Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/01957

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/01957

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ула хот, С******* дүүрэг, 5-р хороо, 50 мянгатын 30-р байр 16 тоот оршин суух, Б******* овогт Э*******гийн Ч******* /РД:*******/, /утас:9*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б******* баг, хуучин хороо, 1-4 тоотод оршин суух Б******* овогт Р*******ийн Г /РД:, утас:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 144,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч С.Б, хариуцагч Р.Г, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Ч******* Р.Гт холбогдуулан 144,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Д аймгийн Хулд сумын нутагт байрлах Шохой боловсруулах үйлдвэр барьж байх үедээ манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөөж байсан Гыг манай найз Болдсайхан танилцуулж байсан. үүнээс хойш ажил хэргийн харилцаа холбоотой болсон. 2023 оны 10 сард би Р.Гтай холбогдож 10-11 мянган боодол өвс авах тухай хэлэхэд Р.Г надад 5-6 мянган боодол өвс бэлэн байгаа гэхэд нь үнэ хэд вэ гэхэд 5,500 гэхээр нь авахаар болж мөн надад 5,000 боодол өвс олж өгөхөөр болсон. 2023 оны 10 сарын 17-ны өдөр Э хотод ирээд Гтай уулзаж, хадлан хадсан Х руу очиж үзээд, мөн Эийн ойрхон нэг хүн байгаа гэхээр нь хамт очиж уулзан 5,000 боодол өвс авахаар болсон. Ингээд Г бид хоёр ярьж тохиролцоод 11,000 боодол өвсийг 5,500 төгрөгөөр худалдан авахаар, авсан өвсөө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Э багийн 7-3 тоот хашаанд хавар болтол түрээслэн байлгахаар болж төлбөрийг төлсөн. Гэрээний дагуу Э.Ч******* миний бие өвсний үнэ 60,500,000 болон тээвэрлэлтийн зардал 19,500,000 нийт 80,000,000 төгрөгийг өөрийн болон ээж С.Ггийн данснаас 2023 оны 10 сарын 17-ны өдрөөс 11 сарын 02-ны өдрийн хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болно. Гэтэл худалдагч тал болох хариуцагч Р.Г нь зохих журмын дагуу хугацаанд нь өвс нийлүүлээгүй, түрээс төлж хадгалуулсан өвсийг дур мэдэн зарж надад их хэмжээний хохирол учруулж олох ёстой байсан ашгийг алдагдуулж хохироосон тул хариуцагчаас 144,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Тодруулбал 11,000 боодол өвснөөс 1,000 боодлыг би өөрөө зарсан, 2,000 боодлыг Р.Г зарж 33,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн.

Хэрэв би өвсөө зарсан бол 2024 оны тухайд нэг боодол өвс:

2023.12-2024.01 сард 11,000-12,500 төгрөг

2024.02-2024.03 сард 16,500-18,000 төгрөг

2024.03-2024.04 сард 21,500-22,500 төгрөг хүртэл өвсний үнэ өссөн.

Өвсний үнийг тооцохдоо 1 боодол өвсийг 18,000 төгрөгөөр тооцож бодсон болно. Р.Г нь 2024 оны 02 сараас хойш утсаа авахгүй, арга барагдаад цагдаад хандсан боловч хэргийг иргэний журмаар шийдүүл гээд татгалзаж шийдвэрлэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд Р.Гаас нийлүүлээгүй үлдсэн 8,000 боодол өвсний үнэ 144,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч Р.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Р******* овогтой Г би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд өвс худалдан авч, бусдад борлуулдаг. Нэхэмжпэгч Э.Ч*******ийг өмнө нь өөрийн тээврийн хэрэгслээр ачаа бараа зөөж танилцаж байсан.Э.Ч*******ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжпэл нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анх Э.Ч******* нь надад 80.000.000 төгрөг шилжүүлсэн, үүнээс би 33.000.000 төгрөгийг 2024 оны 03 сарын 07-ны өдөр шилжүүлэн буцаан өгсөн. Мөн надаас 1000 боодол өвс авсан, энэ мөнгийг өгсөн мөнгөнөөс нь хасаж тооцуулна. 1000 боодол өвсийг надаас авч бусдад нэг боодол өвсийг 18.000 зарсан тул 1000 боодол өвсний мөнгө 18.000.000 төгрөгийг мөн өгсөн мөнгөнөөс нь хасна. Ингээд би Э.Ч*******т 29.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд түүний гаргасан нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 115.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

