Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/1306

 

2025             11           19                                                                       2025/ДШМ/1306

 

 

А.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваахүү,

хохирогч М.М-,

шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1836 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор А.Б-т холбогдох 2509006480378 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

У- ургийн овгийн А-гийн Б-, ......., /РД:А-/;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж өмнө Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 5 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 969 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 747 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өмнө Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын                 13-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 2 жил 3 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосон бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 14-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Заяа, Билгээ дэлгүүрийн үүдэнд байхдаа хохирогч О.О-ийн баруун талын халааснаас түүний эзэмшлийн Айфон 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 525.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Буяны зам дагуу байрлах Азмон төвийн хажууд байхдаа хохирогч М.М-ийн баруун талын халааснаас түүний эзэмшлийн Айфон 14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 2.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах                     "Шангри-Ла" худалдааны төвийн орчим хохирогч Н.А-ын эзэмшлийн Айфон 14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 2.125.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг “ЕРЕS” сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж явсан насанд хүрээгүй Г.О-ийн хувцасны халааснаас Айфон 16 про загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 4.104.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гэрлүг" хотхоны орчим насанд хүрээгүй хохирогч М.А-ийн эзэмшлийн "Айфон 16 про" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 3.052.500 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 02 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри-Лагийн урд талын авто зогсоол дээр насанд хүрээгүй хохирогч Б.Ц-гийн халааснаас түүний эзэмшлийн Айфон 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Шангри-Лагийн 4 замын уулзвар дээр явж байх үедээ иргэн Ц.У-гийн эзэмшлийн Айфон 13 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.325.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн орчимд байхдаа хохирогч М.Ц-ын халааснаас түүний эзэмшлийн Айфон 16 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 2.340.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 8 удаагийн үйлдлээр 16.971.500 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 116 /нэг зуун арван зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч А.Б-ээс нийт 16.971.500 /арван зургаан сая есөн зуун далан нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч О.О-т 525.000 төгрөг, хохирогч М.М-т 2.875.000 төгрөг, хохирогч Н.А-д 2.125.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Г.О-д 4.104.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.А-ьд 3.052.500 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Ц-д 625.000 төгрөг, хохирогч Ц.У-д 1.325.000 төгрөг, хохирогч М.Ц-д 2.340.000 төгрөгийг тус тус олгуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуулгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сиди 8 ширхгийг хавтаст хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч А.Б-ээс 147.800 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт олгуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт нэр бүхий 8 хохирогчийн гар утсыг хулгайлж бусдад нийт 16.971.500 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Хамгийн анх 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж 2025 оны 04 дүгээр 03-ны өдөр яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаж тус өдөр Дүүргийн Эрүү Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр яллагдагч А.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ хувийн байдал зэргийг харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад учруулж болохуйц нөхцөл байдал тогтоогдож байх тул таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих 0461 дүгээр ангид 1 сарын хугацаагаар хорих саналыг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурор О.Даваахүү нь санал гарган цагдан хоригдож 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүх хурал болтол цагдан хоригдсон юм. Миний бие бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулах хүсэл зорилго санаа сэтгэл байсан боловч батлан даалтад гаргахгүйгээр хүсэлтийг минь хүлээн авахгүйгээр цагдан хорих төвд шүүх хурал болтол цагдан хоригдож байсан юм. Миний бие цагдан хорих төвд хоригдоогүй батлан даалтад шүүх хурал болж хэрэг минь эцэслэн шийдтэл байсан бол ажил хөдөлмөр эрхлэн чин үнэнч шударгаар ажиллан цалин мөнгө аван зарим нэгэн хохирогчийн хохирлыг төлж барагдуулах боломж бололцоо байсан бөгөөд зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж бусад үлдсэн хохирогчдын хохирлыг нөхөн төлж барагдуулж дуусах боломжтой байсан юм. Миний бие гурван жилийн хорих ялаар шийтгүүлснээр хорих ял эдэлж байх хугацаандаа хохирогчдын хохирлыг төлж барагдуулж чадахгүй бөгөөд гурван жил хорих ангид ял эдэлж дуусаад гараад хохирогчдынхоо хохирлыг буцааж өгөхөөр ажил хөдөлмөр эрхлэн төлж барагдуулах бүх хохирогчдын хохирол дуусгавар болох хүртэл нэр бүхий найман хохирогчдын хохирол барагцаагаар нийт таван жилийн хугацаанд төлж дуусгавар болно. Энэхүү хугацаанд хохирогчид хохирол мөнгөө авч бүрэн төлж барагдуулж чадахгүй бөгөөд хохирогчдын хохирол маш удаанаар төлөгдөж хохирогчид хохирлоо бүрэн авахын тулд маш урт цаг хугацаа шаардагдаж хохирол мөнгөө авахын тулд хохирогчдын минь эрх зүйн байдал доройтож байна гэж бодож байна. Энэхүү бодол зөвхөн миний бодол болоод прокурор О.Даваахүү ганцхан миний хийсэн хэргийг харан зөвхөн намайг яллах талыг баримтлан хохирогчдын минь хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулах талаар харгалзан үзэхгүй байна гэж хувьдаа би бодож байна. Иймд хохирогчдын минь төлбөр мөнгө удаашран надад утсаа алдсанаараа хохирол мөнгөө маш удаан хугацаанд авах болоод байна. Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ахин архины мөнгө олох зорилгоор хулгайн гэмт хэрэг үйлдэж нэр бүхий хохирогчид хохирол учруулж бас өөрийн эрх чөлөөгөө хасуулж өндөр настай эмээ, эх хоёрыгоо хоёулынхныг харж хандах хүнгүй үлдээсэндээ өөртөө гомдон архи ууж муу муухай хуучны бага балчир насандаа сурсан хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Миний бие урьд хорих ангид байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэхгүй ажил хөдөлмөр эрхлэн чинь шударгаар сайн сайхан амьдарна гэж бодож хорих ангиас суллагдаад гараад хоёрхон алхам алхаад хорих ангид урт хугацаанд бодсон бодлоо мартаж архи ууж амь амьдралаа мартаж явдагтаа саяхан энд цагдан хорих төвд хоригдож байгаа 4 сарын дотор өөрийн өнгөрсөн амьдралдаа гүн дүгнэлт хийж архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр сайн сайхан амьдрах боломж байсныг одоо л ухаарснаар өнгөрсөн цаг хугацаанд очиж өнгөрснийг өөрчилж чадахгүйгээс хойш өнгөрсөн амьдралаа энд үлдээж шинэ хүн болон ирээдүйн амьдралдаа алдахгүйг хичээж өөртөө зорилго болгон хэрэгжүүлж архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр эхнэр авч үр хүүхэдтэй болж, эмээ, ээжийгээ асран үлдсэн хэдэн жил үлдсэн амьдралаа сайн сайхан амьдрал урд минь байгаа гэдэг ухааныг 30 нас гараад ухаарсандаа маш их харамсаж бас маш их ойлгож байна. Миний бие одоогоор өндөр настай эмээ, ээжтэйгээ байдаг. Эмээ маань хэвтэрт байдаг. Хоёр хөгшин настай хүнийг харж хандах хүнгүй чин шударгаар ажил хөдөлмөр эрхлэн хохирогчдынхоо хохирол мөнгө төгрөгийг нэн яаралтай бүрэн төлж барагдуулах хүсэл зоригийг минь болон хохирогчдыг минь бодолцон үзэж ар гэрийн минь байдлыг минь харгалзан нэг ч гэсэн хүнд засран хүмүүжих боломж бололцоогоор тус болж миний биед оногдуулсан хорих ялыг багасгаж, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. Миний бие зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлбэл ажил хөдөлмөр эрхлэн нийт хохирогчдын хохирол мөнгийг 10 сарын дотор бүрэн төлж барагдуулж дуусгавар болох тул миний хүсэлтийг харгалзан үзэж хорих ялыг минь бага боловч багасгаж зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийтгэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч хэдийгээр 8 хохирогчид хохирол учруулж, өнөөдрийн байдлаар хохирол төлбөрийг төлөөгүй боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, гомдлыг шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн “ял хөнгөдсөн” гэдэг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуульд заасны дагуу тус гэмт хэрэгт 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг. Хуульд заасан хэмжээний хүрээнд шүүх хохирол, хор уршигт нь тохирсон ялыг оногдуулсан. Шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч хоригдож байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж, хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдэгт итгэж байна” гэв.

Хохирогч М.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч олон удаагийн давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байхад түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хэт зөөлөн хандсан. 2024 оны 06 дугаар сард шүүгдэгч хорих ангиас суллагдаж, 2024 оны 10 дугаар сард миний утсыг хулгайлсан. Би мөрдөгч, прокурорт “энэ хүн гудамжинд хулгай хийгээд яваад байгаа учир бариад өг” гэдэг хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Миний утсыг хулгайлснаас хойш дахин 7 хүний утсыг хулгайлсан. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхээ зогсоох хүсэлгүй, мэргэшсэн, цаашид мөн гэмт хэрэг үйлдэх боломжтой гэж үзэж байна. Нийгэмд ноцтой, аюултай байдал үүсгэж байгаа учраас түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял хэт хөнгөдсөн гэж үзэж байна. Би гар утсаа алдаж, бүтэн жилийн хугацаанд олон албан байгууллагаар явж, хөөцөлдсөн. Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийн эсрэг байр суурьтай байна” гэв.

Прокурор П.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон олон удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирол төлбөрийг төлөөгүй зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гаргаж байгаа зорчих эрх хязгаарлах ял нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгт тохирохгүй байна. Шүүгдэгч эхний хулгайлах гэмт хэргийг үйлдэж, удалгүй дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч “хорих ангид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж бодож суллагдсан боловч хоёрхон алхаад дараагийн гэмт хэргийг хийсэн” гэж давж заалдах гомдолдоо бичсэн байна. Шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч “ажил хөдөлмөр эрхэлж, хохирлыг төлнө” гэж хэлж байгаа боловч ажил хийж хохирлыг төлөх боломж бага учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч А.Б-т холбогдох эрүүгийн 2509006480378 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.Б-ийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

Шүүгдэгч А.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Заяа, Билгээ дэлгүүрийн үүдэнд байхдаа хохирогч О.О-ийн баруун талын халааснаас түүний эзэмшлийн Айфон 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 525.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Буяны зам дагуу байрлах Азмон төвийн хажууд байхдаа хохирогч М.М-ийн баруун талын халааснаас түүний эзэмшлийн Айфон 14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 2.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шангри-Ла" худалдааны төвийн орчим хохирогч Н.А-ын эзэмшлийн Айфон 14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 2.125.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг “ЕРЕS” сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж явсан насанд хүрээгүй Г.О-ийн хувцасны халааснаас Айфон 16 про загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 4.104.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гэрлүг" хотхоны орчим насанд хүрээгүй хохирогч М.А-ийн эзэмшлийн "Айфон 16 про" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 3.052.500 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 02 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри-Лагийн урд талын авто зогсоол дээр насанд хүрээгүй хохирогч Б.Ц-гийн халааснаас түүний эзэмшлийн Айфон 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Шангри-Лагийн 4 замын уулзвар дээр явж байх үедээ иргэн Ц.У-гийн эзэмшлийн Айфон 13 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.325.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн орчимд байхдаа хохирогч М.Ц-ын халааснаас түүний эзэмшлийн Айфон 16 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 2.340.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 16.971.500 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.О-ийн: “...Би найзын хамт Улсын их дэлгүүрийн урд алхаад явж байсан. Их дэлгүүрийн явган хүний гарцаар гараад нэг дэлгүүр орсон. Би тухайн үед найзын хамт явж байсан. Тэгээд дэлгүүр одоод гар утсаа хартал миний гар утас байхгүй байсан. Найз бид хоёр 21 цаг өнгөрч байхад их дэлгүүрийн явган хүний гарцаар замын хойд талаас замын урд тал руу гарсан... Гарц дээр ирэхэд миний гар утас байсан. Гарцаар гараад би гар утсаа алдсан гэж бодож байна. Би утсаа гартаа бариад явж байсан торон дотор хийсэн байсан. Тухайн торыг би зүүн гарт бариад явж байсан... Миний гар утас Айфон 11 загварын, цагаан өнгөтэй, өнгөгүй кейстэй, 64гв багтаамжтай, эвдрэл гэмтэл байхгүй гар утас байсан... Би гар утсаа 3 жилийн өмнө “Макс молл” гар утасны худалдааны төвөөс 1,500,000 төгрөгөөр авч байсан. Имей кодыг мэдэхгүй... Миний гар утсыг шууд ашиглах боломжгүй. Кодтой гар утас.” гэх мэдүүлэг /1хх9-10/,

Хөрөнгө зуучлалын үнэлгээний “ДАМНО” ХХК-ны үнэлгээчин шинжээч Ц.Түвшинжаргалын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн НЦУГ-25-290 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 525,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт /1хх15-18/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Иргэн О.О- 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа халааснаасаа Айфон 11 загварын гар утсаа хулгайд алдсан гэх хэргийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийхээр тогтов... Бичлэгийг тоглуулахад нийт 6 минут 31 секундийн бичлэг байх бөгөөд бичлэгийг тодруулж харахад баруун дээд буланд 2025 оны 01 сарын 06-ны өдөр гэсэн бичиглэлтэй хяналтын камер бичлэг байх бөгөөд хохирогч эмэгтэй “Урт өнгийн хар куртик цагаан өнгийн цүнх зүүн талдаа үүрсэн, хар өмд хар өнгийн гуталтай өмссөн байдалтай “Заяа билгээ” дэлгүүр руу найзын хамт орж байгаа дүрсийг улаан өнгийн дүрсээр зааж харуулав. Араас нь ...Хөх өнгийн хар богино куртик өмссөн, цэнхэр жинсэн өмд, шаргал өнгийн пүүз өмссөн...” эрэгтэй хүн дагаж байгааг цэнхэр өнгөөр зааж харуулав. Бичлэг үргэлжлүүлэн үзэхэд сэжигтэй этгээд нь хохирогч эмэгтэй 20 цаг 07 минутын үед “Заяа билгээ” дэлгүүр руу орох үед нь араас буюу баруун талын халаас хэсгээс гар утас аваад эргээд явж байгаа дүрсийг цэнхэр өнгийн дүрсээр заан харуулав.” гэсэн тэмдэглэл /1хх23-24/,

Хохирогч М.М-ийн: “Би 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өргөө амаржих эмнэлгийн эмийн сан орох гэж байгаад Азмон гэх барилгын урд машинаасаа буугаад пальтоныхоо баруун талын халаасандаа өөрийн гар утсаа хийгээд тортой юм бариад явж 2 метр орчим яваад тортой юмаа зүүн гар руугаа шилжүүлээд өөрийн гар утсаа авах гээд баруун халаасандаа гараа хийтэл миний гар утас байхгүй байсан... Миний гар утас хөх өнгийн Айфон 15 про загварын гадна гэр нь өнгөгүй, ямар нэг сэв зураас  байхгүй... Би гар утсаа хамгийн сүүлд ажлынхаа хүнийхээ авто машинд ашиглаж  байгаад буусан... миний гар утас 358197540571009 358197541043230 гэсэн имей дугаартай байсан... Би гар утсаа 2024 онд 4 сард Тэди худалдааны төвөөс 3.400.000 мянган төгрөгөөр авч байсан. Худалдаж авсан үнээрээ үнэлж байна.” гэх мэдүүлэг /1хх51-52/,

Иргэний нэхэмжлэгч Э.Т-ийн “...Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Дамно үнэлгээ” ХХК-тай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх тухай” НЦГ/2024020З001 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т Үнэлгээний дүн 0-1.000.000 байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс үнэгүй хийгдэнэ. 6.1.2-т үнэлгээний дүн 1.000.000-3.000.000 төгрөг байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 29,800 төгрөг, 6.1.З-т үнэлгээний дүн 3.000.000-40.000.000 төгрөг байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 118.000 төгрөг байхаар тусгасан. Иймд 2,875,000 төгрөгийн үнэлгээтэй гар утас байх бөгөөд 29,800 төгрөгийг 2409036960379 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1хх56/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Иргэн М.М- 2024 оны 10 дугаар сарын 29- ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянгийн замын Азмоны хажууд байхдаа Айфоне 14 про загварын гар утас алдсан гэх хэргийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийхээр тогтов... Бичлэг үргэлжлүүлэн үзэхэд сэжигтэй этгээд нь хохирогч эмэгтэйн баруун талын халааснаас нь буюу 17 цаг 50 минут 29 секундийн үед гар утас аваад явж байгаа дүрсийг харуулав...” гэсэн тэмдэглэл /1хх61-62/,

Хөрөнгө зуучлалын үнэлгээний “ДАМНО” ХХК-ны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн НЦУГ-24-1142 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн  шууд харьцуулалтын аргаар 2,875,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлт /1хх71-74/,

Хохирогч Н.А-ын “...Би 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт багшийн дээдээс Шангри-Ла үйлчилгээний төв руу явж байхдаа такси барих гэхэд такси олдохгүй байсан учраас алхаж явсаар Шангри-Ла үйлчилгээний төв руу алхаж очоод Шангри-Ла үйлчилгээний төвийн зүүн талын автобусны буудал дээр очсон.  Тэгээд охинтойгоо 19 цаг 25 минутад утсаараа ярьчхаад гар утсаа куртикнийхээ зүүн талын гадна халаасанд хийсэн гэж санаж байна. Яагаад гадна талын халаасандаа хийсэн бэ гэвэл би автобусны картаа авч автобусанд суух бэлтгэлээ хийж л байсан юм. Тэгээд автобусны картаа энгэрийн халаасандаа хийх гээд байж байхад бас миний цүнхний оосор нь урт байсан учраас богиносгох гээд оролдож байхад л хэн нэгэн хүн миний халааснаас гар утсыг минь авсан гэж би бодож байна. Надад ямар нэгэн байдлаар сэжиглэж байгаа хүн байхгүй. Би уг гар утсыг буюу айфон 14 про макс загварын нил ягаан өнгөтэй гар утсыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Тэди төвийн гар утас худалдааны төвөөс 4,900,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утсанд ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг байхгүй. Би гар утсаа зах зээлийн ханшаар үнэлж байна. Миний гар утасны имэй код нь 357917872152107. Миний гар утас хамгийн сүүлд байршлаар нь харахад бол буянгийн зам дагуу юнион бьюлдинг төвийн ард талын байрны 1 дүгээр орц орчимд зааж байна.” гэх мэдүүлэг /1хх110-111/,

Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх119-121/,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн НЦУГ-25 518 дугаартай “Iphone 14 рrоmaх” загварын гар утас 2,150,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ /1хх124-127/,

Насанд хүрээгүй хохирогч Г.О-ийн: “... Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Америк сургуулиас 15 цаг 20 минутад хичээлээ тараад сургуулийн хажуу талын Морьтон байранд байрлах Афес гэх дэлгүүрт үйлчлүүлж байгаад гар утсаа үзтэл байхгүй, алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна... Би гар утсаа Тэди төвийн гар утасны лангуунаас 4,400,000 төгрөгөөр энэ оны 11 дүгээр сард авч байсан. Хар өнгийн Iphone 16 рrо загварын шинэ гар утас байсан, өнгөгүй резинин кэйстэй... Миний гар утас 35759231753879688, 357592319389370 гэсэн имей дугаартай... Би гар утсаа хамгийн сүүлд хичээлээ тараад куртикээ өмсөхдөө гар утсаа оролдсон, тэгээд куртикнийхээ баруун гар талын халаасанд хийгээд сургуулиас гарсан... Морьтон байрны апес гэх дэлгүүр ороод гар утсаа алдсан гэдгээ мэдсэн. Хяналтын камерыг шүүж үзэхэд туранхай, 20-30 орчим насны эрэгтэй, шар өнгөтэй малгайтай, хар өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, шаргал өнгөтэй гуталтай хүн миний баруун халааснаас гар утсыг маань авч малгайндаа хийгээд гараад явсан байсан... Би гар утсаа 4,400,000 төгрөгөөр үнэлж байна, шинээрээ байгаа аваад нэг сар ч болоогүй...” гэх мэдүүлэг /1хх151-152/,

Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн НЦУГ-242463 дугаартай “Шинжилгээний объектын 2024 оны 11 сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 4,104,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх159-162/,

Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх166-167/,

Насанд хүрээгүй хохирогч М.А-ийн “...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хичээлээ тараад дүүгээ авчхаад 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо И-Март худалдааны төвийн хажуугаар явж байгаад Гэрлүг хотхон руу ордог замаар ороод явж байсан. Тэгээд ардаас нэг шар-куртиктэй хүн дагаж явж байгаад миний гар утсыг авсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна... 2024 оны 11 дүгээр сард Герман улсаас Монгол мөнгөөр 3,476,590 төгрөгөөр авч байсан Iphone 16 про загварын бэйж өнгийн гар утас байсан. Өнгөгүй цулгуй гэртэй байсан...” гэх мэдүүлэг /1хх197-198/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх200-203/,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НЦУГ-25 888 дугаартай “Шинжилгээний объектын 2025 оны 3 сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 3,052,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх шинжээчийн дүгнэлт /1хх211-214/,

Иргэний нэхэмжлэгч Э.Т-ийн “...Нийслэлийн Цагдаагийн удирдах Газар 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Дамно үнэлгээ” ХХК-тай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх тухай” НЦГ/2024020З001 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т үнэлгээний дүн 0-1.000.000 байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс үнэгүй хийгдэнэ. 6.1.2-т үнэлгээний дүн 1.000.000-3.000.000 төгрөг байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 29,800 төгрөг, 6.1.3-т үнэлгээний дүн 3.000.000-40.000.000 төгрөг байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 118.000 төгрөг байхаар тусгасан. Иймд 3,025,500 төгрөгийн үнэлгээтэй гар утас байх бөгөөд 118,000 төгрөгийг 2510000000530 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх219/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Ц-гийн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр найзын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Шангри-Ла орсон. Тухайн Шангри-Ла дотор найзын хамт 14 цаг 40 минутад орсон. Тэгээд тухайн газраас 16 цагт гарсан бөгөөд тухайн барилгаас хойд талын хаалгаар гарсан. Би тухайн Шангрилагаас гарч байх үед гар утастай байсан. Би айфоне 11 загварын гар утастай ба Шангрилагаас замын урд талаар алхаж парк орсон. Тэгээд паркийн хашаанд ороод гар утсаа байхгүй гэдгийг мэдсэн. Би гар утсаа баруун талын халаасанд хийсэн байсан. Би гар утсаа халааснаасаа алдсан. Би найзын хамт парк орсон бөгөөд манай найз миний зүүн талд алхаад явж байсан.” гэх мэдүүлэг /1хх246-247/,

2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “...А-гийн Б- А--н хорих 461-р ангид очиж тайлбар мэдүүлэг авах үед өмссөн байсан хувцас нь ...Шар өнгийн богино куртик, хөх өнгийн малгайтай цамц, цэнхэр жинсэн өмд, хар өнгийн пүүз өмссөн...” байсныг мөрдөгчийн тэмдэглэлд тусгав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /2хх4/,

Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх6-7/,

“ДАМНО” ХХК-ны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн НЦУГ-25-95З дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 625,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлт /2хх10-13/,

Хохирогч Ц.У-гийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 16 цагт Шангрила орсон юм. Тэгээд тухайн газраас 19 цагаас гарсан бөгөөд гараад Шангрилагийн 4 замын уулзварт хойшоо гарах гээд гэрлэн дохионд зогсож байсан. Би тухайн үед өөрийн эзэмшлийн Айфоне 13 про загварын гар утастай байсан. Би гэрлэн дохио дээр байхад гар утастай байсан ба гэрлэн дохионы ногоон асахаар нь гар утсаа куртикний баруун талын кармандаа хийсэн бөгөөд гарч байх явцад гар утсаа шалгахад миний гар утас байхгүй болсон байсан. Би гар утсаа халааснаасаа алдсан юм. Миний гар утас Айфоне 13 про загварын цэнхэр өнгийн гар утас ба өнгөгүй кейстэй, 256гв багтаамжтай, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй гар утас байсан.” гэх мэдүүлэг /2хх36/,

Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх45-47/,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн НЦУГ-25958 дугаартай “Шинжилгээний объектын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,325,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /2хх50-55/,

Хохирогч М.Ц-ын “...Би 2025 оны 03 сарын 31-ний өдөр 120-ийн хажууд байрлах ажлаасаа гараад ард кино театр хүртэл алхана гэж бодоод алхаад явж байгаад талбайн баруун талын 4 замын уулзвараар урдаасаа хойшоо явган хүний зам гараад цахилгаан холбоо гэсэн бичигтэй байрны урд очоод зүүн талын халаасандаа хийсэн гар утсаа үзэхэд байхгүй байсан. Би гар утсаа хамгийн сүүлд Энхтайваний гүүрний төгсгөлд ирээд цаг харахад 20 цаг 11 минут болж байсан. Тэгээд гар утсаа буцаагаад зүүн талын халаасандаа хийсэн... Би 2024 онд Айфон 16 загварын цагаан өнгийн, 128 гв багтаамжтай гар утсыг худалдан авч байсан. 350153138933158, 350153139202231 гэсэн имей дугаартай. Гар утсыг шууд ашиглах боломжгүй кодтой. Гар утсанд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг /2хх153/,

Хөрөнгө үнэлгээний “ДАМНО” ХХК-ны 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн НЦУГ-24-987 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2,340,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх шинжээчийн дүгнэлт /2хх167-169/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх173-175/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх71/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх41/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч А.Б- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх зэрэг нотолгооны шалгуурт нийцсэн байх тул түүний үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь  хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.    

Харин үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох” үндэслэл, журмыг ялгаа заагтай дүгнэн хэрэглэхэд анхаарах зарим асуудал үүссэн байх тул дараах байдлаар тодотгов. Тухайлбал:  

Шүүгдэгч А.Б- нь нэг төрлийн буюу 2 удаагийн хулгайлах гэмт хэргийг өөр өөр цаг хугацаа, газарт үйлдсэн байх тул тухай бүртээ төгссөнд тооцогдох бөгөөд “үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг” гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд, нэг цаг хугацаанд, нэг эх сурвалжид, нэг орон зай, нэг нутаг дэвсгэрт завсарлагатай буюу завсарлагагүйгээр, эсхүл тэр даруйд үйлдлүүд үргэлжлэн хийгддэг “үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг”-ийн өвөрмөц шинж хангагдахгүй гэж үзнэ.

Харин тухайн нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг 8 удаа үйлдсэн байх боловч  Эрүүгийн хуулиар:

- “нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн”-ийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцоогүй,

- мөн нэг төрлийн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулах үндэслэл, журам тусгайлан хуульчлагдаагүй байхаас гадна, 

- тус тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж буй хулгайлах гэмт хэрэг бүрийн  хохирлуудын нийт хэмжээ нь хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын “доод хэмжээ 300.001 төгрөг, дээд хэмжээ 50 сая хүртэлх төгрөг” байх шинжийг хангаж байгаа  зэргийг бүхэлд нь харгалзан дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргүүдийг нэгтгэн “үргэлжилсэн нэг гэмт хэрэг”-т тооцож, нэг ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзнэ, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэхээс гадна хууль хэрэглээний практикт тогтсон болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэлт хийсэн, энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх прокурорын санал, дүгнэлтийг тус тус үгүйсгэх боломжгүй гэж үзнэ. 

Иймд дээр дурдсан үндэслэлийн хүрээнд: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-ийн гаргасан “...хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч А.Б-ийн 2025 оны 07 дугаар сарын 28-наас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 114 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1836 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн цагдан хоригдсон 114 /нэг зуун арван дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХТУЛГА