Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/1305

 

2025             11            19                                                                       2025/ДШМ/1305

 

 

А.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

хохирогч Б.Т-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

цагаатгагдсан этгээд А.Б-, түүний өмгөөлөгч Ж.Батжаргал,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2106 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Т-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Б-д холбогдох 240901494537 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Г- овогт А-ийн Б-, .........., /РД:А-/;

Шүүгдэгч А.Б- нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжим Бүжгийн коллежид хичээл орж байх үедээ тус сургуулийн оюутан Б.Т-тай “хичээлээс хоцорсон, бичлэг хийхээ боль” гэх зэргээр маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт баруун дээд 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний эмтрэл, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 240901494 0537 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 262 дугаар яллах дүгнэлт, тус прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2409014940537 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Б.Т-, Эрүүл мэндийн даатгалын Сангийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч А.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди, хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг сиди зэргийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, А.Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Т- давж заалдах гомдолдоо: “Миний бие Б.Т- нь би 2409014940537 дугаартай хэргийн оролцогч байгаа юм. Тэрэнтэй холбоотой Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны  09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2106 дугаар цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М.Түмэннаст шүүгч шийдвэрийг хуулийн дагуу гаргаагүй харин яллагдагч А.Б-г хууль зөрчиж цагаатгасан байна. А.Б- урьдчилсан хэлэлцүүлгийн 18:58 секундэн дээр видео бичлэг бүтнээр нь өгсөн гэж худлаа хэлсэн. Түүний өгсөн бичлэг дээр надаас гар утас булаан авч, миний хоолойноос базаж, цохисон бичлэг байхгүй байна. Миний гаргаж өгсөн видео бичлэгээс тэрийг нотолж болно. Миний өгсөн бичлэг дээр тэр надаас гар утас булааж байгаа бичлэг байгаа. Түүнчлэн би мэдүүлэг дээр бүхнийг тодорхой тайлбарласан байсан.

11:25 секундээс Б-гийн өмгөөлөгч миний тухай худал мэдүүлэг өгөөд эхэлсэн. Би ял шийтгүүлсэн гээд, би хүмүүстэй байнга зодолдож байдаг, би ял шийтгүүлсэн гээд худлаа мэдүүлэг өгсөн. Учир нь өмгөөлөгчийн намайг муулаад байгаа гол шалтгаан нь шүүгчийн нүдэн дээр намайг муу хүн гэж ойлгуулах гээд олон хүмүүс надаас холдсон байна, намайг угаасаа зодож болно гээд, харин ч Монгол улсын хуулиар ямар ч хүнийг зодож болохгүй. Өмгөөлөгч намайг ял шийтгүүлсэн гэж худлаа хэлээд харин намайг ял шийтгэл оногдсон гээд дээд шүүхэд шалгагдаж байгаа. Тиймээс намайг ял шийтгүүлсэн гэх хуулийн хүрээнд хориотой. Миний талаар өмгөөлөгч баахан сургуулийн захиргааны тодорхойлолт ба дуу дуулаачийн багш нарын хурлын бичиг, багш нарын миний талаар бичсэн саналууд ихэнх нь дээр тусгагдсан гарын үсэг зурагдаагүй, муу цаасан дээр канондож хувилсан тамгагүй зүгээр л миний нэрийг унагаах зорилготой шүүгчид миний эсрэг нөлөө үзүүлэхээр оролдлого байсан. Харин миний ойлгосноор дээрх өмгөөлөгчийн санаа шүүгчид нөлөө үзүүлж оновчтой болсон. Шүүгч миний тухай хов зүүж байгаа олон хүмүүсийн талд орж тэгээд хууль зөрчиж шийдвэр гаргасан. Учир нь би консерваторид сурч байх хугацаанд давхар 2 мэргэжлээр сурч байсан. Хийлчийн 4- р курс болон дуурийн дуулаачийн 2-р курсэд сурч байсан. Харин хувийн атаархлаас болоод зарим захиргааны хүмүүс тэр дээр дургүйцсэн. Жишээ нь намайг дуулаачийн 1-р курст шалгалт өгч орсон байхад дуулаачийн сургуулийн захирал гэх албан тушаалтан байсан тэр нь А- гэдэг нэртэй. Тэр сургуульд орсноос надад хэлсэн "түүхэнд 2 мэргэжлээр давхар сурдаг хүн манай сургуульд байгаагүй би чамайг харна" харин би тэрний яриаг тоохгүй зөв зүгээр л орхисон зүгээр хөгжимчин учраас давхар дуулж сурна гэж зүтгэсэн. Намайг сурч байхад шинэ танхимын эрхлэгчтэй болсон тэр нь Үнэнхүү гэдэг. Миний багшаар хуваарилагдсан, харин ч тэр хүн архи ууж хичээл их тасалдаг байсан. Хичээл нөхөж өгөөгүй, зарим хүүхдэд хичээл нөхөж заадаг байсан, зарим хүүхдүүдэд хичээл нөхөж өгдөггүй байсан.Ер нь хэлэхэд ялгаа юугаараа харагдаад байгаа, зарим хүүхдүүд дуулаачдын хамаатнууд ба соёлын байгууллагын захиргааны хүүхдүүд ба консерваторт ажилладаг хүмүүсийн хүүхдүүд байдаг. Тэд нарт нэг хандлага үзүүлнэ, би бол хэний ч хамаатан биш гаднаас орж ирсэн хүн. Надад өөр хандлага үзүүлдэг, надаас гадна Өвөр Монголоос 1 хүүхэд ирсэн байсан. Тэр бүр сүүлдээ уйлаад сургуулиас яваад өгсөн. Би харин тэд нарын хандлагыг тоохгүй зөвхөн л сурахын төлөө явж байсан. Энэ танхимын эрхлэгчийн удирдлагаар явсан багш нарын намайг муулсан хурлын тэмдэглэл А.Б-гийн өмгөөлөгч авчирч хэрэгт хавсаргасан. Харин ч наад Б-тэй болсон гэмт хэргийн дараа жил нь болсон. Тэд нар хууль зөрчин намайг сургуулиас хөөсөн. Албан ёсны тушаал гаргаагүй байж. Б-тэй холбогдсон маргааны гол шалтгаан нь 1 өдөр Үнэнхүү багш согтуу байж надыг доромжлоод эхэлсэн, ер нь бол бусад хүүхдүүдийг бас доромжилдог байсан, намайг өмнө нь доромжлоогүй харин тэр өдөр би хэлсэн “та хичээлээ битгий таслаа л гэж хэлсэн”. Харин тэр надад би чамд хичээл заахгүй би чиний боол биш гэж хэлсэн. Тэгээд хичээл заахаа байсан. Би Захирал А- дээр очиж багшийгаа сольё оо гэж хүсэлт гаргасан. Харин А- захирал “Би чамд хэлсэн 2 мэргэжлээр давхар сурч болдоггүй гэж хэлсэн би чамайг багш нарт хэлнэ хичээлд оруулахгүй, дуулаачийн сургуулиас хасууллаа.” Тэгээд тушаал гаргаагүй мөртлөө багш нарт энэ хүнийг хичээлд оруулж болохгүй гэж тушаасан. Энэ нь Монгол Улсын хууль зөрчиж байгаа асуудал. Би консерваторын шинэ ерөнхий захиралд Шаравцэрэнд очиж энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэлт тавьсан. Харин ч Шаравцэрэн нөгөө хүмүүстэй муудалцахгүй санаатай надад хэлсэн “чи 2 туулай битгий хөөгөөд бай чи энэ хүмүүстэй хэл амаа ойлголцож чадаагүй нь чиний буруу би чамд тусалж чадахгүй Шаравцэрэн бол хуулийн дагуу энэ асуудлыг шийдээгүй консерваторын дүрэм журмыг биелүүлээгүй.

А.Б-тэй болсон маргаан захиргааны хариуцлагагүйгээс үүссэн байгаа. А- бүх багш нарт хичээл зааж болохгүй гэсэн тушаал өгсний улмаас багш намайг хичээлд оруулахгүй болсон. Явцын шалгалтад ч оруулаагүй надад төгөлдөр хуурчийг гаргаж өгөөгүй. Тэгээд намайг шалгалтад дээр унагасан. Тэд нарын хууль зөрчиж намайг хичээлд оруулахгүй болгосон учраас өөртөө болон албан ёсны байгууллагад нотолгоо болгох үүднээс видео бичлэг хийж эхэлсэн. Тэр өдөр бүжгийн хичээл 08:30д эхлэх байсан би сургалтын албаны хүнийг цуг дагуулж авчраад хичээлд намайг оруулж болно гэж Б-д хэлүүлсний төлөө сургалтын албан дээр нөгөө хүний ирэхийг хүлээж байсан. Харин нөгөө хүн ажил дээрээ цагтаа ирээгүй, 20 минут хүлээж байгаад хичээл рүүгээ ганцаараа явсан. 08:55д хувцсаа солиод хичээлдээ орж ирсэн байсан.

Урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хурал дээр болсон талаарх шүүгчийн тогтоолыг дурдъя: Прокурор А.Б-д шийтгэл оногдуулах саналтай байна, манай өмгөөлөгч прокурортой санаа нийлж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн бичлэгийн 12:18 секундэд прокурор өөрийнхөө санаагаа хэлж байсан дээр өөрийнхнөө бодож байгааг хэлсэн. 14:00 минут дээрээ: “ Б.Т-ийн хувийн байдал, багш нартай хэрүүл гаргасан энэ гэмт хэрэгт хамаагүй. Тухайн Б- гэмт хэрэг хийсэн.

15:25 Өмгөөлөгч хэлсэн, хувийн байдлын талаар улсын яллагчийн санал нийлсэн байна Нэг хэлэхэд хуульд хүнээс утас булааж авах, ба хүнийг цохож болдоггүй.. Шүүгч бол Б-гээс 18:45 секундээс асуусан тэрний гаргаж өгсөн видео бичлэг бүрэн процесс гаргаж харагдуулсан байна уу? 18:58 секунд дээрээ Б- процесс бүрэн бичигдсэн байна гэж худлаа хэлсэн. 18:24 Б- өөрийгөө хүүхэдтэй маргаан болсон сонин байна гэж хэлсэн. Харин би насаараа бол Б-гээс 3 насны дүү байгаа 38 настай хүн. 2 дээд боловсролтой, нэг нь эдийн засаг, санхүүгээр ОХУ-д сурч төгссөн. Хийлээрээ би Монгол Консерваторт дээд боловсролоор сургууль төгссөн. Харин ч наад дуурийн дуулаачийн Консерваторын сургуулийн захирал А- өөрийнхөө хувийн атаархлаас болж намайг 2 мэргэжлээр давхар сурч байгаа гээд хууль зөрчиж тушаал гаргуулахгүйгээр хичээлд оруулж болохгүй гэж тушаал өгсөн. Тэрүүгээр Монгол улсын хууль зөрчсөн. Боловсролын хууль зөрчсөн. Өөрийгөө хаан шиг дураараа шийдвэр гаргаад Монголын боловсролын байдлыг унгааж байгаа.

Давхар хэлэхэд: Өмгөөлөгч намайг ял шийтгүүлсэн гэж худал мэдээлэл шүүхэд тараасан талаар өөрийгөө хамгаалж тайлбарлаж өгье. Нөгөө хэрэг бас энэ сургуультай холбоотой намайг 1 сар хагасын дараа өөр багш зүй бусаар доромжилж, өшиглөж, миний эпилепсийн таталт үүсгэж, би санамсаргүй хөдөлгөөн хийж хөлөөрөө тэрний хөлд хүрсэн байсан. Харин ч тэр жинхэнээсээ 2 хоногийн дараа прокуророосоо зөвшөөрөл авч шүүх шинжилгээний дүгнэлт хийлгэсэн. Ямар ч зураг аваагүй байж хөлөн дээрх 4см хөхрөлтийг 17х12см шүүх шинжилгээний эмнэлгийн дүгнэлт дээр гаргуулсан. Энэ Б-тэй холбоотой хэргийг СБД-ийн прокурор Отгонбаатар 10 сар нээхгүй байж, дараа нь хууль зөрчиж хаасан. Харин би өмгөөлөгч хөлсөлж авч буцаж нээлгүүлсэн. Намайг яллагчаар яваад байгаа хэргийг Отгонбаатар прокурортой нэг өрөөнд сууж байдаг Энхзул прокурор хууль зөрчиж дахин бодит зурган дээр шүүх шинжилгээний дүгнэлт гаргаагүй ба намайг мэдрэлийн дүгнэлтэд оруулаагүй тэгээд, торгууль төлж шийтгэл оногдуулсан мөртлөө прокурор яллах дүгнэлт үүсгэсэн. Монгол Улсын хуулиар нэг хийсэн үйлдлээр 2 удаа шийтгэл оногдуулдаггүй заалттай байдаг. Прокурорын Энхзул дураараа хууль зөрчин үйл ажиллагаа хийсэн бөгөөд Отгонбаатар прокурор ч гэсэн дураараа Б-тэй холбоотой хэргийг хаасан. Тэд нар дандаа миний эсрэг хууль зөрчин эрхээ урвуулан ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэргүүд 1 жил 6 сар хэтэрсэн хугацаа явагдаад байна. Би тэд нарын нарийн үйл ажиллагааг сайн мэдэж ойлгосон. Миний бодлоор тэд нар ямар нэгэн гадны нөлөөгөөр ийм дүгнэлтэд хүрч байна гэж ойлгож байна.

Би өмнө нь Молдав улсад сурч байсан, Орос улсад сурч байсан. Харин захиргааны хүн ийм зан гаргаж байгаа би анх удаа харж байна. Би хийлчийн ангид сурч байхад надад лав тийм асуудлууд гараагүй. Монгол улсын консерваторын талаарх нэмж хэлэх зүйл байна Бүр хүүхдүүдийг зоддог түүхтэй. Сургууль, хүүхдүүдийг зоддог. Монгол улсын консерваторын зарим багш нар нь сурагч оюутнуудыг зоддог, тэнхимийн эрхлэгч архи ууж байгаад хичээл тасалдаг. Би хүүхэд байхдаа Монгол улс руу 6-р ангид Хөгжим бүжгийн коллежид ирж 1 жил сурсан. Ангийн багш манай ангийн бүх хүүхдүүдийг зоддог байсан. Тэр үед би маш их гайхсан. Хүүхдүүд тэрийг нь зөв зүгээр өнгөрөөж байсан. Дараа жил нь би буцаад Молдав улс руу явсан.

Миний ээж бол ШУТИС-д багшилдаг байсан, ба Төмөр замын их сургуульд багшилдаг байсан. Тэгээд тэнд бол багш нар хүүхдүүдийг зоддог тийм түүх миний ээж лав хараагүй. Харин төмөр замын их сургуульд миний ээжийн хэлснээрээ нэг багш архи ууж байсан, сургуулийн хурал зарлагдаад, тэгээд тэр багшийг сургуулиасаа хөөсөн. Харин наад сургууль дээрээ шинээр орсон захирал Ш- бол арга хэмжээ авхуулахгүй, тэгээд шууд тэд нарын талд орсон байж байна.

19:17 надаас шүүгч асуусан,Б-гийн гаргаж өгсөн видео бичлэг дээр бүрэн процесс бичигдсэн байна уу. Би тэрэнд хариулсан: Бүрэн процесс бичигдээгүй, Б-гийн 4 видео бичлэгийн бичлэг ороогүй хэсгүүд зөндөө байна. Би шүүгчид видео бичлэг бүтнээр биш гэдгийг хэлдэг байсан. Харин миний гаргаж өгсөн бичлэгт тодорхой харагдаж байгаа. Б- надаас утас булааж авдаг. Тэр Б-гийн бичлэг дээр огт харагдахгүй байна. Тэгээд зөвхөн наад ялгаанаас ойлгож болно – Б- бүтэн явдалтай видео бичлэг өгөөгүй. Харин шүүгч шүүхийн тогтоол дээрээ тэрийг эргүүлж бүрэн бичлэг гэж болгоод, тэгээд бичлэг дээрээ наад зодооны хэсэг харагдахгүй, цохисон зүйл байхгүй гээд Б-г цагаатгах болгосон.

Миний гаргаж өгсөн 1 дэх бичлэг дээр 00:59 секунд дээр бүх хүмүүс инээсэн болсон, сургуулийн захиргаа намайг бүр тийм байдалд оруулсан байгаа. Би хуулиараа хичээлд суух ёстой байсан, тэрийг маргааны дараагаар А- ирж А- тушаал өгсөн, Т-ыг хичээлд суулгаж болно. Тэгээд Б- намайг хичээлд суулгасан. Б-гийн 2 нүүртэй шинж чанар гарч харагдуулж байна.

1:24 секунд дээрээ харагдуулж байна намайг “чи хичээлээс хоцорсон байна, дуугүй сууж бай” гэж хэлж, харин нөгөө жинхэнээсээ хичээлд суух ёсгүй хүүхэд хоцорч ирсэн байхад тэрийг тэгээд оруулж байгаа. Тэр хүүхэд манай ангийн оюутан биш харин сургуулийн сурагч байсан. 1:55 над руу чанга хашхираад 02:27 секунд дээрээ 2 бөгжтэй гараараа хүүхдийг оруулж дуудаж байна. Энэ бол ялгаварлан гадуурхал байгаа юм.

02:56 нөгөө хоцорч ирсэн хүүхэд бүжиглэсэн кадрт орсон байна. 02:03 тэр манай сургуулийн оюутан нараас миний талаар асууж байна:” энэ хүнийг би яах юм бэ?” Энэ нь намайг хамт олны өмнө эвгүй байдалд оруулж байгааг харуулж байна. Бичлэг дээрээ тодорхой харагдаж байгаа: “Б- түрүүлж миний утас булааж авсан”.Гэм буруугийн хурал дээр 14:10 А.Б- ярьж эхэлсэн.

Уучлаарай та бичлэгээ больчихоо, худлаа ярьсан Уучлаарай бол наад хүн яриагүй Та хоцорсон байна, та больчих бол худлаа ярьсан Би Б-г 2 заамдаж авсан,савчаад байсан гэж худлаа ярьсан. Байнгын худлаа ярьдаг. Хохирол учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө засагдаагүй гэсэн үг. Маргаан болсны дараа би шууд цагдаад дуудлага өгсөн цагдаа нар шууд хүрч ирсэн. Би тэдэнд миний 2 шүдийг хугалсан гэдгийг мэдүүлсэн ба үзүүлсэн. Байцаагчид үзүүлсэн мэдүүлэг өгсөн. Тэгээд шууд шүд, шүдний эмнэлэгт очиж зураг авхуулсан ба бусад эмнэлгүүдэд шинжилгээнүүд хийлгэсэн. Зардал 1,820,000 төгрөг болсон. Иймд миний өгсөн гомдлын дагуу дээр дурдсан зүйлүүдийг танай байгууллага шалган өгч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. Хохирогч Б.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан видео бичлэг тэд нарын мэдүүлэгтэй зөрчилдөж байна. Жишээлбэл, н.Х-, н.Ж- нар “Б.Т- гарч явсан, буцаж орж ирээд багшийг заамдсан” гэж худал мэдүүлсэн. Харин бичлэгт би буцаж орж ирж, багшийг заамдаагүй. Багш миний шүдийг хугалж, би цагдаа дуудсан. Намайг хичээлд оруулах ёстой байсан боловч оруулаагүй. “багшийн буруу, цагдаа дуудсан” гэж хэлж цонхон дээр гар утсаа тавьсан. А.Б-гийн гаргаж өгсөн бичлэгт мөн байгаа. Тэр намайг ялгаварлан гадуурхаж “шалгалтад оруулахгүй” гэж хэлдэг байсан. н.С- “Б.Т- багш нартай хэрэлддэг байсан” гэж худал мэдүүлсэн. Консерваторын захиргаанаас болж зарим багш нар Боловсролын тухай хууль, хүний эрхийг зөрчиж, намайг ялгаварлан гадуурхаж хичээл, шалгалтад оруулахгүй байхад би “намайг хичээлд оруул, хичээлд оруулах ёстой” гэж тэд нартай хэрэлдэнэ. Ингэснээр би оюутны дүрэм зөрчихгүй. Харин багш нар намайг ялгаварлан гадуурхаж, сургуулийн дүрэм зөрчсөн. Өмнөх шүүх хуралдаан дээр өмгөөлөгч намайг дүрэм зөрчсөн гэж худлаа хэлсэн. А.Б-д намайг хичээлд оруулж болохгүй гэдэг албан ёсны тушаал ирээгүй. Нэг багш А- намайг “битгий хичээлд оруул” гэж хэлсний төлөө хичээлд оруулаагүй нь А.Б-гийн буруу. Боловсролын тухай хууль болон бүх хуулийг зөрчсөн... Боловсролын тухай хууль, хүний эрхийг зөрчиж, намайг ялгаварлан гадуурхаж хичээл, шалгалтад оруулахгүй байхад би “намайг хичээлд оруул, хичээлд оруулах ёстой” гэж тэд нартай хэрэлдэнэ. Дуулаачийн тэнхимийн багш нар н.Үнэнхүүгийн хамаатан, садан болсон байдаг. Тэд нар Боловсролын тухай хууль зөрчиж, ялгаварлан гадуурхаж, гаргах ёсгүй үйлдэл гаргадаг байсан. н.С- “Б.Т- зогсож, багшийн нүүрэнд гар утас тулгаж байсан” гэж мэдүүлсэн. Видео бичлэгт би зогсоогүй, А.Б-гийн нүүрэнд гар утас тулгаагүй, би сууж байсан. Харин А.Б- над руу ойртож, миний гар утсыг булааж авсан. А.Б- болон тэд нарын мэдүүлэг худлаа, зөрүүтэй байна. Би сандал дээр сууж, А.Б- зогсож байсан. Би тэрний нүүрэнд гар утас тулгаагүй. Харин би гар утсаа өөрийнхөө царай, уруул, шүдний хэсэгт барьж байсан. А.Б- 2 бөгжтэй зүүн гараараа миний утсыг булааж авахад миний шүднүүд хугарсан. Гэрч нарын мэдүүлэг видео бичлэгтэй таарахгүй байгаа учраас тэд нарт итгэж болохгүй. Шүүгч М.Түмэннаст “прокурор Б.Т-ыг ёс зүйгүй үйлдэл хийсэн учраас А.Б-г цагаатгах байр суурийг дэмжиж оролцож байна. Манай өмгөөлөгч санаа нийлж байна” гэж худлаа бичсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг зөвшөөрч гарын үсэг зурсан байсан. Прокурор цагаатгах байр сууринаас оролцоогүй. Шүүгч хууль зөрчсөн шийдвэрээ хамгаалах зорилгоор хариуцлагаас зугтааж, прокурорыг хамтарсан санаатай болгож, огт болоогүй юмыг худлаа бичсэн гүтгэсэн тэмдэглэл дээр гарын үсэг зурсан байсан. Гэм буруугийн шүүх хуралд прокурор “Б.Т- ёс зүйгүй үйлдэл гаргасан. Тэгсэн боловч А.Б- буруутай” гэж хэлсэн. Би прокурорын “Б.Т- ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэж хэлсэнтэй санаа нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ёс зүйгүй үйлдэл гаргаагүй. Би орох ёстой хичээлдээ ирдэг байсан. Зарим багш нар намайг оруулдаггүй, зарим багш нар оруулдаг байсан. Жишээ нь н.Батбаяр багш, хөгжмийн онолын багш. Тэр дан ганц дуулаачийн тэнхимд хичээл заадаггүй, консерваторын олон тэнхимд хичээл заадаг. Би хийлчээр сурч байхдаа тэрний хичээлд ордог байсан. Дуулаачийн тэнхимд сурч байхдаа бас хуваарийн дагуу ордог байсан. Тэд нар намайг хичээлд оруулахгүй байсан учраас нотолгоо болгох зорилгоор бичлэг хийж эхэлсэн. Хичээл дээр зүгээр сууж, интернэт ухаж болохгүй гэдэг дүрэмтэй байдаг. Би шаардлагатай үед утсаа ашигласан. Миний эсрэг хууль зөрчиж, ялгаварлан гадуурхсаныг нотлох зорилгоор гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Миний хувьд энэ ёс зүйгүй үйлдэл биш. Харин тэр намайг хичээлд оруулахгүй ёс зүйгүй үйлдэл гаргасан. А.Б-гийн ёс зүйгүй үйлдлээс болж энэ бүх хэрүүл, маргаан, зодоон болж миний 2 шүдийг хугалсан. А.Б- “ангийн хүүхдүүдээс сонссон. Б.Т- маш овилгогүй, хэрүүлч” гэж нэмэлт тайлбар өгсөн. Би А.Б-тэй хэзээ ч хэрүүл хийж байгаагүй. н.С-, н.Ж- нар миний талаар хов зөөж, А.Б- миний талаар муулаад байгаа. Энэ бол үнэн тайлбар биш. А.Б- “хөдөлшгүй нотлох баримтад тулгуурлаж шүүх шийдвэр гаргадаг” гэж тайлбарласан байсан. Үүнийг А.Б- өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байдаг. Яагаад гэвэл дан видео бичлэг, худал мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг хөдөлшгүй нотлох баримт биш. Дээр үед гэмт хэрэгтэн хэрэг хийж, түүнийг өөр нотлох баримт, материалуудаар баривчилдаг байсан. Жишээ нь видео бичлэг байхгүй, хүнийг алсан байхад түүнийг өөр нотлох баримтуудаар баривчилдаг. Эмнэлгийн дүгнэлт, шүүх шинжилгээний дүгнэлтийг хөдөлшгүй нотлох баримт гэж тооцдог. Харин энэ хэргийн хувьд А.Б- ёс зүйгүй үйлдэл гаргаж, намайг хичээлд оруулахгүй, миний утсыг булааж авч, утас булааж авахдаа миний шүд рүү цохиж, утсаа буцааж авах гэж оролдоход хүзүүнээс базсан. Тэр видео бичлэг байхгүй гэхээр нь би хүзүүний зургийг авсан. Би бас шүдний зураг авхуулсан. Дуудлагаар очсон цагдаа нарт хүзүү, шүднүүдээ үзүүлсэн. Мэдүүлэг авсан цагдаад шүдний зургаа мөн үзүүлсэн. Эмнэлэгт очиж, шүдний зураг авхуулж, тархины доргилтоо тогтоолгосон. Шүүх шинжилгээ “хүзүү гэмтэлтэй, 2 шүд хугарсан, тархины доргилттой” гэж дүгнэсэн. Хуулийн хувьд үүнийг бодит нотолгоо гэж тогтоогддог. Заавал видео бичлэг байх шаардлагагүй ба видео бичлэгүүдээс гэрч нар худлаа мэдүүлсэн гэж ойлгож болно. Нэмж хэлэхэд дан ганц тархины доргилт хөнгөн гэмтлийн зэрэгт хамаардаг. Шүдний хугарал, тархины доргилт гэсэн хөнгөн зэргийн 2 тохиолдолд байдаг. А.Б- намайг өмнө нь зодоон хийсэн гэж яриад байгаа. Би өмнө нь зодоон хийгээгүй, тэр худлаа ярьж байна. Тэр үед миний шүд хугарсан. А.Б- миний шүдийг хугалаагүй юм бол хэн миний шүдийг хугалсан бэ, А.Б- миний уруулд хүрч, 2 шүдийг хугалсан. Дүрэм мэдэхгүй, дүрмээрээ ажиллахгүй. н.Ү- багшаас авхуулаад намайг хичээлээс хөөж, хичээлд согтуу ирдэг, хичээл таслахаараа 14 хоногоор тасалдаг. Би ийм хүнээс болж н.А-тэй таарсан. н.А- угаасаа намайг дуулаачийн сургуульд сурахад дургүйцэж байсан. Тэгээд өөрийнхөө дураар ямар ч тушаал гаргахгүй, А.Б-д энэ хүнийг хичээлд оруулж болохгүй гэж хэлсэн. Тэд нар өөрсдөө сургуулийнхаа дүрмийг зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан. Би ямар ч ёс зүйгүй үйлдэл гаргаагүй. Би сурахыг хичээж байсан. Тэд нар ёс зүйгүй үйлдэл гаргадаг байсан учраас би багш нартай хэрэлддэг байсан. Надад өөр боломж байгаагүй. Шүүгч М.Түмэннаст надаас 4 удаа “та өөр аргаар зохицуулах боломжтой байсан уу” гэж асуухад “өөр боломж байхгүй” гэж хэлсэн. Шүүгч шийдвэр гаргахдаа нөгөө талын нөлөөнд орсон гэж дүгнэж байна. Би шүүх хуралдааны видео бичлэгийг нэмэлт тайлбарын хамт өгсөн. Би үүнийг үзэхийг хүсэж байна. Та намайг шүүх хуралдаан дээр видео бичлэг үзэхийг зөвшөөрөхгүй байна. Би ерөнхийдөө бодсон юмнуудаа хэллээ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Цагаатгах тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “... Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид тогтоогдсон гэмтэл хохирлыг шүүгдэгч нь санаатайгаар халдсан үйлдлээс үүссэн байх буюу шүүгдэгчийн санаатай халдсан үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хохирлын хооронд шалтгаант холбоотой байж уг гэмт хэргийн шинж хангагддаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирогчид халдсан үйлдэл нь хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлогдсон баримтуудаар нэг мөр эргэлзээгүй тогтоогдож байж шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцдог. Мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн байх бөгөөд хэрэгт цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн дээрх баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Б- нь хохирогч Б.Т-тай заамдалцсан үйл баримт тогтоогдсон бөгөөд заамдалцах явцад салгасан гэрч Б.С- нь шүүгдэгч А.Б- нь хохирогчийг огт цохиогүй талаар мэдүүлдэг, мөн уг үйл явдлыг харж байсан гэрч Г.Ж- нь тэр хоёр нэг нэгнийгээ цохисон зүйл байхгүй талаар мэдүүлдэг ба уг үйл явдлыг тал талаас нь бичсэн 4 бичлэгт үзлэг хийхэд харилцан зодолдсон, нэг нэгнийгээ цохисон нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч А.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй тул Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн 2409014940537 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэж, мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 262 дугаар яллах дүгнэлт, тус прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2409 01494 0537 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй. ...” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэрэгт хавсаргагдсан 'А?ди зэргээр шүүгдэгч А.Б-гийн үйлдэл, хохирогч Б.Т-ын биед учирсан хөнгөн зэргийн хохирол шалтгаант холбоотой болох нь тогтоогддог.

а/ Хохирогч, шүүгдэгч нарын хооронд хэрүүл маргаан болж барилцан авч тэмцэлдсэн бөгөөд бусдын тусламжаар салцгаасан.

А.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг 1хх 22

Б.Т-ын хохирогчоор өгсөн мэдүүлэг 1хх 15

...Хөдөлгөөн тайлбарлаж байх үед нүүрний урдуур утсаараа бичлэг хийж саад болсон, тэр үед нь би утсыг нь булааж авсан. Утсыг нь булааж авах үед утасны гэрэнд нь байсан картууд нь газар унасан. Тэр үед Т- намайг заамдаж авсан. Би бас Т-ыг өөртөө ойртуулахгүй гэж хоолойнд нь зүүн гараараа барьсан. Т- намайг цохих гэж баруун гараараа далайсан би зөрүүлээд хоолойг нь түлхэж шахсан. Манай оюутнууд дундуур орж ирээд салгасан. ...

 

 

 

... Б- багш “чи наадах бичлэгээ боль” гэж хэлээд миний гар утсыг булааж авсан, тэгэхээр нь би сандал дээрээс босож ирээд “ миний утсыг өг, та ингэж болохгүй” гэж хэлэхэд Б- багш миний гар утсыг барьчихаад өгөхгүй болохоор нь би өөрөө буцааж авах гэж оролдсон, би Б- багшид ойртоход багш баруун гартаа миний утсыг барьчихаад зүүн гараараа миний хоолойноос тул зогсоод ойртуулахгүй байсан бөгөөд гар утсаа авахаар дахин оролдоход зүүн гараараа миний ам руу цохьсон, Б- багш миний хоолойноос базаж хүзүү урсан бөгөөд ам руу цохиж 2 шүд хугалсан байна.

 

  б / Шинжээчийн дүгнэлт болон А.Б-гийн шүүхэд гаргасан хүсэлтийг харьцуулах нь

5272 дугаартай шинжээчийн дүгнэлт 1хх 29

А.Б-гийн гаргасан гомдол 1хх 159

Б.Т-ын биед тархи доргилт, баруун дээд 2-р шүдний хугарал, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, хүзүүнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...

... Тухайн үед Б.Т- нь утсаа авах гэж өөрөө намайг эхэлж үхэлд хүргэхээр хоолой багалзуур боосон байдаг ба би аргагүйн эрхэнд зөрүүлээд заамдаж авсан. Миний хоолойг багалзуурдсаны улмаас миний хүзүү хөхөрч улайн, сар орчим юм идэж чадахгүй маш их зовиуртай явсан. Иймд би ч бас хохирсон бөгөөд тухайн үед баримтжуулж авсан зураг, гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн шүүх эмнэлгийн шинжээч эмчийг томилж дүгнэлт гаргуулж өгнө үү ...

Шүүгдэгч А.Б- нь хүзүүндээ учирсан гэмтлийг харуулах зорилгоор 1ш фото зураг гаргаж өгсөн нь 1хх-157 авагдсан байгаа болно.

в/ Шинжээч эмч Б.Ганзоригийн мэдүүлэг. 1хх 28

Асуулт: Таны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5272 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ Б.Т-ын биед тархи доргилт, баруун дээд 2-р шүдний хугарал, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, хүзүүнд цус хуралт тогтоогдлоо” гэжээ. Баруун дээд 2-р шүдний хугарал, зүүн дээд 2-р шүдний эмтрэл гэмтлүүд нь нэг удаагийл үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юу

Хариулт: Боломжтой. Ам зуулттай үед доргилтоос хамаарч үүсэж болно.

Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, сидинд байгаа бичлэг хоорондоо тохирч байгаа бөгөөд тархи доргилт болон баруун дээд 2-р шүдний хугарал зүүн дээд 2-р шүдний эмтрэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

г/ Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч болон шүүгдэгчээс гарган өгсөн сидинд үзлэг хийсэн. Үзлэгээр хохирогч Б.Т- нь тухайн үед “миний шүдийг хугалсан байна” гэж хэлж байсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч А.Б- нь хохирогч Б.Т-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байгаа тул 2025/шцт/2106 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 7 хоногт ганцхан удаа бүжгийн хичээл ордог. Би бусад хичээл ордог дуулаачийн тэнхимийн багш, н.А- багшаас асуусан. Б.Т- шалгалт өгсөн байсан. 7 хоногт ганцхан удаа ордог, шалгалт нь дөхчихсөн байсан. Манайх шаталсан сургалттай сургууль. Бүжгийнхээ хүүхдүүдээс дуудаж, эдний анги эрэгтэй хүүхэд цөөхөн, охидууд ихтэй байсан. Яг тэр үед бүжгээ заагаад байж байхад ийм асуудал гарсан. Дуулаачийн тэнхимийн багш, н.А- багшаас “Б.Т- гэдэг хүүхдийг яах вэ” гэж асуухад “хичээлд нь битгий оруул” гэж хэлсэн. Тэгээд би “чамайг оруулахгүй” гэж хэлсэн. Утсаа бариад бичлэг хийхээр нь “утсаа боль, та зүгээр дүүгүй сууж бай” гэж хэлсэн. Бүжиг гэдэг өөрөө үзүүлж байж тэр хүүхдүүд сурна. Гэтэл хажууд утсаараа чанга ярьж, “энэ хүн намайг хичээлд оруулахгүй байна” гэж хичээл үймүүлээд байхаар нь “та утсаа боль, дүүгүй сууж бай” гэдэг шаардлага тавьсан. Сургуулийн дотоод журамд угаасаа байдаг. Би гар утсыг нь баруун гараараа авсан. Намайг заамдаад босоод ирэхээр нь өөр рүүгээ ойртуулахгүй гээд зүүн гараараа тулсан. Дундуур нь манай оюутнууд орж ирж салгасан. Тэрнээс цохиж барьсан зүйл байхгүй” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг дэмжиж оролцож байна. Давж заалдах гомдолтой холбоотой тайлбар хэлэхэд “зууралдаад шүд нь хугарч, тархи доргилт үүссэн” гэж ярьж байна. Миний үйлчлүүлэгч энэ гэмтлийг учруулаагүй гэдгийг 4 видео бичлэг, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг нотолж байж, тухайн хүнд хариуцлага тооцно. Үгүй бол цагаатгах нөхцөл байдал үүснэ гэдэг заалт байгаа. Шинжээч хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдгийг тогтоож өгнө. Гэхдээ хэн хугалсан бэ, ямар нөхцөл байдал болсон бэ гэдгийг шинжээч мэдэхгүй. “Ам зуулттай үед үүссэн” гэж байна. Урьд нь зодоон, цохион хийж, шүд нь хугарч, тархи нь доргиж, маргааш, нөгөөдөр нь А.Б- багштай зууралдаж, гэмтсэн гэдэг шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Шалтгаант холбоо тогтоогдохгүй байгааг хуулийн хүрээнд хуулийн байгууллага шалгаж, нотолсон. Мөн “гэрч нар худал мэдүүлэг өгсөн” гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагыг ойлгосны үндсэн дээр мэдүүлэг, тайлбар өгсөн байх гэж бодож байна. Монгол Ардын зүйр цэцэн үгэнд “нүд үнэнч, чих худалч” гэж байдаг. Б.Т- гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа бол бичлэгээ нарийн сайн үзэж, хармаар байна. Харьцуулж үзэхэд миний үйлчлүүлэгч Б.Т-ын аманд хүрэх гартай хүн биш. Эсрэгээрээ Б.Т- манай үйлчлүүлэгч А.Б-г өөрийнхөө зайнд ойртуулахгүйгээр барих чацтай байна. А.Б-гийн биед гэмтэл учирсан байсныг түрүүн ярилаа. Миний үйлчлүүлэгч хууль зүйн мэдлэггүйгээс “багш, шавийн хоорондох асуудал шүү” гэдэг байдлаар эр хүний ёс зүй, багш хүний ёс зүй зааж орхисон тал байгаа. Сүүлд нь зөвлөгөө авсны үндсэн дээр “энэ дээр шүүх эмнэлгээр гэмтлийн зэрэг тогтоолгож болох уу” гэдэг байдлаар хандсан боловч хүлээж аваагүй, орхисон. Б.Т- болон хөгжих бүжгийн консервативын захиргаа, удирдлага, багш нарын зөрчилдөөнтэй асуудлын улмаас энэ асуудал үүссэн. Маш олон багш, оюутан дээр ярьж байгаад ганц шударгаар шаардлага тавьсан А.Б- багш дээр хүрч ирсэн. А.Б- багшийг сургуулийн хамт олон, оюутан, сурагчид “А.Б- багш хэзээ ч тийм зан авир гаргахааргүй, хүний шүд хугалаад явах ёс суртахуунтай хүн биш. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, бүжгийн чиглэлээр дэлхийн олон улсад шавь нараа бэлтгэж гаргаж байгаа төлөв, даруу ааштай хүн” гэж тодорхойлсон нь хавтаст хэрэгт авагдсан. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай болох нь нотлогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэдэг зарчмаа барих байх. Урьд гарсан шүүхийн шийдвэрийг дэмжиж байна” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдолтой танилцсан. Хэргийг хянаж шүүхэд шилжүүлсэн. Прокурор хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж, А.Б-гийн үйлдлийн улмаас Б.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө А.Б-гээс гаргаж өгсөн сиди бичлэгийг хэргийн хамт хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлт үйлдсэний дараа прокурор бичлэг гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг хянан хэлэлцэж, шинжлэн судалсан. Үүний үндсэн дээр талууд мэтгэлцэж, улсын яллагч дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, А.Б-, Б.Т- нар нь хоорондоо заамдалцсан. Энэ явцыг хажуугаас нь харж, бичлэг хийсэн, салгасан гэрч нарын мэдүүлэгт дүгнэлт хийж, шүүх шийдвэрээ гаргасан. Прокурорын зүгээс дутуу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх “заамдсан боловч цохиогүй” гэж дүгнэсэн. Шүүх Б.Т-ын биед учирсан гэмтлийн асуудал дээр дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Б.Т-ын биед учирсан гэмтэл дээр ямар дүгнэлт хийх вэ, огт цохиогүй юм бол хэн түүний биед гэмтэл учруулсан байж болох вэ, хэрэв гэмтэл учруулсан юм бол гэм буруутайгаар учруулсан уу, үгүй юу гэдгийг шийдвэрээ тусгаагүй, дутуу дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, шинжлэн судалсан нотлох баримт болон тэдний санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр А.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтын эх сурвалжид үндэслэж, хэргийн бодит байдлын талаар дүгнэсэн байх бөгөөд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.            

А.Б-гийн үйлдлийг шууд санаатай нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдоогүйн дээр түүний үйлдэл хохирогчийн биед учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг цагаатгасан шийдвэр үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжим Бүжгийн коллежид хичээл орж байх үедээ тус сургуулийн оюутан Б.Т-тай “хичээлээс хоцорсон, бичлэг хийхээ боль” гэх зэргээр маргалдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

- А.Б-гийн гэрчээр өгсөн: “...08 цаг 30 минутад бакалаврын дуулаачийн 2 дугаар курсийн хичээл орсон. Бүжгийн хичээл зааж байсан. 30-40 минут Т- нь хоцорч хичээлд орж ирсэн. Орж болох уу гэж асуугаагүй, шууд орж ирсэн. Эрэгтэйчүүдэд хичээл зааж байсан, та сандал дээр сууж бай гээд суулгасан. Хүүхдүүдэд хөдөлгөөнөө ойлгуулах гэж хичээж зааж байхад саад болоод утсаараа бичлэг хийсэн. Эмэгтэй сурагчид болон концертмистер багш нар ч харж байсан. Хөдөлгөөн тайлбарлаж байх үед нүүрний урдуур утсаараа бичлэг хийж саад болсон. Тэр үед нь утсыг нь булааж авсан. Утсыг нь булааж авах үед утасны гэрэнд нь байсан картууд нь газар унасан. Тэр үед Т- намайг заамдаж авсан. Би бас Т- намайг цохих гэж баруун гараараа далайсан би зөрүүлээд хоолойг нь түлхэж шахсан. Манай оюутнууд дундуур орж ирээд салгасан. Багш нар болон А- захирал хичээл орж байсан зааланд орж ирсэн. А- багш надад “Т-ыг хичээлд нь оруулаа” гэсэн үүргийг өгсөн. Т- цагдаа дуудна гэж хичээл дундуур орж, гарсан. Тэр өдрийн хичээл өглөөний 08 цаг 30 минутаас эхлээд 10 цагт дууссан. Хичээлээ заагаад байж байхад гэнэт орж ирээд бичлэг хийгээд байх үед хүн гайхширдаг юм билээ. Т- Ардын бүжгийн 1 дүгээр курсийн хичээлийн дүнгээ гаргуулаагүй. 1 дүгээр курсийн хичээлийн дүнгээ одоо гаргуулах гээд байгаа юм. Тиймээс давхар 1 дүгээр курсийн хичээлд сууж байгаа. Т- нь гаднаас хөгжимтэйгөө орж ирсэн. Хийл хөгжмийн анги, хийл хөгжмөө дандаа л үүрээд явж байдаг. Орж ирэхэд нь “та хоцорсон уу” гэж хэлсэн. Сууж байгаад босч ирээд бичлэг хийж эхэлсэн. Тэр өдрөөс хойш Т- нь хичээлдээ байнга хоцорч ирж байгаа... Би зүүн гараараа дээш хоолойд нь тулснаа л санаж байна. Намайг “муу бацаан минь” гэсэн би “өө за за” гэж хэлсэн. Тухайн өдрийн хичээлд хамрагдсан оюутнууд эрэгтэй, эмэгтэй бүгд байсан...” /1хх22-23/,

- Гэрч Б.С-гийн: “...Өглөө 08 цаг 30 минутаас хичээл эхэлсэн. Т- ах бараг 01 дүгээр сараас эхлээд хичээлд суугаагүй, тэр өдөр л анх ирсэн байх. Т- шууд хичээлд хоцорч ирсэн. Б- багш чамайг хичээлд суулгах шийдвэр тодорхой болоогүй байна. Ийшээ сууж бай гээд суулгачихсан. Бид нар хичээлээ үргэлжлүүлж байсан чинь Т- “би хичээлд суух эрхтэй, төлбөрөө төлсөн” гээд утсаа багшийн нүүрэнд тулгаж ирээд бичлэг хийгээд байсан. Багш наад бичлэгээ больчих гээд утсыг нь гараас нь татаад авчихсан. Утасны карт хийдэг юм сул байсан юм шиг байсан Т-ын бичиг баримт нь газраар тарчихсан. Тэгсэн чинь Т- “чи миний юмыг газар унагаалаа, чи яагаад байгаа юм” гээд багшийг түлхсэн. Хоорондоо ам мурийгаад тэр барьцалдаж авсан. Би дундуур нь орж салгасан. Хэн нь ч хэнийгээ цохисон зүйл байхгүй. Т- ах багшийн хоолойг базчихсан байсан. Багшийн хоолой улайгаад цамц нь урагдчихсан байсан. Т- ахыг багш бас хоолойноос нь базсан байсан Т- ах багш руу дайраад байсан. Би Т- ахыг хойшлуулсан...” /1хх25-26/,

- Гэрч О.Х-гийн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өглөөний 08 цаг минутад Монгол Улсын Консерваторт сургууль дээрээ ирж Б- багш Монгол ардын бүжгийн хичээл орж байсан. 14-15 орчим оюутнуудад хичээл орж байсан. Хичээл орж байхад гаднаас Т- гэх оюутан хичээлээс нэлээн хоцорч хичээл дундуур орж ирсэн. Тэгсэн Б- багш хаалга тогшиж орж ирсэнгүй хичээл дундуур орж ирж үймүүллээ, хоцорсон тул оруулахгүй гэхэд Т- нь намайг гадуурхлаа гээд утсаа гаргаж ирээд өндөр дуугаар хашхичаад бичлэг хийгээд байсан... Ер нь бол Т- өөрийнхөөрөө дураараа байсан, хичээл болгон дээр хоцорч орж ирдэг, сургуулийн коридорт нэгэнт орилж хашхираад байдаг байсан, маш түргэн ууртай харилцаа хандлага муутай байсан. Өөрт нь шаардлага тавихад хүлээн авдаггүй байсан...” /1хх57-58/,

- Гэрч Г.Ж-ын: “...хичээл дундуур бичлэг хийгээд байхаар нь бичлэгээ боль гэж гар утсыг нь авах үед Т-ын гар утсанд байсан карт, бичиг баримтууд нь газар унасан тэгээд Т- нь уурлаад гараад явсан, буцаж орж ирээд Б- багш руу уурлаад хашхираад заамдсан тэгэх үед нь ангийн дарга С- салгасан. Б- багш бас зөрүүлж заамдсан тэгэхээс тэр хоёр нэгнийгээ цохисон зүйл байхгүй...” /1хх60-61/,

- Шүүгдэгч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Б.Т-ыг цохиж зодсон асуудал байхгүй...” /1хх124-125/ гэсэн мэдүүлгүүд,

- Б.Т-аас гаргаж өгсөн Сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх51-54/,

- А.Б-гээс гаргаж өгсөн Сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх131-136/,

- Мөрдөгчийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1хх1/,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хавсаргагдсан 3 ширхэг Сиди,

- Б.Т-ын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1хх11/,

- Б.Т-ын шүдний дүрс оношилгоо болон рентген зургийн үзүүлэлт /1хх43-44/,

- “Миний инээмсэглэл” ХХК-ийн Тодорхойлолт, төлбөрийн баримт /1хх49, 112, 129/,

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол /1хх 85-87/,

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол /1хх90-91/,

- Кассын орлогын ордер /1хх105/,

- Эмчийн магадалгаа /1хх111/,

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2409014940537 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1хх 118-120/ зэрэг эдгээр нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд А.Б- нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөгжим Бүжгийн коллежид хичээл орж байх үедээ тус сургуулийн оюутан Б.Т-тай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь шууд санаатай цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

Тодруулбал, багш А.Б- хичээлээс хоцорсон суралцагч болох Б.Т-т хичээлд оруулахгүй гэсэн зүй ёсны шаардлага тавихад тэрээр гадуурхлаа гэж үзэж хоорондоо маргалдсан бөгөөд Б.Т- гар утсаараа бичлэг хийх үед түүний гар утсыг А.Б- нь булаах явцдаа шууд санаатай үйлдлээр Б.Т-ын биед халдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ талаарх хэргийн гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд харилцан зөрүүгүй бөгөөд бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулахад шүүгдэгчийн гэм буруугүй болохыг тогтооход хангалттай буюу Б.Т-ын биед шууд санаатайгаар халдсан гэдэг нь няцаан үгүйсгэгдэж байх тул “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан гэм буруугүйн зарчимд нийцэж байх тул энэ талаар бичсэн хохирогч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.  

Түүнчлэн хэрэгт авагдсан хохирогч Б.Т-ын “...2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутаас 10 цаг хүртэл дуулаач ангийн “Ордны бүжиг” хичээлд 2 курсийн хичээлд суугаад үргэлжлүүлж 10 цагаас 11 цаг 30 минут хүртэл “Ордны бүжиг” 1 курсийн хичээлд суух ёстой байсан. Би хичээл орох ёстой байсан ангид 08 цаг 55 минутаас 10 цаг хүртэл 2 курсийн хичээлд сууж болохгүй, 10 цагаас 11 цаг 30 минут хүртэл 1 курсийн хичээлд сууж болно, надад сургуулийн захиргаа ингэж хэлсэн тийм учраас чи 10 цагаас хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхэд Б- багш “үгүй, надад сургуулийн захиргаанаас хичээлд суулгахгүй” гэж хэлсэн учраас би өөрөө сургуулийн захиргаатай уулзаад учраа ол” гэж хэлэхээр нь би “үгүй, ийм зүйл байх ёсгүй, та намайг хичээлд суулгахгүй тушаал авч ирээд намайг хичээлд суулгахгүй байж болно” гэж хэлэхэд Б- багш “чи ангиас гарахгүй бол сандал дээр суу, надад хичээл заахад битгий саад болоод бай” гэж хэлэхээр нь би сандал дээр суугаад болсон явдлыг баримт болгохоор гар утсаараа бичлэг хийсэн бөгөөд би бичлэг хийж байхдаа Б- багшид хандаж “та бусад хүүхдэд хичээл заагаад надад хичээл заахгүй байна, би энийг чин бичлэг хийгээд нотолгоо болгож байна” гэж хэлэхэд Б- багш “чи наадах бичлэгээ боль” гэж хэлээд миний гар утсыг булааж авсан, тэгэхээр нь би сандал дээрээс босож ирээд “миний утсыг өг, та ингэж болохгүй” гэж хэлэхэд А.Б- багш миний гар утсыг өгөхгүй болохоор нь би өөрөө буцааж авах гэж оролдсон. Би А.Б- багшид ойртоход багш баруун гартаа миний гар утсыг барьчхаад зүүн гараараа хоолойноос базаж тулж зогсоод ойртуулахгүй байсан бөгөөд гар утсаа авахаар дахин оролдоход зүүн гараараа миний ам руу цохисон, Б- багш миний хоолойноос базаж хүзүү урсан бөгөөд ам руу цохиж 2 шүд хугалсан байна. Би Б- багшаас гар утсаа авахаар зууралдсан. Б- багшийг цохиж зодоогүй гар утсаа авахаар л хувцаснаас нь зуурсан...” /1хх 16-17/,

“...А.Б- нь миний гар утсыг булааж аваад надаас холдсон. Би өөрийнхөө гар утсаа А.Б-гээс буцааж авах гээд А.Б-д ойртсон. Тэр үед А.Б- зүүн гараараа миний хүзүүг базаж авсан. Баруун гартаа миний утсыг барьчихсан байхдаа гараа хойш нь болгосон. Би өөрийнхөө гар утсыг авах гээд “миний гар утсыг буцааж өг” гээд орилсон. Би баруун гараараа А.Б-гийн цамцны энгэрээс нь бариад А.Б-г өөр рүүгээ татсан. А.Б- над руу ойртох үедээ миний хүзүүнээс базсан байсан гараа тавихдаа зүүн гараараа шүдийг минь шударч, цохисон. А.Б-гийн зүүн гарт 2 бөгж байсан. Тэр үед миний 2 шүдний нэг нь эмтэрч, нэг шүд хугарсан байсан. Гар утасны гэрэнд байсан миний бичиг баримт газарт унасан. Би бичиг баримтаа шалан дээрээс түүж авсан. Тэгээд би цагдаа дуудсан. Энэ хооронд сургуулийн удирдлага ирсэн. Тухайлбал дуулаачийн сургуулийн захирал А-, Ү- ирэхэд Б- багш Т-ыг нэг бол хичээлд суулга, нэг бол хичээлд суулгаж болохгүй гэх юм. Яг яах ёстой вэ гэж асуухад дуулаачийн сургуулийн захирал А- “хичээлд суулгаж болно” гэж хэлсэн. Би А- захиралд хандаж “та нарын үндэслэлгүй намайг хичээлд суулгахгүй гэснээс болж, сая А.Б- бид хоёрын хооронд зодоон боллоо. Та нар буруутай шүү, гэж хэлсэн. Би А.Б-д хандаж “намайг хичээлд суулгахгүй, хичээлийнхээ дүнг гаргаж чадахгүй бол чиний буруу шүү” гэж хэлсэн. Сургууль дээр цагдаа ирээд би цагдаа нартай хамт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн...” /1хх 19-20/ гэсэн мэдүүлэг,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 5272 дугаар: “...Хэсэг газрын үзлэг: Хүзүүний баруун урд 2.5х0.3см 2ш зэрэгцээ байрласан хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун дээд 2-р шүд тал хэсгээр хөндлөн хугарсан ирмэг хурц тэмтрэгдэнэ, 1-р зэргийн хөдөлгөөнтэй, зүүн дээд 2-р шүд тогшиход эмзэглэлтэй 0.2x0.1см эмтэрсэн. Дүгнэлт: 1. Б.Т-ын биед тархи доргилт, баруун дээд 2-р шүдний хугарал, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх 29-30/,

- Шинжээч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Т-ын биед учирсан гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ам зуултын үед доргилтоос хамаарч үүсэж болно...” гэсэн мэдүүлэг /1хх28/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1501 дугаар “... Бүрэнтогтохын Т- /РД:ШУ87071114/-н сэтгэцэд тухайн хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлт /1хх62-64/ зэрэг нотлох баримтууд нь тухайн маргаан хэрхэн юунаас болсон болон шүүгдэгчийн гэмт санааг тогтоохгүй гэж шүүх үзэв.  

Тодруулбал, энэхүү нотлох баримтууд нь шүүгдэгч А.Б- болон хохирогч Б.Т- нарын хооронд харилцан маргаан болсон тухай нотолж байх боловч А.Б-гийн шууд санаатай Б.Т-ын биед халдсан болохыг тогтоож чадахгүй байгаагаас гадна бусад гэрч нарын дээр дурдсан мэдүүлгүүдтэй харьцуулахад А.Б-гийн шууд санаатай Б.Т-ын биед халдахаар довтолсон гэх үйлдлийг тогтоохгүй байх тул бусад гэрч болон шүүгдэгчийн мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байгаа болно.

Мөн хохирогч Б.Т-ын давж заалдах гомдолд дурдсан “намайг шүүгдэгчийн талаар муу хүн гэж харагдуулахаар баримтуудыг цуглуулан шүүхэд гаргаж өгсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор нотлох баримтуудыг цуглуулах үүрэг мөрдөгч, прокурорт олгогдсон бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд хохирогчийн хувийн байдлыг харгалзан үзэх талаар хуульчлаагүй болно. Түүнчлэн анхан шатны шүүх хохирогчийн дурдаж байгаа баримтуудыг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй байх тул түүний энэхүү гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн тэрээр давж заалдах гомдолдоо сургууль дээрээ болдог асуудлуудын талаар дурдсан нь хэрэгт хамааралгүйн дээр шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Мөн дээрх А.Б-гийн шууд санаатайгаар хүний биед халдаагүй гэдгийг нотолж буй дээр дурдсан нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан гэж үзэхээр байх тул түүний гомдол үндэслэлгүй байна.      

Шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалтгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч түүний өмгөөлөгч нарын “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2106 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Т-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                          ШҮҮГЧ                                             Д.МӨНХӨӨ

 

         ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧ                                          Ц.МӨНХТУЛГА