7.Шүүхээс цуглуулсан болон нэхэмжлэгч, хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Ч******* Р.Гт холбогдуулан 144,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч нь 2023 оны 10 сард Р.Гтай холбогдож 10-11 мянган боодол өвсийг авах тухай боодлыг нь 5500 төгрөгөөр авахаар болсон.Г надад 5-6 мянган боодол өвс байгаа гээд,мөн надад 5000 боодол өвс олж өгөхөөр болсон. Авсан өвсөө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Э багийн 7-3 тоот хашаанд хавар болтол түрээслэн байлгахаар болж төлбөрийг төлсөн. Гэрээний дагуу өвсний үнэ 60.500.000 төгрөг болон тээвэрлэлтийн зардал 19.500.000 төгрөг,нийт 80 сая төгрөгийг 2023-10-17-ны 2023-11-02-ны хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. 11.000 боодол өвснөөс 1000 боодлыг би өөрөө зарсан,2000 боодлыг Р.г зарж 33.000.000 төгрөгийг над руу шилжүүлсэн.Иймд Гаас нийлүүлээгүй үлдсэн 8000 боодол өвсний үнэ 1 боодол өвсийг 18.000 төгрөгөөр тооцож нийт 144.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлий******* шаардлагыг үндэслэж байна.

3.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.анх Э.Ч******* нь надад 80.000.000 төгрөг шилжүүлсэн.Үүнээс би 33.000.000 төгрөгийг 2024-03-07-ны өдөр шилжүүлэн буцааж өгсөн. Мөн надаас 1000 боодол өвс авсан,энэ мөнгийг өгсөн мөнгөнөөс нь хасуулж тооцуулна.1000 боодол өвсийг надаас авч бусдад нэг боодол өвсийг 18.000 зарсан тул 1000 боодол өвсний үнэ 18.000.000 төгрөгийг мөн өгсөн мөнгөнөөс хасна. Ингээд Э.Ч*******т 29.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.Иймд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

4.Нэхэмжлэгч Э.Ч******* нь хариуцагч Р.Гтай 2023 оны 10 сард худалдах-худалдан авах гэрээ байгуулан 11 мянган боодол өвсийг нэг боодлыг нь 5500 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож, гэрээний дагуу 60.500.000 төгрөг болон тээвэрлэлтийн зардал 19.500.000 төгрөг,нийт 80 сая төгрөгийг 2023-10-17-ны 2023-11-02-ны хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна.

5.Түүнчлэн дээрх өвсийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Э багийн 7-3 тоот хашаанд хавар болтол түрээслэн байлгахаар болж төлбөрийг төлсөн байна.

6.11.000 боодол өвснөөс 1000 боодлыг нэхэмжлэгч нэг боодлыг нь 18.000 төгрөгөөр зарсан,2000 боодлыг Р.Г зарж 33.000.000 төгрөгийг нэхэмжлэгч руу шилжүүлсэн. Үлдсэн 8000 боодол өвсийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөлгүй гэрээний үүргээ зөрчиж бусдад худалдсан байна. Иймд нэхэмжлэгчид учирсан хохиролыг нэг боодол өвсний үнийг 16.500 төгрөгөөр тооцож 8000 төгрөгний үнэ 132.000.000 хариуцагч нэхэмжлэгчид төлөх ёстой байсан байна гэж дүгнэв.

7.Ийнхүү 3000 боодол өвсийг нийт 51 сая төгрөгөөр худалдснаас,дээрх 3000 боодол өвсийг талуудын анх тохиролцсон 5500 төгрөгөөр тооцож 16.500.000 төгрөгийг дээрх 51 сая төгрөгөөс хасаж 34.500.000 төгрөг дээр хариуцагчийн нэхмжлэгчид мөн төлсөн гэх 29.000.000 төгрөгийг нэмж,нийт 63.500.000 төгрөгийг 132.000.000 төгрөгөөс хасаж хариуцагчаас 68.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 877,950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Р.Гаас 500,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ч*******т олгохоор заав.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Г.Гаас 68.500.000 төгрөг гаргуулан Э.Ч*******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 75.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 877,950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Р.Гаас 500,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ч*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баиалгаажээлах арга хэмжээ авсан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 312/ШЗ2025/00726 дугаар захирамжийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН