Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01414

 

Магадлал

2020 оны 06-29 1414 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02011 дугаар шийдвэртэй, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Ч.Ч архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлттэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагч нь хүсэлт болон тайлбартаа: Ч.Ч ... тоотод ээжийн хамт амьдардаг. Охин Ч.Уархины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг гаргасан. Ч.Ч архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан. Архи согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдал үүсгэдэг, архины шалтгаант эмгэгийн 1 дүгээр зэрэгтэй болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. 2010 оноос 2020 оны хугацаанд нийт 28 удаа баривчлагдсан, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан. Иймд Ч.ЧСогтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг үндэслэн албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Ч тайлбартаа: 2016 онд спираль тавиулж байсан. Архины албадан эмчилгээнд хамрагдах хүсэлгүй байна. Зөрчлүүдийг гаргаж олон удаа эрүүлжүүлэгдсэн нь үнэн, 3 удаа баривчилагаанд явж байсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Ч.Чалбадан эмчилгээнд хамруулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Ч.Чалбадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт Ч.Чалбадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад тус хорооны байцаагч С.Батхангай саатуулж улмаар эрүүлжүүлэх байранд хонуулсан. Маргааш нь 06 дугаар сарын 02-нд ир гэж хэлсэн бөгөөд яваад очиход урьд нь охинтой минь уулзаж овог нэр бичиж аваад, ямарч зөрчил, дуудлага, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулаагүй байхад худал материал бүрдүүлэн, шүүхэд танилцуулахдаа олон удаа давтан архи уудаг, захиргааны арга хэмжээ авагдаж байсан гэж мэдүүлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа СМДӨАЭАХХГ-т шүүхийн тогтоолоор авчирч өгсөн. Би 5 дугаар хороонд оршин суудаггүй, урьд нь эрүүлжүүлэгдэж байгаагүй, 5 дугаар хорооны байцаагч С.Батхангай ч танихгүй байхад манай охин, ар гэрт архины эмчилгээнд 7-14 хоног хэвтүүлж байгаад гаргана гэж худал хэлсэн байна. Энд ирсэнээр миний хийж байгаа ажил, ар гэрийн амьдрал хүнд нөхцөл байдалд ороод байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гаргасан хүсэлтийн дагуу Ч.Чархины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ч.Ч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газар нь гуравдагч этгээд Ч.Чийн гэр бүлийн гишүүд болон .......... хорооны засаг даргын албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх3,7/

 

Ч.Ч нь байнга архидан согтуурдаг, архидан донтох өвчний 1 дүгээр зэрэгтэй, нийгмийн хэв журмыг алдагдууж, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нь Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн захиргааны зөрчил гаргаж байсан нь шуурхай дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа бүхий баримтуудаар тогтоогдсон байна.

/хх 17-21/, 24-37/

 

Иймд шүүх гуравдагч этгээд Ч.Чийн гаргасан заалдах гомдол үндэслэлгүй байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн зөв болжээ.

 

Мөн Ч.Чийн албадан эмчлэх эмчилгээг зогсоох нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба тэрээр ар гэрээ авч явдаг, асарч халамжилдаг гэх байдал баримтаар нотлогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Ч.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02011 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