьцаа худалдах, худалдан авах 1709 дүгээр гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр худалдагч А ХХК-ийн 20 ширхэг буюу 100 хувь хувьцааг 20,000,000 төгрөгөөр худалдах, эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй хувьцааг шилжүүлэх, худалдан авагч гэрээнд заасан хугацаанд үнийг төлөхөөр тохиролцсон;
7.1.Б.Тнар 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Ууганцэцэгтэй компанийн эрх шилжүүлэх 1710 дугаар гэрээг бичгээр байгуулж, эрх шилжүүлэгч нь шилжүүлсэн хувьцаанд хувь тэнцүүлсэн хэмжээгээр компанийн эрх болон компанийн бусад хөрөнгийг эрх шилжүүлэн авагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсон;
7.1.2.Б.Түвшинбаяр, Б.Халиун нар 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Ууганцэцэгтэй 1711 дугаар бүхий төлбөр тооцооны тухай хэлцэл байгуулж, уг гэрээгээр өөрсдийн өмчлөлийн РД-6626106 дугаарт бүртгэлтэй, дент ХХК-ийн 20 ширхэг хувьцааг 100 хувь Б.У нийт 150,000,000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа 15,000,000 төгрөгийг Б.Х Хаан банкны 5022811940 тоот дансанд 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн, 120,000,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Х Хаан банкны 5022811940 тоот дансанд шилжүүлнэ, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дотор тус дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.
8.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд дээрх гэрээнүүдэд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан, Б.Укомпанийн үнийн тодорхой хэсгийг төлж, Б.Т гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
9.Б.Тэрээний зүйл болох компанийн хувьцаанд ноогдох эрх, үүрэг буюу шилжүүлсэн хувьцаанд хувь тэнцүүлсэн хэмжээгээр компанийн эрх болон компанийн бусад хөрөнгийг эрх шилжүүлэн авагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, Б.Уу үнийн дийлэнх хэсгийг төлсөн үйл баримтад маргаагүй, харин гэрээний зүйл буюу шилжүүлсэн хөрөнгө нь биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй гэдэгт маргасан.
10.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т ...Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ... гэж заасан бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.
11.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т ...Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй... гэж, 256 дугаар зүйлийн 256.1-т ...Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй... гэж тус тус заажээ.
12.Талуудын хооронд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх 1710 дугаар гэрээний зүйл нь мөн өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах 1709 дүгээр гэрээний хувьцаанд ноогдох эрх, үүрэг бөгөөд эрх шилжүүлэгч нь шилжүүлсэн хувьцаанд хувь тэнцүүлсэн хэмжээгээр компанийн эрх болон компанийн бусад хөрөнгийг эрх шилжүүлэн авагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх үүрэг хүлээж, компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй, компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ гэж тохирсон байна.
13.Хариуцагч Б.Ухудалдагч буюу эрх шилжүүлэгч Б.Тгэрээний зүйл болсон компанийн тусгай зөвшөөрөл нь эрхийн зөрчилтэй, зарим тоног төхөөрөмж нь эвдрэл гэмтэлтэй байхад доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж, төлбөр тооцооны гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч улмаар дээрх гэрээнүүдийг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 135,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн.
14.Худалдан авагч буюу хариуцагч Б.У тухайн компанийг худалдан авсан гол зорилго нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах байтал тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүйг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдэгдсэн, мөн хүлээлгэн өгсөн хоёр ширхэг шүдний аппаратын буйданг ашиглах боломжгүй нь техник үйлчилгээний актаар тогтоогдсон гэж тайлбарласан.
15.Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн эрүүл мэндийн газраас баримт, лавлагаа гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч тус захирамжийн дагуу ирсэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/1556 албан бичигт ... А дент ХХК-ийн Меди рич эмнэлэг нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл нэмэх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай А/557 дугаар захирамжаар нүүр амны өвчин, согог, гажиг засал, мэс заслын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ЭХ-22/22/4430 дугаар бүхий тусгай зөвшөөрөл авсан. Тусгай зөвшөөрөл авснаас хойш статистикийн тайлан мэдээ ирүүлээгүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна гэжээ. /х.х 52дугаар тал/
16.Зохигчийн хооронд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн төлбөр тооцооны гэрээ байгуулахад тус компанийн эмнэлгийн тусгай зөвшөөрөл хүчинтэй, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болоогүй байсан, худалдан авагч Б.Уг компанийг худалдан авсан гол зорилгоо Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах байсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд компанийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх үед худалдан авсан, өөрөөр хэлбэл 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш эмнэлгийн үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах үүрэг нь хариуцагчид шилжсэн гэх нэхэмжлэгч Б.Т итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
17.Б.Түвшинбаяр дээрх гэрээнүүд байгуулснаар эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн эд хогшлын тооллого гэх баримт үйлдэж, /х.х 45 дугаар тал/ Б.Ухүлээлгэн өгсөн гэх ба баримтын доор ...Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер товерын 1 давхарт үйлчилгээний зориулалттай, 100 м.кв талбайд шүдний эмнэлэг, арьс гоо засал, гоо сайхны чиглэлд зориулан интерьер засал нь шал бүтэн, хулдаас, таазны засал, тусгаарлах хана, гэрэлтүүлэг, агааржуулагч, цахилгааны монтаж, захиалгат тавилга суурилуулалт, бүрэн камержуулалт зэрэг 8 хэсэг бүхий өрөөг бүрэн тохижуулж дуусгав. Үйл ажиллагаанд зориулж 200 нэр төрөл бүхий багаж, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил суурилалт хийгдэв. Дээрх 250 нэр төрөл бүхий эд зүйл нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тооллогод бүртгэгдсэн болно... гээд дотоод засал 165,000,000, тусгай зөвшөөрөл 50,000,000, эд хогшил, тоног төхөөрөмж 73,127,000, нийт үнэлгээ 288,127,000 гэжээ.
18.Талуудын хооронд байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу дээрх эд хөрөнгө, тоног төхөөрөмж, эд хогшлын тооллого гэсэн хүснэгтэд дурдсан жагсаалтаар хөрөнгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсанд маргаагүй, харин нэхэмжлэгчээс хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж дотор нэг бүр нь 7,800,000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг шүдний ажилбарын буйдан эвдрэл гэмтэлтэй, доголдолтой байсан нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ явуулдаг Мэжик медикал кэер компанийн техник үйлчилгээний актаар тогтоогдсон гэж, хариуцагч үндсэн нэхэмжлэлийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож тайлбарласан.
19.Хавтаст хэргийн 38 дугаар талд авагдсан Мр ХХК-ийн техник үйлчилгээний акт гэх баримтад ...Хоёр ширхэг шүдний эмчилгээний машин удаан ажиллаагүйгээс нарийн гуурс, шланк хатсан, бөглөрсөн, гол төв хавхлага жийрэг хатсан, цаашид ажиллуулах боломжгүй, ажиллуулсан тохиолдолд ус байнга гоожиж, доголдоно... гэжээ.
20.Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т ...Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан ба хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр компанийн хувьцаа болон эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хүлээн авч, мөн өдрөө 135,000,000 төгрөг төлснийг баталгаажуулж, үлдэх 15,000,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн.
21.Өөрөөр хэлбэл эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш М ХХК-иар үзүүлсэн. Уг актад дурдсан онош хэсэгт ...Хоёр ширхэг шүдний эмчилгээний машин удаан ажиллаагүйгээс нарийн гуурс, шланк хатсан, бөглөрсөн, гол төв хавхлага жийрэг хатсан, цаашид ажиллуулах боломжгүй, ажиллуулсан тохиолдолд ус байнга гоожиж, доголдоно гэсэн нь... шүдний эмчилгээний машиныг бүхэлд нь гэмтэлтэй гэж үзэхэд учир дутагдалтай, онош тавьсан хэсгийг засварлахад ямар хэмжээний зардал гарах, эсвэл бүхэлдээ жагсаалтад дурдсан нэг бүрийн үнэ 7,800,000 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдэж, төлбөрийг төлөхгүй байх үндэслэлтэй холбоотой баримт ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.
22.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.1-т эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй боловч 256.2-т ...Хэд хэдэн хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно... гэж заасантай хариуцагчийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага нийцэхгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээг цуцлах үндэслэлгүй гэж үзнэ.
23.Иймд талуудын хооронд байгуулсан төлбөр тооцооны тухай хэлцэл гэх гэрээний дагуу Б.Т нар 135,000,000 төгрөгийн төлбөрийг хүлээн авсан, харин үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг төлөх үүргээ Б.Ууганцэцэг биелүүлээгүй, нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.У 15,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т олгож, хариуцагч Б.Ууганцэцэгийн талуудын хооронд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан төлбөр тооцооны хэлцэл, компанийн эрх шилжүүлэх гэрээ, худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 135,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
24.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т Б.Т холбогдуулан талуудын хооронд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан төлбөр тооцооны хэлцэл, компанийн эрх шилжүүлэх гэрээ, худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 135,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Трын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т олгож, Б.У сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН